Алтайн хязгаарын гурил
Фото: Сергей
Д.ЭНХЭЭ
ОХУ-ын Алтайн хязгаарт хүнсний бүтээгдэхүүний экспортын нийлүүлэлт өсөн нэмэгдсээр байна. Орон нутгийн үйлдвэрлэгчид оны эхний хагас жилд бараг 90 сая долларын гурил, будаа, ургамлын тос болон бусад бүтээгдэхүүн гадаадад гаргасан нь 2017 оны мөн үетэй харьцуулахад 12,2 хувиар илүү байна. Экспортлогчдыг дэмжих талаар улсаас авсан нэмэлт арга хэмжээтэй энэхүү өсөлтийг бүс нутгийн эрх баригчид холбон үзэж байна. Гэхдээ гадаадын зах зээлд нэвтэрч гарахад жил ирэх тусам улам хүндрэлтэй болж байгааг үйлдвэрлэгчид тэмдэглэж байгаа талаар “Российская газета” сонинд бичсэн байна.
-Хүнсний экспортын нийлүүлэлтийг дэмжих хүрээ өнөөдөр өргөжсөн хэмээн Алтайн хязгаарын Засгийн газрын нэгдүгээр орлогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Александр Лукьянов тайлбарлав. Экспортлогчид одоо ложистикийн зардлын тавин хувийн нөхөн олговрыг зөвхөн чингэлэгээр (контейнер) төдийгүй, мөн вагоноор, ургамлын тосыг Алтайн хязгаараас Хятад хүртэл цистернээр тээвэрлэхэд авах боломжтой болсон. 2017 онд Алтайн үйлдвэрлэгчид 26 сая рублийн нөхөн олговор авч байсан бол 2018 онд ложистикийн зардлын нөхөн олговорт 69 сая рубль олгожээ.
Бүс нутгийн Хөдөө аж ахуйн яамны мэдээгээр Алтайн хязгаар жил бүр ойролцоогоор 110-120 мянган тонн гурил экспортолдог. Алтайн үйлдвэрлэгчид гурил, будааны болон тосны бүтээгдэхүүнээ Азербайжан, Казах, Узбек, Беларусь болон хамтын нөхөрлөлийн бусад улс оронд нийлүүлж байна. Хүнсний бүтээгдэхүүн худалдан авагч гадаадын томоохон улсын нэг нь Хятад болжээ. Алтайн хязгаар НҮБ-ын хүмүүнлэгийн хөтөлбөрийн хүрээнд гурил, ургамлын тосыг Монгол, Нидерланд болон бусад улс оронд нийлүүлж байна.
Өнгөрсөн жил гурилын үйлдвэрүүдийн экспортын “Алтайские мельницы” ассоциацид багтдаг компаниудад БНХАУ-д нийлүүлэх гурилын хэмжээг 20 хувиар нэмэгдүүлэх боломж олдсон. Гэхдээ олон улс орон гадаадаас оруулах бүтээгдэхүүнд тогтоох хувь хэмжээгээ (квот) өөрчилж, эсвэл босго татвараа нэмж байгаа талаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид тэмдэглэж байна.
-Хятадад бүтээгдэхүүн нийлүүлэх хувь хэмжээ олж авахад ихээхэн хүндрэлтэй болсон, тийм хувь хэмжээгүй бол бүтээгдэхүүний өртгийн 65 хувиар татвар төлөх хэрэгтэй болно хэмээн өөр нэгэн томоохон хүнсний бүтээгдэхүүн экспортлогч “Алейскзерно продукт”-ын төлөөлөгч Наталья Мамаева “Российская газета”-гийн сурвалжлагчид ярьжээ. Нэмэгдсэн өртгийн татвар, ложистикийн зардлыг оруулбал манай бүтээгдэхүүн хятадын зах зээлд өрсөлдөх чадваргүй болно гэсэн үг.
Хөрш Монгол Улсын хувьд ч нөхцөл байдал адилхан. Урьд нь бид Монголд сардаа гурван мянган тонн гурил нийлүүлдэг байсан, одоо бидэнд хувь хэмжээ олдоогүй учраас сүүлийн хоёр жилийн турш ганц тонныг ч нийлүүлж чадахгүй байна. Улс хоорондын төвшинд энэ асуудлыг шийдэх оролдлого хийж байгаа боловч одоохондоо үр дүнд хүрээгүй байна.
Хятадын зах зээлд гарахын тулд Алтайн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ татваргүй худалдаа эрхэлдэг БНХАУ-ын эдийн засгийн чөлөөт бүс рүү тээвэрлэх шаардлагатай болно. Гэхдээ ингэж тээвэрлэхэд тоо хэмжээ хязгаартай, эдийн засгийн чөлөөт бүсээс гадагш тээвэрлэх боломжгүй.
Бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд хүргэхэд ложистикийн зардлын тодорхой хэсгийг нөхөхийн тулд улсаас дэмжлэг авах боломж бүх нийлүүлэгч нарт бас олдохгүй. Учир нь төмөр замаар хүнсний бүтээгдэхүүнээ зөвхөн дахин ачилтын цэг хүртэл (жишээлбэл, Байгалийн чанад хүртэл) тээвэрлэж, тэндээс автомашинаар Хятад руу хүргэнэ. Дахин ачилтын цэг дээр барааг экспортын гэдгээр мэдүүлж бүртгүүлнэ, Оросын нутгаар тээвэрлэхэд нөхөн олговор олгодоггүй, нөхөн олговрыг гадаад руу зөвхөн төмөр замаар тээвэрлэхэд л олгодог.
Алтайн гурил үйлдвэрлэгчид хүнсний бүтээгдэхүүнийг гадаад руу их хэмжээгээр тогтвортой нийлүүлэх асуудлыг шийдэж чадвал тус хязгаарын боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадлыг зуун хувьд хүргэж ачаалах боломжтой гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр хүчин чадлынхаа 60-70 хувийг л ашиглаж байна. “Тийм тохиолдолд ургац арвин байсан өнгөрсөн жилийнхтэй адил үр тариаг боловсруулахад хүндрэл бэрхшээл гарахгүй” хэмээн Алтайн хязгаарын үр тариа боловсруулагчдын холбоо онцолж байна.
Алтайн хязгаарын хөдөө аж ахуйн яамны мэдээгээр жил бүр 1,3-1,5 сая тонн гурил үйлдвэрлэдэг. Дотоодын хэрэглээнд 0,3 сая тонн, үлдсэнийг ОХУ-ын бусад субъект рүү болон экспортод гаргадаг. Алтайн үйлдвэрлэгчид 540-550 мянган тонн үйлдвэрлэсэн будааны 80 гаруй хувийг гадагш гаргадаг байна.
Эх сурвалж: www.polit.mn