М.БАТ-ЭРДЭНЭ
“ADM” группын дэргэдэх “Алтан Дорнод Монгол” компанийн Архангай аймгийн Цэнхэр суманд явуулж буй үйл ажиллагааг эсэргүүцэж байгаагаа нутгийн иргэд илэрхийллээ. Тодруулбал, “Алтан дорнод Монгол” болон ‘’Монгол газар’’ компани хоорондоо гэрээ байгуулсан гэх нэрийдлээр ямар ч хараа хяналтгүй байгалийн баялгийг сүйтгэж байна хэмээн иргэн Л.Батнасан ярьсан юм. Тэрээр “Дээрх хоёр компани асар том хамгаалалт дор үйл ажиллагаагаа явуулж байна. Анх 2400 га талбайг зөвшөөрлөөр авсаны 800 гаруйг нь ашиглаад байгаа юм” гэлээ. Хэвлэлийн бага хурал зохион байгуулагчдын хэлж буйгаар “Алтан Дорнод Монгол” компани хайгуулын ажил хийж, ямар ч хараа хяналтгүй дээж аван, нөхөн сэргээлт хийгээгүй талбай дээр гурван жил ажилласан гэлээ. Түүнчлэн ухаж, сэндийчсэн газарт машин осолдсон хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд гарсныг дуулгалаа. Мөн ойр орчмын ус бохирдож угаасан хувцас өмсөхөөр бие нь загатнадаг болсныг онцлон тэмдэглэлээ. Энэ байдал даамжран ундны усны дутагдалд орж Цэнхэр сумын иргэд дор хаяж 14 км зам туулж хэрэглээний усаа авах шаардлага гарсныг ч ярьж байна. Өөрөөр хэлбэл, тус сумын ундны ус дээрх компаниудаас болж бохирдохын хэрээр өвчин эмгэг дэлгэрч буй ажээ. Мөн мал төллөх явцад хөгжлийн бэрхшээлтэй төл гарсан юм байна. Тиймээс Архангай аймгийн иргэдийн төлөөлөл орон нутагтаа уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.
Эх сурвалж: www.polit.mn
Архангайн иргэд эсэргүүцэл илэрхийлэв
2019-06-03
Нийтэлсэн: Админ
 1 мин