С.Батболд: Замаа эдийн засгийн үр ашгаар нь эрэмбэлж барина

2024-10-29
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой авто замын салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан ярилцав.

 

-Танд юуны өмнө Авто замын салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн мэнд дэвшүүлье. Шинээр байгуулагдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт зам болон дэд бүтцэд нэлээд олон бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн байсан?

- Монгол Улсад авто замын салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн баярын мэндийг энэ салбарт ажил амьдралаа зориулсан ахмад үеийнхэн, бүтээн байгуулалтын их ажлыг цогцлоож буй дунд үеийнхэн, ирээдүйд авто замын салбарт хүч түрэн орж улс орны хөгжлийг түүчээлэх оюутан залуус, инженер техникийн ажилчид, алба хаагчид та бүхэндээ хүргэе. 2024-2028 он бол хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх онцлогтой гарааны жил. Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Бүсчилсэн хөгжлийн бүтээн байгуулалтыг дэмжиж, эдийн засгийн дэд бүтцийг байгуулах зорилтын хүрээнд “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийг хэрэгжүүлж, таван босоо, гурван хэвтээ тэнхлэгийн авто замын олон улсын коридорыг байгуулж, аймгийн төвүүдийг хооронд нь болон ойролцоох хилийн боомттой холбох, аялал жуулчлалыг хөгжүүлэх 4440 км хатуу хучилттай авто зам барих томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Бид өмнө нь зам барих гэж гадаадын зээл тусламж хүлээж  улсын төсвөөс санхүүжилт шийдэж өгсөнгүй хэмээн хүлээн цаг хугацаа алддаг байсан. Тэгвэл энэ жилээс хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар зам барих уриалга гаргаж ажиллахаар болсон. Хувийн хэвшлүүд энэ уриалгыг дэмжиж дээрх замын тал орчмыг нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барихаар төлөвлөсөн. Ирэх жил зүүн бүсэд 865 км орчим авто замын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа.

- Эдгээр том төслүүдийн ард гарахад мэдлэг, чадвартай боловсон хүчин чухал. Танай салбарт одоогоор хэчнээн хүн ажиллаж байна. Сүүлийн  үеийн технологийг дагаад шинэ, нарийн мэргэжлүүд ихээр гарч ирж байна уу?

-Зам тээврийн салбарт төрийн болон хувийн хэвшлийн 80 гаруй  мянган хүн ажилладаг. Бид хүний нөөцөө бэлтгэх зорилгоор Улаанбаатар болон орон нутагт нийт зургаан сургуульд гүнзгийрүүлсэн  сургалттай анги нээсэн. Энэ хугацаанд 500 гаруй хүүхдийг төгсгөсөн. Эдгээрийн 50 орчим хүүхэд нь манай мэргэжлийг сонгон суралцаж байна. Түүнчлэн дотоод, гадаадын их дээд сургуульд автын инженерийн чиглэлээр тэтгэлэгтэй сургахад анхаарч байна.Мөн ирэх долоо хоногоос Солонгос улсын Дунин хотод төмөр замын чиглэлээр 30 хүүхдийг суралцуулах тэтгэлэг зарлаж байна. Удахгүй ОХУ-д манай чиглэлээр суралцах  Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлана. Энэ мэтээр  Засгийн газраас 2025 оныг Залуучуудын хөгжлийн жил болгож байгаатай холбогдуулан мөн уламжлал болсон залуу үеэ бэлтгэхэд онцгой анхаарч эдгээр ажлыг эхлүүлээд байна. Нэмээд зарим дотоодод бэлтгэх боломжгүй нарийн мэргэжлээр хүмүүсээ сургах талд анхаарч байна. Тухайлбал, Засгийн газрын хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт орсон ган татлагатай алсын тулгуур бүхий гүүр болон анхны туннел барих нарийн мэргэжилтэн нэн шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлд манайд хуримтлуулсан туршлага алга. Тиймээс Солонгос улсад инженерүүдийг бэлтгэсэн. Эхнээсээ зарим хүүхдүүд төгсөж ирсэн. Үүний зэрэгцээ зам тээврийн салбарт хиймэл оюун ухааныг ашиглаж эхэллээ. Ингэснээр хиймэл оюун ухаанаар авто замын эвдрэл, гэмтлийг  үнэлэх, засварын ажлыг төлөвлөх өндөр технологийн машин болон явуулын лаборатори байгуулагдана. Мөн манай хувийн хэвшлийн санаачилж бэлэн болгосон Улаанбаатарын түгжрэл, зам тээврийн осолтой холбоотой  асуудлыг түргэн хугацаанд шийдвэрлэх  “Zuragu”  хэмээх хиймэл оюун ухаан ашиглаж машины эвдрэлийг хурдан хугацаанд оношлолдог системийг нэвтрүүлэхээр бидэнд танилцуулж байна. Өөрөөр хэлбэл, газар дээр нь гар утаснаасаа аппликейшн татаж тухайн автомашины шилийг солих уу, засах уу гэдэгт үнэлгээ хийнэ гэсэн үг. Энэ мэтээр  техникийн дэвшилттэй технологиудыг нэвтрүүлнэ.

-Замыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай яригдаж байна. Энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

- Зам тээврийн салбараа эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарна. Энэ салбарт орж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын үр ашгийг хэрхэн тооцох вэ гэдэг чухал асуудал. Тиймээс төслүүдээ эдийн засгийнх нь хувьд үр ашгийг нь тооцон эрэмбэлж байна. Мэдээж эдгээр төслүүдийн нийгмийн үр ашиг их. Гэхдээ эдийн засгийнх нь үр ашгийг тооцохгүй бол хөрөнгө оруулалт үр ашиггүй  болох, төлөвлөгдөөгүй зүйл урдуур нь орж хийгдэх зэргээр хойшлогдох явдал бий. Хэдийгээр гадаадын зээл тусламжаар хийгдэж буй ч Монгол Улсын өр л болж үлдэнэ. Тиймээс төслүүдээ эдийн засгийн үр ашгаар нь эрэмбэлж байгаа.

-Тээвэр логистикийн сүлжээ байгуулснаар тээвэрлэлтэд  цаг хугацааг ихээр хэмнэнэ. Монгол Улс энэ сүлжээг хэрхэн өргөжүүлж байна вэ?

-Тээвэр логистикийн асуудал чухалд тооцогдоно. Бид дэд бүтцээ барьж байгуулахын зэрэгцээ тээвэр логистикийг хөгжүүлээгүйгээс өнөөдрийн тээвэр гудамжнаас гудамжинд яваад байна. Уг нь тээвэр гэдэг бол нэг логистикийн терминалаас нөгөө логистик төвийн хооронд явагдаг, тараагддаг систем. Өөрөөр хэлбэл, логистик гэдэг нь хэрэгцээт барааг аль болох бага зардлаар бий болгон хэрэглэгчдэд хүргэх бүх үйл ажиллагааг хэлдэг. Нэг үгээр хэлбэл, бараа бүтээгдэхүүний гарал үүслээс хэрэглээний цэг хүртэл үр ашигтай тээвэрлэлт, хадгалалт, төлөвлөлт, гүйцэтгэл, хяналтын нэгдмэл процессыг хэрэгжүүлэх үйл явц юм. Тэгэхээр энэ системийг удирдах, тооцох нарийн мэргэжлийн инженерүүдийг  бэлтгэхэд анхаарч байна. Гурван жилийн өмнө Солонгос Улсын Инчоны их сургуульд манай яамны мэргэжилтэн энэ чиглэлээр магистр хамгаалсан. Мөн өнгөрсөн жил  СЭЗИС-д Тээврийн техникч эдийн засагч мэргэжилтэн бэлтгэхээр шинэ анги нээн хамтран ажиллаж байна. Ирээдүйд энэ мэргэжил манайд эрэлт хэрэгцээтэй болно.Чадварлаг боловсон хүчинтэй байснаар тээвэр логистик шинэ шатанд хүрч хөгжинө.

-Ирэх онд дэд бүтцийн салбарт бүтээн байгуулалтын нэлээдгүй ажлыг хийхээр тусгасан. Эдгээр ажлын эхлэл тавигдаж байна уу?

