“АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Европын холбоог сулруулах бодлогоо үргэлжлүүлсээр байна”

13 цаг 18 мин
Нийтэлсэн: Админ
 17 мин унших

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн үүсгэн байгуулагч, судлаач Л.Сумати нар дэлхийн дахинаа өрнөж буй үйл явдлуудын талаар “ТВ-9” телевизид ярилцлага өгчээ.  Тэдний байр суурийг хүргэе.

 

-Өнгөрөгч өдрүүдэд олон улсад маш чухал үйл явдлууд өрнөлөө.  Тухайлбал,  Украины Ерөнхийлөгч В.Зеленский  АНУ-д айлчлал хийлээ.  Айлчлалаар Д.Трамптай хийсэн хэлэлцээ амжилтгүй болсон.  Үүний дараа В.Зеленский “Энх тайвны хэлэлцээ хийхийн тулд Украин болон Европыг оролцуулах ёстой” гэсэн байр сууриа дахин илэрхийлсэн.  АНУ аюулгүй байдлын баталгаа, Европоос мөн аюулгүй байдлын баталгаа гаргах ёстой.  Үүний дараа Украин хэлэлцээнд нэгдэнэ гэсэн асуудлыг ярилаа.  Үүнээс хойш АНУ НАТО-д байх ёстой юу гэсэн асуудлыг хүртэл ярьсаар байна.  Ер нь дайныг зогсоох Д.Трампын санал санаачлага хэр үр дүнтэй байх бол.  Та нөхцөл байдлын хэрхэн дүгнэж байна вэ?

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр:- Олон улсад үнэхээр сонирхолтой үйл явдлууд өрнөж байна.  Өдөр бүр шинэ нөхцөл байдал үүсэж байна. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ба түүний багийнхны явуулж байгаа бодлого, хийж байгаа алхамтай шууд холбоотой. Ерөнхийлөгч В.Зеленский, Д.Трамп нарын Цагаан ордонд болсон уулзалтын уур амьсгал нэлээд халуухан болсон. Үүнийг олон улсад янз бүрээр дүгнэж байна. Товчилбол, Д.Трамп болон дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс нар В.Зеленский ерөнхийлөгчийг нэлээд шахсан, дайсан ч юм шиг ойлгогдохоор уур амьсгалтай болсон.  Бүтнээр нь харвал нөхцөл байдлыг арай өөрөөр дүгнэж болохоор байна. В.Зеленский  АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахдаа  ОХУ-ын дайралтууд ийм нөхцөл байдалтай байна гээд дайны талбарын зургуудыг үзүүлдэг, тэнд гарч байгаа хор хохирлын талаар мэдээлэл өгдөг.  Өмнө нь Ж.Байдeн Ерөнхийлөгчтэй уулзаж байх үедээ яг ингэж тайлбарладаг байжээ.  Гэтэл энэ нь Д.Трампад төдийлөн сонин биш байжээ.  Харин тэрээр дайн байлдааныг үргэлжлүүлж болохгүй, хурдан зогсоох ёстой гэсэн бодлого барьж байгаа учраас яг өнөөдөр болж байгаа дайны нөхцөл байдлыг сонирхохгүй байна. Ж.Байден Ерөнхийлөгчийн байр суурийг давтах бололцоогүй гэдгээ дахин дахин хэлсээр байгаа. Д.Трампын энэ байр суурийг В.Зеленский мэдээгүй юм уу, мэдрээгүй юм уу өмнөх мэдээллүүдээ уулзалтаараа давтсан.  Гэхдээ В.Зеленский ерөнхийлөгчийг бас буруутгах аргагүй. Яагаад гэхээр дайн хийж байгаа улсын Төрийн тэргүүн учраас учирсан хор хохирлоо бусад орны удирдагч нарт ч гэсэн тайлбарлахаас өөр аргагүй.  Хоёр орны ерөнхийлөгч нарыг буруутгаж, зөвтгөхдөө биш.  Тэдний авч өгч байгаа мэдээллүүд, асуудалд хандаж байгаа хандлага өөрөө зөрж байгаа учраас маргаантай ч юм шиг амаргүй уулзалт болсон. Уулзалтын дараа Европын холбооны улс орны удирдагч нар цочирдож, дээд хэмжээний уулзалтуудыг маш хурдан хугацаанд зохион байгуулсан.  Түүн дотроо Европын холбооны гишүүн орнууд болон Англи улс санаачлан уулзалт хийж, олон улсад шинэ нөхцөл байдал үүссэн учраас  Европын холбоо бие даан шийдвэр гаргаж ажиллахаа мэдэгдсэн.  Гэхдээ Английн Ерөнхий сайд “Хэдийгээр  В.Зеленский ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж байгаа ч Англи Америкийн харилцаа маш олон зуун жилийн түүхтэй онцгой харилцаа байдаг учраас Д.Трамп ерөнхийлөгчтэй учраа олж, дэмжлэгийг нь авсан дээр” гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.  Энэхүү байр сууринд В.Зеленский жаахан бодлогошронгуй хандсан байж магадгүй.  Тодорхой хугацааны дараа Д.Трамп Ерөнхийлөгчид захидал бичсэн.  Тэр захидалдаа “Харамсалтай нь жаахан тиймэрхүү уулзалт болчихлоо. Харилцаа хамтын ажиллагаагаа дахин идэвхжүүлье. Хүнд хэцүү байдлаас гарахдаа АНУ-ын манлайлал дор ажиллая” гэдгээ илэрхийлсэн. Түүнийг Д.Трамп хүлээн авч дэмжээд өөрөө конгресс, сенатын хамтарсан хуралдаанд үг хэлэхдээ В.Зеленскийн захидлын агуулгыг дурдаж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.  Үүнтэй холбоотойгоор Европын холбоо “Ер нь АНУ найдваргүй болчихлоо. Тийм учраас бид өөрөө өөрсдийнхөө батлан хамгаалах хүчин чадлыг  нэмэгдүүлэхээс өөр арга байхгүй боллоо” гэдэг байр суурийг илэрхийлсэн.  Гэхдээ энэ нь их урт удаан хугацааны процесс болно.  Европын холбоо яг өнөөдөр хэлснээрээ өөрөө батлан хамгаалах аюулгүй байдлын асуудлаа шууд шийдчихнэ гэсэн үг биш.  Тийм боломж бололцоо байхгүй гэдгээ ойлгож байгаа. Тийм учраас наашаа харж инээгээд цаашаа харж уйлаад АНУ-тайгаа учраа олъё, АНУ-аа цааш нь түлхээд яах уу, хэдийгээр Д.Трамп ба түүний багийнхан янз бүрийн болзол тавьж, олон ааш зан гаргаж байгаа ч бид тэвчээртэй хандъя.  Салж тусгаарлая гэж ярилгүйгээр бие дааж бодлогоо хэрэгжүүлнэ гэсэн байр сууриа илүү тодорхой илэрхийлсээр байна. Ингээд Европын холбоо 800 тэрбум ам.долларын зардлыг батлан хамгаалах аюулгүй байдалтай холбоотой асуудалдаа тусгах ерөнхий зарчмын шийдвэр гаргаад байна. 

“Сант Марал” сангийн үүсгэн байгуулагч, судлаач Л.Сумати: - Олон улсын нөхцөл байдлыг ерөнхий байдлаар дүгнэх боломжгүй.  Д.Трамп, Э.Макрон юу ярьсан хамаагүй. Дэлхийд шинэ үе  ирж байна.  Дэлхийн хоёрдугаар дайны дараа үүссэн дэлхийн шинэ дэг журам нуран унаж байна.  Нэг талаасаа америкууд өөрсдөө энэ дэг журмаас нэлээд их зүйл хожсон хүмүүс. Гэтэл өнөөдөр яагаад гэнэт өөрчлөх гээд байна вэ гэдэг асуудал гарч ирнэ.  Хуучин дэг журмын дагуу бодлого явуулахад туйлын хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна. Америкийн бодлогын цаана юу харагдаж байна гэхээр хуучин дэглэмийн бүх институцыг нураахаар шийдсэн байна.  Д.Трамп ч түүнийгээ нуухгүй байгаа, их зөв эхэлж байна.  Нэлээд тууштай, нэлээд логиктой бодлого хэрэгжүүлж байна. Д.Трампын шинэ ертөнц ямархуу байх вэ гэдэг нь их сонин.  Нөгөө талаар Д.Трамп 19 дүгээр зууны АНУ-ын ерөнхийлөгч Монрогийн сургаалаар явж байна гэж харж байна.  Тэр сургаальд АНУ бол зөвхөн америкдаа байх ёстой.  Америкийн сонирхол нь Америкдаа, латин Америкдаа байна.  Харин Европ, Азид юу болж байна, АНУ-д хамаагүй гэсэн агуулгатай юм.  Тэгэхээр явж явж дэлхийн олон туйлт ертөнц л бий болох гээд байх шиг байна.  Нөгөө талаас Европ АНУ-ын бодлогоос тасарч, шинэ бодлого хэрэгжүүлэхээс өөр аргагүйд хүрч байна.  Гэхдээ тэр шинэ бодлогоо чухам яаж хэрэгжүүлэхээ тогтоож чадаагүй байна.  Ойрын хугацаанд ч тогтоож чадахгүй нь ойлгомжтой.  Яагаад гэхээр Европ нэлээд бутархай, дотроо олон төрлийн чиг баримжаатай улсууд байгаа.  Өөр нэг зүйл гарч ирж байгаа нь чөлөөт ертөнцийн тэргүүн хэн байх вэ гэдэг орон зай нь сул болчихсон.  Сүүлийн үед Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нэлээд нүүдлүүдийг хийж байна.  Үүнээс харахад тэрээр шинэ ертөнцийн тэргүүн болох сонир­холтой байгаа нь харагдаж байна. 

-Европын холбоо, АНУ хоёр яагаад  муудсан бэ гэдэг асуудал яригдах байх?

