“Монголоо өмөөрөхдөө сэлэмний ир шиг хурц бай. Монголоо өрөвдөхдөө сэтгэл зүрхнээсээ хайлж бай” гэнээ. Бас л сайхан хэлсэн мөрүүд шүү. Монголоороо омогших сэтгэлээр харин ч нэг “гуйлгачин” байгаагүй бодол минь энэ удаад нэг л өрөвдөөд байх чинь Монголынхоо ардыг...
“Утаанбаатар минь” гэж түмнийг бухимдаж суухад, түлштэйгээ төрсөн ардыг яахийм та нар гээд л өмөөрөв байна. Замын бөглөрөлд олноороо ундууцаж хараал урсгаж байхад төмөр хүлэг нь багширсан баян нийслэл шүү гэж ирээд л “хамраа сөхөж” ирэв. “70 –аа өгөөчээ!” гэж фейсбүүкээр хэрэлдсэн оюутнуудын өмнөөс “авлагатай хүмүүс сайхан юм аа” гэж бахархав байна. Санал хураалт будлиантай боллоо гэж мөчөөгөө өгөхгүй суугсдын өмнөөс “сонгуульд ялагдсан болохоос дайнд ялагдсан биш дээ” гэж ирээд л зөөллөж суув. Өвгөдийн минь яс маханд шингэсэн гени юмсан уу, бурхадын сүнсэнд минь шингээсэн талархах сэтгэл юмсан уу, өр нимгэн л хүнсэн, би уг нь.
Тэнгэрт байдаг үүлийг доороос биш хажуугаас нь, гэхдээ онгоцны цонхоор биш гэрийнхээ цонхоор харах тийм л өгсүүр заяатай ардыгаа өрөвдөхийн учир өгүүлэх нь. “Агааргүй орчин” гэсэн нэртэй цонхоор гоёсон өндөр өндөр цамхагууд, “хоосон орчин” гэсэн нэртэй сургалтанд хүүхдийнхээ мэдлэгийг даатгасан баячууд, “оршихуйн хоосон орон зай” гэсэн онол үзлийг сэтгэл судлалдаа оруулж ирсэн энэ “вакуумжсан” нийгэмд заримдаа амьсгалах хэцүү болох юм. Тийм болохоор л энэ вакуум гэдэг үгэнд амьхандаа эгдүүцэж бичээд байгаа минь энэ. Аль өнцгөөс нь ч харсан ч хөгжөөгүй гэхийн аргагүй нийслэлийн ганган байшингуудын араар тойрох бүртээ санаа алдаж өнгөрдөг нэгэн шалтгаанаа уншигч тантай хуваалцах гэж л түрүүнээс хойш баахан бөөрөнхийллөө. Хэчнээн бахархлаа гээд зарим мухар сүсгээс үүдэлтэй зан заншил маань бидний нийслэлийн өнгө төрхийг “нохойны идүүр” лугаа болгоод байна аа.
Орон сууцны байруудын араар тойроод гарахад таны хамгийн элбэг олж харах зүйл бол сүүжний яс. Хэзээнээс эхэлж хэн хэлснийг нь мэдэхгүй ч “ Сүүжний яс гэрт хонуулдаггүй, чөтгөр дууддаг” гэх үзэлд л тэгтлээ итгэсэн ард түмэн юм байж. Сайнаар хардаг хардаг гэхдээ арай ч ийм муухай аминчхан занг нь хараад “ махтайгаа төрсөн Монгол шүү” гэж омогшиж чадахгүй нь дээ яадаг билээ. Дан ганц сүүжний яс ч биш мөлжсөн толгойн яс ч бас энд тэнд харагдах. Хохимой толгой гэрт хонуулдаггүй... бас л нэг зан үйл. Үнэхээр л сүүжний яс, хохимой толгой чөтгөр шулам болоод д байдаг юм бол гэрээсээ жийрхэж, цонхоороо шидсэн энэ яснууд чинь бүгдээрээ шулам болоод шөнө гийнаад унтуулахгүй байх нь яасан юм бэ? Гэртээ хүртэл мөлжсөн яснаасаа айж цонхоороо шидэж байгаа юм чинь гадаа харуй бүрийд явахаараа яах юм бол оо. Ийм л өрөвдмөөр хүмүүс нэлээдгүй байгаа дээрээсээ байр болгоны ард иймэрхүү яс үзэгддэг байх даа.
Гол ус байгаль эхээ хамгаалах зорилготой ухаалаг зан үйлүүдийг нь дагадаггүй хэрнээ, харанхуйн бодлоос үүдэлтэй зан үйлийг дагах нэрээр өөрсдийгөө мөлжсөн ясныхаа дэргэд хэвтэж байдаг нохойноос дор болгоод байгаагаа хотынхон ер нь мэдэхгүй л байна даа.
Гэрийнх нь босгыг даваад л бусад нь өөрт хамаагүй гэсэн сэтгэлтэй хүмүүс их хотыг чимнэ гэдэг юу бол. Хөдөөнийхөн ихээр хот руу орж ирээд, гал их түлээд утаа гаргаад, уушгийг нь хордуулаад байгаа гэж цэц булаалдаж эрх энэ тэр ярьсан “нийслэл хүү” нэртэй “мангар пацаанууд” битгий уурлаарай. Мангар бацаан гэхээр ээмэг зүүж үсээ гельдсэн, охидын трико шиг нарийхан жинсээр гангарсан залуусыг хэлж байна гэж уншигч та бүү бодоорой. Сүүжний яс гэрт хонуулдаггүй гэсэн мухар сүсгийн бодлыг тэд харин мэдэхгүй байх. Хэлмэгдүүлээд яахав.
Хүн төрөлхтөн олон жилийн турш учрыг нь олж хужрыг нь тунгаах гээд чадахгүй байгаа нэг зүйл бол буг чөтгөр, шулам, хий үзэгдэл. Шинжлэх ухаан хөгжсөөр 2 тэрбум 923 сая 200 мянган км диаметртэй од илрүүлээд байгаа хэрнээ, 7 секундын дотор толгой доторх бодол минь далайн чанадад хүрдэг интернет сүлжээг зохиогоод байгаа хэрнээ чөтгөр шулам гэгчийн талаар өнөө хэр нь судалсан зүйлгүй байгаа нь авууштай хэрэг шүү. Азны юм. Тайлж чадахгүй байгаа тэр далд ертөнцийг судалчихвал манай нийслэлийн орон сууцны хорооллын гадна “ Анхаар, энд чөтгөртэй 100 метрээс дотогш ойртож болохгүй!” гэдэг анхааруулга тавиад хотын гангачуулыг минь гэртээ орж чадахгүй болгох байлаа. Аль эсвэл “ Буг чөтгөрийн орноор тавтай морилно уу, ноёд оо!” гээд гадаадын жуулчдыг бас хэдэн доллараар “сааж” суух ч байсан юм билүү. Ингээд бодохоор хөгжих хэрэггүй юм хөгжихгүй байсан нь ч дээр юм даа.
Цахим ертөнцийн буянаар бид бүхий л зүйлийг олоод мэдчихдэг болсон. Урд шөнө могой зүүдэллээ. Нет рүү орлоо, харлаа. Хүүхэдтэй болох нь гэдэг. Өчигдөр агаарын бөмбөлөг зүүдэллээ харлаа. “Энэ зүүд итгэл найдвар алдагдан, зовлон бэрхшээл учрахыг харуулдаг. Ажил хэрэг илт уналтанд орно. Агаарын бөмбөлгөөр хөөрч байвал аялал амжилтгүй төгсөнө.” За байз уржигдар баривчлуулж байна гэж зүүдэлсэн. Хараатахъя. “Таны нүдэн дээр хүмүүсийг баривчилж байвал азгүйтэхээс болгоомжилсноос бодож санаснаа хийж чадахгүй. Харин баривчлагдсан хүмүүс эсэргүүцэл үзүүлж байгаа зүүд нь танд эхэлсэн шинэ ажлаа амжилттай дуусгана гэдгийг амлаж байна.”... Үгүй мөн нарийн зүүдний тайлал шүү. Тэгээд одоо агаарын бөмбөлөг зүүдлээ ч үү, үгүй ч үү? За зүүдэллээ гэхэд үнэн ч үү, худлаа ч уу? За үнэн байлаа гэхэд аялчихсан л юм чинь аялал яаж төгссөн ч яалаа. Хэрэгтэй хэрэггүй нь мэдэгдэхгүй ийм л элбэг дэлбэг мэдээлэл дунд амьдарч байгаа бидэнд харин “ Чөтгөрийн лавлах” гээч юм л гарахгүй байгаад байгаа юм даа. Хэрэв гарч ирсэн бол мөлжсөн толгойгоо лав байшингаа тойруулаад шидээд байж болно гэсэн тайлбар гарахгүй гэдэгт итгэж байна.
Чухам иймээс л монголоо өмөөрөхдөө сэлэмний ир шиг хурц биш юмаа гэхэд заазуурны ир шиг байдаг ядарсан бичээч би бээр сүүжний яснаас жихүүцэлгүй, сүрчигний үнэрээр зиндаалцдаг хотын гангачуулаас л жихүүцэв байна.
Сүүжний яс Бушхүүгийн үлгэрт л амилж чөтгөр болдог түүх цаг үеэ өнгөрөөж, эдүгээ босгоноосоо хэтрэхгүй бодолтны сэтгэлд нь амилсан байхад яаж би дандаа өмөөрч суух билээ. Идүүрээ сахьсан ноход шиг мөлжсөн яснаасаа дор цэвдэг сэтгэл нь амилсан чөтгөр болчихвий гэсэн дээ шинжлэх ухаан хүртэл дайжсан байх аа. Өршөөгөөрэй. Чөтгөрийн ертөнц минь.