Х.Ганболд: Тухайн үед “Гашуунсухайт төмөр зам” ХХК-д Тавантолгойн ордыг олборлодог гурван компани л хувь эзэмшсэн

2024-12-11
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.БАЯР

 

“Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн анхны гүйцэтгэх захирал Х.Ганболдыг мөрдөх байгууллагынхан шалгаж, мэдүүлэг авсан. Х.Ганболд “Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн хувь эзэмшил дэх хувь хүмүүс, улстөрчдийн үүрэг роль, Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбох төмөр замын талаар “гашуун түүх”-ийг хүүрнээд эхэлсэн. Х.Ганболд “алдагдсан боломж”-д холбоотой нэртэй улстөрчид, бизнесмэнүүдийг нэр дурдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнтэй уулзаж дээрх мэдээллийн талаар тодрууллаа.

 

-Таныг “Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал байх үетэй холбоотойгоор мөрдөх байгууллагууд шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл тарсан. Мөн та мэдүүлэгтээ олон улстөрч, бизнесмэнийг нэрлэсэн гэж байна?

-Өмнө нь нэг сайт, дараа нь танай сонин дээр тийм мэдээлэл гарсан. Энэ Гашуунсухайтын төмөр замын асуудал 2013 оноос эхлэлтэй байхгүй юу. Би анх энэ компанийг үүсгэн байгуулаад захирлаар нь ажиллаад ТЭЗҮ-ийг нь батлуулсан. Хятад улсын ерөнхийлөгч Ши Жиньпинийг Монголд айлчлахад нь, 2014 оны наймдугаар сарын 21-нд Төрийн ордонд хоёр Ерөнхийлөгч нь байлцаад Хятадын хөгжлийн банк, “Шеньхуа” группийн захирлуудтай хамт санамж бичигт гарын үсэг зурсан. Бүх юм ил тод байсан. Энэ албан ёсны айлчлал дээр гарын үсэг зурсан зураг хөрөг нь ч тухайн үеийн сонин хэвлэлээр явж байсан. Би 2016 онд ажлаа өгчихсөн. Миний мэдэх хэмжээ ийм. Ажилласан хугацааныхаа цалинг ч өнөөдөр хүртэл авч чадаагүй явж байна. Шүүхийн шийдвэр гарчихсан. Гэтэл шүүхийн шийдвэрийн гүйцэтгэл байхгүй. Тэр компанид нь мөнгө байхгүй гээд өнөөдөр зогсож байна. Тэгтэл уржигдар танай сонинд намайг хууль шүүхийн байгууллагаар мөрдөн байцаалт, шалгалт өгөөд, баахан мэдүүлэг өгөөд, баахан хүн илчлээд явсан гээд гараад ирлээ. Сүүлийн 10 жилд миний амнаас энэ төмөр замын талаар нэг ч үг, үсэг гараагүй. Тиймээс та бүхэн үүнийгээ эргэж хараарай, эх үүсвэрээ хараарай, энэ дээрээ бас залруулга өгөөсэй. Намайг таньдаг мэддэг хүмүүс байна, хөгшчүүл байна, миний ах дүү нар хамаатан саднууд, үр хүүхдүүд байна. Тэд харчхаад нэг л хулгайч луйварчин цагдаад шалгагдаад, байцаагдаад явж байна гэсэн ойлголт авч байна. Энэ бол намайг жаахан эмзэглүүлээд байгаа юм. Яагаад гэвэл би ямар ч хууль шүүхийн байгууллагаар ороогүй, асуугдаагүй. Намайг хүн дуудаагүй. Энэ сэдвийг бүр мартчихсан байсан. 10 жилийн өмнөх асуудал шүү дээ. Тэгээд би энэ юмнуудыг харж байгаад бодлоо л доо. За яах вэ, улс төрийн юмнууд дээгүүрээ янз бүрийн яриа хөөрөө явж байгаа биз. Хамгийн гол нь тэр төмөр зам хөдөлж байгаад баярлаж байна. Миний хийсэн ажил, эхлүүлсэн юм болчхоосой, бүтчихээсэй гэж дотроо бодоод л, залбираад л явж байгаа.

