Т.БАТСАЙХАН
2020 оны УИХ-ын сонгууль болоход хоёр сарын хугацаа үлдлээ. Улс төр энэ л цаг үед ид бужигнаж байна. Гэхдээ дэлхий нийтийг хамарсан коронавирусын халдвар ч монголын улс төр, сонгуулийн ид халуунд нөлөөлж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын улс төрийн онцлох үйл явдлуудыг хүргэж байна.
1. Ерөнхийлөгч сонгууль хойшлуулах саналаа хэлсээр байна
Төрийн тэргүүн халдварт өвчний улмаас УИХ-ын сонгуулийг хойшлуулж, төсөв хэмнэх санал гаргасан. Энэ нь улс төрийн хүрээнд сонгууль хугацаандаа болох уу, хойшлох уу гэсэн хүлээлтийг үүсгэсэн байдаг. Түүнчлэн Ерөнхийлөгчийн зүгээс сонгууль болоход 470 тэрбум төгрөг гарна. Энэ нь коронавирусын үед хэрэглэж байгаа төсвөөс хэд дахин их тоо, төсвөө хэмнэе гэдгийг энэ долоо хоногт дахин хэллээ. Харин эрх баригч намын дарга сонгууль хойшлуулах нөхцөл байдаг үүсээгүй хэмээн гүрийсээр байна. Тэрээр БНСУ сонгуулиа амжилттай зохион байгуулсан тэр жишгээр явна гэж мэдэгдсэн билээ. Мөн СЕХ-ноос БНСУ-ын туршлагыг судалж буйгаа ч илэрхийлээд байна. Дөрөвдүгээр сарын гол сэдэв нь сонгуулийн хугацааг хойшлуулах эсэх асуудал байсан ч тодорхой шийдэлд хүрэлгүйгээр тавдугаар сартай золгож байна.
2.Парламент гурав дахь гишүүнээ явуулав
Дөрөвдүгээр сарын 17-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар бүрэн эрхээс нь чөлөөлөв. Нууцаар явуулсан бөгөөд санал хураалтад оролцсон 47 гишүүний 27 нь дэмжсэнээр Б.Батзоригийг УИХ-ын бүрэн эрхээс нь чөлөөллөө. Тэрээр 2017-2019 онд ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан ЖДҮХС-ийн зээлийг хууль бусаар хуваарилсан, зарим гишүүний хамаарал бүхий этгээдүүдэд зээл олгох зөвшөөрөл өгсөн гэх хэрэгт буруутгаж, хуулийн байгууллагад шалгагдан, одоо хэрэг нь шүүхэд шилжээд байгаа юм. Тэрээр энэ асуудлаас болж сайдаасаа огцорсон, мөн уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасгныг УИХ хэлэлцэж, эцэслэн шийдлээ.
3.Ерөнхий сайд асан М.Энхсайханыг цагдан хорилоо
Ерөнхий сайд асан М.Энхсайхныг энэ сарын 23-нд шүүх хурлынх нь үеэр цагдан хорьсон юм. Цагдан хорионы талаарх прокурорын санал нь “М.Энхсайхан мөрдөн байцаалтын нууцтай холбоотой мэдээллийг цахим сүлжээнд олон нийтэд дэлгэж, шүүхэд нөлөөлөхийг оролдож байна” гэснийг шүүх хүлээн авсан юм. Харин энэ арга хэмжээг олон нийтийн дунд ихээхэн эсэргүүцэж буй. Түүнчлэн түүний цагдан хорих арга хэмжээг өөрчлөх өмгөөлөгчийн хүсэлтийг нь өчигдөр шүүх хэлэлцээд хүлээж аваагүй. М.Энхсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар буруутгаж прокурорын байгууллагаас яллагдагчаар татаж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн байдаг.
4. IPO гаргана гэж байсан "Эрдэнэс Тавантолгой майнинг" компанийг татан буулгав
Засгийн газраас Тавантолгойн ордыг ашиглах бодлого баримталж, 296 дугаар тогтоолыг баталсан. Энэхүү тогтоол дээр үндэслэн “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК 2019 оны наймдугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Харин байгуулагдсанаас хойш ердөө найман сарын дараа Засгийн газрын хуралдаанаар компанийг татан буулгах шийдвэр гаргалаа. Тавантолгойн ордыг ашиглах IPO гаргах үүрэгтэй энэ компанийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байсан Х.Наранхүү удирдаж байлаа. Засгийн газрын хуралдаанаар 296 дугаар тогтоолын хоёр дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгосон байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүнээс шалтгаалж төмөр замын ажилд учирч болох хүндрэлийг урьдчилан тооцож, онцгой анхаарч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгов. Харин IPO гаргах асуудлыг хэрхэн шийдэх тухай тодорхой шийдвэр гаргасангүй, өнгөрч байх шиг байна.
