Д.ЧИМЭГ
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-ын 64 гишүүн УИХ-ын даргад өргөн барьсан. Үүнийг МАХН, ИЗНН, МҮАН-аас эсэргүүцэж буйгаа илэрхийлэн мэдээлэл хийлээ. ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг “МАН ард түмэн баялагтаа эзэн байх эрх зүйн зохицуулалтыг хийж чадаагүй. Гэсэн атлаа Үндсэн хуульд өнгөц засвар оруулахаар завдсан нь ард түмний бухимдлыг төрүүлж байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт биш шинэчлэн батлах шаардлага бий” гэсэн юм. Хурлыг зохион байгуулагчид “Хууль зүйн хүрээлэн”-д болсон Үндсэн хуулийн хэлэлцүүлэгээс ирсэн аж. Тэд “УИХ дээр нэлээд сунжирч, маргаан дагуулах сэдэв” болж байгааг онцолсон. МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл “Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг ард нийтээрээ дэмжиж байгаа. Харин хэзээ, хэн, ямар өөрчлөлт оруулах вэ гэдэг асуудал дээр байр суурь нэгдээгүй байна. Улс төрийн намууд дор бүрнээ Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслүүдээ боловсруулсан. МҮАН-ын хувьд 2009 онд өөрчлөлт оруулах төсөл боловсруулж байсан. Бидэнд цоо шинэ Үндсэн хууль хэрэгтэй болохоос биш өнгө будгийг нь өөрчилсөн жижиг өөрчлөлт хэрэггүй” хэмээсэн. Түүнчлэн нийгмийн зөвшилцлөөр, бүх талын оролцоотойгоор батлах ёстой нийгмийн гэрээг Монгол Улсын Ерөнхийлөгчдөө ч танилцуулахгүйгээр хийх гэж байгааг эсэргүүцэж байгаагаа хэллээ. Энэ үеэр Ардын их хурлын дэд дарга асан Ж.Гомбожав
“Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх гэж байгаа нь цаг үеэ олоогүй. Монголчуудын нэн даруй шийдвэрлээсэй гэж хүсч байгаа олон асуудал бий. Тухайлбал, Оюутолгойн гэрээг сайжруулах асуудал таг чиг байсаар дууслаа. УИХ ард түмний өмнө тулгамдаад байгаа хурц асуудлыг шийдэхгүй байх атлаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх гэж байгааг эсэргүүцэж байна. УИХ-ын одоогийн бүрэлдэхүүнд бид итгэхгүй байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр ч удаа тараах саналыг хүргүүлж, гишүүд нь өөрсдөө ч таръя гэж ярих боллоо. 76 гишүүний 50 гаруй нь гэмт хэрэг, албан тушаал, авлигын хэрэгт холбогдсон байгаа. Ийм хүмүүсээр Үндсэн хуулиа өөрчлүүлэхгүй” гэсэн юм. Тэрээр хууль журмаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслөө эхэлж Үндсэн хуулийн цэцэд өргөн барих ёстой байдаг. Цэц уг асуудлыг нь шүүн тунгааж үзээд УИХ-д өргөн барих учиртай. Гэтэл Цэцэд битгий хэл Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, саналыг нь авахгүйгээр өргөн барьсан нь төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй зүйл боллоо гэж байлаа. Харин МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “МАХН нь улс төрийн том хүчин болохын хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг нэг нам дангаараа хийхийн эсрэг байр суурьтай байгаа. 60 тэрбумаар төрийн эрхийг худалдан авч гарч ирсэн энэ нам Үндсэн хуульд өөрчлөлт хийх эрхгүй. МАН-аас сонгогдсон 64 гишүүнийх нь 49 нь ЖДҮДС-гаас зээл авч ард түмнийхээ боломжийг хулгайлсан шүү дээ. Үндсэн хуульд хэлбэрийн төдий өөрчлөлт оруулж, эрх мэдэлтэй байх хугацаагаа сунгах гэсэн башир өөрчлөлтийг эсэргүүцэж 17 нам нэгдээд байна” гэсэн юм. Ийнхүү Үндсэн хуулийг шинэчлэн батлах асуудлаар “Үндэсний зөвлөл” байгуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэхээр улс төрийн нам, иргэний хөдөлгөөн, холбоодын зөвшилцөх уулзалт маргааш эхэлж байгааг дуулгалаа.
Эх сурвалж: www.polit.mn
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрхгүй гэв
2019-06-13
Нийтэлсэн: Админ
 1 мин