Б.НАМУУНТАМИР
Баянзүрх дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Б.Дэмбэрэл, Г.Хонгор, П.Төмөрхуяг нар тус дүүрэгт сүүлийн гурван жил гарч байсан санхүүгийн зөрчлүүдийг АТГ-т шалгуулахаар өгч байгаа талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.
2015 онд санхүүгийн нэгдсэн тайлангаар Баянзүрх дүүрэгт 1.5 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна. Энэ дүн 2016 оны байдлаар 5.1 тэрбум төгрөг болтол өссөн аж. Баянзүрх дүүрэг татвар төлөгчдийн мөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулдаг нь удаа дараагийн сангийн яамны хяналт шалгалтаар илэрчээ. Хууль хяналтын байгууллагууд сангийн яамны шалгалтын дүгнэлтийг зөрчлийн хэрэг гэж үзэлгүй хэрэгсэхгүй болгосон байна. Иймд шинээр томилогдсон улсын Ерөнхий прокурорыг энэ хэргийг дахин шалгах хүсэлт тавьж буйгаа илэрхийллээ.
Баянзүрх дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Б.Дэмбэрэл “Баянзүрх дүүргийн 2017-2018 оны төсвийг батлахад Хурлын төлөөлөгч нарт төсөв санхүүтэй холбоотой мэдээллийг өгдөггүй. Мөн гүйцэтгэлийн тайлангаа тавьдаггүй. 2016 онд Сангийн яам мөн Нийслэлийн аудитын газраас хийсэн шалгалтаар хэд хэдэн санхүүгийн зөрчил илэрсэн. Дүүргээс хууль бусаар гарсан хөрөнгө нэг жилийн дотор 1.5 тэрбумаас 5.1 тэрбум төгрөг болтол өссөн. Хууль хяналтын байгууллагад энэ талаар хандахад хэргийг хэрэгсэхгүй хаачихдаг. Бүр сангийн яамыг шалгалт хийсэн гэх үндэслэлээр АТГ-т гомдол хүртэл гаргасан хөгийн явдал болсон. Иймд шинээр томилогдсон улсын Ерөнхий прокурорыг “хонгилын прокурор” нарын хаасан хэргийг дахин сэргээж шалгаж өгөх хүсэлтийг тавьж байна. Мөн Нийтлэг үйлчилгээний газар-1-ийн дарга Д.Нэргүй, Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвийн дарга А.Түмэннасан гэсэн нэр бүхий хүмүүстэй холбоотой санхүүгийн гэмт хэргийн зөрчлийн гомдол их ирж байгаа. Үүнийг бид нэг нэгээр нь АТГ-т шалгуулах болно” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn
Б.Дэмбэрэл: Баянзүрх дүүргийн санхүүгийн зөрчлүүдийг АТГ-т шалгуулна
2019-04-10
Нийтэлсэн: Админ
 1 мин