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр:-АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон түүний багийнхан бол консерватив үзэлтэй хүмүүс.  Ийм үзэлтэй хүмүүс Европын холбоонд хандахдаа энэ холбоо бол Зүүн төвийн үзэл давамгайлсан улс орнуудын нэгдэл болжээ.  Д.Трамп “Европын холбоо бол АНУ-ыг үгүйсгэх, эвгүй байдал оруулах, АНУ-гүйгээр Европ өөрөө оршин тогтнохын төлөөх зорилготой” гэж үзэж байсан.  Тэр ч утгаараа зүүн төвийн үзэл баримтлалтай холбоо түүний баримталж байгаа үнэт зүйл бол одоогийн  АНУ-ын Засгийн газар, Д.Трамп ерөнхийлөгч түүний багийнхны баримталж байгаа бодлоготой тэр бүр таарахгүй, зарим талаар зөрчилдөж байна.  Хамгийн энгийн жишээ гэхэд одоо Европын холбоо ижил хүйстнүүд гэрлэх, хүйс солих тухай асуудлыг их дэмждэг.  Цөөнхийн эрх ашгийг хамгаалах ёстой. Хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудал  гэж үздэг.  Харин Д.Трамп ерөнхийлөгч “Үгүй ээ. Одоо манай Засгийн газар гарсан цагаас эхлээд эрэгтэй эмэгтэй гэсэн хоёр л хүйс байна. Хүйс солих тухай асуудал байхгүй.  Эрэгтэй хүн хүйсээ сольж эмэгтэй болчхоод эмэгтэйчүүдийн спортын тэмцээнд оролцож болохгүй” гэсэн шийдвэр гаргасан байх жишээтэй.  Ер нь цаад ухагдахуун нь юу байна вэ гээд судлахаар Curtis Yarvin гэж  АНУ-ын консерватив үзэл баримтлалын илэрхийлэл болсон философич байдаг.  Тэрээр юу гэж хэлсэн бэ гэхээр “Европын холбоог сулруулсан цагт АНУ чангарна”  гэсэн байдаг.  Европын холбоо хүчтэй байх тусам АНУ тодорч гарч ирж чадахгүй.  Тэгэхээр Европын холбоо сулрах нь АНУ-д ашигтай гэсэн философийн дагуу Д.Трамп ерөнхийлөгч ажиллаж байна.  Үүнийг Европын холбоо их хожуу ойлгож байна.  Зарим нь ойлгоогүй байж магадгүй.  Тэгэхээр цаашид ч АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп түүний багийнхан Европын холбоог сулруулах бодлого баримтална.  Тэгэхээр зөвхөн Украиныг шахаад байгаа юм биш.  Украины асуудал өөрөө Европын холбоо, тэдний аюулгүй байдалтай холбоотой учраас Украины асуудал дээр ч Европын холбоог сулруулах бодлого явж байна.  Магадгүй Украинд ашигтай биш байр суурь илэрхийлэх нь Д.Трампын Засгийн газрын зорилго байж болох юм.  Судлаачид ч ийм таамаглалуудыг дэвшүүлж байна. Зүгээр нэг үг хэлээд зогсохгүй зарим үйлдлүүд нь ч түүнийг баталж байна.  В.Зеленский ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа Д.Трамп тагнуулын, сансрын мэдээллээ  Украинд өгөхөө больсон. Ингэснээр Украины тал пуужин харваж чадахаа больсон.  Хаашаа юу руу чиглүүлж байгаагаа мэдэхгүй учраас батлан хамгаалах салбар нь хүнд хэцүү байдалд орж байна.  Мөн Ж.Байдены үед АНУ-аас Украинд нийлүүлэхээр амласан зэр зэвсгийг нийлүүлэх ажлыг зогсоосон.  Энэ мэтээр АНУ чангалж байна.  Тийм учраас Украин өөрийн эрхгүй хэлэлцээрийн ширээгүй ард сууна байх.  Өөртөө ашигтай байдлаар биш магадгүй өөртөө ашиггүй байдлаар хэлэлцээ хийх болов уу.  Удахгүй Саудын арабт Украины ерөнхийлөгч В.Зеленскийн тамгын газрын дарга Андрей Ермак толгойлсон ажлын хэсэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын толгойлсон ажлын хэсэгтэй уулзаж, дайны асуудлаар ярилцана.  Түүн дээр АНУ ямар байр  суурь илэрхийлэх вэ гэдэг нь анхаарал татаж байна.  Европын холбоо бол Украины асуудлыг бид Украингүйгээр шийдэж болохгүй.  Украины аюулгүй байдлын асуудал Европын холбооны аюулгүй байдалтай холбоотой учраас энэ асуудалд бид анхаарах ёстой гэсэн байр суурийг баримталж байна.  Европын холбоо гэхээр цаана нь НАТО байдаг.  НАТО-гийн гол хүчийг илэрхийлж байгаа улс бол АНУ.  Тэгэхээр энэ асуудал дээр НАТО өөрөө ажиллаж чадах уу, үгүй юу гэдэг их чухал.  НАТО байна уу байхгүй юу, бараг байхгүй болчихсон юм биш үү гэсэн таамаглал дэвшүүлж байна.  НАТО-гийн гэрээнд НАТО-гийн гишүүн орон руу өөр гуравдагч этгээд дайрах юм бол  НАТО гишүүн орноо хамгаалах үйл ажиллагааг шууд эхлүүлэх үүрэг хүлээдэг.  Энэ заалт хэрэгжих үү үгүй юу гэдэг асуудал яригдаж байна.

“Сант Марал” сангийн үүсгэн байгуулагч, судлаач Л.Сумати:- Энэ зөрчил нь либерал, глобал ертөнцийн хооронд хямрал нүүрлэсэнтэй холбоотой.  Дэлхийд глобалчлалын хурд ойрын хэдэн жил нэлээд саарна, ухарна.  Глобал институц болох НҮБ хямралд өртөнө.  Цаашлаад Дэлхийн банк гэсэн байгууллагууд хямралд өртөнө гэж би үзэж байна.  Яагаад гэхээр Д.Трампын онолоор бол эдгээр байгууллагууд устана.  Түүний дараа ямар байгууллагууд бий болохыг мэдэхгүй байна.  Гэхдээ энэ бол тийм ч хурдан өрнөхгүй.  Ямар ч гэсэн ойрын 10 жилдээ бид нэлээд их зүйл үзэх нь.  Ер нь асуудал нь ганцхан Д.Трампдаа биш АНУ-ын тодорхой хэсэг элитүүдийн бодлого нь энд чиглэж байгаа учраас зөвөөр дуусах эсэх нь эргэлзээтэй байна.   Америкуудын хөдөлгөөнийг харахад дандаа өөртөө ашигтай хөдөлгөөнийг хийдэг. Одоо өөрсдөө ашигтай хувилбарыг хийхээр оролцож байна. Эдийн засгийн нөхцөл байдал ч их сонин болчхоод байна.  АНУ саяхан Канад, Мексик, Хятадад тариф ногдуулсныг бүгд мэдэж байгаа.  Гэхдээ саяхан Хятадууд Канадад бас нэг тариф үүсгэсэн байна.  Үүнийг хүмүүс сонсоогүй байх.  Ер нь энэ үйл явдлуудыг эдийн засгийн шинжээчид худалдааны дайны анхны буун дуу дуугарсны дохио гэж дүгнэж байна.  Тэгэхээр цаашид дэлхий дахинаа тарифын дайн дэгдэнэ.   Энэ нь хэнд сайнаар нөлөөлөхгүй. Дэлхийн шинэ дэг журам улс орнуудад эдийн засгийн томоохон өөрчлөлтүүдийг авчрах нь тодорхой болчихлоо.  Тарифын дайн бол Монрогийн үеийн номлол мөн.  Тэр үед тарифын дайн дэгдсэнээр АНУ нэлээдийг хожсон. Гэхдээ одоо дэлхий тэр үеийнхээс тэс өөр болсон.  Улс орнууд хоорондоо маш их уялдаа холбоотой болсон байна.  Тухайлбал,  АНУ-д үйлдвэрлэсэн автомашины сэлбэг АНУ-даа л хэрэглэгдэж байхад Мексикийн олон бүтээгдэхүүнүүд АНУ-д хэрэглэгдэж байх жишээтэй.  Тэгэхээр АНУ-ын эдийн засаг ч эрсдэлд орно гэсэн үг.  Хятад гэсэн амаргүй байна.  Яагаад гэхээр манай урд хөрш дэлхийн үйлдвэр шүү дээ.  Бараа бүтээгдэхүүн нь борлогдохгүй агуулахдаа түгжигдээд тэр нь борлогдохгүй бол нэлээд их хохирол амсана.   Энэ нь цаашлаад манай улсын эдийн засагт ч муугаар нөлөөлөхөөр байна.  Зэсийн нийлүүлэлт гайгүй байх гэж харж байна.  Бусад бараа бүтээгдэхүүний экспортод эрсдэл үүсэх нөхцөл байдал ажиглагдаж байна.

-Европын холбоо болон НАТО ийм сул бүтцүүд байсан юм уу гэдэг асуудал яригдаж, гайхаш төрүүлж байна л даа.  Энэ асуудалд байр сууриа илэрхийлэхгүй юу?

