Б.Түшиг
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг телевизийн шоундаа урьж ганцхан үг хэлээд л баттай ялуулдаг байсан “геттогоос гаралтай анхны тэрбумтан эмэгтэй” гэж алдаршсан телевизийн хөтлөгч асан Опра Винфриг дэлхийд, тэр дундаа Америкт мэдэхгүй хүн ховор. Гэвч амжилтаа өөрийн гараар цогцлоосон түүний амьдралын замнал амаргүй байжээ.
Орпа охин АНУ-ын Миссисипи мужийн Костюшко хотхонд 1954 оны нэгдүгээр сарын 29-нд төржээ. Тийм ээ, Опра биш Орпа. Ирээдүйд нэрт телевизийн хөтлөгч болох түүнд эхлээд библийн сударт гардаг Орпагийн нэрийг өгсөн аж. Харин эртний ховор энэ нэрийг ойр дотныхон нь буруу дуудсаар Опра гэгдэх болжээ.
Боловсролгүй, ажилгүй арваннаймхан настай ээж нь Опраг төрүүлсэндээ баярлаагүй аж. Тэр үед Опрагийн эцэг армид цэргийн алба хааж байсан тул залуухан эмэгтэй дөнгөж төрсөн охиноо ээж дээрээ орхиод ажил хайхаар оджээ. Ийнхүү Опра эмээгийн охин болсон байна.
Чухам эмээ нь түүнийг хоёрхон настайд нь уншиж, бичиж сургажээ. Төд удалгүй Опра библийн судраас уншсанаа хотхоныхоо сүмд цугларсан иргэдийг уяртал нь ярьж, “бяцхан номлооч” нэр авчээ.
Эмээ нь хэдийгээр түүнийг халамжилдаг ч хатуу гараар хүмүүжүүлсэн аж. Өчүүхэн алдаа гаргахад л олсоор ороолгодог байсан гэнэ. Гэвч эмээтэйгээ өнгөрүүлсэн он жилүүд түүний бага насанд тохиосон хамгийн тайван, аз жаргалтай үе нь байв.
Опраг зургаан нас хүрэхэд Америкийн хойд зүгийн Милуоки хотын хар арьстнуудад тусгайлан зориулсан гетто хотхон руу нүүсэн ээж нь түүнийг өөр дээрээ авчээ. Тэнд очоод Опра хоёр охин дүүтэй болсноо ч мэдэж. Эмээгийнхээ хүмүүжлийг мартаагүй тэрээр элдэв цуглаан, яруу найргийн тэмцээнд оролцовч гетто доторх амьдрал ямар олиг байх вэ.
Есөн настайдаа тэрээр үеэл ахдаа хүчиндүүлэв. Үеэл ах нь болсон явдлыг хэнд ч бүү хэл гээд түүнд ганц зайрмаг л авч өгчээ. Опра энэ тухай хожим дурсахдаа, “Хөлийг минь даган цус урссаар байхад тэрээр намайг дагуулан дэлгүүр орж зайрмаг худалдан авч өгсөн юм” гэжээ. Гэвч үүгээр бүх юм зогссонгүй. Ах нар нь, тэдний найз нөхөд нь, тэр ч бүү хэл нагац ах нь түүнийг удаа дараа хүчинджээ.
Иймд аймшигт амьдралаа түр зуур боловч мартахын тулд Опра хар тамхи хэрэглэж эхэлсэнд гайхах зүйлгүй. 13 настайдаа жирэмсэн болсон тэрээр ээжээсээ мөнгө хулгайлаад аав руугаа зугтсан аж. Аавындаа очоод амиа хорлохын тулд цэвэрлэгээний бодис уужээ. Хордлогын улмаас тэрээр зулбасан байна.
Энэхүү эмгэнэлт явдлаар түүний амьдралын хар үе дууссан гэлтэй. Түүний аав эмээ шиг нь хатуу шаардлагатай ч охиндоо маш их итгэж, “Чи өөрийнхөө тухай боддогоосоо хавьгүй илүү шүү. Улам ч мундаг болно” гэж хэлэн урмаар тэтгэдэг байжээ. Үүнээс гадна аав, охин хоёр хамтдаа байнга номын сан орно. Тэгэхдээ аав нь Опрад өдөр бүр таван шинэ үг сурахыг даалгадаг байсан гэнэ.
Тэрээр дунд сургуульд байхдаа л телевизийн хөтлөгч болохоор шийджээ. Тэр үед энэ нь хар арьст хүмүүс мөрөөдөж ч зүрхэлдэггүй, хэзээ ч биелшгүй мэт зорилт байв. Гэвч Опра бууж өгөөгүй.
