Х.ОЮУНБОЛД
Латин Америкийн орнуудын дээд төвшний уулзалт ирэх долоо хоногт Перу улсын Лима хотод болно. Чуулга уулзалтад оролцохоос гадна Колумбид айлчлахаар төлөвлөөд байсан айлчлалаа цуцалснаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Тэрээр ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь Сирийн Дума хотод болсон химийн халдлагатай холбоотой гэв. Мөн энэ талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс “Ерөнхийлөгч Дональд Трамп төлөвлөснөөрөө Латин америкийн орнуудын VIII дээд төвшний чуулга уулзалтад оролцох болон Колумбид хийх айлчлалаа цуцалсан. “Лима”-гийн чуулганд оролцох төлөөлөгчдийг дэд ерөнхийлөгч Майк Пенс ахлахаар томилогдсон. Харин Дональд Трамп Цагаан ордонд АНУ-ын Сирид өгөх хариу үйлдлийг хянах, дэлхий дахинд болж байгаа үйл явдлыг ажиглахын тулд үлдэнэ” гэжээ. Ерөнхийлөгч Дональд Трамп энэ халдлагын талаар удахгүй шийдвэр гаргана гэж мэдэгдсэн юм. Тэрээр “Энэ нь зөвшөөрч боломгүй асуудал. АНУ ийм алан хядах үйл ажиллагаа болохыг зөвшөөрөхгүй” гэж онцлов. Харин Майк Пенсийн хэвлэлийн төлөөлөгч “Ерөнхийлөгч Дональд Трамп эхэндээ Колумбид айлчлах биш зөвхөн Лимад айлчлахаар төлөвлөсөн байсан. Иймээс Майк Пенс зөвхөн Лимад айлчилна хэмээн мэдээлсэн байна. Гэвч Майк Пенс, Колумбийн ерөнхийлөгч Хуан Мануэль Сантостой Лимад болох дээд төвшний чуулга уулзалтын үеэр уулзахыг хүсэлт тавьжээ. Тэрээр өнгөрсөн жил Колумбид Латин америкийн орнуудаар тойрон аялал хийх үедээ айлчилж байсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин