Х.ОЮУНБОЛД
Дуучин Ш.Хүрэлбаатар сурагч төгсөгчдийн сэдэвт дуунуудаас бүрдсэн “Мөрөөдлийн зүг” хоёр дахь тоглолтынхоо талаар мэдээллээ. Тэрээр “Тоглолтын гол онцлог бол сурагчдын, төгсөгчдийн дуунуудаас бүрдсэнээр онцлог” гэв. Тоглолтын болон Монголын үндэсний олон нийтийн телевизийн найруулагч О.Найманжаргал “Үе үеийн төгсөгчид анх сургуулийн алтан босгоор алхан орсноос төгсөх мөч хүртэлх үеэ энэ тоглолтоос үзэх болно. Тоглолтыг зөвхөн дуу биш театрчилсан хэлбэрээр хийхээр зохиомжилж найруулсан. Үзсэн хүн бүр нандин гэгээлэг зүйлсээр дүүрэн сурагч ахуй үеэ дурсан санах болов уу. Мөн бидний хамгийн нандин шүтээн болсон багш нарын тухай үзүүлэх болно” гэв. Энэ үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар “Энэ тоглолт нэг шинэ соёл нэвтрүүлсэн, оюуны өмчийг хүндлэн дээдэлж дуунууддаа зохиогчийнх нь зөвшөөрлийг авсан. Тухайлбал, тоглолтод дуулах дууны эзэн хөгжмийн зохиолч Л.Галмандах агсны сантай гэрээ хийж зөвшөөрлийг нь авсан” гэв. Хоёр цаг үргэлжлэх тоглолтдоо дуучин Ш.Хүрэлбаатар 14 дуу дуулах ажээ. Харин тоглолтод урилгаар оролцох дуучид хоёр дуу дуулах юм байна.
Тоглолтын ерөнхий зөвлөх, яруу найрагч Д.Ган-Очир “Дуучин Ш.Хүрэлбаатар надад энэ тоглолтоо хийх гэж байгаа. Тиймээс сүлд дуу хийж өгөх саналыг тавьснаар “Мөрөөдлийн зүг” дууны шүлгийг бичсэн. XXI зуун технологийн зуун. Энэ зууны хүүхэд, залуучууд мөрөөдлийнхөө зүг явах ёстой юм байна. Залуучуудыг мөрөөдлөө цаасан дээр буулгаж зорилго болгоод, түүнийхээ төлөө амьдраасай гэж бодож энэ шүлгийг бичсэн. Энэ дууг олон түмний санаанд хүрсэн дуу болох болов уу” гэж найдаж байгаагаа илэрхийллээ. UB palace-т нөгөөдөр болох тоглолтын үеэр үзэгчдийн дундаас азтан тодруулна гэж дуучин Ш.Хүрэлбаатар ярьсан юм. “Мөрөөдлийн зүг” сурагч, төгсөгчдийн сэдэвт дуунуудаас бүрдсэн тоглолтын тасалбарын үнэ 20 мянга, харин төгсөх ахлах ангийн сурагчид 10 мянган төгрөгөөр худалдаж авах боломжтой ажээ.
Эх сурвалж: www.polit.mn