Ч.ЗОТОЛ
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АН-ын гишүүд, дэмжигчид болон хэвлэл мэдээллийнхэн, олон нийтэд хандан гурван асуудлаар тайлбар хийв. Тэрээр АН-ын дотор намын даргын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа ямархуу болсон, тус намын өнөөдрийн нөхцөл байдал, цаашид хэрхэх талаар байр сууриа хэлж, мөн С.Эрдэнийн зүгээс өөрийг нь гүтгэж байна гэж мэдэгдсэн юм. Үүний дараа сэтгүүлчдийн асуултад дэлгэрэнгүй хариуллаа.
Тэрээр АН болон өөрийн тухай “2016 оны сонгуульд АН есөн суудалтай болж, намын даргын сунгаа явуулсан. Би сунгаанд оролцсон. 2016 онд Ц.Элбэгдоржийг МАНАН мафийн толгойлогч гэж зарласнаас хойш амар заяа үзсэнгүй. Гэхдээ шударга ёс ялна, намаа зөв цэвэр байлгая гэж даргын сунгаанд орсон. Гэтэл АТГ, цагдаа, тагнуулын мөрдлөг, дуудлага дор өрсөлдсөн. Намын даргад өрсөлдөх, дээр нь Ерөнхийлөгчид нэр дэвших сургаар АТГ намайг дуудаж сэжигтэн болгон шалгаж эхэлсэн. Дараа нь 2017 оны нэгдүгээр сард намын даргын сунгааны дүн гарахаас гурван өдрийн өмнө намайг яллагдагч болголоо гэсэн. Энэ нь Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын босгосон “Хонгилын ажиллагаа” байсан. Нөгөө талаас С.Эрдэнийг намын дарга болгохын тулд Н.Алтанхуяг намын байрыг зарж идсэн гэх асуудлыг босгосон. Одоо ч орон даяар зарлаж байна. Гэтэл ийм зүйл болоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Намайг намын даргын сунгаад дэмжсэн гишүүдийн санал хөдөөнөөс 6-7 мянгаар илүү ирснийг Ц.Элбэгдорж, М.Энхболд нийлж байгаад Баянгол, Баянзүрх дүүрэг дээр луйвар хийсэн. Би тухайн үед юм хэлэлгүй орхисон. Ерөнхийлөгчийн сунгаа явуулахад С.Эрдэнэ намын дарга болсон байсан. Тэр сунгаанд намайг унагах ажлыг Ц.Элбэгдорж удирдаж, С.Эрдэнэ гишүүдэд “Р.Амаржаргалыг дэмжээрэй” гэсэн. Энэ дундуур азаар Х.Баттулга гарч ирж дэвшээд Ерөнхийлөгч болсон. Үүний дараагаас би зөвлөхөөр нь ажиллаж эхэлсэн тул намын ажилд оролцоогүй. Р.Амаржаргалыг тухайн үед дэмжүүлсэн шалтгаан нь түүнийг зөөлчилж болно гэж үзээд Ц.Элбэгдорж, М.Энхболд нар 2024 он хүртэл Монголын төрийг ээлжилж барихаар тохироод байсан үе. Энэ агуулгаар МАНАН бүлэглэл АН руу гар хөлөө шургуулсан байсан. Өнөөдөр АН дээрэмчдийн нам, С.Эрдэнийн “сүлжээ” болсон. Иймд С.Эрдэнийг АН-аас зайлуулна, намаа цэвэрлэнэ. Үүнд жирийн гишүүдээ нэгдэхийг уриалж байна” гэв.
Эх сурвалж: www.polit.mn
Н.Алтанхуяг: С.Эрдэнээг зайлуулж АН-ыг цэвэрлэхэд нэгдэцгээе
2019-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин