Б.НАМУУНТАМИР
“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-т зориулан Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс сонгуулийн үеэр сэтгүүлчид хэрхэн ажиллах талаар шинэ зохицуулалтыг танилцуулж, “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Энэ үеэр цахим орчин дахь сэтгүүлчдийн пост, контенттой холбоотой гомдлыг өөрийн зохицуулалтаар шийдвэрлэх боломжтой болсон талаар мэдээлсэн юм. Тухайлбал, 2020 онд болох УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр мэргэжлийн сэтгүүлчид иргэдийн мэдээлэл хүлээн авах гол суваг болох цахим орчинд ёс зүйн зарчмаа баримтлалгүй, үзэл суртал /PR/ шингэсэн мэдээлэлд тодорхой тэмдэглэл заан, олон нийтийг төөрөгдүүлэхгүй байх үүднээс Хэвлэл мэдээллийн зөвлөл шинэ заалт гаргасан байна.
Монголын сэтгүүлчдийн мөрдөх ёстой есөн ёс зүйн зарчим байдаг аж. Шинэ заалт нэмэгдэн ийнхүү 10 заалттай болжээ. Шинэ заалтад “ Хэвлэл мэдээлэл нь сонгуулийн санал хураалтаас өмнө буруутгагдсан этгээдийг тайлбар хийх боломжгүй хугацаанд нэр дэвшигчийн талаар мэдээлэл түгээхээс зайлсхийнэ” гэсэн зарчим юм.
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдах зөвлөлийн дарга У.Тамир “ Цахим орчны зохицуулалтыг эхний ээлжинд гомдол хүлээн авах, барагдуулах журамд сонгуулийн санал хураалт эхлэхээс өмнө сурталчилгаа шувтрах үед гаргасан гомдлыг хүлээн авч ажлын нэг хоногт шуурхай шийдвэрлэхээр зохицуулсан байна. Сэтгүүлч хүн мэргэжлийн редакц дээрээ ч цахим орчинд ч нэг л нүүртэй байх ёстой бөгөөд сэтгүүлч гэсэн аккаунтаар олон нийтэд өөрийн үзэл бодлоо шингээн, хуурамч, бодит бус, гүтгэлэг гүжирдлэгийг цацах ёсгүй. Сэтгүүлч хүн дайны үед ч мөрдөгдөж байх сэтгүүлчийн ёс зүйн дүрмээ баримтлах ёстой. Энэ заалт нэмэгдснээр сэтгүүлчид уламжлалт мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн цахим сүлжээг үл хамааран ёс зүйн зарчмаа мөрдөж ажиллахаар зохицуулсан байна.
Эх сурвалж: www.polit.mn
У.Тамир: Сэтгүүлчид цахим орчинд ёс зүйн зарчмаа баримтлах ёстой
2019-05-02
Нийтэлсэн: Админ
 1 мин