Байгал далайн ундарга, Идэр голыг хамгаалах цаг болжээ

2020-09-25
Нийтэлсэн: Админ
 14 мин унших

Б.НАМУУНТАМИР

 

“Хангайн сайхан нуруунаас эх авсан Идэрийн сайхан гол өндөр уулнаас буусан тул урсгал түргэн түргэн эрэг дээр сууж чагнахуйяа бас хөгжим мэт” гэж их зохиолч Д.Нацагдорж нэгэн бүтээлдээ бичсэн байдаг. Эх орны минь нэгэн гайхалтай чимэг болсон Идэрийн гол уртаараа дэлхийд тавдугаар байрт ордог гэдгийг өдий болтол мэдээгүй явж.

Энэ тухай Америкийн жуулчин Дон Кронер “Монгол орны хоймор нутгаар” номондоо Идэр голын эхийг 1995 онд судалж байсан талаар бичжээ. Хойд мөсөн далайн ай савд хамгийн түрүүнд цутгаж хүрдэг Енисей мөрнөөс хөөн Ангар, Сэлэнгэ, Байгал гэж туучуулан яван явсаар хамгийн цаад тулгарах эхийг олох гэж зориглосоор мэтгэсээр түүний эх нь Идэр гэдгийг  тогтоожээ. Улмаар Идэр голын эхийг олох гэж итгэл сэтгэл нийлсэн 11  хүн нэгдэн цас бороо, элдэв саад бэрхшээлийг ажрахгүй давж далайн түвшнээс 2730 метрийн өндрөөс ундарч байгаа эхийг нь олсон юм.

Идэрийн гол нь Завхан аймгийн Идэр сумын нутаг Хангайн нуруунаас эх авч, Завхан аймгийн Идэр, Тэлмэн, Тосонцэнгэл, Их уул сум, Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт, Төмөрбулаг, Рашаант сум, Архангай аймгийн Цэцэрлэг сум зэрэг арваад сумын нутгаар дайран урсаж, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Тосонцэнгэл, Рашаант сумдын зааг Олон голын бэлчирт Дэлгэр мөрөнтэй нийлж, Сэлэнгэ мөрөнд цутгадаг.

Голын урт нь 452 км бөгөөд 24.555 хавтгай дөрвөлжин километр талбайг эзэлнэ. Идэр голд 30 гаруй гол горхи цутгадгаас хамгийн том нь Чулуут гол юм.

Голын үндсэн өргөн 40-60 метр, салаа татуургын өргөн нь 10-15 км орчим болно. Усны гүн нь 0.7-2 метр, цээл цүнхээл хэсэгтээ 3.5 метр гүн. Идэр гол нь уулын голын шинжтэй түргэн урсгалт гол бөгөөд урсгалын хурд нь 1.5-2 метр секунд. Идэрийн гол нь ямар ч ганд автаж үзээгүй их уст элбэг баян мөрөн тул нутгийнхан нь Идэр ижий хэмээн хүндэтгэн шүтдэг.Идэрийн гол нь Хойд мөсөн далайн Хар тэнгист цутгадаг Идэр-Сэлэнгэ-Ангар-Енисей мөрний эх бөгөөд энэ их усан сүлжээ нь уртаараа Хойд мөсөн далайн ай савд нэгдүгээрт, дэлхийд тавдугаарт ордог. Ийнхүү урсан урссаар Хойд мөсөн далайд хүрэх учир нутгийн зон олон “Дэлхийн мөрөн Миний Идэр” гэж бахархан ярилцдаг ажээ.

Улаанбаатар хотоос Отгонтэнгэр хөгжлийн сангийн тэргүүн, доктор А.Санжмятав,  ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ургамлын аймаг ангилал зүйн лабраторийн эрдэм шинжилгээний ажилтан  магистр Т.Мөнх-Эрдэнэ, “Дэлгэр мөрөн инженеринг” компанийн захирал, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын манлай заан Д.Баяржаргал, сэтгүүлч миний бие гээд дөрвүүл Завхан аймгийн Тосонцэнгэл сумыг зорьсон юм.  А.Санжмятав доктор Идэр голыг судлан, Ангар-Енисейн уулзвар хүртэл очиж, олон жилийн судалгаа хийж яваа юм.

