Ш.Билгүүн: JTI нь хэвлэл мэдээллийн байгууллагын ил тод байдлыг нэмэгдүүлэх дэлхийн анхны ISO стандарт юм

2024-10-30
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Х.ХАТАН

 

Монголын хэвлэл мэдээллийн салбараас анх удаа олон улсын Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилгын (JTI) стандартад Монголын баримт шалгах төв нэгджээ. Энэ талаар тус төвийн Ахлах баримт шалгагч Ш.Билгүүнтэй ярилцлаа.

 

-Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилгын стандартын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? 

-Жил бүр Хэвлэлийн эрх чөлөөний индексийг гаргадаг Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллагаас 2018 онд Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилгыг танилцуулж, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нэгтгэсээр ирсэн. Үүнийг хэвлэл мэдээллийн байгууллагын ил тод байдлыг нэмэгдүүлэх дэлхийн анхны ISO стандарт гэж ойлгож болно.

Энэ бол хараат бус, тэнцвэртэй, ёс зүйтэй, баталгаатай хэвлэл мэдээллийн байгууллагыг дэмжих томоохон санаачилга юм. Тус санаачилгад одоогоор Newsweek, France TV, CBC/Radio-Canada, Swissinfo зэрэг дэлхийн 85 орны 1700 орчим хэвлэл мэдээллийн байгууллага нэгдсэн. Үүнээс стандартыг хангаж, үнэлгээ бүрэн дууссан 200 гаруй, үнэлгээний шатандаа 1500 орчим байгууллага байна. Энэхүү стандартыг хангасан баталгаажуулалттай байгууллагууд хоёр жил тутамд дахин үнэлгээ хийлгэж, баталгаажуулалтаа сунгуулдаг. 

-Олон улсад ийм санаачилга гаргаж, нэвтрүүлэх хэрэгцээ шаардлагыг юу гэж тодорхойлдог вэ?

-Нийгмийн сүлжээн дэх хуурамч мэдээллийн хор хөнөөлийг бууруулах, хэт их мэдээллийн урсгал дундаас сэтгүүл зүйн чанартай бүтээлийг уншигчдад хүргэх, цаашлаад хэвлэл мэдээллийн байгууллагуудад итгэх итгэлийг нэмэгдүүлэх асуудал дэлхий дахинаа тулгамдаж байна. Тиймээс Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагаас Европын Стандартчиллын хорооны ивээл дор JTI стандартыг санаачилсан ба хараат бус, ёс зүйтэй, тэнцвэртэй баталгаат мэдээллийг үнэ төлбөргүй сурталчлах, түгээх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн холбоо, ТББ, олон улсын байгууллагууд болон компаниуд энэхүү санаачилгад нэгдсээр байна. 

-Итгэлцлийн санаачилгын стандартад нэгдсэнээр ямар үр өгөөж хүртэх боломжтой вэ?

-Итгэлцлийн шалгуурыг хангасан байгууллагын бүтээлүүд нь хайлтын илэрцэд түрүүлж харагдана. Одоогийн байдлаар Microsoft үйлдлийн системийн хэрэглэгчдийн хайлтад JTI стандарт хангасан байгууллагуудын мэдээлэл түрүүлж харагдаж байгаа, энэ зохицуулалтыг технологийн бусад томоохон компаниуд дэмжих яриа хэлцлийн шатандаа явна. Мөн Дэлхийн зар сурталчилгааны холбоотой хамтын ажиллагааны хүрээнд JTI тэмдэглэгээтэй байгууллагуудад сурталчилгаа байршуулах, түүнчлэн олон улсын байгууллагуудаас санхүүжилт авахад нэр хүндийн баталгаа болох зэрэг олон давуу талтай.  

-Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудад энэ стандартад нэгдэж, ийм таатай боломжуудыг эдлэхийн тулд юу хийх нь чухал вэ?

-Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудыг JTI стандартад нэгдэхэд зөвлөн туслах албан ёсны бие төлөөлөгчөөр Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн тэргүүн Б.Дуламхорлоо ажиллаж байна. Өнгөрсөн тавдугаар сард Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагынхан ирэхэд Монголын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөтэй уулзалт зохион байгуулж, мэдээлэл өгсөн. Тухайн үед нэлээд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллага хүсэлтээ өгнө гэж байсан. Удахгүй олон сайхан мэдээ дуулгах байх.

Асуулгын хувьд эхний ээлжинд байгууллагынхаа үйл ажиллагаа, ил тод байдал, санхүүжилт, бодлогын баримт бичгүүд, нийтлэлийн бодлого зэргийг багтаасан 130 асуултад хариулна. Энэ нь өөрийн үнэлгээг хийсэн гэсэн үг юм. Үүний дараа олон улсын аудитын байгууллагаас хүсэлт гаргасан байгууллагад хөндлөнгийн үнэлгээ хийдэг. Улмаар хэвлэл мэдээллийн байгууллага JTI стандартын тэмдэглэгээтэй болсноор нэгдсэн сангийн мэдээллээр дамжуулан олон улсад танигдаж, дэмжлэг авах боломжтой болох юм. 

Монголын нөхцөлд эзэмшлийн болон санхүүжилтийн мэдээлэл ил тод биш байгаа нь сорилт болж байна. Тухайлбал, JTI стандартад нэгдсэн байгууллагуудын мөрддөг шиг төлбөртэй нийтлэл, нэвтрүүлгүүдэд тэмдэглэгээ тавих, санхүүжилтийн эх үүсвэрээ нээлттэй байршуулах, редакцын бодлого нь нээлттэй, ойлгомжтой байх зэрэг шаардлага манай хэвлэл мэдээллийн байгууллагуудад дутмаг байна. 

-Танай байгууллага JTI стандартыг хангасан туршлагаасаа хуваалцахгүй юу?

-Монголын баримт шалгах төв нь хараат бус, ёс зүйтэй, санхүүжилтээ ил тод нээлттэй мэдээлдэг, залруулга хийх бодлоготой, арга зүйгээ хуваалцдаг, эх сурвалжийн нээлттэй бодлоготой зэрэг шалгуураар Олон Улсын Баримт Шалгах Сүлжээ /IFCN/-ий баталгаажуулалтыг гурав дахь жилдээ ханган ажиллаж байна. Энэ нь JTI стандартын хөндлөнгийн аудит хийлгэхэд харьцангуй дөхөм байсан болов уу. Бид үнэлгээ хийлгэх явцдаа зарим бодлогын баримт бичгээ шинээр боловсруулсан. Тухайлбал, ажлын байранд нийгмийн олон янз байдлыг хангах бодлого, хүүхэд хамгааллын бодлогыг шинээр баталж, цаашлаад редакцын бодлого, журмаа илүү нарийвчлах зэрэг өөрчлөлтийг хэвшүүлж эхэлсэн ба одоо үүнийгээ дагаж, мөрдөх чиглэлд зохион байгуулалтаа уялдуулж байна. Мөн хоёр жилийн дараа Итгэлцлийн санаачилгын стандартыг хэрхэн ханган ажилласнаа тайлагнаж, цаашид сунгуулах үнэлгээндээ дахин орох тул үе шаттай сайжруулаад явах болно.

-Дэлхийн олон улсад хэвлэлийн эрх чөлөө хумигдаж, сэтгүүл зүйн нэр хүнд буурч байгаа энэ үед JTI санаачилга хамгаалалт болох боломжтой юу?

-2024 онд Монгол Улс Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 21 байр ухарч, 109-т эрэмбэлэгдсэн. Ингэж ухарсан шалтгааны нэг нь хууль эрх зүйн орчин, сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар яллах байдал нөлөөлсөн гэж үнэлэгдсэн. Сэтгүүлчид тус хуулийн 13.14 “худал мэдээлэл тараах” зүйл ангиар хуулийн байгууллагад шалгагдаж, хариуцлага хүлээж буй нь хэвлэлийн эрх чөлөөнд халгаатай гэж үзсэн.  

Тэгвэл энэхүү JTI стандартыг хангаснаар хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтыг дэмжих замаар нэр хүндийг өсгөх, сөрөг үр дагавраас сэргийлэх боломжтой. Хэрэв тухайн хэвлэл мэдээллийн байгууллага ёс зүйгүй, мэргэжлийн чадавхгүй, санхүүжилт, эзэмшлийн тодорхой бус нөхцөлд ажиллаж байгаа бол эрсдэл дунд үлдэж, харин JTI стандарт хангасан байгууллагуудын ёс зүйтэй, хараат бус, ил тод үйл ажиллагаа нь хуулийн эрсдэлд орохгүй байхад дэмжлэг болох төдийгүй олон нийтэд мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлээ хүртээмжтэй түгээснээр салбарын нэр хүндийг өргөх юм. JTI стандартыг илүү олон байгууллага хангаж, олон нийтийн эрх ашгийн төлөөх нийгмийн үүргээ чанартай гүйцэтгэснээр Хэвлэлийн эрх чөлөөний индекс болон бусад үзүүлэлт сайжрах боломжтой юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 30. ЛХАГВА ГАРАГ. № 30 (7454)

 

ШААРДЛАГА

ШААРДЛАГА

17 цаг 43 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

21 цаг 1 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

23 цаг 30 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

23 цаг 38 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

23 цаг 41 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

23 цаг 48 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Өчигдөр 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Өчигдөр 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Өчигдөр 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Өчигдөр 09 цаг 54 мин