Сэтгүүлч Я.СУМЪЯА
Хүүхэд бурхдыг соён гэгээрүүлэх авьяасын одонд төрсөн Жамбын Дашдондог найрагч 17насандаа “Аргатай хүү” анхны номоо түмэн хувь хэвлүүлснээс хойш авьяас билгээ гагцхүү хүүхдэд зориулан тэдний хэлэх шүлэг унших, үзэх ном бүтээлийг насан туршаа дагнан туурвисаар Монгол Улсын гавьяат цолтон, Төрийн шагналтан болсон Монголын анхдагч яруу найрагч юм. Эрдэмтэн зохиолч Л.Түдэв түүний энэ амжилтыг “Тэр Монголын хүүхдийн утга зохиолд шинэ үнэлэмж тогтоов” хэмээн үнэлсэн байдаг. Ж.Дашдондог 100 шахам ном хэвлүүлсний дээр “Тэмүүжин”, “Дэлхий ээжийн төрсөн өдөр”, “Гэсэр”, “Модон могой” гэсэн тайз дэлгэцийн 30-аад бүтээл туурвиж, гадаадад 34 номоо гурван сая хувиар хэвлүүлсэн байна. Эрхэлсэн ажлынх нь гол талбар хүүхэд, залуучуудын хэвлэл, “Залуучуудын үнэн”, “Пионерийн үнэн” сонин тэргүүтэй олон хэвлэлийн ерөнхий эрхлэгчийн нөр их ажлынхаа зав чөлөөгөөр бүх бүтээлээ туурвисан юм.
Ж.Дашдондог эрхлэгч маань хүүхэд танихдаа гойд, захидал, шүлэгт нь онцгой анхаардаг, хэдэн мөр үг өгүүлбэр, цөөн шад шүлгээс эзнийг нь нэвт шувт мэдэрдэг, ганц нэг үг нэмж хасаад л чухамхүү санааг нь ургуулан, утгыг нь төгөлдөржүүж хөөрхөн шүлэг, өгүүлэл болгоод тавьчихна. Чухам л өөрөө шинэ шүлэг зохиол бичсэн мэт түүндээ баясан жаргадагсан. “Пионерийн үнэн” сониндоо байсгээд л захидал, шүлгээр нь бүтэн нүүр гаргаж хүүхдийн урам авьяасыг хөглөдөг байлаа. Тэрээр “Монгол хүүхэд онцгой авьяастай, хүүхэд болгон шүлэгч, зураач” гэдэг, тэдний сэтгэл зүйг аав ээжээс нь илүү мэдэрдэг, дотно анд, үнэнч нөхөр нь болсон жинхэнэ хүүхдийн зохиолч байсан юм. Хүүхдийн захидлын төлөө бол бидэнд ёстой нэг хатуурхаж чаддагсан.
Ж.Дашдондог эрхлэгч, зохиолч, сэтгүүлч Готовын Нямаа хоёр нэг өдөр Завханы Бавуудорж гэдэг хүүгийн шүлгийг гар дамжуулан үзэж, дуу шуу болон өрөө өрөөгөөр орж ахин дахин уншиж бөөн хөөр болж байсан нь санаанд тодхон.
“Өглөө босоод гэрээс гартал өндөр атны бөхөн дунд өнгөт нар тухалсан байна. Атан тэмээ тухасхийн босоход алтан наран өнхрөөд явчихав” гэсэн шүү утгатай шүлэг байсан санагдана. “Энэ бол яах аргагүй яруу найраг” хэмээн өхөөрдөж үг, мөр бүрт нь олзуурхан байж билээ. Тэр цагт Ж.Дашдондог найрагчийн сэтгэлийг хөвсөлзүүлэн хөөргөсөн “Пионерийн үнэн” сонины идэвхтэн бичигч, хөдөөгийн жаал хүү Цогдоржийн Бавуудорж Төрийн соёрхолт яруу найрагч болчихсон байна.