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр: -Д.Трампын Засгийн газар болон түүний багийнхан консерватив үзэлтэй философичид болох Curtis Yarvin тэргүүтэй судлаачдын бичсэн агуулга гаргалгааг хэрэгжүүлж байгаа бол бүхэлдээ дэлхийд тогтсон дэг журмыг өөрчлөх үр дагавартай болох магадлалтай болчихлоо.  Тийм учраас АНУ-ын хамгийн ойр дотнын харилцагч, худалдааны түнш Канад улс АНУ-аас илүү Европын холбоотой харилцаагаа идэвхжүүлэх оролдлого хийж байна.  Яагаад гэхээр АНУ Мексик, Канад, БНХАУ-д импортын тарифаа асар өндөр тавих шийдвэр гаргасан.  Зарим шийдвэрээсээ буцсан, хойшлуулсан.  Гэхдээ бодлого нь тэр чиглэл рүү явж байна.  Тэгэхээр Канад энэ шийдвэрт их эгдүүцэж, дургүйцэж Европын холбоотой илүү харилцаа холбоо тогтооно гэдгээ илэрхийлсэн.  Мексик бол арай зөөлөн байдлаар аль болох Д.Трамптай учраа олох гэж хичээж байна.  Тэр утгаараа Канадыг бодвол АНУ-тай арай илүү учраа олоод явж байна.  Гэхдээ ч Мексикт хориг тавина.  Мексикийн хоолойг Америкийн хоолой гэж нэрлэж байх жишээтэй.  Энэ мэтчилэн ил далд жижиг хэлбэрээр ч  хөрш хөрштэйгөө буюу Мексик Канадад нэлээд хатуу бодлого явуулж байна.

“Сант Марал” сангийн үүсгэн байгуулагч, судлаач Л.Сумати:- Европ хэчнээн Украинд тусалсан ч АНУ үгүй бол Европын холбооны аюулгүй байдалд баталгаа байхгүй.  Гэхдээ миний бодлоор Украины асуудал дээр жүжиг яваад байна уу даа гэж харж байна.  Яагаад гэхээр хэлэлцээ нь аль хэдийн бий болчихсон.  Гэхдээ аль аль тал нь дотооддоо асуудлыг зөвөөр ойлгуулах шаардлагатай байгаа юм болов уу гэж харж байна.

-БНХАУ-ын асуудалд ямар байр суурь илэрхийлж байна вэ?

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр: - БНХАУ-ын дарга  Ши Жиньпин ойрын хугацаанд АНУ-д айлчилж магадгүй гэсэн хүлээлт байна.  Хятадын талынхан Д.Трампын бодлогын эсрэг нэлээд хатуу мэдэгдэл хийсэн.  Тэд “АНУ иймэрхүү байдлаар Хятадад хандах юм бол бид сөрөг арга хэмжээ авна.  Тэр битгий хэл манай улс дайн байлдаан болсон ч айх юм байхгүй” гэсэн.  Үүнээс харахад энэ хоёр орны харилцаа зөрчил дагуулж магадгүй.  Гэхдээ хоёр улсын төрийн тэргүүн нар уулзаад  асуудлуудаа зохицуулах болов уу гэсэн хүлээлт байна.  Хятад бол олон улсын энэ харилцаануудад зүгээр суухгүй.  Европын холбоотой илүү ойр дотно болох, АНУ-ын явуулж байгаа бодлогын түрэмгий шинж чанарыг давахын тулд Европын холбоотой харилцаагаа  өмнөхөөсөө илүү бэхжүүлэх оролдлогуудыг хийх болов уу гэсэн таамаг бий.   Тийм учраас олон улсын харилцаа, дэг журам нэлээд өөрчлөгдөх нь байна.  Шинэ харилцаа холбоонууд бий болно.  Энэ дунд Монгол Улс тэсэж үлдэх.  Мөн асуудал гэж харахаас илүүтэй  шинэ боломж бололцоо гэж харж, гадаад бодлого дээрээ хоёр хөрштэйгөө сайхан харилцаатай байхын хажуугаар шинэ нөхцөл байдалд дасаж өөрсдөө идэвх санаачилгатай байх нь чухал байна.  Эдийн засгийн болон улс төр, нийгмийн харилцаатай холбоотой бүхий л асуудал дээр оновчтой нүүдлүүд хийхээс аргагүй нөхцөл байдал бий болсон байна.