Эцэст нь тэрээр 19 насандаа “CBS” телевизийн мэдээний хөтлөгчийн туслах болжээ. Ийм албан тушаалд түүнээс өмнө нэг ч хар арьст эмэгтэй дэвшиж байсангүй. Энэ нь түүний гайхамшигт карьерын дөнгөж эхлэл байлаа.
22 настайдаа тэрээр Балтимор хот дахь “АВС” телевизийн үдшийн нэвтрүүлгийн хөтлөгч болжээ. Гэвч түүнд атаархсан мэргэжил нэгтнүүдийнхээ хэл аманд өртсөнөөр рейтинг чансаа хамгийн муутай өглөөний “Балтимор ярьж байна” нэвтрүүлэгт шилжсэн аж. Гайхалтай нь ганцхан сарын дотор тэр нэвтрүүлгийн үзэгчдийн тоо эрс нэмэгджээ. Залуу хөтлөгчийн чадварыг Чикаго дахь “АВС” телевизийн салбар анзаарч мөн л өглөөний “AM Chicago” нэвтрүүлгийн нэр хүндийг өргөхийг даатгасан аж. Сарын дараа л тэр нэвтрүүлэг Чикагод үзэгчдийн тоогоор тэргүүлэв. 1986 онд “AM Chicago” нэвтрүүлэг “Опра Винфригийн шоу” гэж нэрээ өөрчлөн АНУ даяар цацагдах болсон түүхтэй.
Тэр цагаас л хар арьст эмэгтэй хөтлөгчийн нэвтрүүлгийг АНУ-аас гадна дэлхийн 64 оронд шимтэн үзэх болсон билээ. Хэдхэн жилийн дотор Опра Винфри АНУ-ын хамгийн баян, бас хамгийн алдартай хар арьст эмэгтэй болж чадсан юм. Тэглээ гээд тэр тайвшраагүй. 1988 онд Опра Винфри Чикагогийн нэгэн кино студийг 20 сая доллараар худалдан авчээ. Мөн албан хаагчдынх нь 70 хувь нь эмэгтэйчүүдээс бүрдэх “Harpo Productions” (Oprah гэх өөрийн нэрээ тонгоруулан бичжээ) хэмээх аварга том мультимедиа компани байгуулав.
Хувийн амжилттай бизнестэй болсон тэрээр 2011 оны тавдугаар сарын 25-нд сүүлчийн буюу 4561 дэх удаагаа “Опра Винфригийн шоу”-гаа хөтөлжээ. 25 жилийн турш үзэгчдийг байлдан дагуулсан тус нэвтрүүлгийн нууц нь юунд байсан нь сонин. Опра Винфрид хориотой сэдэв байсангүй, түүний студид Ерөнхийлөгчид, зохиолчид, тэр ч бүү хэл порно киноны жүжигчид, неонацист үзэлтнүүд оролцож байв. Нэвтрүүлэг бүрийг нь үзэгчид баяр наадам мэт хүсэн хүлээж, Опра Винри ч үнэхээр баяр наадам болгож чаддаг байсан нь мэдээж. Нэг удаа тэрээр ээлжит нэвтрүүлгийн бичлэг хийх үеэр студид уригдсан 300 үзэгч бүрт цоо шинэ “Pontiac” автомашин бэлэглэн дуулиан тарьж байв.
Тэрээр нэвтрүүлэгтээ олны танил хүмүүсээс гадна энгийн хүмүүстэй ч хөөрөлддөг нь шүтэн бишрэгчдийнх нь тоог нэмэгдүүлсэн. Гэхдээ хамгийн гол нь сэтгэлийн асар их хөдөлгөөнтэйгөөс гадна чин сэтгэлээсээ ярилцдаг нь сая сая үзэгчдэд юу юунаас илүү таалагддаг байв. Ямар сайндаа л Америкийн телевизэд “Опрагийн үр нөлөө” гэсэн нэр томъёо бий болох вэ.
Маш хүнд бага насыг туулсан, гойд сайхан гадна төрхтэй биш ч өөрөөрөө байж чаддаг хүчирхэг эмэгтэй тэрээр олон мянган эмэгтэйчүүдэд үлгэр дууриал болж амжилтад хүргэсэн гэдэг. Опра Винфригийн нэвтрүүлэг телевизийн “Оскар” гэгддэг “Эмми” шагналыг 48 удаа авснаас гадна түүнийг гурван тэрбум доллартай хур баян эмэгтэй болгосныг эцэст нь тэмдэглэе.
Эх сурвалж:www.polit.mn