Ч.ҮЛ-ОЛДОХ
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор эрх зүйч, түүхийн ухааны доктор Ц.Минжинтэй ярилцлаа.
Монгол Улсын хөгжлийн гарц монгол хүнд, тэдний оюун ухаанд бий
-Аливаа улс орны хувьд аюулгүй байдлаа хангасан цагт хөгжлийн гарц гаргалгаа нь тодорхой болно. Монгол Улс аюулгүй байдлынхаа асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулиндаа хуульчлан баталгаажуулсан. Үүнд Монгол Улсын үндэсний аюулгүй байдал гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл бүрдсэн байхыг хэлнэ.
Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолд монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй байдал болон бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэл, үндсэн хуульт байгууллын аюулгүй байдал, эдийн засгийн бие даасан байдал, экологийн тэнцвэрт хөгжил багтана.
Өөрөөр хэлбэл, үндэсний аюулгүй байдлын байдлын бүрэлдэхүүн хэсэг, хангах арга замыг зааж өгсөн байдаг. Оршин тогтнохуйн аюулгүй байдал, Хүний аюулгүй байдал, хил хязгаарын аюулгүй байдал гэх мэтээр авч үзсэн нэгэн цогц ойлголт юм.
Энэ асуудлыг Монголын төрт ёсны түүхэнд үндсэндээ таван цөм хэсэгт хувааж авч үздэг. Энэ нь
Ахуйн тусгаар тогтнол,
Цусны тусгаар тогтнол,
Орон зайн тусгаар тогтнол,
Засаглалын тусгаар тогтнол,
Оюуны тусгаар тогтнол юм.
Монголчууд энэ таван тусгаар тогтнол дээр одоогийн хэлээр нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бүх асуудлыг багтаасан байдаг. Жишээ нь,
Ахуйн тусгаар тогтнол нь хүмүүсийн ахуйн хэрэгцээ нэн түрүүнд хангагдсан байх явдал буюу эдийн засгийн үзүүлэлтээр илэрхийлэгдэх зүйлс юм. Өөрөөр хэлбэл тухайн үндэстэн өөрийнхөө оршихуйг хангах чадамж, оршихуйн хэрэгцээ болсон хоол хүнс, орон байр гэх мэт эдийн засгийн хэмжүүрээр хэмжигдэх зүйлсийн аюулгүй байдлыг хэлнэ.
Цусны тусгаар тогтнол нь үндэстэн оршин тогтнохын тулд зайлшгүй байх ёстой хүн ам зүйн асуудал, удмын сан, эрүүл мэндийн зэрэг юм. Хүн амын бодлого, түүнтэй холбоотой эрүүл мэндийн асуудал, өсөлт, бууралт гээд “Монгол хүн”-ийг тойрсон асуудал үүнд хамаарна. Удам судраа мэдэх, цус ойртолтоос сэргийлэх, эрлийзжихгүй байх, монгол хүнийг монголоор нь авч үлдэх бодлого нь цусны тусгаар тогтнолд зангидагдаж байдаг.
Орон зайн тусгаар тогтнол нь газар нутгаар хэмжигдэхээс гадна түүний шимт байдлыг чухалчилж үздэг. Улсынхаа хил хязгаар бүхий бидний эзэмшлийн газар нутгийн хичнээн хувь нь шимт газар байна гэдгээр тодорхойлогдоно. Газар нутаг шимгүй бол хөрсөн дээр ургамал ургахгүй, ус, агаар бохирдвол бүхий л амьд биетийн оршихуйд нөлөөлнө. Энэ нь бүхэлдээ ил орших ус, агаар, хөрс боловч газрын гүн дэх эрдэс баялаг бүхий экологийг бүхэлд нь ойлгоно.
Засаглалын тусгаар тогтнол нь тухайн улс нь төрийн бодлого, хөгжлийн жанжин шугамаа өөрсдөө боловсруулан, хэрэгжүүлэх чадамж, төрийн хар хайрцагны бодлогын хэрэгжилт, нууцлал, хамгаалагдсан байдлыг хэлнэ.
