
Ц.МЯГМАРБАЯР
Дэлхийн банк “хөгжиж буй Зүүн ази, номхон далайн бүс нутгийн хэтийн төлөв хүчтэй байгаа ч эрсдэлд анхаарах шаардлагатай” гэв. Дэлхийн ихэнх улс оронд эдийн засгийн сэргэлт үргэлжлэхээр байгаа бөгөөд энэ нь дотоодын эрэлт хэрэгцээ нэмэгдсэнтэй холбоотой эерэг хандлага ажиглагдаж хэмээв. Гэвч тогтвортой байдал, тогтвортой өсөлтийг хангахад эрсдэлийг анхаарах шаардлагатай. Тиймээс бүс нутгийн хэмжээнд мөнгөний бодлого сул байгаад цэг тавих болно гэж Дэлхийн банкнаас өчигдөр танилцуулсан дөрөвдүгээр сарын тайландаа онцлов. Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жон-Паскаль Нгану хэлэхдээ “Монгол Улсын нүүрсний экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн, макро эдийн засаг тогтворжиж байгаа зэргээс хамаарч өнгөрсөн онд эдийн засаг 5.1 хувиар өсч хүлээлтээс давлаа. Төсвийн алдагдал 2016 онд 17 хувьд хүрч байсан бол өнгөрсөн оны эцсээр 1.9 хувьд хүрч ес дахин буурснаар төсвийн нөхцөл байдал сайжирсан. Энэ нь эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдлыг чангатгасны үр дүн юм. Өнгөрсөн жил инфляц 6.5 хувьтай байсан хэдий ч Төвбанкны хязгаар болох найман хувиас доош барьж чадлаа. Түүнчлэн Төвбанкны мөнгөний зохистой бодлогын хүрээнд 2017 оныхоос ахисан төвшинд байна. Ядуурлын төвшин 2016 оныхоос 6.5 хувиар өссөн. Мөн өрхийн орлогын өсөлт, 1.6 хувь байсан нь долоон хувь болж өслөө. Гэхдээ 2017 оны эдийн засгийн өсөлтийн үр дүнд ядуурлын төвшин тэнцвэрээ олсон. Энэ жилийн төсвийн төсөөлөл 5.3 хувь хүрнэ гэж төсөөлж байна. Цаашлаад 2020 онд зургаан хувиас давахаар төсөөлсөн” гэлээ. Үүнд түүхий эдийн бүтээгдэхүүний үнэ ханш, хувийн хэвшил, тээвэр зуучлал, уул уурхайн хөрөнгө оруулалтын өсөлт нөлөөлнө. Төсвийн бодлогыг гадаадын түнш байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй макро эдийн засгийн хөтөлбөр, хэрэглээнийн эдийн засаг нөлөөлөхөөр байгаа аж. Цаашид ядуурал ажилгүйдлийн төвшин 2016 оныхоос ажил, орлого нэмэгдэж сэргэнэ хэмээн таамаглажээ. Эдийн засагч Б.Даваадалай “Хэдийгээр эдийн засагийн өсөлт тогтвортой байх ч улс төрийн нөхцөл байдал, түүхий эдээс хамааралтай үнийн хэлбэлзэл, цаг агаарын тогтворгүй байдал, малын зүй бусын хорогдол, санхүүгийн салбарын ил тод байдал, мөнгө угаах байдалтай тэмцэх зэрэг хүчин зүйлс эдийн засаг тогтвортой байхад нөлөөлнө” гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин