Б.Мижиддорж: Боомт нээгээд хөгждөг бол хөгжихөөр л боллоо

2024-10-18
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Нарансэвстэйн боомт нээх талаар тусгагджээ. Тэгвэл байгаль хамгаалах чиглэлд ажилладаг Монголын толгой эрдэмтэд, амьтан судлаачид ялангуяа ховордсон ан амьтдыг хамгаалах чиглэлд насаараа ажилласан эрдэмтэд Говийн их Дархан газарт Нарансэвстэйн боомтыг нээх талаар Засгийн газрын хөтөлбөрт багтсанд ихээхэн санаа зовниж байгаа юм. Энэ талаар биологийн ухааны доктор, профессор, Ховор амьтдын судалгаа, менежментын нийгэмлэгийн тэргүүн Б.Мижиддоржтой ярилцлаа.

 

-Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд багтсан Нарансэвстэйн боомтыг нээж ажиллуулж огт болохгүй талаар та Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд санал хүргүүлсэн юм байна. Танаас өөр эрдэмтэн судлаач, байгаль хамгаалагч нар ч байр сууриа илэрхийлээд эхэлжээ. Энэ яг юу болоод байгаа талаар та тайлбарлахгүй юу?

-Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө өнгөрсөн наймдугаар сарын 24-нд УИХ-аар баталсан.

Энэ удаагийн Засгийн газарт гурван нам хамтарч байгаа. Бодвол тал талаасаа саналаа оруулсан биз ээ. Гэхдээ энд багтсан нэг заалт дээр биологич, судлаачийн хувьд саналаа хэлж, мэргэжлийн хүний байр сууринаас байгаль орчин, улс оронд ирэх хохирлыг нь хэлж сануулахгүй бол болохгүй байна.

-Энэ боомтыг ерээд онд нээж үзээд хаасан гэж дуулсан. Ямар шалтгаанаар хаасан юм бол, байгаль орчинтой холбоотой юу?

-1992 онд Нарансэвстэйн боомтыг нээгээд ердөө дөрвөн удаа ажиллуулаад боомт хүрэх замын дагуу хүн машины хөл хөдөлгөөн ихэссэнээс мазаалай, хавтгай, хулан, хар сүүлт болон бусад зэрлэг амьтад үргэж дүрвэх, хөрсний элэгдэл үүсэх, эвдрэлд орох, баянбүрд, булаг шанд бохирдох мөн хулгайгаар ан хийх зэрэг шалтгааны улмаас Алтайн өвөр говийн цөлийн экосистемд аюул учирч эхэлснийг харгалзан боомтыг хаах шийдвэр гаргасан юм. Дараа нь хоёр ч Засгийн газрын үед ажлын хэсэг гаргаж, боомтыг сэргээх тухай шалгаж үзээд үнэхээр боломжгүй гэдгийг тогтоож байсан. Тиймээс энэ удаад төлөвлөгөөнд тусгасан уг заалтаа эргэн харна гэдэгт итгэж байна.

-Ер нь Говийн их дархан цаазат газарт ямар, ямар төслүүд хэрэгжиж байсан бэ. Зөвхөн монголчуудын төдийгүй дэлхийн хэмжээний том судлагдахуун газар гэж ойлгоод байгаа?

-1978-1981 онд НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрөөс “Говийн их дархан цаазат газрыг байгуулахад дэмжлэг үзүүлэх” төсөл, 2003-2007 онд Даян дэлхийн байгаль хамгаалах сан, НҮБХХ-өөс “Их говийн экосистем түүний шүхэр зүйлийг хамгаалах” төсөл, 2018-2021 онд БНХАУ-ын Засгийн газраас “Мазаалайд техникийн туслалцаа үзүүлэх” төсөл зэрэг олон улсын томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжсэн. Өөрөөр хэлбэл, Говийн их дархан цаазат газар нь дэлхий дахины ач холбогдолтой дэлхийд данстай бүс нутаг. Цөлийн экосистемийг бүрэн, бүтэн онгон байдлаар нь хадгалж үлдээхийн тулд гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид хичээж ирсэн чухал бүс нутаг гэж ойлгож болно. Дэлхий дээр ийм онгон зэрлэг газар ховор үлдсэн. Говийн их дархан цаазат газар талбайн хэмжээгээрээ дэлхийд тавдугаарт ордог.

-Та Говийн их дархан цаазат газрын талаар хүмүүст энгийнээр тайлбарлаж өгөхгүй юу. Яг ямар, ямар хэсэг багтдаг, хэзээ байгуулагдсан гээд?

