Т.САЙХАН
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан билээ. Тус хуулийн талаар өнөөдөр /04.07/ мэдээлэл хийсэн юм. Тэрээр “Би НӨАТ-ын 10 хувийг таван хувь болгон бууруулах хуулийн төсөл өргөн барьсан. Иргэд НӨАТ-ын төлөгч. Өнгөрсөн хугацаанд эдийн засаг, санхүүгийн байдалд үр дүнгээ өгсөн. Энэ татвар нь орлогыг бүртгэх үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзэж байна. Өнөөдөр иргэдийн орлого хумигдаж, жижиг дунд ААН-үүд хаалга барьж, ажилчдаа цомхотгож байна. Орлого буурсан энэ үед НӨАТ-ыг буулгах талаар Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ миний энэ саналыг дэмжсэн. Өнөөдөр жирийн иргэн хүн дэлгүүрээс 100 мянган төгрөгийн хүнс авахад 110 мянган төгрөгийг төлж байгаа. Энэ нь орлого буурсан иргэдэд маш хүнд тусч байна. Энэ хууль хэрэгжсэнээр ялангуяа алслагдмал бүс нутагт өндөр өртөгтэй бараа бүтээгдэхүүн худалдан авдаг иргэдэд маш чухал хууль болно" гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn