Д.Нямхүү: Нэгдсэн холбоотой болсноор тамирчид илүү их амжилт гаргах боломжтой

2024-12-03
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Монголын Үндэсний Паралимпын хорооны ерөнхийлөгч Д.Нямхүүтэй  тус хорооны энэ жилийн ололт амжилт болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Энэ жил паралимпын хорооны тамирчид амжилтаар дүүрэн байлаа. Парисын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль хүртсэн түүхэн амжилтыг тогтоож чадлаа шүү дээ?

-Тэгэлгүй яахав.  Парисын наадамд маш сайхан амжилт гаргалаа. Бид дөрвөн жилийн өмнө  төлөвлөж байсныхаа дагуу  дөрвөн медаль авсан. Мөн зуны XVII паралимпын  наадамд 12 тамирчин оролцох эрх авсан. Паралимпын эхний өдөр таеквондогийн тамирчин У.Сүрэнжав тэргүүлж алтан медаль хүртсэн. Мөн таеквондогийн төрөлд Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, хөнгөн атлетикийн  бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Ц.Баттулга, пауэрлифтингийн төрөлд Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ нар маань мөнгөн медаль хүртлээ. Мөн бусад  тамирчид маань ч гэсэн тив, дэлхийн бусад тэмцээнд амжилттай оролцон  амжилт дүүрэн он болж байна. Төрөөс тамирчид, дасгалжуулагчдын маань хөдөлмөрийг үнэлж байраар шагнасан нь мөн онцлох үйл явдал боллоо.

-Паралимпын наадмыг анх удаа “Central” телевизээр шууд дамжуулсан. Энэ нь шинэлэг байсан байх?

-Өмнө нь хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэмцээн гэхээр  амархан л гэж боддог байсан болов уу. Харин энэ удаагийн паралимпын наадмыг шууд дамжуулснаар монголчууд маань паралимпын наадам ямар өрсөлдөөнтэй болдгийг харсан байх. Олимп, паралимпын эрх авах шалгуур, дүрэм журам адилхан шүү дээ. Тийм болохоор тамирчид маань маш  их хөдөлмөр,  тэвчээр гаргадаг. Нэг амжилтын ард гарахын тулд их шантардаг, няцдаг.

-Та паралимпын хорооны ерөнхийлөгчөөр сонгогдоод 15 жил болж байна. Ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг хэрхэн харж байна вэ?

-Нэгдсэн холбоо болж чадвал илүү их амжилт гаргах боломжтой. Ингэснээр дасгалжуулагч, бэлтгэлийн бааз нэг болно.  Бие биенийхээ, бэлтгэл хангагч болоод давхар туршлагаа хуваалцаад явах боломжтой. Мөн санхүүжилт нэгдсэн болохоор  хяналт сайтай болно. Энэ нь цаашлаад санхүүжилтийг нэмэх  боломж гарч ирнэ гэсэн үг. Жишээлбэл, Х.Цагаанбаатар пара жүдог толгойлж байх үедээ эрүүлийн жүдотой хамт бэлтгэл хийлгээд нэлээд сайн холбож өгч чадсан.

Пауэрлифтинг ч гэсэн ялгаагүй нэгдсэн холбоотой болсноор нэг нэгнээ нөхөж, алдаа оноогоо хуваалцаж, амжилттай байгаа. Нэгдсэн холбоо байгуулах талаар Ч.Номин сайдад хэлж байсан. Ч.Номин сайд нэгдсэн холбоог санхүүжүүлэх талаар бодлого дээр тусгах тухай судална гэдгийг хэлсэн.

Дээр дурдсанчлан нэгдсэн холбоотой болбол олон давуу талууд гарч ирэх боломжтой. Тодорхой сургалтуудыг зохион байгуулахад илүү хялбар болно. Одоо бол хоёр тусдаа заал түрээсэлж бэлтгэлээ хийдэг.  Бэлтгэл хийх заал  ховор,  бас их үнэтэй байдаг. Тэгэхээр  манай суугаа волейболын тамирчдад  заал олддоггүй. Хэдий манай суугаа волейболын баг Азийн шилдэг цөөн багийн нэг ч гэсэн бэлтгэлээ хийж чадахгүй хүндрэл гардаг. Тиймээс нэгдсэн холбоо болбол заал авахдаа ч гэсэн цагаа тохироод явах боломжтой. Ингэснээр тамирчдын маань бэлтгэлийн цаг илүү нэмэгдэх боломжтой болов уу.

-Паралимпын хороо өнгөрсөн хугацаанд хэчнээн холбоодтой болж үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-Паралимпын хороо дөрвөн холбоодтой байсан бол одоо 22 болж өргөжсөн.  Дахиад ч шинээр холбоо байгуулагдаж байна. Ер нь спортын шинэ төрлөөр үүсэж байгаа холбоод эхлэх гэдэг маш хэцүү байдаг. Тиймээс энэ тал дээр анхаарал хандуулж өгөхийг Ч.Номин сайдаас хүссэн.

Хоёрдугаарт, Паралимпын  хороо бол  ТББ.  Тамирчид маань бэлтгэлээ хийх, гадагшаа тэмцээнд оролцох гээд санхүүгийн асуудал их тулгардаг. Гэхдээ нэг үеэ бодвол холбоод маань санхүүжилтээ өөрсдөө тодорхой хэмжээнд шийдэх боломжтой болж байна. Эрүүл олимпын хороонд  том компаниуд  хандив өгдөг. Харин бид энэ асуудлаар хөөцөлдөхөөр ихэвчлэн боломжгүй гэсэн  хариулттай нүүр тулдаг.

Азийн наадамд оролцохоор  олимпын төрлийн улсын шигшээ багийн зардал улсаас гардаг.  Харин шигшээд орж чадаагүй  төрлүүд азийн наадамд оролцож  байж л гарч ирдэг. Тэдэнд  ямар ч  санхүүжилт байдаггүй.  Ер нь Азийн наадмаас медаль авбал паралимпын наадмас медаль авах боломжтой гэсэн үг. Гэвч Азийн наадамд оролцохын тулд маш их бэлтгэл хийдэг.  Хоёрдугаарт хувцсаа өөрсдөө олох болдог. Энэ мэтчилэн санхүүгийн асуудал их бий.

Бид гадагшаа төслүүд бичиж өгдөг. Үүний хүрээнд  хэд хэдэн төсөл авсан. Үүнийгээ  ихэвчлэн аймгуудад дахь холбооддоо сургалтад зориулдаг.

-Спортын шинэ холбоод, шинэ төрөл нэмэгдэж байгаа гэлээ. Тухайлбал ямар  шинэ төрлүүд гарч ирж байна вэ?

-Олон спортын төрлүүд бий. Жишээлбэл, тэргэнцэртэй сагсанбөмбөг. Манайд хандиваар  тэргэнцэрийг нь бэлэглэсэн.  Гэсэн ч холбоо  байгуулсан нэг нөхөр  аваад алга болсон. Ер нь эрүүл сагсанбөмбөгийн холбоо тэргэнцэртэй сагсанбөмбөг холбоог хажуудаа аваад явах олон улсын жишиг бий.

Мөн тэргэнцэртэй сэлэмний холбоо бий. Энэ нь нэгдсэн холбоо болсон учраас  санхүүжилтээ  хамт босгоод хоёр жилийн дотор гэхэд Азийн наадамд орсон. Тамирчид маань ердөө хоёр жил хичээллэсэн ч олимпын эрх авахад хоёр л байр дутсан.

Ер нь шинэ гарч ирж байгаа спортын төрлүүд  холын өндөр зардалтай тэмцээнд оролцож чадахгүй байна. Тиймээс  цаашдаа төрийн зүгээс энэ асуудалд  анхаарч өгвөл Хөгжлийн бэрхшээлтэй аль болох олон иргэнийг паралимпын наадамд оролцуулахын тулд шинэ төрөл нэмэгдэх боломж бүрдэх юм.Шинэ холбоод байгуулагдаад  хөгжлийн бэрхшээлтэй иргэд  өөрсдийн сонирхдог спортоор  хичээллэдэг болчихвол манай тамирчдад давуу тал их бий.

-Паралимпын хороо ирэх жилийнхээ ажлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-2028 оны Паралимпын наадмын төлөвлөгөөгөө гаргаж, удирдах зөвлөлөөрөө батлах ёстой.   Бид дараагийн тэмцээн бол Лос-Анжелесын наадам.  Тиймээс тус наадамд хэдэн төрлөөр  хэдэн тамирчин өрсөлдөж, ямар амжилт гаргах вэ гэсэн зорилтоо тодорхойлно. Мөн он гаргаад хорооны чуулганаа хийхээр ярилцаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 233 (7477)

 

Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна

Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна

2 цаг 46 мин
Л.Бямбажаргал: Цагаан сарын шинийн 1-н гуравдугаар сарын 1-нд тохионо

Л.Бямбажаргал: Цагаан сарын шинийн 1-н гуравдугаар сарын 1-нд тохионо

2 цаг 50 мин
АНУ-ын Тэргүүн охины пост

АНУ-ын Тэргүүн охины пост

7 цаг 50 мин
Ю.Отгонбилэг: Цаашид үнэлгээнд үндэслэн ахмадуудад үйлчилгээ хүргэнэ

ГБХНХЯ-ны Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Ю.Отгонбилэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

12 цаг 4 мин
Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө эсрэг дөрөв дэх жагсаалын “гал”-ыг тавьсан уу?!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын 27-нд энэ албан тушаалд томилогдож байв.

12 цаг 4 мин
Кеннедигийн аллагын талаарх материалыг нууцаас гаргана гэв

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп АНУ-ын түүхэн дэх улс төрийн

Өчигдөр 16 цаг 21 мин
Ховд аймгийн гурван сум эмэгтэй ИТХ-ын даргатай

Ховд аймаг нийт 35 төлөөлөгчтэй. Үүнээс 31 нь эрэгтэй дөрөв нь эмэгтэй

Өчигдөр 15 цаг 51 мин
Химийн хорт, аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Химийн хорт, аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 15 цаг 39 мин
Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшилжээ

Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшилжээ

Өчигдөр 15 цаг 13 мин
Саудын Араб "Ирээдүйн уул уурхайн цахиурын хөндий" болно

Саудын Арабын Эр-Рияд хотноо  “FMF25” буюу “Ирээдүйн эрдэс баялгийн форум” болж өндөрлөлөө. Энэ жили

Өчигдөр 06 цаг 00 мин