Б.ТӨГС
Өнгөрсөн хугацаанд цахим сүлжээнд нэгдээд байсан “Бид уучлахгүй” хөдөлгөөний залуучууд албан ёсоор УБЕГ-т бүртгүүлж “Бид уучлахгүй хөдөлгөөн” ТББ байгуулснаа өнөөдөр мэдээллээ. “Монгол Улсад үүсээд байгаа авлигын асуудал нь залуучууд биднийг авлигын эсрэг шийдвэртэй тэмцэх нөхцлийг үүсгэж байна” гэж тэд мэдэгдэв. Тус байгууллага олон улсад авлигын эсрэг ашигладаг арга зүй, системийг ашиглан иргэний хяналтыг бий болгож ажиллана гэв. Ингэхдээ датад суурилсан технологийн дэвшлийг ашиглах шийдлүүдийг боловсруулж байгаа юм байна. Иргэн бүр гар утасны аппликэйшн, цахим хуудсаар дамжуулан хэлэлцүүлэг өрнүүлэх, санал шийдэл боловсруулах, цахим гарын үсэг зуруулах замаар Нийтийн сонсголын тухай, Цахим гарын үсгийн тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах, Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийг шинээр батлуулах гэх мэтээр шинэ арга барилаар ажиллана гэлээ. Тэд ирэх сарын сүүлээр хөдөлгөөний гар утасны апп болон цахим хуудсын төслийн санаагаа олон нийтэд бичлэг хэлбэрээр танилцуулах юм байна.
Эх сурвалж www.polit.mn
Технологийн дэвшлийг ашиглан авлигын эсрэг тэмцэхээ мэдэгдэв
2019-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин