Ламын гэгээн: Эрдмийн их далайгаас өөрийн хэмжээгээр хутгаж авахыг чармайж байна

2019-07-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ Эрдэнэбандида хутагт, Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 380 жилийн ойг  энэ сарын 25, 26-нд Баянхонгор аймагт тэмдэглэж даншиг наадам зохион байгуулах гэж байна. “Зууны мэдээ” сонин түүхт ойн өмнө Ламын гэгээний VIII дүр Данзанжамбалчойжишинэнг “Ярилцах цаг”-ийн зочноор урилаа. -Ламын гэгээний VIII дүрээр 2009 онд тодорсноос хойш та эх нутгаасаа хол 10 гаруй жил бурханы ном үзлээ. Энэ зун Монголдоо багагүй хугацаанд саатан морилсон нь Эрдэнэбандида хутагт Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 380 жилийн ойг  тэмдэглэхтэй холбоотой юу, өөр учир шалтгаан байна уу? - Энэ жилийн хамгийн чухал үйл явдлын нэг нь Ламын гэгээний анхдугаар дүр, Эрдэнэбандида Лувсанданзанжанцан хутагтын мэлмий гийсний 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх юм. Миний хувьд Энэтхэг улсад олон жил ном үзэж байна. Тэнд удаан хугацаагаар байхад таван жилийн хугацаатай виз авдаг. Энэ жил миний визний хугацаа дууссан тул сунгуулах завшааныг ашиглан түүхт ойн өмнө зохион байгуулах зарим ажилд биечлэн оролцох, сүсэгтэн олондоо номын авшиг хүртээх зорилготлй Монголдоо түр хугацаагаар ирээд буцах гэж байна. Гэхдээ энэ дашрамд олон ажил амжууллаа. Хэдий богино хугацаатай ирсэн ч гэсэн хүмүүсийн мэдлэгт тус нэмэр болох үүднээс бурханы шашны мөн чанарын тухай сэдвээр уулзалт яриа өрнүүлж, номын авшиг хүртээх хурал номын ажлыг хэд хэдэн газарт зохион байгууллаа. Баянхонгор аймгийн сумдаар бүсчлэн явж сүсэгтэн олондоо бурхны шашны тухай тайлбарлаж Аймгийн төвд Далай багшийн зарлиг айлдварын дагуу Жанрайсаг бурханы авшиг хүртээсний зэрэгцээ Дорнод, Орхон, Архангай аймагт насны авшиг хүртээж лам хуврагуудын хамт хурал ном хурлаа. -Таныг олон аймаг, сумын нутгаар орж, сүсэгтэн олонтой уулзаж явахад хүмүүс хэр итгэж биширч,  хүндэлж хүлээж авч байх юм. Та өөрөө ард олноосоо суралцахад номын мэргэд, билгүүн эрдэмтэн азай буурлууд  хэр олон таарч байв? -Монгол оронд  эрт дээр үеэс бурханы шашин дэлгэрсэн, гурван үеийн дэлгэрэлттэй гэж үздэг. Одоо бидэнд уламжлагдаж ирсэн нь  1500-гаад оны үеэс Монголд дэлгэрсэн бурханы шашны  гурав дахь үеийн дэлгэрэлт, тэр утгаараа олон эрдэмтэн мэргэд, хутагт хувилгаад, тэр үеийн хүмүүсийн бий болгосон үнэт зүйл, өв уламжлал их бий. Мөн шашны ойлголтыг  хүмүүсийн ой тойнд суулгаж, тархинд нь  шингээж  өгөх үйл хэргийг маш гайхалтай явуулж ирсний үр дүнд өнөөдрийн бидэнд хүртэл уламжилж ирсэн асар их зүйл байдаг. Энэ дунд цаг бусаар буюу 1930-аад оны үеэс эхлэн 70 гаруй жил тасарч  үзэл суртлын хувьд хаалттай байсан он жилүүд бий. Гэсэн хэдий ч 1990 онд ардчилсан нийгмийн үед шашин шүтэх эрх чөлөөгөө олж авч бурханы шашин,  уламжлалт зан үйлээ сэргээсэн. Тийм  болохоор энэ бүхэн бол бидний өвгөд дээдсээс уламжлагдан ирсэн сүсэг бишрэл, түүгээр тогтохгүй маш гайхалтай  өв уламжлал юм. Тэр нь олон аймаг, сумаар орж иргэдтэй уулзаж, хурал номын ажил зохион байгуулж явахад анзаарагддаг. Ахмад настнууд нь уламжлалт бурханы шашнаа дээдэлсэн, залуус нь түүнийг  танин мэдэх гэсэн чиг хандлага бас мэдрэгдэж байна. Хурал номын завсраар өтгөс буурлуудтай уулзаж хуучлах, тэдний үг захиасыг сонсох зав гарна, заримдаа  цаг гарахгүй үе ч байх юм. Нутаг орноороо орж, аль болох хүмүүстэй уулзахыг хичээж явсан болохоор мэдээж тэдний  хэлсэн ярьсан, захьсан болгоныг  дотроо тунгаан эргэцүүлэхийн ялдамд хийж байгаа үйлдэл бүрийг  нь “уншиж”, өөртөө шингээн суралцаж боловсрох нь надад маш чухал байдаг. Монголын ард түмэн зүйр цэцэн үгнээсээ өгсүүлээд залуус өтгөс буурлаа дээдлэх, өтгөс буурал нь нялхас хийгээд хүүхэд залуустаа ачлалтай байхыг сургаж, захиж ирсэн уламжлалтай. Тэр бүхнийг уншиж судалж, ухаарч ойлгож, өөрийн амьдралд хэвшүүлэн хэрэгжүүлэх нь зохистой. Нутаг орноосоо хол байхад  тэр бүхнээс заримыг  мартана, заримаас нь төсөөрнө. Олныхоо дотор орж явахад тэр бүхэн сэргэх боломж бүрддэг учраас ардын дундаас төрсөн монгол  ухаан гайхалтай гэж сэтгэл дотроо сүсэглэж  явдаг. -Та 14 настай жаахан хүүхэд  гэгээнтний VIII дүрээр анх  тодорсноос хойш бурханы  номд шамдан суралцаж ирлээ. Өнөөдрийг хүртэл эрдэм боловсролын шимээс хэр хүртэж амжив? -Би Бүгд Найрамдах Энэтхэг улсын Өмнөд Энэтхэгийн Карнат муж, Гоман дацанд суралцдаг. Гоман дацан бол буддын гүн ухаан, философийн чиглэлийн сургалт явуулдаг. Энд Чойрын таван ботийн эхнийхийг үзэж дуусгасан. Хоёр жилийн дараа гэхэд хоёр дахь ботийг үзэж дуусгах юм. -Тэнд олон жил суралцаж байгаагийнх та төвд номондоо нэвтэрхий болсон байх. Харин монгол хүний  хувьд монгол хэл соёл, монгол ухааны  мэдлэг боловсролыг хөгжүүлэх тухайд  ямар бодолтой явдаг вэ? -Тэнд суралцахад ч гэсэн монгол хэл зайлшгүй шаардлагатай. Эх хэлээ төгс мэддэг байх ямар ч хүнд  нэн чухал. Монгол хэлний үгсийн сан баялаг бөгөөд  гайхамшигтай. Үүнийг манай билгүүн номч  өтгөс буурлууд, бичгийн их эрдэмтэн мэргэдээс гадна олон улс орон, эрдэмтэн мэргэд тэгж  тодорхойлсон байдаг шүү дээ. Харин тэр бүхэн маань орчин цагт  жаахан буурангуй болж бүдгэрч байна уу гэдэгт би  санаа зовдог. Миний ойлгосноор энэ нь сүүлийн үеийн хүүхэд, залуус монгол хэлнийхээ баялаг санг  тэр болгон уудалж ашиглахгүй,  хэрэглэх нь багассантай холбоотой болов уу. Миний хувьд  боломж гарвал монгол бичгээр болон кирилл үсгээр ном зохиол уншихыг эрхэмлэдэг. Гэхдээ эх хэлнийхээ сор чимэг болсон гайхамшигтай үгсийн санг тэр бүр ашиглахгүй, хэрэглэхгүй байна уу гэж анзаарч харьцуулж суудаг. Хуучны зохиол бүтээлд онч үгс болоод монгол хэлний  сонсголонтой сайхан яруу хэрэглүүрийг хэрхэн хэрэглэж байснаас суралцах зүйл маш их бий. Сайхан найруулгатай олон  ном зохиол  хэвлэгдэн гарч байгаа нь сайшаалтай ч  ерөнхийдөө үгсийн сан  нэг л тиймхэн, дундуур байгаад байх юм. Иймд дунд сургуулиас эхлээд их, дээд сургууль, Хэл  зохиолын хүрээлэн,  хэлний чиглэлээр ажилладаг шинжлэх ухааны байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эх  хэлний боловсролын асуудалд түлхүү анхаарвал ач тустайсан. -Таны өмнөх долоон дүрийн хутагт, гэгээнтнүүд  оточ, зурхайч, эдийн засагч гээд тус тусын эрдэм чадалд төгс  байсан гэлцдэг. Та аль чиглэлд түлхүү боловсорч,  ямар мэдлэг чадварыг  эзэмшихээр өөрийгөө сорьж байна вэ? -Одоогоор буддын гүн ухаанд суралцаж байна. Өнөөгийн бидний үе,  XXI зуун бол шинжлэх ухаан,  техник технологи гайхамшигтай бөгөөд хурдацтай хөгжиж байна. Энэ цаг үед онол практикийн хувьд шинжлэх ухаантай хөл нийлүүлэн, нэг шугаман дээр  зэрэгцэж яваа нь буддын гүн ухаан философи юм байна гэж ойлгож, судалж суралцаж  байгаа. Үүнийг бас олон эрдэмтэн мэргэд баталж байна. Буддын гүн ухаанд  хэмжээ хязгаар үгүй. Тийм болохоор далай гэвээс  хаяа нь үл үзэгдэх тэр их далайгаас эрдэнэ шүүрдэхээр  олон эрдэмтэн, мэргэдийн шавь болон зүтгэж, багш нараасаа  бага багаар суралцсаар өөрийн  минь дүүргэх  хэмжээ  хэр байна вэ, тэр чинээнд хүрэхийг  л хамгийн ихээр эрмэлзэж байна. -Анхдугаар Ламын гэгээн, Эрдэнэбандида  Лувсанданзанжанцан хутагтын талаар түүх сурвалжуудыг та хэр гүнзгий судалсан бол? -Гэгээнтний тухай түүхийн  сурвалж  бичгүүд болоод судлаачдын гаргасан олон  ном бүтээл байдаг. Баянхонгор аймгийн уугуул, судлаач, доктор С.Ёндонбат  “Ламын гэгээний их шавийн түүх” гэж судалгааны бүтээл гаргасан. Түүнд гэгээнтний талаар “XVI зууны үед Халхын өндөр гэгээн Занабазарт наран саран мэт хоёр шавь нь Ламын гэгээн Лувсанданзанжанцан (1639-1704), Зая бандида Лувсанпэрэнлэй (1642-1715) хоёр байсан. Хоёр шавийнхаа хамт  шарын шашныг дэлгэрүүлсэн бөгөөд Халх Монголын газар шашин номын хөлийг суурилуулж, түгээн дэлгэрүүлсэн анхны хүн бол  “Ламын гэгээн” хэмээн алдаршсан, бурханы шашны зүтгэлтэн, гүн ухаантан, нэрт оточ, зурхайч Лувсанданзанжанцан юм” хэмээн тодорхойлсон нь бий.  Миний түрүүнд өгүүлсэнчлэн гурав дахь үеийн буддын шашны дэлгэрэлтийн үед амьдарч, бүтээж туурвиж байсан хутагт, гэгээнтнүүдийн үйл хэрэг, байгуулсан гавьяа зүтгэл  бүгд  үнэлэгдэж, тэмдэглэгдэж ирсэн. Тэр нь цаг үеэсээ хамаарч  бүгд өөр өөрийн онцлогтой.  Анхдугаар Ламын гэгээнтэн бол бурханы шашныг Монголд дэлгэрүүлээд зогсохгүй монгол хэл бичиг, ёс заншил, соёлыг хөрсөнд буулгаж хөгжүүлэхэд маш гайхалтай үйл хэргийг бүтээсэн.