Б.БАЯРЖАВХЛАН
Урт намар буцаж, энэ долоо хоногоос эхлэн хүйтний эрч чангарч байна. Энэ жил агаарын бохирдол харьцангуй гайгүй байгаа ч өвлийн улиралд нийслэлчүүдэд тулгамддаг асуудлууд хэвээрээ. Ялангуяа халтиргаа гулгаанаас үүдсэн бэртэл, зам, тээврийн ослын дуудлага тасрахгүй байна. Энэ нь төрийн засгийн буруу гэхээсээ албан байгууллага, иргэдийн хувийн бэлтгэлтэй холбоотой. Тухайлбал, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг байрныхаа 50 метр доторх цасаа цэвэрлэж, иргэдийг гулгаж бэртэхээс сэргийлсэн наалт наах зэргээр арга хэмжээ авах зохицуулалттай. Харин жолооч нар өвлийн дугуйтай зорчих зэргээр бэлтгэлээ хийнэ. Тэгвэл энэ өвлийг хэрхэн угтаж байгаа тухай сурвалжиллаа.
Өнгөрсөн даваа гаригт орсон цас жолооч нарыг багагүй сандаргав. ТЦА-ны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст ирсэн дуудлага ч эрс нэмэгджээ. Тухайлбал, өнгөрсөн даваа гаригаас пүрэв гариг хүртэл нийт 533 дуудлага ирсний 432 нь зам, тээврийн ослын шинжтэй дуудлага авсан байна. Нийт 12 хүн гэмтсний хоёр нь хүүхэд байжээ. Жолооч нарын 30 орчим хувь нь зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаа нь осол гарах нэг шалтгаан болж буйг албаныхан хэлж байна. Зуны дугуйтай замын хөдөлгөөнд оролцсон жолоочийг Зөрчлийн тухай хууль болон жолоочийн үүргийн дагуу торгох учиртай. Тээврийн цагдаагийн албанаас арга хэмжээ тооцуулахаас илүү өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулахгүй, бусдад аюул осолтой байдал бий болгохгүй хөдөлгөөнд оролцох үүрэгтэй тул үүргээ биелүүлж дугуйгаа солихыг анхааруулж байлаа. Дугуйны үнийн хувьд цас орсны маргаашаас 10-20 мянган төгрөгөөр нэмэгддэг бараг ч ёс болчихоод байгаа. Өчигдрийн байдлаар “Өгөөмөр зах” дээр автомашины хуучин дугуй 50-200 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин шинэ дугуй 150-300 мянган төгрөгөөр зарагдаж байлаа.
Мөн цас орж, халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд буурч түгжрэл ихэссэн байна. Тиймээс түгжрэлийн бууруулахаар өнөөдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд сургуулийн автобусыг явуулж байна. Мөн НИТХ дээр дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр болгох асуудлыг судалж эхэлжээ.
Харин энэ цаснаар нийслэлийн тохижилт үйлчилгээний 21 байгууллага, 900 гаруй зам талбайн үйлчлэгч цас орсон шөнө үүрээр ажилласан байна. Тэд 380 гаруй тонн бодис, 160 тонн давсыг нийслэлийн хэмжээний бүх замд цацжээ. Өчигдөр ч зам талбайн үйлчлэгч нар явган хүний замыг цэвэрлэж байлаа. Зам цэвэрлэгч бодис болон давсыг өдөр болгон цацдаггүй байна. Хэрэв зорчих хэсгийн зам хар өнгөтэй байвал давс байгаа гэсэн үг. Мөн өчигдрийн байдлаар Улаанбаатар хотын захирагчийн алба 3100 тонн бодис болон 2100 тонн давсны нөөцтэй байв. Цаашид нөөцөө нэмнэ гэж Улаанбаатар хотын захирагчийн албаны Хог хаягдлын удирдлагын зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригун хэлсэн юм.
Үүний дараа ГССҮТ-ийн тандалт судалгааны албаны эмч Х.Буян-Арвижихаас хальтиргаа гулгааны улмаас бэртэж гэмтсэн хүмүүсийн талаар тодрууллаа. Тэрээр “Цас орсон эхний өдөр халтиргаа, гулгаанаас үүдэж бэртэж гэмтсэн 23 хүн ирсэн. Энэ тоо одоо өсөх хандлагатай байна” гэсэн юм.
Тэгвэл Онцгой байдлын газраас цас орсны улмаас Завхан аймгийн Улиастай сумаас Загастайн даваа хүртэлх замыг хаасан ч өчигдөр зорчих хэсгийг нээжээ. Цаашид Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр энэ сарын 15-наас нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.11.15 №227 (6194)
Анхны цас нийслэлчүүдийн бэлэн байдлыг шалгав
2019-11-15
Нийтэлсэн: Админ
 1 мин