Х.Одонцэцэг: Сормуус урлал Монголд маш хурдацтай хөгжиж байгаа салбар

2024-10-24
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Х.МОНГОЛХАТАН

 

“Doonoo’s lashe and beauty” салоны захирал, MBEAU Монголын хумс урлал гоо сайхны холбооны удирдах зөвлөлийн гишүүн, сормуус урлалын мэргэжлийн зөвлөлийн гишүүн Х.Одонцэцэгтэй ярилцлаа.

 

-Гоо сайхны салбар өрсөлдөөн ихтэй. Гэхдээ танай салон энэ салбарт ажиллаад удаагүй ч хүмүүст хэдийнээ танил болжээ?

-Би 2019 оноос эхлэн гоо сайхны салбарт хөл тавьж, өөрийн “Doonoo’s” салонаа байгуулсан. Анх гоо сайхан, маникюр, педикюр, вакс гээд бүхий л үйлчилгээг хийдэг байлаа. Яваандаа салон маань өргөжиж, мэргэшсэн гоо сайханчтай болсон юм.

Тэгээд өөрийн сонирхолдоо тулгуурлан сормуус урлалаар дагнан ажиллаж байна. Бас сормуус урлалыг хөгжүүлэхээр хичээн суралцаж, мэргэжлийн багш болж шавь нараа бэлдэж байгаа.

-Урд нь шинэ жил, тэмдэглэлт баяраар л хиймэл сормуус наадаг байсан бол одоо бүсгүйчүүд өдөр тутамдаа будахгүйгээр гоё нүдтэй явах болжээ. Сормуус урлал гэж тусдаа урлаг байх шиг?

-Сормуус бол хүний эрүүл мэндтэй салшгүй холбоотой. Нүд хүний хамгийн эмзэг эрхтэн.

Сормуус хамгаалах гол үүрэгтэй. Гэтэл сормуус нь жижиг, шингэн ч гэдэг юмуу асуудалтай хүн салхинд гарахад нүднээс нь нулимс гоождог. Тиймээс сормуус хийлгэхийг нүдний эмч нар зөвлөдөг болсон. Учир нь сормуус нүдийг гадны нөлөөнөөс хамгаална шүү дээ.

Нөгөө талаар нүдний гоо сайханд чухал үүрэгтэй. Өтгөн урт дэрэвгэр сормуустай хүний нүд цоглог гоё харагддаг. Сормуус урлал гэдэг бол урлаг юм. Нэг нүдэнд дунджаар 150-175 ширхэг сормуус байдаг. Тэгэхээр хэчнээн нарийн чимхлүүр ажил гэдгийг мэдэж болно. Сормуус суулгахад дор хаяж нэг цаг түүнээс ч их хугацаа зарцуулдаг. Тиймээс хэн дуртай нь сормуус урлалаар тууштай ажиллаж чадахгүй.

Маш их тэвчээр, нарийн мэдрэмж, хурц хараа, хоёр тархины зэрэг ажиллагаа, уйгагүй суралцах чадвар, хүний хамгийн нандин эрхтэн болох нүд, хүний хамгийн хүндэтгэлтэй эрхтэн тэргүүнтэй харьцдаг ажил юм. Хоёр тархи зэрэг ажиллаж байгаа нь яаж мэдэгдэх вэ гэж хүмүүс надаас асуудаг. Хоёр хямсаагаар зэрэг ажиллаж байх үед хамгийн их мэдрэгддэг гэж би хариулдаг юм.

Миний сургалтад олон хүн сурдаг. Тэднээс цөөхөн нь сормуус урлалын салбарт ажиллаж үлддэг. Ихэнх нь харагдаж байгаа шигээ амархан ажил биш байна гээд больдог.

Үнэхээр ажилдаа гаршсан чадварлаг хүн л үүнийг бусдад маш амархан юм шиг харагдуулж чадна л даа.

-Хэрэв сормуусыг буруу хийх юмуу эсвэл чанаргүй бүтээгдэхүүн хэрэглэвэл хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?