Тиймээс гавьяа зүтгэл нь түүхэнд тод томруунаар тэмдэглэгдэн үлдэж, эдүгээ цагт ч үнэлэгдэн хүндлэгдэж байгаа болов уу. Иймд би бурханы номд хэрхэн шамдан суралцах вэ гэдгийг эргэцүүлж, аль болох өөрийн чадах, мэдэхийг зориулан  хичээн зүтгэж, боломжтой цаг мөч бүхнийг алдалгүй номтой нөхөрлөж байгаа. Цаашид урд заларсан  долоон дүрийн гэгээнтний түүх намтрыг гүнзгий судалж өв ухааныг тодруулан тодотгох, тэднээс суралцах нь чухал тул судалгаа шинжилгээ явуулах эрдэм судлалын  ажлыг өрнүүлэх нь зайлшгүй шаардлагатай. Миний хувьд энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүст аль болох тус дэм болохыг хичээж хамтарч ажилладаг. -Баянхонгор аймгийн төвд Ламын гэгээнтний  жижиг дацан бий. Харин хуучин хүрээ байсан туурь дээр шинээр сүм хийд барьсан уу? -Одоогийн байдлаар шинээр сүм хийд барьсан зүйл байхгүй. Ирээдүйд бурханы шашныг хөгжүүлэхэд сүм хийд хэрэгтэй. Гэхдээ сайхан сүм хийд, дугана байснаар бүх зүйл  болчихгүй. Тэр дотор боловсролтой, эрдэм мэдлэгтэй олон лам байж хурал номын дэг ёс бүрэн бүтэн болж хэрэгжинэ. Ямар ч  улс орон хөгжихөд өндөр мэдлэг боловсролтой боловсон хүчин нэн тэргүүнд хэрэгтэй шүү дээ. Үүнтэй адил  бурханы шашин  өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй тийм лам нараар дамжиж хөгжих учиртай. Тиймээс Баянхонгор аймгаас  100 гаруй хүүхдийг  Өмнөд Энэтхэгт сургах ажлыг эхлүүлсэн. Тэднийг төгсөөд эх орондоо ирэхэд сүм дуган, хурал номын өргөөг  бэлдсэн байхаар зохицуулалт хийхэд гар бие оролцоно. -Анхдугаар Ламын гэгээний эдэлж хэрэглэж байсан үнэт эд зүйл газрын гүнд дараатай байдаг талаар ам дамжсан үлгэр домог шиг яриа байдаг. Тэр талаар таны гэгээн мэлмий, соргог сонорт дуулдсан мэдээ занги юу байна. Та  судалж сураглаж үзэв үү? -Ард олны ам дамжсан яриаг сонсч ахмад буурлуудаас сонирхож асууж байсан. Ламын гэгээний хүрээ  300 гаруй жилийн түүхтэй, олон үе дамжин уламжлагдаж ирсэн ч ихэнх өв нь 1930-аад оны үеийн бослого, хөдөлгөөний үеэр тарж бутарсан гэдэг. Заримыг нь үе дамжуулан хадгалж ирсэн хүмүүс байдаг гэж  дуулдсан. Баянзүрхийн уулын урд талын хотгор дээр бороо орсны дараа гарахад алтан шармал бурхад гялтганаж  харагддаг, нар тусахад гэрэл нь ойж байдаг байсан гэж ахмад буурлуудын ярихыг сонсч байлаа. 1990 он гарсны дараагаас  тэдгээр бурханыг хүмүүс  авахыг нь авч, алга болгохыг нь алга болгож  дуусгасан байх талтай. -Та Төрийн ордонд болсон тэр хурлын ач холбогдлыг  юу гэж дүгнэж байна. Хурал цуглааныг хүнд  төвөгтэй хэлбэрээс  гаргаж хүмүүст үр дүнтэй, хүртээмжтэй  байлгах талаар бодогдов уу? -Бурханы шашин аль нэг оронд цэцэглэн хөгжинө гэдэг тухайн улсын хэл соёл, зан заншил, боловсрол зэрэг олон зүйлийн дархлаа болж, мөн тэрээр урагшлуулан хөгжүүлж амжилт авчрах болов уу гэж хардаг. Тэр талаас нь харвал 1600-гаад оны үеэс уламжлагдан  ирсэн буддын шашин өнөөдөр бид бүхний эрх