Оюуны тусгаар тогтнол нь аливаа улс өөрийн гэсэн бодлого, сэтгэлгээгээ авч үлдэхийн тулд оюуны тусгаар тогтнолын асуудал яригдана. Үүнд “Монгол” гэсэн тодотгол бүхий сэтгэлгээ, өв, соёл, уламжлал, зан заншил, түүх, боловсрол бүх юм орно. Өөр бусад бух тусгаар тогтнол хангагдсан ч оюуны тусгаар тогтнол хангагдаагүй байвал эрсдэл хамгийн өндөрт тооцогдоно.
Энэ таван тусгаар тогтнолын асуудлыг бүхэлд нь системээр нь авч үзэхээс гадна үндэсний оршихуйд нэг нь л алдагдахад тэр үндэстэн оршин тогтнох чадамжгүй гэсэн агуулгыг илэрхийлнэ. Тэгэхээр ахуйн тусгаар тогтнол, цусны тусгаар тогтнол, орон зайн тусгаар тогтнол, засгалалын тусгаар тусгаар тогтнол нь атгасан гар мэт нэгэн цул байдаг. Гарын таван хуруугаар төлөөлөл болгож хэлбэл Ахуй бол эрхий хуруу, цус бол долоовор хуруу, Орон зай бол дунд хуруу, засаглал бол ядам хуруу, оюун бол чигчий хуруугаар илэрхийлэгдэнэ. Цус, орон зай, засаглалын тусгаар тусгаар тогтнол нь ахуй дээр суурилдаг бөгөөд үүнийг эрхий хуруу долоовор, дунд ядам,хуруугаар дарагддаг. Харин Ахуйг буюу эрхий хурууг оюун буюу чигчий хуруугаар нь дардаг. Ингэж Монголчууд атгасан гар мэт эв нэгдэлтэй явъя гэдэг нь энэ таван тусгаар тогнтолыг гартаа атгасан шиг хүн болгон улс орныхоо тусгаар тогтнолыг гартаа атгаж, энэ нөхцөл байдлаа мэдэрдэг мэддэг байсан. Оюун буюу чигчий хуруу хэдий хамгийн бага нь боловч атгасан гарын хүчийг агуулж, бүхний цоож, дараас болдог. Та чигчий хуруугүй атгаад үз, одоо чигчий хуруутайгаа атгаад үз, атгасан гарын хүч хаана оршиж байна. Хүчийг зөвхөн оюун ухаан л бий болгодог. Биеийн хүчээр нэгийг, сэтгэлийн хүчээр мянгыг дээлнэ гэдэг шүү дээ. Тэгэхээр монголчуудын өвөг дээдсийн өв ухаан гэдэг хүний бие дээр, хүн дээр нь ингэж улсынхаа бодлого, аюулгүй байдал, тусгаар тогтнолын цогц асуудлыг уяж ирсэн. Ойлгоход ч хялбар бөгөөд амар. Ийм ойлгомжтой зүйл байсан бол өнөөдөр зарим хүн хуульч хүн эдийн засаг ойлгохгүй, бөх хүн улс төрд хэрэггүй, жирийн иргэд улс төрийн дээд төвшний том тоглолтуудыг мэдэхгүй гэх юм уу эсвэл чи улс төр, засаглалын бүтцийг ойлгохгүй тул зүгээр хий гэсэн ажлыг дуугүй хий гэдэг. Хэрэв монгол оюун ухаанаараа, өв соёлоороо ойлгох юм бол хүн болгон үүнийг өөрийнхөө хэмжээнд тайлдаг, задалдаг, ойлгодог, шинжилдэг. Тэгэхээр Монгол Улсын хөгжлийн гарц монгол хүндээ, монголчуудын оюун ухаанд бий.