- Ирэх дөрвөн жилд 4440 км авто зам барина. Хотын түгжрэл, төвлөрлийг сааруулахтай холбоотой томоохон төслүүд,гүүр, туннел, хурдны зам зэргийн бүтээн байгуулалт хийгдэнэ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар-Хар хорин чиглэлийн замыг өргөтгөх ажлын ТЭЗҮ хийгдсэн. Мөн Улаанбаатараас Лүн хүртэлх замыг зургаан эгнээ болгох  зургийг хийж байна. Энэ замын барилга, байгууламжийг барих хөрөнгө оруулалтыг шийдүүлэх хүсэлтийг  Кувейт болон Катарын санд  тавьсан. Санхүүжилт шийдэгдэнэ гэдэг найдаж байна. Улаанбаатар-Дархан чиглэлийн дөрвөн эгнээ зам дуусах шатандаа орсон. Дарханаас цааш Алтанбулаг чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгох замын зургийг хоёр жилийн өмнөөс хийж дуусаад 2025 оны төсөвт санхүүжилтийг суулгасан байгаа. Ингэснээр энэ чиглэлийн зам дөрвөн эгнээ болох ажил эхэлнэ. Саяхан Азийн хөгжлийн банкны удирдлагуудтай 2027 он хүртэлх стратеги хэлэлцэж,  хэрэгжүүлэх төслөө тогтсон. Энэ хүрээнд ирэх жил Налайх-Тэрэлж хүртэлх замын мөн дөрвөн эгнээ болгох замыг зураг хийгдсэн. Төсөв нь батлагдвал энэ төсөл үргэлжилнэ. Аялал жуулчлалын чиглэлийн том зам. Түүнчлэн Налайхаас цааш Бага-Нуурын замыг бас дөрвөн эгнээ болох зэргийг Азийн хөгжлийн банктай ярьж тохирсон. Мөн Азийн хөгжлийн банктай 2027 он хүртэл Хөшгийн хөндийгөөс Чойр хүртэлх дөрвөн эгнээ замын төслийг  эхлүүлэхээр зорьж байна. Чойроос Зам-Үүд хүртэлх энэ чиглэлийн замыг сайжруулна. Хүнд даацын замыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барих төслийг эхлүүлнэ. Өнгөрсөн жил концесийн сонгон шалгаруулалт зарласан. Аж ахуйн нэгжүүд нэлээд сонирхож байгаа. Бид ойрмогхон урд чиглэлийн замуудад ажиллана. Улаанбаатар- Өмнөговь чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгоно. Үүнээс Дундговь хүртэлх замыг дөрвөн эгнээ болгоно. Энэ чиглэлд олон улсын байгууллагаас санхүүжилт босгоно. Ерөнхийдөө хотоос гарах чиглэлийн замуудыг өргөтгөх ажил дээр төвлөрч байна. Монгол Улсын Засгийн газраас анх удаа 2025 оны төсвийг бүсчилсэн хөгжил рүү чиглүүлэн боловсруулж, эдийн засгийн өндөр ач холбогдолтой дэд бүтцийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хийхээр УИХ-д өргөн барьсан. Энэ ажлын хүрээнд эдийн засгийн ач холбогдолтой томоохон авто зам болох Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридор, Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн тээвэрлэлтийн хамгийн өндөр үр ашигтай хэсэг болох Хөшгийн хөндий-Налайх-Чойр-Замын-Үүд чиглэлийн тусгай зориулалтын авто замыг төр- хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх юм.

-2025 оны төсөв хэлэлцэж байна. Танай яам болон бүтээн байгуулалтын эдгээр төслүүдэд хэдий хэрийн төсөв төсөвлөсөн бол?

-Ирэх жил манай салбарт 1.5 их наяд орчим төгрөгийн төсөв төсөвлөсөн. Үүний 780 орчим сая төгрөг нь өмнө нь эхлүүлсэн ажлуудын мөнгө. 600 гаруй нь шинээр эхлэх замын ажлын төсөв. Зөвхөн улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх нь энэ. Гадаадын зээл, тусламжаар хэд, хэдэн төсөл эхэлсэн. Алтай-Улиастай чиглэлийг холбох 178 км замын эхний 40 км замыг барих гүйцэтгэгч шалгарсан. Энэ зам нь аймгуудыг холбоод зогсохгүй хилийн боомтыг холбоход чиглэх юм. Тодруулбал, Алтайгаас Бургастай боомт руу холбогдоно. Мөн Завханы Түдэвтэйгээс Арц-суурын  боомт хүртэлх замын зургийг хийсэн. 2025 оны төсвөөр санхүүжилт нь батлагдах байх. Арц-суурын замыг холбосноор ОХУ, БНХАУ-ыг холбосон босоо тэнхлэгийн зам болно. Ингэснээр энэ нь Завханы Арцсуурын боомтоос Говь-Алтайн Бургастай боомт хүртэлх саадгүй зорчих бүтээн байгуулалт болох юм.

- Мэдээж эдгээр замуудын чанар, аюулгүй байдал чухал. Үүнд танай яам хэрхэн анхаарах бол?