чөлөө, ардчилалтай нягт хамаатай  байж болох юм. Иймд  бид ойн арга хэмжээ, даншиг наадам, шинжлэх ухааны хурлыг зохион байгуулж байгаа. Бид өөрсдийн дархлаа болсон зүйлээ таньж мэдээгүй нэгэнд нь таниулж, мэдсэн ч ойлгон авч амжаагүйд  нь мэдлэг болгож, ёс заншил, соёл нь алдагдаж байгаа хүмүүст түүнийг нь нөхөж тус хүргэхэд энэ нь нэн чухал юм. Түүнээс нэг удаа  наадаж цэнгэж, бөх барилдаж, нум сум харваж, морь уралдуулснаар бүх зүйлийг бий болгочихгүй. Эртний зан заншил, соёл уламжлалаа авч үлдэхэд дархлаа болж өгч байгаагаараа анхдугаар Ламын гэгээний ойг тэмдэглэх, том жижиг хурал цуглаан зохион байгулах нь  чухал ач холбогдолтой юм. -Та залуу хүний хувьд нийгмийн байдал, улс орны хөгжил, залуусын ёс суртахуун, харилцаа хандлагыг хэр анхаарч байдаг вэ? -Эх орноосоо хол байгаа болохоор Монголоос зарим үед сайхан мэдээ ирнэ, заримдаа саар мэдээ ч дуулдах юм. Гол анхаарах зүйл нь  бид ярих хэлэхээс илүү гарч чадахгүй байгаа. Магадгүй энэ тал дээр хамгийн их анхаарал хандуулж чадах салбар нь БСШУСЯ, түүний харъяа газрууд байх болов уу. Бүх газар өөр өөрийн чиглэлд энгийн жижиг гэлтгүй эерэг хандлагыг бий болгох, гэрэл гэгээ түгээсэн ажлыг зохион байгуулаад байвал  нийгэм маань улам саруул сайхан болно. Ер нь бол эрт цагаас эхлээд монголчуудын гэр бүлийн хүмүүжил маш чухал үүрэгтэй байсан. Өтгөс буурлаа хүндэтгэж, нялхсаа ачлах гээд зан заншил нь тэр чигээрээ том дэг сургууль байлаа. Орчин цагт тэр бүгдийг авч яв цав биелүүл гээгүй ч сайн сайхнаас нь суралцахын сацуу аль болох уламжлан авч, хадгалан үлдэж, шинэ залуу үедээ боловсрол болгон үлдээх нь хамгийн чухал. Түүнээс өнөө цагийн ерөнхий боловсролын сургалт маш сайн байгаа нь монгол хүүхдүүдийн олон улсын уралдаан тэмцээнд оролцож өндөр  амжилт үзүүлж байгаагаас харагддаг. Хамгийн гол нь хүмүүжил төлөвшил хийгээд сэтгэлийн боловсрол олох талаас анхаарах хэрэгтэй болов уу. - Баянхонгорчууд төдийгүй Монголын сүсэгтэн олон таныг Ламын гэгээний анхдугаар дүр шиг олны хайр хүндэтгэл, итгэл бишрэлийг хүлээсэн хүн болно гэж хүсэн хүлээж байдаг юм байна лээ. Ард олны тэр хүсэлт хүлээлтэд нийцэж төгс боловсорно гэдэг  өндөр босго байж таарна. Тэр хэмжээнд хүрэхэд хэцүү болов уу эсвэл танд ойрхон санагдаж байна уу? -Олон түмний хайр хүндэтгэлийг хүлээнэ гэдэг зарим үед хэцүү, зарим үед сайхан. Аль нь ч тулгарахад өөрийн сэтгэлийн хатуужил, итгэл, зориг үнэмшил чухал. Хамгийн анх Гэгээнтний VIII дүрд намайг тодруулж, лам болоод  бурханы ном сурахаар Энэтхэг улсыг зориход  аав ээж хоёрын минь захьсан “Миний хүү олон хүний хайр хүндлэлийг хүлээж авлаа. Энэ их итгэл  хүндэтгэл, хайр хишгийг хэзээ ч алдалгүй дааж яваарай. Хичээл номдоо шамдан суралцаж дандаа зөвийг хичээж яваарай” гэсэн үг  сэтгэл дотор минь  өдөр бүхэн бодогдож байдаг. Дээр нь эргэн тойронд байгаа хүмүүсийн  зүтгэл чармайлт, үлгэр дууриал  байна. Мөн ном зааж байгаа эрдэмтэн багш нарын маань зүтгэл, ном авшиг байна. Ганц миний хичээл зүтгэл, бодлоор тэр бүхэн  болж бүтчихгүй.  