Гадагш уусах биш гадны бодлого дээр өөрсдийгөө тодотгож харуул
Блиц:
Цэрэнбалтавын МИНЖИН
БОЛОВСРОЛ:
v2002-2013: Доктор (Ph.D.) МУИС-н ХЗС, НШУС
v2010-2012: Магистр, МУИС-н Улаанбаатар сургууль
v1999-2000: Магистр, МУИС-н ХЗС
v1995-1999: “Шихихутаг“ ХЗДС
v1998-1999: “Мөнх-Ану“ ГХДС
v1985-1995: Ерөнхий боловсролын 85 -р дунд сургууль.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
v2018 оноос: Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Стратегийн судалгааны хүрээлэн Нийгэм, улс төрийн секторын эрдэм шинжилгээний ажилтан
v2015-2018 онд: ХСИС-д ахлах багш, ахлах редактор, менежер.
v2010 онд: Австри улсын Вена хотын их сургуулийн Хуулийн сургуулийн төр эрх зүйн тэнхим Эрдэм шинжилгээний зочин судлаач
v2009-эдүгээ: “Шихихутуг” хууль зүйн дээд сургууль багш
v2008 онд: ХБНГУ-н Бонн хотын их сургуулийн Төвд-Монгол судлалын тэнхим Эрдэм шинжилгээний зочин судлаач
v2006-2015 онд: ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Дундад зууны үеийн Монголын түүхийн салбар Эрдэм шинжилгээний ажилтан.
-Нэг хэсэг дэлхий нийтээрээ даяаршиж байна, үүнийг дагаад бид англи хэлийг хоёрдогч хэл болгох ёстой, Кэмбрижийн боловсролыг нутагшуулах ёстой. Даяаршил, технологи хөгжиж байхад бид түүнийг дагаж нийгэмших ёстой гэхчлэн ярьж байсан. Монголчууд ардчиллын 30 жилийг ийм замаар туулж ирсэн. Манай эрдэмтэд өөр зүйл хэлдэг. Даяаршил гэдэг бид оршин тогтнох чадвараа алдахын цондон. Тиймээс бид даяарших бус даяаршил дунд дангаарших үзэгдлийг тогтоон барьж хөгжүүлэх нь зүйтэй гэдэг концепцийг эрдэмтэн судлаачид маань дэвшүүлдэг. Энэ нь даяаршиж байна гэж бид гадагшаа уусах биш гадны бодлого дээр бид өөрсдийгөө тодотгож харуулах, ялгарах онцлогтой байх ёстой гэсэн үг юм. Өнөөдөр монголчууд бүгд адил европ хувцас өмсч байна, орон орны хоолыг амтархан зооглож байна. Энэ нэг талаар даяаршил юм. Гэхдээ монгол хүнд монгол хоол, монгол хувцас л илүү зохидог, чухал ач холбогдолтой гэдгийг өдөр ирэх тусам бидний нүдний өмнө харуулж, мэдрүүлж байна. Өнөөдөр бид төрт улсын түүхээ харахад 2000 гаруй жилийн түүхтэй. Магадгүй түүнээс өмнөх соёлоо авч үзэх юм бол маш олон жилийн төрт улсын соёлтой. Гэтэл сүүлийн 100 жил, тэр тусмаа ардчиллаас хойшх 30 жил Монголд хотжих буюу суурьших үзэгдэл эрчимтэй явагдсан. Суурин соёл иргэншил монголчуудын маш олон зүйлийг орхигдуулж, мартагдуулж, алга болгосон. Даяаршиж буй дэлхий ертөнцийн чиг хандлагыг анзаарч харсан, судалсан манай эрдэмтэд монголчууд дангаарших хэрэгтэй гэж үздэг.
Мэдээллийн шуурга, цахим эринд Монголоо хэрхэн авч үлдэх вэ?
-Сүүлийн үед нийгэмд тархи угаалт их явж байна, хүүхэд залуус цахим сүлжээнд хэтэрхий автах боллоо. Үүнтэй холбогдуулж нэг зүйлийг хэлэхэд монголчуудын цаад мөн чанар нь юу вэ гэхээр задгай сэтгэлгээ гэж үздэг. Монгол өв соёл эхлээд сэтгэлгээ, дараа нь хэрэглээ гэсэн дараалалтай. Суурин соёл иргэншил эхлээд хэрэглээ, дараа нь сэтгэлгээ байдаг. Тэгэхээр энэ хоёрын мөн чанарын ялгаан дээрээс бид юуг харж байна гэвэл цахим ертөнцөд өв соёлоо, өөрсдийн онцлог бүхий зүйлүүдээ байршуулж чадаж байгаа нөхцөлд боломж бий.
