Х.ОЮУНБОЛД
Венесуэл даяар өнгөрсөн пүрэв гаригаас эрчим хүч тасарсны улмаас тус улсын нийтийн тээвэр, үйлчилгээ, харилцаа холбоонд хүндрэл учраад байгаа. Үүнийг Николас Мадуро твиттертээ “АНУ-ыг буруутгаж байгаагаас гадна Венесуэлийн эсрэг эрчим хүчний дайн хийж” байна гэж мэдэгдсэн байна. Хэдийгээр Венесуэлийн Засгийн газар энэ нөхцөл байдлыг шийдвэрлэхээр арга хэмжээ авч байгаа ч хэвийн байдалд нь эргүүлэн оруулж чадаагүй хэвээр байна. Нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээллийг хүргэе.
Нисэх онгоцны буудлын үйлчилгээ саатжээ
Венесуэл дэх “Спутник” агентлагийн сэтгүүлч цахилгаан тасарсны улмаас агаарын тээврийн компаниуд зорчигчдоо бүртгэж чадаагүй. Тиймээс Симон Боливарийн нэрэмжит нисэх онгоцны буудалд зарим нислэг саатсан гэж мэдээлжээ. Мөн зорчигчид эрх баригчид энэ талаар мэдэгдээгүй учраас нисэх чиглэлийнхээ нислэгтээ бүртгүүлж чадаагүй гэж гомдол мэдүүлсэн байна. Гэхдээ тэр өдрийн үдээс хойш нисэх онгоцны буудалд олон улсын онгоцууд газарджээ. Энэ талаар нисэх онгоцны тасалбар борлуулдаг “Flight Aware” компани “Өнгөрсөн бямба гаригийн сүүлчийн хоёр нислэг хойшлогдсон. Мөн Лисбаогийн чиглэлд нисэх ёстой байсан нислэг цуцлагдсан” гэж мэдэгдэв. Харин Венесуэлийн бусад нисэх онгоцны буудал хэвийн ажиллаж байсан гэж цахим хуудастаа бичжээ. Түүнээс гадна Варгас мужид зөвхөн гурван шатахуун түгээх газар ажиллаж, шатахуун авахаар 200 гаруй машин зогссон байсан гэж нэмж дурдсан байна. Ерөнхийлөгч Николас Мадуро Каракас хотод болсон үйл ажиллагааны үеэр өнгөрсөн бямба гаригт Венесуэлийн ихэнх мужид цахилгаан тасарсан нь пүрэв гаригт хийсэн кибернетик халдлагатай холбоотой гэж мэдэгджээ. Учир нь пүрэв гаригаас баасан гаригт шилжих шөнө зарим мужийг цахилгаантай болгосон ч бямба гаригт орон даяар дахин тасарсан байна. Тиймээс Венесуэлийн цахилгааныг нөхөн сэргээх албаныхан цахилгаан нь дахин тасарсан томоохон мужийг хэвийн байдалд нь буцаан оруулахад 72 цаг шаардлагатай гэж тус улсын үндэсний цахилгаан компанийн ерөнхийлөгч Освальдо Мендес мэдэгджээ. Тэрээр “Каракас хотыг цахилгаантай болгоод наашаа гарсан гэсэн мэдээг цагийн өмнө авсан. Тиймээс энэ явдал дахин тохиолдохгүй байх гэж найдаж байна” гэж Лара мужид хийсэн албан ёсны уулзалтын үеэр сэтгүүлчдэд мэдэгджээ. Харин Венесуэл даяар цахилгаан тасарсныг Боливийн ерөнхийлөгч Эво Моралес террорист халдлага гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр “Бид Венесуэлийн ард түмнийг цахилгаангүй болгосон үйлдлийг аймхай террорист халдлага гэж буруушааж байна” гэж твиттертээ жиргэжээ. Мөн энэ нь Венесуэлийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа АНУ-ын зүгээс Каракаст тавьсан хориг гэж Вашингтоныг буруушаасан байна. Түүнчлэн Кубын ерөнхийлөгч Мигель Диас Канель үүнийг нь бохир хийсэн террорист халдлага гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. “Венесуэлийн цахилгааныг тасалсан хорлон сүйтгэх ажиллагаа нь бохир террорист ажиллагаа. Үүгээрээ Венесуэлийн ард түмний эсэргүүцлийг дарах, тус оронд гадны цэргийг хөндлөнгөөс оролцуулахыг дэмжиж байна” гэжээ. Түүнээс гадна Венесуэлийн Засгийн газар тус улсын ихэнх хэсэгт цахилгаан тасрахад хүргэсэн халдлагын талаар бүх шаардлагатай баримт нотолгоотой нь олон улсын байгууллагуудад танилцуулна гэж тус улсын Харилцаа холбоо мэдээллийн сайд Хорхе Родригес мэдэгдсэн байна. Тэрээр “Энэ хэрэгт АНУ-ын сенат Марко Рубио,Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо холбоотой. Мөн энэ хохирлыг учруулсныг нь зарласан түүний твиттер дэх жиргээг харуулснаас гадна Каракасын эрх баригчид үүнийг нь шалгана” гэжээ. Түүнчлэн түүний танилцуулах баримт дунд Хуан Гуайдо, Марко Рубио нарын хэргээ хүлээсэн мэдүүлэг байгаа гэж дурдсан байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.3.11 № 49, 50 (6016, 6017)