-Сүүлийн үед бүсгүйчүүд маань сормуус хийлгэх нь ихэссэн. Тиймээс сормуус урлалыг бизнес гэж харж, хийдэг хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Гэтэл тухайн хүний сурсан ур чадвар, материал сонголт маш чухал нөлөөтэй. Хугацаа нь дууссан юмуу, хямд бүтээгдэхүүн сонгож болохгүй. Мөн технологийн алдаа гаргаж бүр болохгүй. Өөрөөр хэлбэл, задлаад удсан цавуу хэрэглэж болохгүй гэсэн үг. Түүнээс гадна аливаа зүйл өөрийн гэсэн стандарттай байдагтай адил сормуусанд ч стандарт бий. Хэрэв эдгээрийг зөрчвөл харшилтай болох магадлалтай. Тиймээс маш нарийн, нямбай, хянамгай хандах ёстой гэж шавь нартай сануулдаг, захьдаг. Мэдээж сормуус урлалыг мэргэжлийн түвшинд эзэмшэн, хөгжүүлж байгаа олон газар бий. Хамгийн гол нь чанартай бүтээгдэхүүнээр сайн хийдэг салоныг олж үйлчлүүлэх хэрэгтэй.

-Хэзээнээс сургалт явуулж эхэлсэн бэ?

-Би сормуус урлалд дурлан суралцаж, дагнан хийж эхэлснээс хойш гүнзгийрүүлэн суралцсаар албан ёсоор 2023 онд багшлах эрхээ авсан. Багшлах сургалтын хөтөлбөрөө боловсруулж батлуулдаг. Хөтөлбөрийнхөө дагуу анхан, дунд, гүнзгийрүүлсэн сургалт явуулахдаа ганцаарчилж заадаг. Энэ нь манай сургалтын давуу тал гэж болно. 

-Сормуус нүдэнд ямар үүрэгтэй вэ гэдгийг та дээр хэлсэн. Тэгвэл гоо сайханд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ гэж асуумаар байна?

-Хүний нүүрний цогц гоо сайхан бүрдэхэд нүд тэр дундаа сормуус чухал үүрэгтэй. Сормуус урлал бол манайд дөнгөж эхэлж байгаа ч маш эрчимтэй хөгжиж байгаа салбар.

2023 онд ОХУ-д очиж сүүлийн үеийн трэнд эффектүүдээр сормуус урлахыг сурч ирсэн. Гэхдээ бараг өдөр бүр л шинэ трэнд, шинэ эффект гарч байна. Хөгжил нь маш хурдацтай байна. Тиймээс энэ салбарт өсөн дэвжих, хөгжих, сурах сонирхолтой хүн л тууштай ажиллана.

Сормуус хийх боломжгүй нүд гэж ер нь л байхгүй. Гэхдээ харшилтай хүнд сормуус хийх хэцүү байдаг. Ялангуяа хавар намрын цагт.

-Нэг үеийг бодоход сормуусны материал сайн чанартай болсон юм болов уу гэж анзаардаг?

-Бүтээгдэхүүн нь улам хялбар, сайн чанартай болж хөгжиж байна. Сормуус хийх явцыг хялбарчлах, цаг хугацааг хэмнэх арга технологи ч гарч байна. Тэр бүгдийг сурч, бусдадаа зааж, сормуус урлалыг монголдоо хөгжүүлэхээр хичээж явна.

-Сормуус хийлгэхээр өөрийн сормуусыг унагачихдаг. Харшилтай болдог гэх мэт яриа байдаг. Энэ бүхэн юунаас болдог вэ?

-Би сормуус хийлгэсэн үйлчлүүлэгчиддээ дараа нь хэрхэн арчилж, хамгаалах талаар зөвлөгөө өгдөг. Хамгийн чухал зөвлөгөө бол сормуус хийлгээд 21 хоногийн дараа заавал авахуулж байх ёстой. Хэдийгээр сормуус нь унаагүй гээд 1-2 сар болчих нь тухайн хүнд эдийн засгийн хэмнэлттэй байгаа мэт боловч эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Учир нь бид ямар нэг байдлаар тенн, контур, крем сормуусандаа хүргэж байдаг. Хэдийгээр орой бүр гэрийн нөхцөлд зовхи сормуусаа цэвэрлэдэг ч салоны цэвэрлэгээг хийж чадахгүй. Тэгэхээр өдөр бүрийн бохирдлыг бөөгнүүлээд удаан явахаар нүдэнд харшил үүсгэнэ. Нүд харшилтай болох гол нөхцөл энэ. Тиймээс 21 хоног болсон л бол салгуулаад шинээр хийлгэж байгаарай гэж бүсгүйчүүддээ зөвлөе.

Манай салон сормуусны нөхөлт хийдэггүй. Үнэхээр нөхөхөөс аргагүй байвал  шинээр хийсэнтэй адил мөнгөөр нөхдөг.

Сормуус унахдаа өөрийн сормуусыг авч унадаг, анх бүдүүн байсан сормуус нарийсдаг зэрэг нь хийж буй арга, хэрэглэж буй бүтээгдэхүүнтэй холбоотой. Сормуус хийхдээ праймер гэдэг бүтээгдэхүүнийг заавал хэрэглэх ёстой. Цавуу химийн өндөр найрлагатай. Сормуусан дээр цавуу түрхэхээр сормуусыг нарийсгадаг. Харин праймер түрхэхээр сормуусны гадуур хамгаалалтын бүрхүүл үүсгэдэг. Тэгэхээр цавууны химийн найрлагаас хамгаалдаг гэсэн үг. Тиймээс сормуус хийлгэж байгаа хүн бүр праймер түрхэхийг шаардаж сурах хэрэгтэй.

Харин сормуус унах нь тухайн хүний арчилгаанаас шалтгаална. Артист зовхиноос авах хэмжээгээ стандартын дагуу авч хийсэн тохиолдолд сормуус нухаж үрж торохгүй. Хэрэв тороод нухаад байвал хүн сормуусаа үрнэ шүү дээ. Хүн нойрондоо ч юмуу, санамсаргүй нүдээ нухаж, үрэх л юм бол өөрийн сормуустай хамт унадаг. Сормуусаа ус, тос, уурнаас хамгаалах хэрэгтэй. Тэгж байж сормуус удаан тогтоно.    

Ер нь сормуус хийсэн артист үйлчлүүлэгчдээ хэрхэн сормуусаа хамгаалах арчлах зөвлөгөөг заавал өгдөг байх ёстой. 

-Танай салбарт мэргэжлийн уралдаан тэмцээн зохион байгуулагддаг шүү дээ. Та энд хэр оролцоотой байдаг вэ?

-MBEAU буюу Монголын хумс урлал мэргэжлийн гоо сайхны холбоо маань монголдоо номер нэг мэргэжлийн түвшний олон улсын стандартад нийцсэн тэмцээн уралдаан зохион байгуулдаг. 2018, 2019, 2022 онуудад зохион байгуулагдсан. Харин энэ жил “MBEAU2024” олон улсын гоо сайхны тэмцээн аравдугаар сарын 28, 29-нд зохион байгуулагдах гэж байна. БНСУ, ОХУ зэрэг олон орноос шүүгч болон гоо сайханчид ирж оролцоно. Энэ удаагийн тэмцээнээс Гранпри авсан оролцогчид арваннэгдүгээр сард ОХУ-д болох Евро Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх өгч байгаагаараа давуу талтай.

Би 2022 оны тэмцээнд гурван төрөлд оролцон байр эзлэсэн. 2023 онд MBEAU эксперт академид суралцаж төгссөн.

Хумс сормуус нүүр будалт гэсэн гурван төрлөөр тэмцээн зохиогддог байсан бол энэ жил шивээс, вакс гэсэн хоёр төрөл нэмэгдсэн. Тэмцээний гол зорилго нь гоо сайхны салбарт стандарт гэдэг зүйлийг нутагшуулах, түгээн дэлгэрүүлэх юм. Олон улсын шүүгчид шүүдэг учраас энэхүү олон улсын тэмцээнд оролцоно гэдэг тухайн артистын хувьд том шалгуур болно. Өөрийгөө сорих боломж юм.

