Б.НАМУУНТАМИР
“Үндэсний мэдээллийн төв”-д МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, Н.Уламбаяр, Э.Эрдэнэжамьян нар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад шаардлага хүргүүлж буй талаар мэдээлэл хийлээ. Учир нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөж иргэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хоёр жил гаран эрүүдэн шүүсэн. Энэ нь 1937 оны их хэлмэгдүүлэлтийг давтаж байна. Үүнтэй төстэй хууль зөрчсөн олон зөрчил байгаа гэж үзжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт МАХН-аас дөрвөн шаардлагыг хүргүүлсэн байна.
МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “Иргэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг хэвлэл мэдээллээр олон нийтэд үзүүлэх, мөн хэлмэгдүүлэлт явуулсан шүүгч, прокурор, АТГ ба цагдаагийн байгууллагын ажилтнуудыг ажлаас нь түдгэлзүүлэн, хэргийг мөрдөн шалгах, ХЭҮК нь хүний эрхийг хамгаалах чадваргүй, хууль эрх зүйн орчин нөхцөл бүрдээгүй. Энэ жигшүүрт хэргийг олон нийтэд ил болгосноор хуулийн байгууллагын үйл ажиллагаа ил болно. Мөн яг энэ цаг мөчид байцаагдаад сууж байгаа иргэн эрүүдэн шүүгдэж байгаагаа ч мэдэхгүй цонхгүй өрөөнд сэтгэл зүйн дарамтад өртөж байгаа байх. Тиймээс энэ гашуун хэргийг үзүүлж хүний эрхийн хуулийг сурталчилж, иргэдэд Үндсэн хуулийг нь мэдүүлэх хэрэгтэй” гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn
Эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд үзүүлэхийг шаардлаа
2019-04-08
Нийтэлсэн: Админ
 1 мин