Б.НАМУУНТАМИР
УИХ 2020 оны төсөв болон нийгмийн даатгалын сангийн тухай хуулийг баталсан. Энэ хүрээнд ирэх жилээс нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэх болсон. Энэ шийдвэрийг эсэргүүцэн “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцэж өнөөдөр /11.19/ “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.
"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр “Өнөөдөр Монгол Улсын бизнесийн зах зээлийн 80-90 хувийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчид эзэлж байгаа. Яг одоо бид нар 70 ААН, 800 мянган ажил олгогчдыг төлөөлж дуугарч байна. Эдгээр хүмүүст НДШ-ийн нэмэгдэл үнэхээр хүнд тусч байгаа. Ирэх жилийн төсөвт БНХАУ-д төлөх ёстой их хэмжээний өр төлбөр төсөвт тусаагүй. Ард түмний нуруун дээр НДШ-ээс гадна 1.2 тэрбум доллар өр байна. Энэ өрийг ард түмэн бид л төлөхөөр болж байна. Нийгмийн даатгалаа нэмэгдсэн байдлаар төлөхөөс гадна энэ их гадаад өрийг бид төлнө. Ийм нөхцөлд ард түмэн яаж амьдрах юм бэ. Энэ их мөнгийг хүүтэй нь ард түмэн бид нийгмийн даатгалын нэмэгдлээр нь л төлнө. Үүнийг эсэргүүцэж байна. "Капитал" банкнаас авах ёстой 240 тэрбум төгрөгөө аваач. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн "Капитал" банкны мөнгийг иргэд төлөх ёсгүй. Монгол Улсын эдийн засаг хүнд байгаа бөгөөд ам.долларын ханш хэлбэлзэлтэй байна. Гэтэл бодит амьдрал дээр цалин хөлс нэмэгдэхгүй байгаа хирнээ татвар, шимтгэл нь нэмэгдээд байхаар ард түмний амьдрал маш хүнд байна. Авч байгаа цалин мөнгө нь амьдралд хүрэлцэхгүй байгаа. Улсын төсөв 2.1 тэрбум төгрөгийн алдагдалтай батлагдахдаа Жижиг дунд үйлдвэрлэлийн мөнгийг оруулж батлаагүй" гэдгийг хэллээ.
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр “2018 оны тавдугаар сарын 30-ны Засгийн газрын тогтоолоор жижиг дунд, бизнессийн корпорацийг байгуулахаар тогтоол гарсан. Өнөөдрийн байдлаар энэ тогтоол хүчинтэй байгаа. ЖДҮ-г төрөөс хараат бус байлгах эхлэлийг тавьж өгөөч гэж Засгийн газраас хүсэж байна. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг биелүүлж жижиг дунд, бизнесийн корпорацийг байгуулж, үүндээ ЖДҮХС-г нэгтгэн чиг үүргийг нь шилжүүлж өгөөч гэдгийг УИХ-ын гишүүдээс хүсэж байна.
Ирэх жилийн улсын төсөвт нэг ч мөнгө тавьсангүй. Уг нь 2018 онд 71 тэрбум төгрөг, 2019 онд 47 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ жил Засгийн газраас өндөр албан тушаалтнууд энэ сангаас зээл авах эрх нь хязгаарлагдахад энэ жил мөнгө төсөвлөсөнгүй. Гэхдээ 2020 онд зээлийн эргэн төлөлтөөс 69 тэрбум төгрөг , найдваргүй зээл гэж 79 тэрбум төгрөг орж ирнэ. Тэгэхээр энэ мөнгийг бүгдийг нь захиран зарцуулах эрхийг нь ЖДҮХС-д өгөөч” гэсэн юм.
Мөн тус холбооны гишүүн Ц.Бумцэнд "Ажиллах хүчний хомстлын тухай яригдаж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл өөрөө ажиллах хүчний хомстлыг бий болж байна. Авч байгаа цалингийн ихэнх нь шимтгэл, татварт явдаг. Иргэд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа төлж байхад төр тэр мөнгийн найдвартай газар хадгалах ёстой. Гэтэл үе үеийн Засгийн газар нийгмийн даатгалын сангийн мөнгийг байхгүй болгосон. Жишээлбэл, Нас барагчдын нэр дээр мөнгө авсан асуудал хаагдсан. Мөн "Капитал" банкны асуудал гэх зэрэг зүйлд төр хариуцлага хүлээлгэх хэрэгтэй" гэдгийг хэлж байв.
Эх сурвалж:www.polit.mn
Ч.Даваабаяр: Ард түмний нуруун дээр НДШ-ээс гадна 1.2 тэрбум доллар өр байна
2019-11-19
Нийтэлсэн: Админ
 1 мин