Т.САЙХАН
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан МАН-ын бүлгийн хурал дээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх асуудлыг танилцуулжээ. Тэрээр үйлдвэрийн явц, тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын явц, үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтын явцаас мэдээлэл өгсөн. Энэтхэг улсын 1.2 тэрбум ам.долларын зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэртэй болох төсөл 2019 оноос эхэлсэн. Бид дөрвөн багцад хувааж ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний багц дуусах шатандаа яваа. Харин хоёр, гуравдугаар багц хэрэгжээд явж байгаа бол дөрөвдүгээр багц дээр нийт санхүүжилт хүрэлцэхгүй нөхцөл байдал үүсч, 431 сая ам.доллараар нэмэгдэх нөхцөл байдал үүссэн. Цар тахлын дараагаар бүтээн байгуулалтын өртөг хэд дахин өссөн учраас ийм асуудал үүсч байна. Энэтхэгийн Экзим банкнаас 431 сая ам.долларыг нэмж авах гэрээг байгуулснаар энэ төсөл зогсолтгүй явах нөхцөл бүрдэнэ Ингэснээр 2027 оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Бид нэмэлт санхүүжилтын гэрээг яаравчлан байгуулах шаардлагатай байгаа. Өнөөдрийн байдлаар "Петро Чайна Дачин Тамсаг", "Доншин" компаниуд газрын тос олборлож байгаа. Энэ онд 530 орчим мянган тонн түүхий тосыг олборлохоор төлөвлөсөн. Бидэнд нэг сая орчим тонн түүхий тосны нэмэлт хэрэгцээ үйлдвэр ашиглалтад орсноор үүснэ. Бид олборлогч компаниудтай хамтран ажиллаж, хайгуулын талбайгаа нэмж зарлана. Жишээлбэл "Петро Матад" ХХК 2024 оны аравдугаар сарын 25-нд олборлолтын үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа. Саяхан БНХАУ-д Ерөнхий сайд "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ийн толгой компанитай албан уулзалт хийж, олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээр нааштай яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр болсон.1-4 дүгээр багцын гэрээнүүд яг хугацаагаа барьж ажиллана. Харин дөрөвдүгээр багц дээр гэрээ байгуулснаас хойш 36 сарын дотор ашиглалтад өгөх ёстой. Бид маш их яаравчилж, ойрын хугацаанд нэмэлт санхүүжилтээ шийдэж, УИХ-аар баталснаар хүчин төгөлдөр болж эхэлнэ. Үүнээс хойш цаг хугацаа тоологдож эхэлнэ. Энэ нь 1.6 тэрбум ам.долларын төсөл Монголын ард түмэн зээлийг төлөх учраас богино хугацаанд ашиглалтад оруулахыг зорьж ажиллана гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn