Б.НАСАНЦАЦРАЛ
УИХ-ын 64 гишүүний санаачилсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж эхэлсэн. Энэ төсөлтэй холбоотойгоор ИЗНН-аас байр сууриа илэрхийллээ. Намыг дарга Ц.Ганхуяг Үндсэн хуулийн төсөл нь ард иргэдийн эрх ашигт үл нийцсэн, эдийн засгийн эрх чөлөөг ханган, сайн сайхан хүргэхэд чиглэгдсэнгүй хэмээн үзэж Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд хандсан шаардлагыг танилцуулав. Уг шаардлагад “Ард түмний төлөөлөл болох УИХ-ын гишүүдийн аливаа санал, санаачлага нь хүн ардынхаа баялгийн эзэн байх эрхийг баталгаажуулан, эдийн засгийн эрх чөлөөг хангаж өгөхөд чиглэгдэх ёстой. Гэвч эрх баригчид Үндсэн хуулийн 6.2-т Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн заалт дээр “Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс,үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална” гэж оруулахаар төсөлдөө тусгасан байна. Энэ нэмэлтээрээ баялгийн эздийн хөрөнгийг завшигч, луйврын тогтолцоог хэвээр хадгалж үлдэх сонирхолтойг харуулж байна. Иймд Үндсэн хуулийн 6.2 дахь хэсгийн …Төрийн өмч гэдгийг Ард түмний өмч гэсэн оноосон нэрээр солих шаардлагатай. Тэгвэл ард түмэн “Алтаа мэдэж зарцуулдаг баялгийн ЭЗЭН МОНГОЛ болно. Баялгийн эзэд баялгаа мэдэх эрхийг баталгаажуулахыг ИЗНН шаардаж байна” гэжээ.
ИЗНН-ын дэд дарга Б.Батбаатар “Бид төрийн гурван өндөрлөгт удаа дараа шаардлагыг хүргүүлж байгаа. Гэвч хариу өгөхгүй байсаар байна. Өөрсдөдөө хэрэгтэй санал, санаачлагад хурдан шийдвэр гаргадаг. Харин төвөг болох асуудалд чимээгүй сууж байгаад харамсалтай байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөд орж буй Монгол улсын газрын дээрх болон доорх бүх баялгийг төрийн өмч мөн гэж заачихсан байгаа заалтаа улам нэмэгдүүлж төр өөрөө тогтвортой хөгжих хөгжлийг хангах зарчмыг баримтална гээд заачихсан. Үүнийг эсэргүүцэж Монгол улсын байгалийн баялгийг ард түмний өмч мөн гэж заах хэрэгтэй гэж үзэж байна. Тэгвэл аливаа газрын баялагтай холбоотой асуудлыг төр ард түмнээсээ асуух шаардлагатай болж ирнэ” гэв.
Эх сурвалж:www.polit.mn
Ц.Ганхуяг: Байгалийн баялгийг ард түмний өмч мөн гэж өөрчлөхийг шаардаж байна
2019-06-19
Нийтэлсэн: Админ
 1 мин