Гэрэл зургийг Л.БАТДОРЖ
Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор баталсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу жил бүр зохион байгуулдаг "Оны шилдэг бүтээл"-ийг шалгаруулах үйл ажиллагаа боллоо. Энэ жилийн шилдгийн шилдэг бүтээлээр:
А.Очирболдын “Ухамсар”,
Г.Эрдэнэбилэгийн “Муза”,
Б.Отгонтүвдэнгийн “Авга ах”,
Л.Гантөмөрийн “Чонон тууль”,
Б.Содномдаржаагийн “Тавган дээрх соёл” бүтээл шалгарч, улсын санд худалдан авжээ.
Харин зураач Б.Нямхүү “Домог” бүтээлээрээ үзэгчдийн таашаал хүртэж, Монголын уран зургийн галерейн нэрэмжит цомын эзэн болсон бол ивээн тэтгэгч байгууллагын нэрэмжит шагналыг Монгол Улсын төрийн шагналт уран барималч Ц.Амгалан “Уртын дуу” бүтээлээрээ авсан байна. Энэ удаагийн шалгаруулалтад нэг уран бүтээлийн нэгдэл болон 135 уран бүтээлч 177 бүтээл ирүүлснээс эхний шатанд 124 бүтээл шалгарч үлджээ. 2006 оноос хойш зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнээс шалгарсан бүтээлүүдээр Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөг баяждаг учир он оны шилдэг бүтээлээс бүрдсэн 4,000 гаруй бүтээлийг үзэгч олонд толилуулдаг юм. "Оны шилдэг бүтээл-2019" үзэсгэлэн энэ сарын 31-нийг дуустал үргэлжилнэ.