- Үүнд онцгой анхаарч байна. Эдгээр замын төслүүдэд гадаадын зөвлөхүүд нэлээд орж ажиллаж байгаа. Монгол Улсад олон жил үйл ажиллагаа явуулж буй Энэтхэгийн зөвлөх компани байна. Итали, Австри Германы хамтарсан компаниуд бий. Үүнээс гадна технологийн дэвшлийг ашиглан хянах боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн шинэлэг хийгдэж буй ажлаас дурдвал орон нутгийн хэд, хэдэн том давааг засах, сайжруулах явдал. Бид эдгээр даваануудыг хучаагүй орхисон. 2025 онд үргэлжлүүлж хийх юм. Тухайлбал, халтиргаа, гулгаа ихээр үүсгэдэг Архангайн Цагаан даваа, Завханы Солонготын даваа, Тэрэлжийн даваа зэрэг орно. Ирэх жил Солонготын давааны 12 км замыг технологийн шийдлээр намсгаж хучна. Техник, технологи туслалцааны төслийн хүрээнд Дэлхийн банктай хамтран 120 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалттай төслийн замын ажил эхэлнэ. Тээвэр логистикийн холболтуудыг сайжруулах аймаг, хилийн боомтуудыг холбож ачаа бараа цуглуулах, тараах судлуудаа хийх ёстой. Тиймээс ач холбогдол бүхий сумуудыг сонгож авч замуудыг засах, шинээр барих юм. Энэ хүрээнд дэлхийн банк тав орчим сая ам.доллароор  технологийн туршилтуудыг хийнэ. Тухайлбал, газрын цэвдгийн асуудлыг сонгож туршилт хийнэ. Энэ хүрээнд шинжлэх ухааны байгууллагуудтай хамтарч  эрдэмтдийн судалгааны ажлуудыг салбартаа ашиглана. Эхний удаад баруун босоо хэмээн нэрлэж буй  Ховдын Булган болон  Цагаан-Нуур боомт чиглэлд дөрвөн газар дээр Шинжлэх ухааны академийн Цэвдэг судлалын хүрээлэнтэй хамтарч Монголд анх удаа цэвдгийг хайлуулахгүйгээр зам тавих шинэ технологи туршсан. Өөрөөр хэлбэл, замын доогуур нэг төрлийн шингэн хийж дулаан дамжуулахгүй байх технологи. Үүнийг мөн зам тавих явцад байнга хянаж байх юм. Мөн тус академийн газар зүй, нийгмийн хүрээлэнтэй хамтарч хоёр жилийн өмнөөс  нэгэн сонирхолтой судалгаа хийсэн. Бидний хийгээд буй замын холболтууд эдийн засаг, нийгмийн ямар байгууламжуудыг холбож байгааг судалсан. Ингэснээр замуудаа ач холбогдлоор нь эрэмбэлэхэд тустай байна. Ирэх жил манайд 19 шинэ ажил эхэлнэ. Өмнө нь их олон ажил эхэлдэг байсан. Өнгөрсөн жилд гэхэд 80 гаруй байсан. Сумын төвийн 1-2 км зам барих гээд олон жижиг ажил байсан. Тэгвэл одоо бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд эрэмбэлээд бүс нутгийн хувьд  эдийн засгийн ач холбогдолтой байх дэд  бүтцүүдийг судалгааг үндэслэн эрэмбэлсэн. Өнөөдөр 21 аймаг 107 сум авто замд холбогдсон. Одоо нийтдээ 44 сумыг авто замаар холбох ажил хийгдэж байна. Цаашид эдгээр төслүүд хэрэгжсэнээр 40-50 сумыг нэмж холбох ажлыг хийнэ. Эдийн засгийн өсөн нэмэгдэх хэрэгцээ шаардлагыг харгалзан эдийн засгийн ач холбогдлоор нь замуудыг тавьж байна гэдэг нь зарим сумыг холбосноор ямар их цаг хугацааг хэмнэж эдийн засгийн үр ашигтай байх зэргийг харгалзан замаа түрүүлж тавина гэсэн үг.

-Дэлхийн банкны хөрөнгө оруулалт болох 120 сая ам.доллароор хаагуур хэчнээн км зам тавих вэ?

-Дэлхийн банкны 120 орчим сая ам.долларыг таван багц болгож хуваасан. Эхний тендерийг зарлаж гүйцэтгэгч компаниуд шалгарсан. Гадаадын зээл тусламжаар хийгдэж буй ажлыг хэдийгээр бид шалгаруулж байгаа ч тухайн олон улсын байгууллагын дүрэм, журмын дагуу явагддаг. Шалгарсан компанийн материалыг банк хянаж үзээд зөвшөөрөл өгдөг. Архангай, Өвөрхангай, Хэнтий, Төв гэсэн эдгээр аймгуудын нутаг дэвсгэрүүдэд нийтдээ 314 орчим км замыг засах, 54 км зам шинээр барих тендер шалгаруулалт явагдаж байна. Тэгэхээр ирэх онд эдгээр төслүүд бүгд эхэлнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 29. мягмар ГАРАГ. № 29 (7453)

ШААРДЛАГА

ШААРДЛАГА

17 цаг 48 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

21 цаг 6 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

23 цаг 35 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

23 цаг 43 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

23 цаг 46 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

23 цаг 53 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Өчигдөр 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Өчигдөр 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Өчигдөр 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Өчигдөр 09 цаг 54 мин