Б.ДОЛЖИНЖАВ
“Богд Ар” хороололд сургууль, цэцэрлэг байхгүй тул тус хорооллын 1730 өрхийн 6000 гаруй оршин суугчийн эрх зөрчигдөж буй талаар оршин суугчдын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус хорооллын оршин суугч Г.Нямдаржаа “Богда Холдинг компани нь 2000 оны ерөнхий төлөвлөгөөндөө “Богд Ар” хороололд 1088 айлын орон сууц, 640 хүүхдийн сургууль, 250 хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг, хэсгийн цагдаагийн байр бүхий бүрэн тохижилттой жишиг хороолол барина гэж байсан. Гэвч 2010 онд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас Хятад компанийн удирдлагуудын талд ашигтайгаар шийдвэрлэж, сургууль, цэцэрлэгийн барилгын цогцолбор зураг төслийг хүчингүй болгосон. Уг газар дээр орон сууцны 18, 19 дүгээр барилгын зураг төслийг хууль бусаар баталсан. Иргэдийг үл тоомсорлож хууль бус үйлдэл хийдэг Хятад компани, улс төрийн эрх мэдэлтнүүдэд бид газраа өгөхгүй хууль бус үйлдлийг нь хүлээн зөвшөөрөхгүй тэмцсэний үр дүнд тухайн үеийн нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож 3515 м2 газарт цэцэрлэг барих зориулалтаар захирамж гаргасан. Гэвч одоо болтол сургууль, цэцэрлэг баригдаагүй байна” гэв.
Мөн тэрээр “Богда Холдинг” компанийн захирал Х.Идэнбаяр орон сууц, үйлчилгээний төв, цэцэрлэгийн зориулалтаар дахин өөрчлүүлэх зорилгоор нийслэлийн газрын албанд хоёр жил гаран шахалт үзүүлэн материалаа өгсөөр байгаа. Энэ үйлдэл нь нийслэлийн Засаг даргын 2016 оны захирамжийг дахин өөрчлүүлсэн байж болзошгүй. НИТХ-ийн төлөөлөгч, улс төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой байж болзошгүй. Иймд Богд Ар хороололд сургууль, цэцэрлэг барих ажлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханаас шаардаж байна гэсэн юм.
Тэд 2016 онд нийслэлийн Засаг дарга С.Батболдод шаардлага хүргүүлж байжээ. Шаардлагадаа “Богд Ар” хороололд 2000 оны анхны ерөнхий төлөвлөгөө, 2008 оны хэсэгчилсэн төлөвлөгөөгөөр 20а, 24а байрын дундах 3515 м2 талбайд сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих байсан. Гэвч “Богда Холдинг” гэх Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, үйл ажиллагаа нь зогссон компанийн нэрийг барьж Х.Идэнбаяр нь тус газарт орон сууц барих гэж улайран дайрч, оршин суугчдын эрх ашгийг зөрчсөөр найман жил боллоо. Олон нийтийн эрх ашгийг тусгасан газарт төлөвлөгөөний дагуу сургууль, цэцэрлэгийн барилга бариулахыг шаардаж байна” гэжээ. Гэвч одоо хүртэл энэ асуудал шийдэгдээгүй, сургууль, цэцэрлэг баригдаагүй тул өнөөдөр мөн уг шаардлагаа хотын дарга С.Амарсайханд хүргүүлж буйгаа мэдэгдсэн юм.
Эх сурвалж www.polit.mn
“Богд Ар” хорооллын 6000 гаруй оршин суугчийн эрхийг зөрчиж байна
2019-05-10
Нийтэлсэн: Админ
 1 мин