“Сант Марал” сангийн үүсгэн байгуулагч, судлаач Л.Сумати:- Манай улсын хувьд нөхцөл байдал нэлээд амаргүй болж мэдэхээр байна.  Яагаад гэхээр энэ асуудал зөвхөн АНУ, БНХАУ-ын хооронд гарч байгаа асуудал биш. Нөгөө талаар ОХУ, АНУ-ын харилцаа илүү сайжирч байна.   ОХУ сүүлийн хэдэн жилд өөрийн бодлогоо явуулахад нэлээд төвөгтэй болсон.  АНУ ОХУ-ыг Хятадаас салгах бодлого баримталж байгаагаа нуухгүй хэлсэн. Энэ тохиолдолд манай улсад юу болох вэ гэхээр өмнө нь ОХУ, Хятадын хооронд том зөрчил байгаагүй.  Үсрээд л өрсөлдөөн байсан.  Томоохон зөрчилдөөн болж эхэлбэл манай улсад ойлгомжгүй нөхцөл байдал үүсэж магадгүй.  Удахгүй БНХАУ-ын дарга  Ши Жиньпин мөн ОХУ-д айлчлахаар төлөвлөсөн байна лээ.

-Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон хэдхэн хоногийн өмнө ард түмэндээ хандаж үг хэлсэн.  Энэ дундаа Украины асуудлыг маш чухлаар хөндөж тавьсан.  Европ бол АНУ-ын цөмийн шүхэрт байдаг.  Гэтэл АНУ Европоос нүүрээ буруулах ийм цаг үе ирвэл Франц Европын цөмийн тогтоон барих хүчийг хангах буюу Францын шүхэрт Европ орох боломжтой гэсэн зүйлийг ярилаа.  Энэ бодитой байж болох уу.  Та юу гэж харж байна?

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр:-Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон олон улсад нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. ОХУ-ын аюулаас сэрэмжлэхийн тулд  АНУ цөмийн зэвсгийн хаалт, шүхэр болж байсан.  Тэр үүргээсээ татгалзах юм бол Франц энэ үүргийг өөр дээрээ авахад бэлэн байна гэж мэдэгдсэн.  Франц бол дээр үеэсээ НАТО-гийн гишүүн биш, бие заасан Зэвсэгт хүчний бодлоготой орон.  Тэгэхээр энэ чиглэлд бусад орнуудаас илүү санал санаачилгатай байх боломжтой.  Төрийн  тэргүүн нь ч тийм байр суурь илэрхийлж чадлаа. Европын холбооныхон болон Европт байгаа улсуудын дундаас Англи, Франц хоёр цөмийн зэвсэгтэй.   Тиймээс ОХУ-ын цөмийн зэвсгийн аюулаас өөрсдийгөө хамгаалах боломжтой гэж үзэж байна.  ОХУ-ын хувьд бас өөрийн гэсэн байр суурьтай.  Тэгэхээр Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны энэхүү мэдэгдэл нь цөмийн зэвсгийн өөр нэг харилцаа үүсэж болохыг харуулж байна.  Саяхан болсон Германы сонгуулиар Христосын ардчилсан холбоо гэсэн нам ялж, хамгийн олон суудал авсан. Засгийн газраа бүрдүүлэх ажил дээр хамгийн санаачилгатай ажиллаж байна.  Саяхан гэхэд Христосын ардчилсан холбоо нам,  Социал демократ нам хамтраад ямар асуудал дээр бодлого боловсруулж хамтран ажиллах вэ гэдэг дээр тохирч, гэрээгээ байгуулсан.  Бодлогын цөм нь  Европын аюулгүй байдлын асуудал байлаа.  Ингээд Ерөнхий сайд нь Франц, Англид хандаж Германын аюулгүй байдалтай холбоотой цөмийн зэвсгийн хамгаалалтыг үзүүлэх талаар санаачилга гаргаж ажиллахаа илэрхийлсэн.   Тэгэхээр АНУ цөмийн зэвсгийн шүхэр болж чадахгүй бол Герман болон бусад орнууд Англи, Францыг урьж, хамгаалуулах ийм нөхцөл байдал өрнөж байна.  Европын холбоо өнөөдөр байх уу үгүй юу гэдгээсээ эхлээд байвал яаж биеэ даах уу, биеэ даахдаа яаж даах уу.  Дэлхийн нийт шинэ дэг журамд орох энэ явцад өөрийн байр суурийг яаж олох уу,  гол түнш нь АНУ байхаа болихоор Хятадыг сонгох уу, эсвэл хоорондын харилцаагаа илүү зузаатгах уу гэсэн олон асуудал тулгарч байна.   Хятад АНУ-ын хооронд худалдааны нэлээд зөрчилтэй байдал үүсвэл Хятадын бараа бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд худалдаалагдахад хүндрэл үүснэ.  Тэр утгаараа Хятадын бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх түүхий эд Монголоос авдаг явдал багасаж магадгүй. Манай улс төсөв дээр нүүрс, алт, зэсээ түүхийгээр нь зарж олох орлогоо тусгасан.  Тэр орлого хумигдах, багасах тийм эрсдэл бий болж байна.  Тэрхүү орлого тасарвал юугаар нөхөх үү гэдгийг одооноос бодож эхлэх хэрэгтэй.  Цаашид түүхий эдээ ганцхан Хятадын зах зээл рүү нийлүүлээд байх юм уу гэдгийг ч бодолцох нь чухал байна.  Энэ эрсдэлээ тооцоолоод шинэ дэвшилтэт технологийг оруулж ирэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхаа дээшлүүлэх үү үгүй юу гэдэг нь зүгээр нэг асуулт биш зайлшгүй хийх шаардлагатай асуудал болж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 46 (7542)