Тосонцэнгэл сумаас Идэр голын сав газрын захиргааны мэргэжилтэн П.Эрдэнэчимэг, Г.Өлзийдэлгэр, ахлах мэргэжилтэн Б.Гүррагчаа, жолооч Д.Батсайхан, Идэр голын  сав газрын Талуудын оролцооны зөвлөлийн дарга О.Чулуунбаатар нар нэгдэн Идэр сумыг зорьсон билээ. Идэр сумаас нутгийн уугуул С.Амардаваа, Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга М. Пүрэвжүгдэр нар нийлж, Идэр сумаас цааш 80 гаруй км явж Идэрийн голын эх ундаргын эрэлд гарцгаасан нь энэ. Замын уртад нутгийн уугуул С.Амардаваа уул усны домог яриа түүхийг ярьж өгч хөх тэнгэрийн доор цэлийх өргөн уудам сайхан нутгийг бидэнд үлдээсэн өвөг дээдсээрээ бахархах сэтгэгдэл төрүүлж байв. Сайхан байгаль, ургамал усаа энэ чигээр нь хайрлан хамгаалсаар үр хойчдоо үлдээх хүсэл эрхгүй төрж байв. Замдаа бид Ногоон нуур, Гялгарын нуур үзэж зураг хөргөө ч татууллаа. Машин бүү хэл хүн, малын хөл хүрээгүй газар ажээ. “Тэр жилийн түймэр Солонготойн даваанаас наашаа хангайн  нурууг минь идчихсэн дээ” хэмээн нутгийнхан нь зам зуур ярина. Нээрээ ч  түймэрт идэгдээд хар хожуул нь сэрийлдэж үлджээ. Гэхдээ ар, өвөр бэл рүү нь уулын гол шуугин шаагин урсч, улаарч, хөхрөн шаргалтаад сайхнаас сайхан.

“Доктор А.Санжмятав Оросод Ангар Инсейн  мөрний уулзвар дээр очиж судалгааны  ажлаар явж байхдаа хөглөж, онгоцноосоо хоцроод хэдэн муж дамжин, ачааны машинд дайгдан арай гэж гэртээ ирснээ дурсаж, инээлдэцгээж,ийм л дурсамж дурдатгалыг давааг уруудаж явахад ярьсан юм. Ийн зам зуур элдэвийг ярьж явсаар  бүрэнхий болж, нутгийн малчин Ч.Батсайханыд зочилж, шинэ шөл гаргаж, эхнэр н.Нарантуяа хайлсан тосоор дайлуулж, Идэрийн хүрэн тэрмэн уулс, дээшээ гэрийн тооноор нь өгсүүлээд харахад хөх уулын орой үзэгдэх нь сайхан. Ч.Батсайхан гуай ганган хүрэн бор бүрхээ духдуулж, ягаан  дээлээ хөөргөн бүсэлсэн тэрээр ангийн найз С.Амардаваагаа аанай л багын зангаараа биенээ хөөргөн явуулж, магнай тэнийн баярлахыг харах бахтай юм билээ. Гэрийнх нь гадна хонь нь хотолж, үнээн зэлэн дээр туглаа уясан харагдана. Цаана нь дүнхийх Өндөр-Өлзийт  хайрхан тэгээд Идэр их мөрөн адуу малтайгаа, зон олонтойгоо, сарлаг савагтайгаа төгс хосолжээ. Дэргэд хүлэг морин адил эргэцэх С.Амардаваа Т.Мөнх-Эрдэнэ, түүний хажууд аядуу намуухнаараа намбайх А.Санжмятав, М.Пүрэвжүгдэр, сэтгэл нь болбоос тал шигээ сунайлдсан Б.Гүррагчаа, Д.Батсайхан,  О.Чулуунбаатар, П.Эрдэнэчимэг, Г.Өлзийдэлгэр  тэргүүтнүүд “ямар сайхан хангай вэ” хэмээн дуун алдана.Их яруу найрагч Д.Урианхай “Дулаацуулж харгилдаг Идэр гол, дуугүй суухад минь ч ярьж шуугина” гэж яасан гоё хэлээ вэ гэлцэнэ.

Маргааш нь бид найман цагийн үед  Нурагийн бөөрөг өгсөн явсаар  намрын тэлэмгэр өдөр хангайн нуруунд сэтгэл бахдан  үүл адил хөвж явахдаа Хангайн нурууны ноёлог энэ давааны энгэр бэлээр өгсөх бүрийд өчүүхэн миний сэтгэл хөдөлнө. Идэр голын савын усны нөөц бүрэлдэх үндсэн эх болох Хангайн нурууны төв хэсэг нь байгалийн онцлогийг төлөөлсөн, байгалийн үзэсгэлэнт, унаган төрхөө хадгалан үлдсэн нутаг, түүх соёлын ач холбогдол бүхий олон газруудтай, эмчилгээний чанарын рашааны их нөөцтэй гэдгийг М.Пүрэвжүгдэр хэлж байлаа.

Бидний машин сумын төвөөс 80 гаруй км явж, машин явах аргагүй замтай тул Идэрийн голын Зулзагатын бөөрөг хэмээх газар буудаллаж, цааш явган алхацгааж, Буга харайдаг хүрхрээг үзэж, Идэр голын хөвөөг даган явлаа. Тэртээ дээр мөнгөрөн цавцайх Сэвжидбалбар, Өндөр-Өлзийт гээд хоёр хутагтын нутаг ингэж л хөхрөн дуниарч байлаа.  Том том чулуу, шигүү ургасан бут, бургасан дундуур туучиж, голыг 2-3 нааш цааш гатлан явсаар 10 гаруй км алхаж, голын чимээ дэрлэн хэсэгхээн сууж сум орон нутгийн удирдлагууд, ургаа уулс шигээ тэлмүүхэн хүмүүстэй яриа хөөрөө дэлгэчихээд, замдаа цайлж ундаллаад, цас, бороо орж, бороонд норсон ч олны яриа хөөрөөнд дорхноо дулаацаж байсан юм.  Замдаа ургамал судлаач Т.Мөнх-Эрдэнэ, Идэр голын ай савын захиргааны мэргэжилтэн  П.Эрдэнэчимэг, Г.Өлзийдэлгэр нар Идэр голын ай сав дагуух ургасан ховор ургамлуудыг түүж, ургамлын гайхамшгийг ярьж явсан юм.

Алхах зам зуур ургамал болгоныг төвөггүйхэн таниад, ийм учиртай ингэдэг, тэгдэг, энэ ургамал нь ийм ч юманд сайн гэх ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ургамлын аймаг ангилал зүйн лабраторын эрдэм шинжилгээний ажилтан  магистр  Т.Мөнх-Эрдэнэ “Өндөр уулын бүслүүр маань өөрөө давчуухан ургамалтай, Монгол оронд ургадаг ургамлын 100 гаруй зүйл нь өндөр уулын бүслүүрт ургадаг.  Идэр голын сав газар хангайн тойрогт хамаарагддаг. Хангайн тойргийн ургамлууд Монгол Алтайн тойргийн дараа орохоор баялаг ургамлын аймагтай юм. Идэр голын ай сав дагуух ургамлууд нь хус, бургас, боролзгоно, харгиастай, өвслөг тагийн нугын ургамлууд, тундрийн сөөгт ургамлуудтай, шинэсэн цармын ойтой, эмийн шинж чанартай ховор ургамлууд ургасан байна. Барагцаалвал Идэр голын эхийн ай савын орчимд 600 гаруй ургамал судалгааны тайланд бичигдэнэ” хэмээв.

“Идэр голын усны чанарын хувьд эхэндээ усны чанар маш цэвэр ангилалд хамаарагддаг харин адагтаа ахуйн бохирдол ихтэй буюу, иргэдийн буруутай үйл ажиллагаанаас хамаарсан бохирдол ихтэй” байгаа  Идэр голын сав газрын усны экологи хариуцсан мэргэжилтэн П.Эрдэнэчимэг хэлж байсан юм.

 Гурав дөрвөн цаг алхсаны эцэст борооны үүл, манан будан улам ойртож, цас бороо холилдон, сүлэрч цасан шамарга хацар нүүрийг алгадана. Цас бороон дундуур буцахдаа ирсэн шигээ хугацаа зарцуулна гэж бодохын төдийд хэцүү санагдаж байвч зорилгодоо хүрэхийн тулд тэвчээртэйгээр цааш явцгааж байсан юм. Удалгүй араас нутгийн малчин Ч.Батсайхан  хоёр хөтөлгөө морьтой, нэгэн дээр нь жолооч Д.Батсайхан нар араас ирэхэд нь өөрийн эрхгүй даарсандаа бас буцахдаа ядралгүй буудалласан газраа хурдан очино доо гэсэндээ их баярлаж билээ. Ийнхүү уул өөд эх ундаргыг эрж яваа С.Амардаваа, А.Санжмятав, М.Пүрэвжүгдэр, Б.Гүррагчаа тэргүүтнүүд  голын бэлчрийг даган хөөж явсаар хоёр салаа нийлсэн голын бэлчрээс урд талынхныг даган өгсөж, Дон Кронер судлаачийн хуучин шав тавьж байсан газар руу хөдөлцгөөсөн юм. Удалгүй буцан ирж хоёр салаа нийлсэн бэлчрийн зүүн талынхныг нь даган явахад уулан дээрээс горхи урсаж, нууртай нийлэн Ямаат, Идэр голын эх ундарга нь энэ мөн гэлцгээгээд овоо босгон, тэмдгээ тавьсан юм. Дон Кронер номондоо “С.Амардаваа, О.Оюунгэрэл нарын дээл юу ч үгүй нэвт норсон ч тэр юу ч болоогүй мэт хүрхрээний дэргэд жижигхэн овоо босгож сууна. Би хуудас цаасан дээр энэ цэг бол Енисэй-Ангар- Сэлэнгэ-Идэр голын эх юм гэж кофены лаазанд хийн овоон дээр тавилаа” гэсэн байв. Харин үүнээс хойш 25 жилийн дараа дахин хайхад олсонгүй хэмээн С.Амардаваа хэлж байсан юм. Яг л тэр жилийнх шиг бороо орж байснаа цас болон, цөм их даарсан байсан хэдий ч эх ундаргыг олсондоо, түүхэн үйл явдлыг гэрчилж буйдаа баярлацгаан, хүйтнийг ч үл ажирч байлаа.

 

Дөрвөн улирлын дөрвөн өнгийг хоёрхон хоногийн дотор үзсэн юм

Ийнхүү бидний туулсан зам мөрөөр цас бороо холилдон орж байгаль дэлхий сэргэж, төд удалгүй үүлний цаанаас хурц нар гялбан гарч ирээд цас мөсийг хайлуулж “Дөрвөн улирлын дөрвөн өнгийг” хоёрхон хоногийн дотор үзсэн юм. Идэр голын эх ундарга дээр зогсож байхдаа энэ ертөнцийн цэвдэг умард туйл хязгаар Хойд мөсөн далайн эцэс дээр зогсч байна гэхээс сэтгэл хөдлөхөөс өөр аргагүй байв. Уул, үүл нь нийлэн дүнхийн харагдах нь Монголын их амар амгалан энд л байдаг болов уу гэлтэй.

 “Энд харагдаж байгаа усны хагалбар буюу Ямаатын голын эх, Идэрийн голын эх энэ нуур руу цутган, нуураас гол нь эх авдаг. Тэгэхээр энэ яалт ч үгүй эх мөн байна” хэмээн Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Пүрэвжүгдэр хэлэв.