-Сормуус урлал албан ёсны мэргэжил болсон гэсэн үг үү?

-MBEAU буюу Монголын мэргэжлийн хумс урлал, гоо сайхны нэгдсэн холбоо гэж байдаг. Энэ холбоонд хамрагдах сектор бүр тус бүрдээ мэргэжлийн зөвлөл ажиллуулдаг. Холбооноос хумс урлал, нүүр будалт, шивээсний стандартыг батлуулж мэргэжил болгосон. Бид энэ ондоо багтаад сормуусны стандарыг батлуулж, мэргэжил болгохоор ажиллаж байна. Мэргэжил болгосноор сормуус урлаачид тэтгэвэр тогтоолгох зэргээр мэргэжлийнхээ олон боломж, нөхцлийг эдлэх юм.

-Та ганцаарчилсан сургалт явуулдаг гэж байсан. Өөрийнхөө сурсныг бусдад заасны дараа ямар үр дүн хүлээдэг вэ. Таныг энэ салбарт хэн оруулж ирсэн бэ. Магадгүй танд зааж, сургасан багш байгаа байх, тийм үү?

-Би анх 2018 онд youtube.com сувгаас бичлэг харж сурсан. Ингээд 2019 онд сормуус урлалыг мэргэжлийн түвшинд сурах нь зөв юм байна гэж үзээд сургалтын төвд суралцсан. Тухайн үед гоо сайхны сургалтад хамрагдсан учраас сормуусаа өөрийнхөө хүссэн хэмжээнд сурч чадаагүй. Нэг удаа сормуус хийлгэж байхдаа энэ хүнд шавь орж сайн суръя гэж бодогдсон юм. Тэгээд 2020 онд Энхзул багшаараа сормуус урлалыг жинхэнэ утгаар нь заалгасан. Миний багш бол “Lashes by Zulaa academy”-ийн үүсгэн байгуулагч. Энэ салбарт өөрийн гэсэн өнгө төрх, байр сууриа олсон эмэгтэй бий. 

Би өөрийн сурсан мэдсэнийг бусадтай харамгүй хуваалцахыг хүсдэг учраас ганцаарчилсан сургалт явуулдаг. Сормуус урлал гэдэг маш их тэвчээр шаардсан ажил байдаг. Тийм болохоор сайн багшаас сурсан эрдмийг бусдад түгээж энэ салбарын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулахыг зорьж байгаа. Багшийн эрдэм шавьд гэдэг шүү дээ. Маш сайн багшаас суралцаж энэ зэрэгт хүрч байгаа болохоор танай сониноор дамжуулаад багшдаа баярлаж, талархаж явдагаа хэлмээр байна.

Нөгөөтээгүүр, гоо сайхны салбарт мэргэшсэн, мэргэжлийн хүмүүс ажилладаг гэдгийг онцолж хэмээр санагддаг. Учир нь гоо сайхны салбарт мэргэжлийн дамжаа төгссөн, ажил мэргэжилгүй хүмүүс байдаг мэтээр ойлгодог. Үүнийг би өөрийнхөө хийж байгаа үйл хэргээр үгүйсгэж, мэргэжлийн хүмүүсийн ур чадварыг товойлгож харуулахыг зорьж яваа. Учир нь төрөл бүрийн салбарт ажиллаж байгаа хүмүүс өөрийн мөрөөдөлдөө хөтлөгдөн сормуус урлалаар суралцан ажилладаг. Тиймээс салбар бүрийн мэргэжилтнүүд өөр өөрийн онцлогтой бас ур чадвартай байдаг гэж хэлмээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 206 (7450)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

8 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

1 цаг 48 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

6 цаг 7 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

6 цаг 12 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

6 цаг 20 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

6 цаг 25 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

6 цаг 37 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

6 цаг 39 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

7 цаг 1 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

7 цаг 3 мин