Ж.Дашдондог эрхлэгч хүүхэд багачуудын дунд орохоороо ёстой нэг нүд нь гэрэлтээд ирнэ. Шүлгээ хаана уншина орчин тэр аяараа, олон үзэгч том багагүй сургуулийн зүг яаран тэмүүлсэн сурагч хүүхэд болон аранзал зээрд мориороо алхуулан шогшуулна, шогшуулснаа хатируулна, хатируулснаа ергүүлнэ... Сумын төв ойртон сургуулийн бараа харагдана. Мөн ч сайхан даа.
Шүлгийг яаж яруу тод уншиж, өгүүлэмжийг нь хэрхэн амилуулж болдгийн гайхамшигт үлгэр дууриал тэр өөрөө байлаа. Гадаадын хүнд ч орчуулгагүйгээр бүтээлээ чухам л зүрх сэтгэлд нь хүргэх их авьяас ганц түүнд л заяагаа болов уу гэмээр.
2012 онд Лондон хотноо болсон хүн төрөлхтний олимпийн наадам, Олон улсын хүүхдийн номын зөвлөлийн (IBBY) ээлжит 33 дугаар их хуралд оролцсон дурсамж тэмдэглэлдээ
-Хүүхдийн номын зөвлөлийн их хурал гэдэг чинь нэг ёсондоо ирээдүй үеийнхний оюун санааны олимпийн их том баяр шүү дээ. Дэлхийн 77 орныг эгнээндээ нэгтгэсэн IBBY-ийн маргаашийн тухай гэгээн асуудлуудыг дээд хэмжээнд авч ярилцдаг газар. Андерсенийн шагналтнууд, нэрт эрдэмтэд үг хэлдэг Нэгдсэн их хурал дээр үг хэлэх урилга надад ирсэн юм. Үгээ бэлдээд очтол өөрийнхөө зохиол бүтээлээс ямар ч орчуулгагүйгээр эх хэлээрээ уншиж ярь. Тэгэхдээ эгшиглэнт үг, уран зураг, дуу хөгжим, жүжиглэлт гээд санаагаа бүрэн ойлгуулахад юу хэрэгтэй байна, тэр бүхнийг ашиглаж болох талаар зөвлөлөө. Намайг зарлаад тайзан дээр гаргачихлаа. Миний өөдөөс 77 орны уран үгийн томчууд ширтээстэй. Эхлээд хөдөлгөөнтэй “Үхэр тэрэг” шүлгээ уншлаа. Зочид төлөөлөгчид алга ташиж урам өглөө. Тэрхэн зуур зориг орж “Аранзал зээрд” шүлгээ ширээ тогшин уншиж эхэлтэл алга нижигнээд л явчихлаа. Араас нь “Цааны алхаа” шүлгээ уншлаа. Надад оногдсон 20 минут яагаа ч үгүй тул хүүхдийн ертөнц дэх гүн ухааныг нээн харуулсан зураг зурахад минь тэд ойлгов бололтой, их танхим дүүрэн хүмүүс хөгжилдөн инээлдэж, үг аяыг нь зохиосон “Өнгөт зүүд” дуугаа дуулахад их баяр хөөр болон, намайг тайзнаас буухад олон хүн ирж баяр хүргэсэн бөгөөд тэдний амнаас “wonderful” гэсэн үг байнга сонсогдож байсан.
