Т.САЙХАН
ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан, шалгагдаж байсан иргэн амиа алдсантай холбогдуулан хуульчдын төлөөлөл өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр хуульч Д.Оросоогоос зарим зүйлийг тодрууллаа.
-Хуульчид ҮАБЗ-д хандсан гэлээ. Ямар асуудлаар хандах болов. Энэ тухай тодруулахгүй юу?
-Нийгмийг цочроосон гэмт хэргүүд цуврал байдлаар гардаг боллоо. Энэ нь зэрлэгшсэн нийгэм рүүгээ явж байна гэсэн үг. Монгол Улсын иргэн Үндсэн хуульд заасан амьд явах эрхээ эдэлж чадахгүй байгаа нь харамсалтай. Одоо төрийн байгууллагад ажиллаж байгаа алба хаагчид хохирогч болж байна. Иргэнийхээ үндсэн эрхийг төр хамгаалж чадахгүй байна.Тухайлбал, Зам тээврийн яаманд гарсан хүн амины хэргийг сонсоод л өнгөрсөн. Баянзүрх дүүргийн ЗДТГ-т алба хаагч хутгалуулсан, цэргийн ангид алба хаагч амиа алдаж, цэрэг хил давж оргосон зэрэг асуудлыг сонслоо. Бид энэ талаар тухайн үедээ шуугиад өнгөрч болохгүй юм. Хуульчид нийгмийн инженер байх ёстой. Тиймээс ҮАБЗ-д хандаж, зөвлөмж хүргүүлж байна.
-Хууль зүй, дотоод хэргийн яам гэж тусдаа том бүтэц бий. Тэнд хандахгүй яагаад шууд ҮАБЗ гэж?
-Иймэрхүү нийгмийн аюултай асуудалд яаралтай зөвлөмж гаргахыг хүсч байна. Хамгийн эрсдэлтэй ажлын байр төрийн алба, цэргийн алба болов. Сүүлдээ цагдан хорих байр хүн амиа алдах байр болж хувирлаа. Энэ бол зүгээр нэг учрал биш юм.
Төрийн байгууллага нь иргэндээ, алба хаагчдадаа үйлчилдэг төрийг бий болгомоор байна. Мөн ийм аймшигт хэргүүд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагуудад гарч байна. Тэгэхэд салбарын сайд нь ямар ч үг хэлэхгүй байна. Гарч байгаа гэмт хэргийн эсрэг урьдчилан сэргийлж, хангалттай ажиллаж чадахгүй байна. Тэр хүн хуулийн салбарыг удирдаж чадахгүй байна. Тиймээс огцруулах шаардлагыг мөн хүргүүлж байгаа.
-Цагдан хорих төвд иргэн амь насаа алдсан хэрэг гарлаа. Хуульч хүний хувьд тэнд болсон зүйлийг юу гэж харж байна вэ?
-Онц ноцтой гэмт хэрэг хийгээгүй бол зайлшгүй цагдан хорих шаардлага байхгүй баймаар юм. Цагдан хорих асуудалдаа хязгаартай байх хэрэгтэй. Уг нь хязгаарлалт тогтоогоод явах бүрэн боломжтой. Цагдан хорих асуудал хүний нэр төр, ар гэрт нь хүндээр тусдаг. Тиймээс энэ байдлаас татгалзах ёстой. Талийгаачийг таних хүний хувьд амиа хорлох сул дорой хүн биш ээ. Шүүхийн бүх процессийг даваад гарсан хүн амиа хорлох тухай бодохгүй л гэж харж байна. Гэхдээ шалгаж байгаа учраас яг юу болсон талаар мэдээлэлгүй байна. Ер нь төрийн байгууллагад хүн амины хэрэг иймэрхүү байдлаар удаа дараа гарсаар байгаа шүү. Цаашид дахин ийм хэрэг гаргахгүй байх төлөө анхаармаар байна. ШШГЕГ бол Хууль зүйн сайдын харьяа байгууллага. Сайд нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх үүргийг хүлээдэг юм. Нийгэмд цочроосон ийм хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг салбарын сайд нь хийхгүй байгаа учраас огцрох бүрэн үндэслэлтэй гэж харж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.2.28 № 41 (6008)
Д.Оросоо: Ц.Нямдорж хуулийн салбарыг удирдаж чадахгүй байна
2019-02-28
Нийтэлсэн: Админ
 1 мин