Завхан аймгийн Идэр сумын иргэн С.Амардаваа Америкийн жуулчин Дон Кронертэй  Идэр голын эхийг 1995 онд судлахад нь газарчилж байсан нутгийн уугуул иргэн юм. Тэрээр 25 жилийн дараа дахин эх ундаргыг нь олох гэж явж байгаа юм.  Тэрээр хэлэхдээ “Хориод жилийн өмнө ирснээс ус татарч, ургамал зарим газараа шингэрсэн байна. Эртнээс буурал дээдсүүд маань Өндөр-Өлзийт хэмээх уулыг Өндөр-Өлзийт өвөө гэж авгайлдаг байсан. Өндөр-Өлзийт өвөө Идэр гэж хархүүтэй. Идэр хархүү эрийн цээнд хүрч, Цагаан дарь эх хэмээх Цагаан гол газрын өөдөө урсдаг голтой нийлэн гэр бүл болж, Идэр мөрөн болон урссан. Өндөр-Өлзийт өвөө “За өвгөн аав нь та хоёрыгоо номин оюу толиндоо тольдоод байж байя” хэмээгэээд Ногоон нуур тэнд үлдсэн түүхтэй. С.Амардаваа гуайн намхан бие улмаа ханхайж, хүрэн бор царай сүлэгдэн, магнай тэнийж, үг хэллэг нь улмаа цэцэн болж, “Идэрийн голын эх ундаргыг олж, тэмдэг, шав тавин, түүхэн үйл явдлын гэрч болж байгаадаа баяртай байна. Аргагүй л манай нутаг замын хүн саатмаар сайхан нутаг, дахиад ирээрэй” гээд хэдэн өдрийн турш галтай цогтой гялалзаж байсан нүдэнд ялигүй гуниг тунарах шиг болсон.

Доктор А.Санжмятав “Идэр голын эх гэдэг нь өөрөө Хангайн нурууны  ус хагалбар юм. Хангайн нурууны гол судас голын экосистемийг хэвээр нь үлдээхэд хүн бүрийн хүчин зүтгэл чухал. Үүнийг хамгаалахын тулд хамтын оролцоотой байх ёстой. Тиймээс Идэрийн голын эх энд юм байна гэдгийг маш олон хүний санаанд тулгуурлан тэмдэг тавилаа. Гэхдээ эхийг судлах нь чухал ч гэлээ хамгаалах нь бүр чухал юм. Энэ сайхан хангайн дээд эхнээс ундарч байгаа гол бүхэн Идэр голын эх байна. Тийм учраас Дон Кронерийн судалсан нөр их хөдөлмөр голын эх ундарга юм” гэлээ.

Идэр голын сав газрын захиргааны гадаргын усны нөөцийн судалгаа шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэй Б.Гүррагчаа “Идэр гол судлаач доктор А.Санжмятав, Идэр голын сав газрын захиргааны хамт олон,  талуудын оролцооны зөвлөлийн дарга О.Чулуунбаатар, Идэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга  М.Пүрэвжүгдэр, С.Амардаваа болон ургамал судлаач Т.Мөнх-Эрдэнэ  Идэр голын эх ундаргын эрэлд гарч, зорьсон зорилгодоо хүрлээ. Их чухал үйл явдал болж байна. Ямаат голын эх, Идэр голын эх ус хагалбар дээр нь ирсэн байна. Нутгийн ард түмэн Идэр голын эхийг урьд өмнө судалж байгаагүй юм байна. Олон талын мэргэжлийн хүмүүс, болоод нутгийн ард түмний төлөөлөл Идэр голын эх ундаргыг олж, тэмдэглэгээ хийлээ. Хойч үе маань чандмань эрдэнэ болсон усаа хайрлаж, хамгаалахгүй манай улс цэвэр усны нөөцөөрөө ховор 20 орны тоонд ордог. Идэр голын гадарга дээрх усны нөөц 1.061.000 км куб усны нөөцтэй. Газар доорх усны нөөц нь 129 сая км куб усны нөөцтэй гэж урьдчилсан байдлаар тогтоогдсон байдаг. Байгалийн сайхан бүрдэж, нэн ховор ургамал, ан амьтдаар хүрээлүүлсэн сайхан газар байна”  хэмээв.