 

Бүгд найрамдах Серби улсад зорчихдоо виз мэдүүлнэ

Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газраас гаргасан саналын дагуу 2013 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр

5 цаг 20 мин
Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар мэдээ, сурвалжилга бэлтгэдэг мэргэжил нэгтнүүд нь цахим орчны дарамтад өртдөг гэж сэтгүүлчдийн 60 хувь нь мэдээлэв

Жил бүрийн гуравдугаар сарын 8-ны өдөр тохиодог Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан

5 цаг 22 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш Улсад хүрэлцэн очжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

6 цаг 51 мин
Эрдэнэтийн зэсийн ордыг нээсэн чех геологичид хүндэтгэл үзүүллээ

Эрдэнэтийн зэсийн ордыг нээсэн чех геологичид хүндэтгэл үзүүллээ

8 цаг 34 мин
Европын холбоо: Бөмбөг Оросын талд байна

Гурван жил үргэлжилсэн Орос-Украины дайны галыг зогсооход гол найдвар авчрах хэлэлцээ

13 цаг 18 мин
Эгийн голын цахилгаан станц барихтай холбоотой зардлыг баталлаа

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар 19 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ.

13 цаг 18 мин
“АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Европын холбоог сулруулах бодлогоо үргэлжлүүлсээр байна”

​​​​​​​Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн үүсгэн байгуулагч, судлаач Л.Сумати

13 цаг 18 мин
Цахим худалдааг эрчимжүүлэхэд БНХАУ-тай хамтарна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү өнөөдөр /2025.03.12/ БН

Өчигдөр 19 цаг 14 мин
Орос, Америкийн тагнуулын байгууллагууд хамтын ажиллагаагаа сэргээв

ОХУ-ын Гадаад тагнуулын албаны  дарга Сергей Нарышкин,  АНУ-ын Тагнуул

Өчигдөр 16 цаг 25 мин
Тоон мэдээ: Сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарь

Тоон мэдээ: Сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарь

Өчигдөр 16 цаг 24 мин