5. Сонгууль-2020: Нэр дэвшигчид тодорч эхлэв
УИХ-аас сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 24-нд байхаар товлов. Улс төрийн намуудаас нэр дэвшигчид болон бие даагчид тодроод байна. Энэ удаа түүхэнд анх удаа хамгийн олон бие даагч нэр дэвшсэн сонгууль болох нь. Хамгийн олон бие даагч гишүүнтэй парламент ч бүрэлдэж магадгүй байна. ҮАБ-т 208 хүн бие даан нэр дэвшихээ илэрхийлж, мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ. Энэ бол том тоо. Бараг гурван парламентыг бүрдүүлэх хэмжээний бие даагчдын арми сонгуульд оролцоно гэсэн үг. Гэхдээ энэ дунд бие даагч гэхээсээ илүү намдаа, даргадаа, эрх баригчдад, бүлэглэлд, бүүр больё гэр бүлдээ гомдогсод хүртэл бие даагчдын армид нэгджээ. Тэд олонх нь харагдана. Тухайлбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хотын дарга асан Э.Бат-Үүл, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга, Консул асан Д.Мөнх-Эрдэнэ, Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв, Байгаль, орчны сайд асан Л.Гансүх гээд АН-д гомдогсод олонх байна. МАН-аас УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, ХХААХҮ-ийн яамны төрийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Баяртулга, НИТХ-ын гишүүн С.Мөнхчулуун, хуульч Б.Гүнбилэг нар байгаа юм. Одоо ҮАБ-аас бие даагчдын мөрийн хөтөлбөр хуулийн шаардлагад нийцсэн эсэх дүгнэлтийг ирэх сарын 21-нд гаргах бөгөөд дахин бичиг баримтаа СЕХ-нд хүргүүлж, улмаар эцсийн байдлаар хэн хэн нэр дэвших нь тодорхой болох юм.
6.Ноолуур тойрсон улс төр
Өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх малчдыг ноолуурын үнээр дэмжинэ гэж мэдэгдэв. Ингэхдээ ноолуур худалдан авах ААН-үүдэд 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, кг ноолуурыг 100 мянган төгрөгөөс багасгахгүй байх чиглэлийг баримтална гэв. Үүнийг 233 мянган малчин өрх, цаашлаад сая гаруй хүний амьдралыг тэтгэх боломж гэж тооцоолсон гэдгээ Ерөнхий сайд онцолсон. Тэгвэл Засгийн газрын тэргүүний үгэнд итгэсэн малчид ноолуураа 100 мянган төгрөгөөр худалдана гэж хүлээгээд нэг сар гаруйн хугацаа өнгөрөв. Энэ шийдвэр малчны хотонд хэрэгжсэнгүй. Бүүр сүүлдээ тоглоом, шоглоом болоод, дуусах төлөвтэй болчихлоо. Өнгөрсөн баасан гаригт болсон УИХ-ын чуулган дээр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ноолуурын үнэ 100 мянга хүрнэ гэдэг нь үлгэр байсныг батлав. Тэрээр Хэзээ Архангайн ноолуур 100 мянга хүрч байсан юм. Архангайн ноолуурын доод үнийг би 85 мянган төгрөгөөр тогтоосон гэлээ. Ч.Улаан сайдын хариулт ёстой л олны нүдийг орой дээр гаргав. “Архангайн ноолуур хэзээ 100 мянга хүрч байлаа. Бид 85 мянгаар л авна” гээд загнах янзтай мэдэгдэж байна. Тэрээр Ерөнхий сайдын гуравдугаар сарын 27-нд хийсэн мэдэгдэл, өөрийнхөө 2-3 удаа мэдээлэл хийж, ноолуурыг 105 мянгаар худалдан авна гэж хэлж байснаа ийм амархан мартчихдаг юм байх даа. Түүнчлэн ноолуурын үнэтэй холбоотой улс төр үргэлжилж малчдын нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх хуулийн төслийг ч зарим гишүүд санаачлаад байна.
Эх сурвалж:www.polit.mn