Идэр голын  сав газрын Талуудын оролцооны зөвлөлийн дарга О.Чулуунбаатар  “Идэр гол маань Хангайн нурууны салбар уулсаа эх аван урсдаг нэлээн том гол. Идэр голын эхийг тогтоох оролдлогууд хэд хэдэн удаа хийгдэж байсан байна. Бид Идэр голыг даган өдөржин явахад олон асга хад, уул, гуу жалганаас нийлсэн булгууд их байсан. Үүнээс хамгийн эхний төвлөрсөн уулзвараас нийлж байгаа нь Таг дээрээс урсаж байгаа хэсгийг нь эх гэж тогтоогоод байна. 50 метр хүрэхгүй зайтай том цөөрөм шиг хэмжээний тойрмоос эх авсан байна. Энэ тойрмоос урагшаа Идэр гол, хойшоо Ямаатын гол эх аван урссан цэг юм. Биднийг нэгтгэсэн А.Санжмятав доктор болон багийн хамт олондоо баярлалаа. Ийм ач холбогдолтой зүйл хийсэндээ баяртай байна” эх ундарга дээр зогсож байхдаа хэлж байлаа.

Ийн бид эх ундаргыг нь олж, зорьсон зорилгодоо хүрчхээд гурав гурваараа номхон, уналга эдэлгээнд дассан мориор буцаж буун, Ч.Батсайхан ахаар хөтлүүлэн төвөггүйхэн буудалласан газраа ирж, эхний ирсэн ээлжийн хүмүүс галаа түлэн, хоол цайгаа хийж, нойтон хувцсаа хатааж байх зуур дараагийн хүмүүс уулнаас буун ирцгээсэн юм. Орой нь бид майхнаа барьж шөлтэй хоол идэнгээ  галаа тойрч суун цөм өнөөдрийн болсон үйл явдлуудаа дурсацгаан, С.Амардаваа, Д.Батсайхан, О.Чулуунбаатар, Б.Гүррагчаа нар биенээ явуулж, харин Г.Өлзийдэлгэр, П.Эрдэнэчимэг нараар М.Пүрэвжүгдэр тоглоом наргиа хийж оройг их л хөгжилтэй өнгөрүүлээд, малчин Батсайхан дөрвөн морио майхны ойролцоо аргамжиж орхиод бидэнтэй цуг амарцгаасан юм.

Харин маргааш нь хорхог хийж идчихээд, доктор А.Санжмятав,  М.Пүрэвжүгдэр, Ч.Батсайхан, Б.Гүррагчаа нар Өндөр-Өлзийт уулын бэлд хүрээд буцаж ирсэн юм. Ийнхүү бидний аялал өндөрлөж, буцах замдаа Батсайхан ахынхаар орж, С.Амардаваа Идэр сумын ерөөлөө айлдаж, Ч.Батсайханы эхнэр Нарантуяа цай унд хийж өгчихөөд ирсэн зочин бүрт цагаан идээ бэлтгэж, бэлдээд үдэж, Улаанбаатарын зүг хөдөлцгөөж уулнаас уул, мөрнөөс мөрөн, голоос гол дагаж явсаар энэ аяллаас олсон олз гэвэл эх ундаргыг нь олж, Идэр гол Хангайн нурууны ус хагалбар, Хойд мөсөн далайн эко системийн байгалийн зүрх хойч үедээ өвлүүлэх чандмань эрдэнэ юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.25 БААСАН № 186 (6411)

 

Сайхан бичжээ. Гайхалтай
h
хангай дэлхий уул усаа хамгаалахад нутгийн иргэд маш их үүрэг рольтой,
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

10 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

42 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

1 цаг 3 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

1 цаг 51 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

4 цаг 37 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

5 цаг 33 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

7 цаг 40 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин