Д.ЭНХЭЭ
Парист шинэ бямба гаригт болох эсэргүүцлийн арга хэмжээнд “Шар хантаазтанууд” өөрсдийн талынхныг дайчлан оролцуулж байна. Энэ удаагийн нийт үндэстнийг хамарсан жагсаал 2018 оны арваннэгдүгээр сараас хойш Францад гарсан эсэргүүцлийн үйл ажиллагааны 18 дахь нь болох ажээ.
Дүүргийн цагдаагийн байгууллагын мэдээлснээр “шар хантаазтанууд” энэ өдөр Трокадерын талбай, Мадлены талбай, Малешербын цэцэрлэг, Дуурийн талбай, Бүгд найрамдах улсын талбай, Бастилийн талбайд цугларах гэнэ. Яам, Засгийн газрын байгууллагуудын байрладаг газруудад цагдаагийн хүч нэмэгдүүлсэн ангиуд оролцсон аюулгүйн бүсийг тогтоожээ. Елисейн ордон (ерөнхийлөгчийн ордон), парламентын доод танхим буюу Үндэсний хурлын депутатууд чуулж хуралддаг Бурбоны ордныг онцгой хяналтад авчээ.
Хөдөлгөөний удирдагч нар бүс нутаг дахь өөрсдийн талынхныг Парист цугларахыг уриалж байгаа хэдий ч “шар хантаазтанууд”-ын зарим төлөөлөгч өөрсдийн эсэргүүцлийн жагсаал цуглааныг Францын бусад хотод зохион байгуулахаар шийджээ. Тухайлбал, Лион, Монпелье, Дижон хотод ийм цуглаан болох гэнэ.
“Хантаазтанууд” тулган шаардлага бэлтгэж байна
Энэ арга хэмжээг нийгмийн сүлжээнд “Акт-18 Тулган шаардлага -Бүх Франц Парист” хэмээн нэрлэжээ. Хөдөлгөөний Facebook-т нийтэлсэн мэдээнд “Бид Францын ерөнхийлөгч болон Засгийн газарт тулган шаардлага тавьж байна. Бидний шаардлагыг биелүүлэхийг хүсч байгаа. Нийт Франц даяараа Парист цугларахыг бид уриалж байна” гэжээ.
“Бид тэмцлээ арваннэгдүгээр сард эхлүүлсэн ч өнөөг хүртэл биднийг сонсоогүй. Цорын ганц хариулт нь цагдаагийн зүгээс үзүүлсэн хүчирхийлэл л байсан” хэмээн мэдэгдэлд дурджээ.
“Шар хантаазтанууд”-ын удирдагчдын нэг Эрик Друэ болох гэж байгаа эсэргүүцлийн арга хэмжээг тайлбарлахдаа “Жнэ бямба гаригт хүч нэмэгдүүлсэн эсэргүүцэл үзүүлнэ” хэмээн мэдэгдэв. “Гудамжинд олон хүн цуглана. Тулуз, Бордо, Марсель, Руан дахь манай талыг баримтлагчид бидэнтэй нэгдэнэ хэмээн бид тэсч ядан хүлээж байна” хэмээн YouTube-д нийтлүүлсэн видео уриалгадаа Друэ хэлжээ.
Сүүлийн үед цөөрч байгаа эсэргүүцэл илэрхийлэгчдийн тоог шинээр нэмэгдүүлэхэд “шар хантаазтанууд” найдаж байна хэмээн шинжээчид үзэж байна. Тус улсын дотоод хэргийн яамны мэдээлснээр гуравдугаар сарын 9-нд улс орон даяар 30 мянгаас цөөн хүн жагсаалд оролцжээ. Энэ нь хамгийн цөөхөн хүн оролцсон жагсаал юм байна.
ДХЯ аюулгүйн арга хэмжээг нэмэгдүүлж байна
Бямба гаригт Парист болох шинэ жагсаалын хамгаалалтад хэдэн ажилтан гаргах тухай нарийн тоог цагдаагаас мэдээлээгүй байна. Гэсэн хэдий ч “France Info” радиостанцын мэдээлснээр 5000 орчим цагдаагийн албан хаагч байх ажээ. Дүүргийн засаг захиргаа нийслэлийн гудамж талбайд зургаан хуягт техник гаргахаар шийдвэрлэжээ. Үүнээс гадна олон хүн цугласан газарт саперын болон гал түймэр унтраах машинууд байх гэнэ.
Хотын гудамж талбайд дэг журам сахиулахад шаардлагатай бүхнээр хууль хамгаалах байгууллагынхан хангагдсан хэмээн Дотоод хэргийн сайд Кристоф Кастанер өгүүлжээ. “Маргааш бид зөвхөн Парист төдийгүй бусад хотод ч онцгой сонор сэрэмжтэй байж бүх хүчээ дайчилна” хэмээн Дордонд жандермер бэлтгэх үндэсний төвийн 50 жилийн ойд зориулсан хэвлэлийн хурлын үеэр сайд мэдэгджээ.
Эсэргүүцлийн арга хэмжээнд радикал үзэлтэй жагсагчид оролцохыг ч Кастанер үгүйсгэсэнгүй. “Хулигаанууд үйлдэл хийх вий гэсэн болгоомжлол бидэнд бий. Гэхдээ аливаа эрсдэл гарч болох бүх газарт цагдаагийн хүчнийхэн байх болно” хэмээн тэрээр амлав.
Өмнөх бямба гаригуудын нэгэн адил Парисын Иль-де Франс дүүрэг, төмөр замын буудал, нийтийн тээврийн хэрэгслүүдэд бичиг баримтын шалгалт хийх ажээ.
“Хантаазтанууд”-ын дэмжлэг нэмэгдсээр байна
“Elabe” хэмээх социологийн албанаас хамгийн сүүлд лхагва гаригт явуулж нийтлүүлсэн санал асуулгын дүнгээс үзвэл францчуудын 61 хувь нь хөдөлгөөнийг дэмжиж байгаа ажээ. Социологичдын тэмдэглэснээр “шар хантаазтанууд”-ын үйлдлийг дэмжих төвшин сүүлийн долоо хоногуудад дөрвөн хувиар өсөн нэмэгджээ. Гуравдугаар сарын 12-13-нд интернэтээр явуулсан судалгаанд нэг сая гаруй иргэн оролцсон байна.
“Шар хантаазтанууд”-ыг 60 орчим хувийн тэтгэврийнхэн дэмжиж байгааг шинжээчид тодруулсан байна. Гэхдээ судалгаанд оролцогчдын 11 хувь нь хөдөлгөөнд оролцогчид өөрсдөө гэнэ.
Үндэсний мэтгэлцээний маргааш нь болох учраас бямба гаригийн жагсаалыг бэлгэ тэмдгийн ач холбогдолтой хэмээн “шар хантаазтанууд”-ын төлөөлөл тооцож байна. “Шар хантаазтанууд”-ын шаардлагад нийгмийн зүгээс өгөх хариултыг томьёолох асуудлаар уг мэтгэлцээнийг явуулахаар нэгдүгээр сарын дундуур ерөнхийлөгч санаачилсан юм байна. Францчуудын дийлэнх нь олон нийтийн энэ мэтгэлцээнд сэтгэл дундуур байгааг санал асуулга харуулжээ. Санал асуулгад оролцогсдын 70 гаруй хувь нь Францын улс төрийн хямралыг энэ мэтгэлцээн шийдэж чадахгүй “Шар хантаазтанууд”-ын дуу хоолойг сонсохгүй чигээр үлдэнэ хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.3.18 № 55, 56 (6022, 6023)