П.ДОЛГОРСҮРЭН
Өнөөдөр Зээлдэгчдийн холбоо, зээлтэй иргэд хамтран арилжааны банк, ББСБ-уудын эсрэг хэвлэлийн бага хурлыг “Үндэсний мэдээллийн төв”-д зохион байгууллаа. Тэдний дуу хоолойгоо нэгтгэх гол шалтгаан нь төр эдийн засгийг зохицуулах үүргээ биелүүлэлгүй 30 жил болсонтой холбоотой хэмээн Зээлдэгчдийн холбооны тэргүүн З.Солонго хэлэв. Мөн зээлдэгчдийн холбооноос арилжааны банк болон ББСБ-ууд зээлийн хүүг бууруулах, үйлчилгээний хууль бус мөлжлөг явуулахаа зогсоох шаардлагыг хүргүүлнэ. Хэрэв уг асуудлыг шийдвэрлэж өгөхгүй бол тэмцэгчид дараагийн алхамд шилжиж жагсаал зохион байгуулж шинээр үүссэн нөхцөл байдлыг үндэслэн банк болон ББСБ-уудыг шүүхэд өгч, зээлдэгчдийн зээлийг шилжүүлнэ гэдгээ ч онцолж байлаа.
Сүүлийн жилүүдэд банк хоорондын шилжүүлгийн хураамж, мессеж үйлчилгээ, интернет банк зэрэг шинэ үйлчилгээ гаргаж иргэдээс боловсон аргаар дээрэм хийж байна. Жишээлбэл: Нэг хүн өдөрт дундажаар таван гүйлгээ хийлээ гэж бодоход 500 төгрөгийн хураамж төлнө. Энэ нь сард 15000, жилд доод тал нь 180000 болж байна. Үүнийг хаан банкны хоёр сая үйлчлүүлэгчид үржүүлэхэд 360 тэрбум төгрөг болно. Иймээс ард иргэд болоод аж ахуйн нэгж хамтран эсэргүүцлээ илэрхийлж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны мэдээнээс үзэхэд, арилжааны банкны зээлийн хүү дундажаар жилийн 25 хувь, ББСБ 38.4 хувь,хадгаламж зээлийн хоршоо 34.8 хувь, ломбард 42 хувьтай байна. Монголд өнөөдөр үйл ажиллагаа явуулж 14 арилжааны банк, 539 ББСБ байна. Тухайлбал, арилжааны банк740000 гаруй, ББСБ 234000 зээлдэгчтэй. Зээлийн хүүг бууруулах гол арга бол инфляцыг бууруулах, төгрөгийн ханшийг тогтвортой барих явдал юм.
Эх сурвалж: www.polit.mn
Зээлдэгчид арилжааны банкыг шүүхэд өгөхөө мэдэгдлээ
2019-06-19
Нийтэлсэн: Админ
 1 мин