Олон хүний сэтгэл, зүтгэл, тус дэмээр хичээж л явна. Түрүүнд би  “буддын гүн ухаанд хэмжээ хязгаар үгүй. Тийм болохоор далай гэвээс  хаяа нь үл үзэгдэх тэр их далайгаас эрдэнэ шүүрдэхээр  олон эрдэмтэн, мэргэдийн шавь болон зүтгэж, багш нараасаа  бага багаар суралцсаар өөрийн минь  хэмжээ  хэр байна вэ, тэр чинээнд хүрэхийг  л хамгийн ихээр эрмэлзэж байна”  гэж хэлсэн дээ. Тэр л одоогоор миний өөртөө тавьсан зорилго, өмнө минь байгаа хүрэхсэн гэж тэмүүлж яваа  өндөр оргил юм. -Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Та манай сониноор дамжуулан монголчууддаа, сүсэгтэн олондоо хандаж юу хэлэх вэ? -Визний хугацаанаас хамаарч, нөгөө талаас хичээлийн цаг тулгуу байгаа учир миний бие Ламын гэгээн, Эрдэнэбандида  Лувсанданзанжанцан хутагтын  мэлмий гийсний 380 жилийн ойд  байлцаж чадсангүй буцаж байна. Гэсэн хэдий ч нутгийн ард иргэд, сүсэгтэн олон, газар газраас зорин очих монгол түмэн минь амар амгалан, энх тайвныг цогцлоон сэтгэл нь амар амгалан, оюун нь гэгээн тунгалаг,уралдсан морь нь хурдан, харвасан сум нь мэргэн, баридсан бөх нь бяртай байж сайхан наадаарай. Зон олондоо захиж хэлэх зүйл нь өнөөдөр XXI  бол зуун шинэ үе, шинжлэх ухаан гайхамшигтай бөгөөд хурднаар  хөгжиж  байна. Энэ цаг үед эртнээс уламжилж ирсэн шашнаа судалж шинжлэн, өөрийн сэтгэлд амар амгаланг цогцлоож, түүгээр ч зогсохгүй эргэн тойрондоо, улс орондоо энхтайван, амар амгалан, аз жаргалыг түгээн дэлгэрүүлэхэд хүн бүрийн хичээл зүтгэл нэн чухал юм. Та бүгд энэ тал дээр илүүтэй анхаарч яваарай. Та бүхний хийж буй үйлдэл бүхэн улс орноо хөгжүүлэхийн төлөөх сайн сайханд чиглэж, даян дэлхийд энхтайван, амар амгаланг цогцлоох гэгээн үйлсэд нь хувь нэмэр болох  болтугай. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.18  ПҮРЭВ  №142  (6109)    
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

8 цаг 24 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

10 цаг 31 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

11 цаг 50 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

12 цаг 56 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

20 цаг 15 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

20 цаг 15 мин
Хөгжлийн төлөөх түншүүд 35 жилийн хамтын ажиллагаа

Европын Холбоо Монгол Улс тэртээ 1989 онд дипломат харилцаа тогтоосноос

20 цаг 15 мин
Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү?!

Монголын төр олон жил гацсан нэгэн том төсөлд ойрын өдрүүдэд цэг тавина.

20 цаг 15 мин
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

Уржигдар 15 цаг 05 мин