Н.ДАЯН
Монголын газар нутгийг цөмийн хог хаягдал булшлах газар болгох заалтуудыг цуцлах, уран олборлох, баяжуулах шийдвэр гаргахгүй байхыг ҮАБЗ-ийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ҮАБЗ-ийн гишүүн, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарт шаардлага хүргүүлж буй талаар ТАН эвсэл, Их, бага баяншарга ТББ болон бусад хөдөлгөөнүүд нэгдэн мэдээлэл хийлээ. Тэд “Цөмийн энергийн тухай хуулийн 3.1.6, 9.1.7, 9.1.9, Газрын тухай хуулийн 16.1.10, 16.1.14 гэсэн заалтад Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдал, ашигласан цөмийн түлш хадгалах урт хугацааны хөтөлбөр боловсруулах, цөмийн төхөөрөмж буюу цацраг идэвхт хаягдал булшлах газар байгуулах тухай заалтыг баяр наадмын өмнө УИХ-д оруулсан байдаг. Ингэж цөсийн циклийг бүхэлд нь хөгжүүлэхээр хуульчилсан нь Монгол Улс НҮБ-д хүлээсэн үүргээ зөрчиж байна. УИХ эрсдэлтэй цөмийн салбарын чиглэлээр олон улсын гэрээнд нэгдэн орох, соёрхон батлах, цөмийн энергийн хуульд өөрчлөлт оруулж уран олборлох, баяжуулах үйлдвэр, Атомын цахилгаан станц барих хууль батлах нь. Монгол Улс цөмийн эрсдэлийг хүлээж, цөмийн хог хаягдлыг нутагтаа булшлах гарцаагүй байдалд орох, цөөхөн үндэстэн мөхөх аюулд ч хүрч болзошгүй ноцтой үр дагавартай тул бид эрс эсэргүүцэж, хууль ёсны эрх ашиг нь шууд хөндөгдөж буй хүн ам, нутгийн иргэдийн саналгүйгээр Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг, иргэдийнхэ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчихгүй байхыг шаардаж байна” гэсэн юм.
Өнөөдөр Францын Арева Кожеговь компани Дорноговь аймгийн Улаанбадрах суманд “Туршилтын олборлолт” нэрээр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэргүйгээр, цөмийн энергийн тухай олон улсын болон дотоодын хууль тогтоомж, стандартыг зөрчин шар нунтаг олборлосноос малчин айл бүрт элдэв гажигтай төл гарч, мал нь үхсээр байна. Сүүлийн жилүүдэд голомтын бүсэд амьдардаг малчин эмэгтэйчүүд зулбах, гажигтай төрөлт олширлоо. Цөхөрлөө барсан хүмүүсийн дууг Монголын төр огт сонсохгүй, тоохгүй байна. Цацраг бол хүнд металлаар хордсон махыг Улаанбаатар хотынхон ч хэрэглэсээр байгаа нь гашуун үнэн. Хэрэв Монгол Улсын төр Францын Арева Кожеговь компани шар нунтаг олборлосноос энэ бүх гамшиг үүсээгүй гэж үзэж байгаа бол түүнийгээ батлах, өөр ямар учир шалтгаан байгааг Олон улсын хараат бус шинжээч, судлаач оролцуулсан баг томилж энэ бүс нутагт хүний эрх ноцтой зөрчигдөж байгааг нэн даруй таслан зогсоохыг шаардаж буй юм. Үйлдвэрлэлд ашигласан усны цацраг идэвхт бодис болон химийн бохирдлыг хянах хяналтын тогтолцоог бий болгоогүй. Байгаль орчин, хүн ам, ирээдүйн хүн амыг хамгаалах үнэлгээ хийх мэргэшсэн байгууллага байхгүй. Энэ бүх хяналтын эрхээ, ашиг олох гадаадын компанид даатгаж тэдэнд хянах эрхээ өгчихсөн. Өөрөөр хэлбэл, төрийн хяналт байхгүй, орон нутгийн хяналт бүр ч байхгүй. Төрийн холбогдох хууль дүрэм, журам стандартыг төрийн байгууллагууд, ураны тусгай зөвшөөрөл эзэмшигчид ог хэрэгжүүлдэггүй, авлигад идэгдсэн, хариуцлагагүй, хянах чадваргүй ийм төрд хувь заяагаа даатган уран олборлох нь эмгэнэлд хүргэх болно. Иймд уран, цөмийн үйл ажиллагааг таслан зогсоохыг шаардаж байна хэмээн ТАН эвсэл, Их, бага баяншарга ТББ, Улаанбадрахчуудын эрхийг хамгаалах хөдөлгөөн ТББ, Эвийн хүч-Эх нутгийн төлөө хөдөлгөөн ТББ, Голомт-цөмийн эсрэг хөдөлгөөн ТББ, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Босоо хөх Монгол ТББ, Босоо Монгол ТББ-ын төлөөлөл мэдэгдсэн юм.
Эх сурвалж: www.polit.mn
Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүллээ
2019-07-08
Нийтэлсэн: Админ
 1 мин