Эдийн засгийн эргэлтийг хадгалахын тулд монгол хүнээ эрсдүүлж болохгүй
-Өнөөдөр Монгол Улсын аюулгүй байдал гээд ярихаар улс орон бүхэлдээ аюултай байгаа юм шиг санагддаг. Энд тэнд хоолны хордлого болсон ч үндэсний аюулгүй байдал алдагдлаа гэдэг. Эрүүл мэндийн асуудал үүсэхэд аюулгүй байдал алдагдсаных гэж ярьж бичдэг. Эсвэл боловсролын системд аюул нөмөрлөө гээд мэдээлдэг. Манай улс аюулынхаа зэрэглэлийг эрэмбэлэх хэрэгтэй. Аль нь илүү аюултай вэ, ямар хугацаанд аюултай байна вэ. Зарим нь маш аюултай хэрнээ удаан хугацаанд үргэжлээд байж байдаг. Жишээ нь, удмын сангийн, эсвэл цус ойртолтын хор аюул тэр болгон хүний нүдэн дээр хурдан хугацаанд болж өнгөрдөггүй. Тэгвэл эдийн засгийн аюул хоромхон зуур савлаад л, хүн бүрт бараг өдөр тутамд мэдэгдэж байх жишээтэй. Тэгэхээр бид аюулгүй байдлыг эрэмбэлэх, эрсдэлийн үнэлгээ хийхдээ тэр нь хаана алдагдаад байна, цоорхой хаана байна гэдгийг харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, манай улс аюулгүй байдал дээрээ эрсдэлийн үнэлгээ хийж, хаана цөмөрхий байна, аль хэсэгтээ цоорхой байгааг цөөхөн хэдэн хэмжих үзүүлэлтээр хэмжээд үзчих хэрэгтэй байгаа юм. Монголчуудын аюулгүй байдлын асуудал гэх юм уу, энэ цөм асуудал хамгийн түрүүнд монгол хүн өөрөө юм. Ингэж монгол хүнээ нэгдүгээрт тавьсан цагт дараа нь хөгжлийн бусад асуудлыг сая ярьж болно. Бид эдийн засгийн эргэлтийг хэвээр нь авч үлдэхийн тулд монгол хүнээ эрсдүүлж болохгүй. Эдийн засгаа сайжруулахын тулд уул уурхайгаа чөлөөтэй тавьж бэлчээр нутаг, унаган байгалиа сүйтгэж болохгүй. Эцсийн эцэст монгол хүн улс орныхоо цөм бодлогоос аажмаар шахагдаад байж таарахгүй. Нэгэн тоо баримттай жишээ хэлье. АНУ-ын Хьюстон хотноо болсон “Их долоо”-гийн бүлэг ЕЭЗХН-ийн жил тутмын дээд хэмжээний уулзалтаас гаргасан улс төрийн тунхаглалд Монголд өрнөсөн ардчилсан үйл явцыг тууштай дэмжих тухай заалт анх удаа тодорхой тусжээ. Үүнээс хойш 1991 оны долдугаар сард Лондонд, 1999 онд Улаанбаатарт, 2001 онд Парист, 2003 онд Токиод болсон хандивлагчидын уулзалтаар 1.1 тэрбум ам долларын хөнгөлттэй зээл, 1.3 тэрбум ам долларын буцалтгүй тусламж үзүүлж Монгол улс шилжилтийн үеийг дуусгасан гэж дүгнэжээ. Энэ нөхцөл байдлын үр дүнд Ардчиллын 13 жилд гадны мөнгөн тусламж дээр суурилсан харийн улс төрийн бодлого тодорхой хүрээнд өөрсдийн нөлөөллөө бэхжүүлж чаджээ.
Гадныхан том мөнгө барьж орж ирээд улс орны амин сүнс болсон төрийн бодлогоос нь хүнийг нь, газар нутгийг нь, мал сүргийг нь шахаж байна. Тэдний баялгийг гаргаж авахын тулд бий болгосон химийн хортой, эсвэл хөдөлмөрийн маш хүнд нөхцөлд хэн ажиллаж байна гэвэл монголчууд л ажиллаж байна. Таны, миний үр хүүхэд ялгаагүй Монгол Улсын галыг манах охин, хил манах хөвгүүд. Энэ үр удамдаа бид өөрсдийн мөн чанар, хүн чанарыг шингээж байхгүй бол болохгүй. Гэтэл Монголын залуус өрийн сүлжээнд зээлээс зээлийн хооронд, зөвхөн ходоодоор нь хэмжсэн нийгэмд, зээлээ төлөх гэж л ажил хийж амьдарч байна. Бид ахиухан ажил хийж мөнгө олоод өрөндөө өгье гэсэн богино бодолдоо дараатай амьдраад байдаг. Урт холын бодол алга. Бид ийм байхад Монгол Улсын том бодлого хэний гараар хөдөлж, хэний хүслээр юу хийгээд байна гэдэгт залуу үе маань анхаарлаа хандуулаасай.
“ИХ ЗАСАГ” БОЛ ЗӨВХӨН ХУУЛЬ ТӨДИЙ ЗҮЙЛ БУС, ЗАСАГ, ЗАРГА, ЁСНЫ НЭГДЭЛ ЮМ
-Төр гэж юу вэ гэвэл айл гэрт ч төр байна. “Их засаг” хууль бол засаг, зарлиг, ёсны нэгдэл. Өнөөгийн хууль гэж харвал энэ нь зүгээр л Чингис хааны тогтоосон зарлиг. Гэтэл үүн дээр нэмээд заргыг оруулсан байдаг. Зарга гэдэг нь “Шихихутугийн цагаан цаасан дээр хөх бичгээр бичсэнийг зарга гэнэ” гээд үүнийг үеийн үед бүү өөрчил гэж Чингис хаан захисан байдаг. Энэ зарга нь орчин үед шүүхийн прездент жишиг юм. Ёсны тухайд “Их засаг”-т Шихихутугийн надтай эетэж, ёслосныг үеийн үед бүү өөрчил гэж байдаг. Ёсоо мэддэг хүн ял өдүүлэхгүй. Төрийн албан хаагчид төрт ёсонд суралцах нь зайлшгүй хэрэгтэй. “Их засаг”-т “Ёс мэддэг хүн ёсыг зөрчвөөс ялыг хоёр дахин хэлэлцмүү” гэж бий. Одоогийнхоор бол энэ нь хууль тогтоогч, төрийн албан хаагч өөрөө хуулиа мэдсээр байж хууль бус зүйл хийхийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хууль мэдэхгүй байгаад зөрчиж байгаа энгийн ард иргэдийг 10 бодоор торгоход, хуулиа мэддэг байгаад зөрчиж байгаа түшмэлүүдийн ялыг хоёр дахин хүндрүүл гэсэн үг. Монголчуудын төрт ёс өөрөө маш төгс төгөлдөр агуу зүй тогтол. Төрт ёс гэхээр одоогийн залуус ёслолын арга хэмжээ төдий ойлгоод байх шиг санагддаг. Ерөнхийлөгч тангараг өргөнө гэх юм уу, УИХ-ын гишүүд тангараг өргөнө, төрийн өндөр дээд хэмжээний айлчлал зэргийг хамааруулж ойлгоод байдаг. Гэтэл төрт ёс гэдэг маань ёслол хүндэтгэлээс илүү өргөн агуулгатай юм. Энд би “Их засаг”-ийн хэм хэмжээ орчин үед шууд хэрэглэ гэж байгаа юм биш харин түүний үзэл санаа, мөн чанарыг судлан шинжилж, төрт ёсыг сэргээх нь Монголчуудын өнөөгийн нийгэмд зайлшгүй хэрэгтэй болсныг л дахин дахин анхааруулахыг хүсч байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.4.6 ДАВАА № 66 (6291)