Ц.МЯГМАРБАЯР
“Бизнес хөгжил” булангийн энэ удаагийн зочноор “Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо”-ны тэргүүн О.Бямбадэлгэрийг урьж, ярилцлаа.
-Шатахуун түгээх газрууд шатахуунаа дутуу шахдаг, хуурамч бензин зарж борлуулдаг гэсэн гомдол түгээмэл байдаг. Танай холбооноос энэ асуудалд хэр анхаарч байна вэ?
-Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо өнгөрсөн жил гаруйн хугацаанд хуурамч шатахуун чанар муутай дизелийн түлш, авто бинзен түүний хэрэглээ зардал, борлуулж буй байдалд анхаарч олон нийтэд ил тод мэдээлсээр ирсэн. Одоогоор жижиглэн болон бөөний худалдаа эрхэлдэг 102 томоохон импортлогч 27 аж ахуйн нэгж бий. Эдгээр импортлогч компани стандартын шаардлага хангасан түлш оруулж ирдэггүй. Харин гаалийн татваргүй нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг оруулж ирдэг. Гаалийн онцгой албан татваргүй учраас импортлогч компаниуд дизелийн түлш болон автобинзенд хольж хуурамч шатахуун болгож зах зээлд худалдаалдаг. Хуурамч шатахуун нь байгаль орчин болон хүний эрүүл мэндэд хортой. Түүнчлэн хуурамч шатахуун хэрэглэсэн автомашинаас гарч буй утаа төмрийн агууламж ихтэй учраас хорт хавдар үүсгэж буйг эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон. Мөн хорт утаа ялгарч буй янданд хур хар лаг үүсч шингэн хэлбэрээр урсаж газар руу нэвчиж хөрсний бохирдлыг үүсгэдэг. Нөгөөтэйгүүр эдийн засгийн хохиролтой. Хуурамч шатахуун хэрэглэсэн автомашин хугацаанаасаа өмнө эвдэрч засвар үйлчилгээнд байнга орж эрсдэлтэй нөхцөл үүсдэг. Нийслэлд 800 орчим автозасварын газар байна. Түүний 40 орчим хувийг судалгаанд хамруулахад нэг засварын газарт өдөрт 25 мянгаас 1.5 сая төгрөгийн засвар үйлчилгээг жолооч нар авч байна гэсэн. Зөвхөн шатахууны хэрэглээнээс үүдэлтэй эвдрэлд шүү дээ. Үүнийг багаар бодоход жилд хоёр тэрбум төгрөгийн зардал автомашины сэлбэгт зарцуулагдаж байна. Энэ нь иргэдийн халааснаас гарч байгаа учраас эдийн засагт дарамт үүсгэж байна. “Тавантолгой”,”Оюутолгой” гэсэн том уурхайд хэрэглэж буй дизель түлш хэрэглэдэг техник хэрэгслийг оруулаагүй. Компани ашгийн төлөө байгууллага. Гэхдээ хүний эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн худалдаалж эдийн засагт муугаар нөлөөлөхүйц бизнес хийж болохгүй. Нөгөөтэйгүүр импортлогчид эрх мэдэл бүхий хүмүүстэй хуйвалдаж нефтийн бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт үзүүлэх хуулийн төслийг батлуулсан. Шатахуун импортлогчид өчнөөн ашигтай ажиллаж байгаа хэрнээ хэрэглэгчдийн эрх ашгийг уландаа гишгэсэн гэж хэлж болно.
- Гэхдээ бүх компанийг хамруулж болохгүй байх. Хуурамч шатахуун борлуулж байгаад мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавих үүрэгтэй. Ер нь цаашид хууль эрхзүйн хүрээнд ямар зохицуулалт хийх хэрэгтэй гэж бодож байна вэ?
- Манай холбоо Ерөнхий сайдад 18 удаа шаардлага хүргүүлсэн. Ажлын хэсгийг Шадар сайд ахалдаг. Ажлын хэсэг үр дүнтэй ажиллахгүй байгаагийн зэрэгцээ төр хүч тавихгүй байна. Тухайлбал, Мэргэжлийн хяналтын байгуулагатай хамт компаниудын агуулахад хуурамч шатахуун байгаа эсэхэд шалгалт хийе гэхээр хөдөлдөггүй. Нефть химийн нэмэлт бүтээгдэхүүнд татвар авахгүй байгаа нь улсаа хохироож байна. Нөгөөтэйгүүр үе үеийн Засгийн газар шатахууны хомсдол үүсэх үед төрөөс компаниудад татварыг тэглэх зэргээр дэмжлэг үзүүлдэг. Төр нь хэрэглэгчдийг чанартай хямд шатахуунаар хангаач гээд бүх боломжоо үзүүлж дэмжиж байхад тэд нийгмийн хариуцлагаа ухамсарлахгүй байгаа нь харамсалтай.
-Хотыг бүсчлэн “Евро 4, 5” стандартын шатахууныг зэрэглэлтэй хэрэглэх тухайд ярьдаг юм билээ. Ийм боломж бий юу?
-Одоохондоо манайд “Евро 4, 5” стандартын шатахуун хэрэглэх боломжгүйг манай холбооны дэргэдэх эрдэмтэн, судлаачид хэлдэг. Өөрөөр хэлбэл, тэргэний моринд хурдан удмын адуунд өгдөг овъёос өгнө гэдэгтэй ялгаагүй зүйл. Манайд явж буй машин 1500, 1800 мотортой жижиг /приус/ суудлын хямд үнэтэй автомашинууд. Приуст болон бусад жижиг суудлын автомашинд өндөр даралттай гал, дөл үүсгэдэг шатахуун хэрэглэвэл мотор нь нэг жил ч тэсэхгүй, буудна. Харин “Евро 4, 5” стандартын шатахуун манай дарга нарын унадаг 570, 100, 200, 470 гэсэн гоё машинд хэрэглэнэ. Тэгэхээр дарга нар, УИХ-ын гишүүд өөрсдөө унадаг машины шатахуунаа хилээр татваргүй оруулж ирэх боломжтой хууль батлахыг үгүйсгэхгүй. Иймээс төр эрх зүйн орчны шинэтгэл хийх хэрэгтэй. Жишээлбэл, татварын хуульд 22 төрлийн нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг гаалийн татвартай болговол хуурамч шатахуунгүй болно. Түүнчлэн сүүлийн үеийн техник технологиор тоноглосон лабораторийг байгуулах хэрэгтэй.
-Эдгээр асуудлыг арилгахад төр болон импортлогчид юу хийгээсэй гэж бодож байна вэ?
-Төр, иргэний нийгмийн байгууллага, компанийн хариуцлагын гурвалсан гэрээ байгуулах ёстой. Уул уурхайн компани байгуулдаг шиг нефть импортлогч компаниуд зайлшгүй байгуулах хөшүүргийг төрөөс баримтлах бодлогод тусгах хэрэгтэй. Нийгмийн хариуцлагыг мод тарих, жолооч нарын дунд аян өрнүүлэх бонус карт өгөх зэргээр ойлгож болохгүй. Засаглал сайн, байгаль экологид халгүй, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй тасралтгүй найдвартай үйл ажиллагаа явуулдаг байх хэрэгтэй. Компани бүр литр тутамд 50 төгрөгийн урамшуулал үзүүлснээ хэрэглэгчдийн төлөө ажиллаж байна гэвэл үгүй юм. Ер нь ижил төрлийн үйлчилгээ явуулж буй компаниуд зарим зүйл дээр нэгдэх хэрэгтэй санагддаг. Тухайлбал, компани болгон тус тусдаа нэг карт гаргаж байхаар дундаа нэг нэгдсэн карттай болох хэрэгтэй. Компани бүрийн 50 төгрөгний хөнгөлөлтийг уг картад суулгачихвал иргэдэд чирэгдэлгүй. Ийм байдлаар нийт иргэдийн тулгамдсан нийтлэг асуудлыг шийдвэрлэвэл өгөөжтэй. Манай холбоо шатахууны нэгдсэн карттай болгох ажлыг санаачилж байгаа. Төр үүнийг дэмжинэ гэж найдаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.4.24 № 85 (6052)
О.Бямбадэлгэр: Шатахууны хөнгөлөлтийн нэгдсэн карттай болох нь чухал
2019-04-24
Нийтэлсэн: Админ
 1 мин