-Тэгэхээр хууль хяналтын байгууллагынхан тантай огт холбогдоогүй, байцаалт мэдүүлэг авсан зүйл огт байхгүй юм байна, тийм үү?

-Дээгүүрээ энэ дээр ямар улс төрийн бөгөөд бизнесийн маргаан байдаг юм, би мэдэхгүй. Гэтэл энэ дотор хавчуулаад миний нэр төр лүү ороод ирж байгаа нь л надад эмзэг тусаад байгаа юм.

-Та ер нь яагаад ажлаа өгсөн юм бэ. 2016 оны УИХ-ын сонгуультай холбоотой юу?

-Ямар ч сонгуулийн асуудал байхгүй. Би өвдөөд ажлаа өгсөн. Саяхан хоёр жилийн өмнө хүртэл том хагалгаанд орсон. Хоёрдугаарт, гэвэл тэр үед манай компанийг “Монголын төмөр зам” компанитай нийлүүлэх шийдвэр гараад эхэлсэн.  Тэгээд ТУЗ-ийн хурал болоод, тэр нь Засгийн газрын шийдвэр болох шинжтэй болсон. Тухайн үед миний ажлыг ТУЗ 100 хувь гэж үнэлсэн. Би анхны ТЭЗҮ-ийг нь хийсэн. Мөн, санхүүгийнх нь юмыг нь гаргаж ирж өгсөн. Ажлын зургийн гүйцэтгэл 40 орчим хувьтай явж байсан. Хятадын төмөр замын гуравдугаар товчоо манай ажлын зургийг хийж байсан. Нэлээд өндөр том бүтээн байгуулалтын ажил, ойролцоогоор 130-аад сая ам.долларын юм болох байх гэж бид нар тэр үед төсөөлөлтэй байсан. Гурван салаа замтай, терминалтай, ажилчдын байртай, өртөөний барилгатай, дохиолол холбооны систем цогцоор нь шийдчихсэн систем байсан. Үүнийг бүгдийг нь би өгсөн. Бидний тооцоолж байснаар ажлын зураг гарчих юм бол гурван жилийн дотор бариад ашиглалтад оруулчихна гэж байсан. Эдийн засгийн тооцоогоор бол ойролцоогоор найм орчим жилийн дотор өөрийнхөө гаргасан зардлыг 100 хувь төлнө гэсэн шийдэлтэй маш том төсөл байсан. Бид 2020 онд ашиглалтад оруулахаар тооцоолж байсан юм.

-Тэгвэл тэр төслийг яагаад зогсоочихсон юм бэ?

-Энэ бүхнийг би компанийнхаа хувьд, эдийн засгийн хувьд л ярьж байгаа юм. Харин улс төрийн шийдлүүд нь яаж яваад байгааг би мэдэхгүй шүү дээ. Яагаад зогсчихсон нь улс төртэй л холбоотой гэж үзэж байна. Ер нь бол эдийн засгийн хувьд гацаа гараагүй. Энэ төслийг явуулахад үнэхээр хүчин зүтгэл гаргасан хүн бол Н.Алтанхуяг Ерөнхий сайд байсан. Энэ явах явах ёстой, бид нар барих ёстой гээд шийдлийг гаргаад надад санал тавьсан юм. Чи аваад явчих. Урьд нь төсөл дээр ажиллачихсан хүн наад хятадуудынхаа учрыг чи олчихно гэсэн. Тэгээд л би орж ирсэн. Гэтэл Н.Алтанхуягийн Засгийн газар унасан. Ч.Сайханбилэгийн Засгийн газар гарч ирсэн. Түүний дараа л юу болсон юм, мэдэхгүй. Явц нь удаад л зогссон. Миний ажилчид цалингүй болж эхэлсэн. Би өөрөө цалингүй болж эхэлсэн. Тэгээд би өргөдлөө өгөөд л гараад явчихсан.

-Энэ төсөлтэй холбоотойгоор баахан улстөрчдийг нэрлэсэн гэдэг худлаа юу?

-Намайг Ц.Элбэгдоржийн хүн, Н.Алтанхуягийн хүн гээд, бас нөгөө Л.Гансүхийг маань хүртэл оруулчихсан явж байна лээ. Бас С.Баярцогт гэж байгаа юм. Л.Гансүх бид хоёр найзын хувьд найз, гэхдээ хэлмэгдэж шоронд орсноос нь хойш нэг ч удаа уулзаагүй. Тэгэхээр би их хүн чанаргүй дурак байгаа юм л даа. Гэхдээ би өөрөө өвдөөд олон жил болчихсон, одоо хүртэл уулзаагүй. За С.Баярцогт гэдэг хүнтэй би ер нь уулздаггүй хүн шүү дээ. Ажлын шугамаар Чөлөөт бүсэд ажиллаж байхдаа ганц хоёр орж уулзаж байсан юм. Саяхан энэ 2-3 жилийн өмнө нам хоёр хуваагдаад л баахан хэрүүл болж байхад намын эвлэрлийн асуудлаар би С.Баярцогттой 1-2 удаа уулзсан. 2-3 удаа утсаар ярьсан л даа. Өөрөөр С.Баярцогттой ширээний хойно сууж хоол идэж үзээгүй. Ц.Элбэгдоржийг намын дарга байхад бид намын асуудлаар уулзаж байсан. Анхнаасаа би чинь АН-ыг үүсгэн байгуулагчдын нэг шүү дээ. Би ууган гишүүн гээд УИХ-д нэр дэвшсэнгүй, сайд дарга хийсэнгүй. Надад тийм улс төрийн амбиц байдаггүй. Замын-Үүдийн чөлөөт бүсийн дэд бүтцийн төслийг Хятадын 57 сая ам.долларын төслөөр би эхлүүлж, тэр мөнгийг нь би салгаж аваачиж ажлыг нь эхлүүлсэн. Үр дүнд нь өнөөдөр Замын-Үүд гэдэг газар дулаантай устай тогтой байгаа. Тэгээд яг ажил нь яваад эхлэнгүүт л халагдчихдаг юм. Би чинь тийм нэг гүйцэтгэлийг нь үзэж чаддаггүй хүн шүү дээ. Мөнгийг нь босгож өгөөд л хөөгдөөд явчихдаг. Эсвэл өөрөө алга болчихдог. Ийм л хүн шүү дээ би.

-“Гашуунсухайт төмөр зам” ХХК-д яагаад “Энержи ресурс”, “Тавантолгой” компаниуд хувь эзэмшиж орсон юм бэ. Энд л ашиг сонирхол явсан гэдэг зүйл яригдаад байна?

- Гашуунсухайтын боомтоор нүүрс гаргадаг ерөөсөө л гурван компани байдаг. “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой”, “Энержи ресурс” гурав шүү дээ. Тавантолгойн орд газраас нүүрс олборлож экспортолдог гурван компанийг оруулаад Хятадын “Шеньхуа” ороод явсан. Түүнээс биш хэн нэгэн хүн “Би энд орохыг сонирхож байна аа” ч гэдэг юм уу, тийм золбин компани тэнд орж ирээгүй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 239 (7483)

 

ШААРДЛАГА

ШААРДЛАГА

15 цаг 33 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

18 цаг 51 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

21 цаг 19 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

21 цаг 28 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

21 цаг 30 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

21 цаг 37 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

22 цаг 49 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

23 цаг 39 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

23 цаг 50 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Өчигдөр 09 цаг 54 мин