Лондонгийн их хурлыг зохион байгуулагчид орчуулгагүй ойлгох шинэ арга замыг хайж Ж.Дашдондог эрхлэгч маань тийнхүү дэлхийн тайзнаа салхи хагалан туршилтыг нь эхлүүлжээ. Үгийн урлагийг өөр хэлэнд орчуулна гэдэг бараг боломжгүй зүйл гэнэ. Дэлхий ертөнцийг хүүхдийн нүд сэтгэлээр тольдогч олон зохиолч тэр танхимд “Зохиол гагцхүү эх хэлээрээ л яруу тансаг, давтагдашгүй өвөрмөц бүтээл байдаг”-ийг тал бүрээр батлан ярилцжээ. Эх орондоо харьж ирээд “Таны тоглолт хамгийн шилдэг нь байлаа” гэсэн халуун дотно үгтэй цахим захидал хурал зохион байгуулагчдаас хүлээн авчээ. “2007, 2013 онд АНУ-д болсон уулзалтууд ч бас л иймэрхүү сэтгэл хөдөлгөсөн, урам хайрласан, хэзээ ч мартагдашгүй дурсамжаар дүүрэн он жилүүд минь болж өнгөрсөн юм даа. Тэр бол миний сайхных биш, чихнээ чимэг болсон аялгуу сайхан монгол хэлний маань суу гайхамшиг л юм. Ертөнцийн нөгөө бөөрөнд эх хэлээрээ бахархан зогсоход цээж өөд нэг юм өгсөөд ч ирэх шиг, нүдний нулимс өөрийн эрхгүй мэлмэрч билээ гээд,
Аранзал зээрдийг Монголдоо уншихад
Алтан дэлхий ойлгож байлаа
Аргагүй шүү дээ, нэгэн цагт дэлхий
Аялгуу сайхан хэлээр минь ярьж байсан хэмээн шүлэглэжээ. Эрдэмтэн зохиолч Л.Түдэв гуай “Яруу найргийг нэмэгдэл ая зохиож байж сая дуу болгодог бол Ж.Дашдондог үг, мөр, бадаг бүрт нь өвөрмөц хөг аялгуу, хэм хэмнэл оруулан бичиж эхэлсэн юм. Тийм онцлог бүтэцтэй шүлэг олныг туурвисан бөгөөд хамгийн тод нэг үлгэр загвар нь “Аранзал зээрд” мөн гэж онцлон дурдсан байдаг. Харин ахмад зохиолч Бөхийн Бааст гуай “Зохиолчид бид олон газар хот, хөдөөгийн хөдөлмөрчидтэй уулзсан. Тэр бүрийд л бид зохиолоо уншдаг. Уншигчдаас хамгийн том оноог авдаг нь Ж.Дашдондог маань байлаа. Тэр шүлгээ маш сайхан уншина. Уулзалт дээр Ж.Дашдондогийн маань онгод бүр гаарчихна. Түүний шүлэг хүүхэд гэлтгүй бүх хүнд хүрнэ. Тэр “Аранзал зээрд” шүлгээ уншихаараа “Ёстой нэг хүн бүрийн зүрх сэтгэлд хүрсэн шиг хүрч байдаг юм даа. Ингэж би Дондогийгоо уран бүтээлийн нь хувьд юутай суга үсрэн, Монголын уран зохиолын олон уулс дунд, нэгэн сүрхий ноёлог өндөр сүндэр сарьдаг болсны нь ойлгож мэдэж авсан юм даа” хэмээн бичсэн байдаг юм.
Монголын хүүхдийн яруу найргийг ийнхүү дэлхийн дайдад дуурсгасан яруу найрагч Ж.Дашдондогийн гэгээн дүр “Аранзал зээрд”-ийнхээ үг, мөр, шад болгонд буй төрх, дуу хоолойгоороо үлдэж Монголын төдийгүй бүх дэлхийн хүүхдийн зүрх сэтгэлд мөнхөрчээ. “Аранзал зээр”-д бол Монголын хүүхдийн яруу найргийн оргил шүлгийн нэгэн төдийгүй дэлхийн хүүхдийн ертөнцөд ч Монголын хүүхдийн утга зохиолын нэрийн хуудас болсон бүтээл юм. Ж.Дашдондог найрагчийн хань, хүүхдийн эмч Т.Хандсүрэнг манай пионерийн сониныхон андахгүй. Үгүйлэн дурсах ханийнх нь үг эрхэм яруу найрагч маань аль хэдийнэ өвөө болсон хэрнээ хүүхдээрээ хүн явсныг илтгэнэ. Аав ээж нь үр хүүхдээ “Номоо унш, даалгавраа хий” гэдэг шиг “шүлгээ бич, номоо бүтээ” гэж Ж.Дашдондог найрагчийг насан турш нь шавдуулсан хүн бол хань нь юм.
Сайхан ханилсан та хоёр минь, ханийгаа дэлхийн хүүхдийн утга зохиолын тэнгэрт дуугаа хадаахад ижийгээс нь өөрцгүй хайрлаж, элээний сүүдрээс ч халхлан байж юм юманд хүргэсэн халамжит гэргий нь гэдгийг хүмүүс мэднэ.
Ерөөлийн үзүүрт сүү, Ж.Дашдондог эрхлэгчийн маань ганц хүү, эх хэлний эрдэмтэн судлаач Боролзой ихэр хөөрхөн жаалтай болж найрагчийн удам хоёр нуган үрээр бүл нэмсэнд бахархаад баршгүй.
Гадаад дотоодын олон найз нөхдийнх нь түүний минь тухай бичсэн магтаал шүүмж, дурсамж, үнэлгээ, элэглэлээс эхлээд өөрийнх нь сонин сэтгүүлд бичсэн зуу зуун мэдээ, сурвалжилга, ярилцлагыг нь нандигнан хадгалж байгаа тул хүү бид хоёр олны хүртээл болгохыг хичээсээр байх болно. Хүүхэд залуучуудын байгууллагын сонин сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байсан 30 гаруй жилийн хөдөлмөр бүтээл нь хүртэл бидэндээ олон жил ноцолдох “судалгаа”-ны ажил. Цаг нь ирэхээр ханийн минь үргэлжлэл болсон ач гуч нар нь ч аваад л явна даа хэмээн өгүүлэх Хандаа бүсгүй их найрагчийг сэтгэл сэмрүүлэн одсноос хойш өв их бүтээлээр нь хань хийн, эмхэлж цэгцлэн нэлээдгүй хэдэн ном хэвлүүлсэн байх юм.
Монголын хүүхэд багачуудад алдарт “Аранзал зээрд”-ийн төвөргөөн чухамхүү яруу найрагчийнх нь дуу хоолойгоор үгүйлэгдсэн бороотой, цэцэгтэй зуны хүүхдийн баяраар энэ бяцхан зураглалыг уншигч танаа илгээв.
Шүлгийг нь уншиж хэлд орж, шүлэг хүлгээр нь хорвоог таньж, бүтээл туурвилаар нь уран зохиолд шимтэн дурласан хүүхдийн ертөнцийн эрхэм суудалд Ж.Дашдондог найрагч мөнхөд заларнам. Түүний бүтээл дэлгүүрийн лангуу, номын сангийн хорго, сургуулийн анги танхим, хүүхэд багачуудын ширээн дээр шив шинэхнээр хэвлэгдэн тасралтгүй заларсаар.
Хүүхдэд хамгийн их хайртай хүнийг олоод ир гэвэл Ж.Дашдондог эрхлэгчийг лавтайяа манлайд нь авчирна. Аав ээжийнхээ ачийг хариулж амар мэнд дээр нь жаргаасан сайн хүүг олж тодруулъя гэвэл бас л тэргүүнд нь түүнийг нэрлэнэ. Тэр дандаа амар амгалан, аз жаргал дүүрэн ертөнцийг хүсдэг. Өөрөө тийм амгалан орчлонгийн их найрагч байлаа. Хүүхэд хэвээр хорвоог туулах хувь заяа зөвхөн түүнийх байсан. Түүний “Аранзал зээрд”-ийн нуруун дээр монголын үрс үеийн үед гийнгоолном.
Жамбын ДАШДОНДОГ
“Аранзал зээрд”-ийн нуруун дээр Монголын үрс гийнгоолном
2019-05-30
Нийтэлсэн: Админ
 1 мин