-Говийн их дархан цаазат газар бол Төв Азийн говь цөлийн экосистемийн онгон төрхийг хадгалж үлдсэн, хүний мөр бараг хүрээгүй бүс нутаг гэж болно. Энд говь цөлийн нэн ховор, олон зүйлийн амьтан, ургамал хадгалагдаж үлдсэн учраас олон улсын ач холбогдол бүхий цөлийн загвар бүс нутаг гээд байгаа юм. Бүр 1940-1950-иад оны үеэс орос, монгол эрдэмтдийн олон жилийн судалгаа, хайгуулын үр дүнд энэ газар нутгийг хамгаалалтад авах шаардлагатайг онцолж, улмаар 1975 онд Говийн их дархан цаазат газрыг байгуулснаа анх зарлаж байлаа. 1991 онд Говийн их дархан цаазат газрыг дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэсэн. Говь цөлийн экосистемийг хамгаалж, хадгалж авч үлдэх нь манай улсын төдийгүй дэлхийн хэмжээнд чухал учраас олон улсын байгууллагууд ч анхаарлаа хандуулан томоохон төслүүдийг хэрэгжүүлж ирсэн нь тэр юм. Говийн их дархан цаазат газар нь Алтай өвөр говийн “А”, Зүүн гарын говийн “Б” бүс гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. “А” хэсэгт нь Говь-Алтай аймгийн Алтай, Цогт, Эрдэнэ, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумдын хэсгээс багтсан 4.633.300 га талбай хамрагддаг. Харин “Б” хэсэг нь Говь-Алтай аймгийн Бугат, Тонхил, Алтай, Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сумыг хамарсан 1.835.725 га газрыг хамардаг.

-Энэ бүс нутаг яг ямар амьтад, ургамалтай, экологийн онцлог нь ямар талаар та хэлж өгөхгүй юу?

-Энэ газрыг дархалж авч үлдснээр хавтгай, мазаалай, хар сүүлт, хулан, аргаль, янгир, цоохондой, цоохор ирвэс гээд нэн ховор хөхтөн амьтад, заган ой, тооройн төгөл, сухайн шугуй болон бусад олон зүйл ховор шувуу, мэрэгч, хэвлээр явагч амьтад хадгалагдаж үлдсэн гэдгийг дахин хэлмээр байна. Говийн их дархан цаазат газрын “А”, “Б” хэсэгт зөвхөн Монголд байдаг мазаалай, баавгай болон Монгол, Хятад гэсэн хоёрхон улсад амьдардаг хавтгай тэмээ бий. Мөн хулан, аргаль, янгир гэх мэт нийтдээ устах аюулд орсон, ховордсон, олон улсын хууль эрх зүйн үндэслэлээр хамгаалалтад авах шаардлагатай 37 зүйл амьтан бүртгэгдсэн байдаг. Манайхны сайн мэдэх холимог идэшт том хөхтөн-мазаалай буюу говийн баавгай арван мянган жилийн туршид говь цөлийн амаргүй нөхцөлд хэрхэн хувьсаж, яаж тэсч ирсэн бэ гэдэг нь шинжлэх ухаан, танин мэдэхүй, соёлын талаасаа ч онцгой ач холбогдол үнэ цэнтэй. Дэлхийн амьтан судлаачдын анхаарлыг татаж, судлагдахуун болсоор ирсэн. Монголчуудын эртнээс “тэмээн гөрөөс” гэж нэрлэдэг хавтгай тэмээ нь онгон зэлүүд Алтайн өвөр говийн цөлд үлдэж хоцорсон нь бас л судлахаас аргагүй сэдэв. Дэлхийд цор ганц энэ газарт л байдаг мазаалайн тоо толгой 50 орчим бол дэлхийд 1000 хүрэхгүй хавтгай үлдсэнээс 600 гаруй нь Монголд байгаа юм. Мөн устаж үгүй болоод дахин нутагшуулсан тахийн гол идээшил нутаг бол энэ дархан цаазат газрын “Б” хэсэг буюу Зүүнгарын говь.

-Энэ том хөхтөн амьтдыг хамгаалж байж бүс нутгийн бусад амьтан, ургамлуудаа хамгаалж үлддэг юм байна гэж ойлгодог. Хэрэв энэ эзгүй ээрэм талд зам тавьж, боомт нээгдвэл ямар эрсдэл гарах бол?

-Энэ хөхтөн амьтад өргөн уудам нутагт шилжиж, нүүдэллэж явдаг онцлогтой. Хүн, машины дуу чимээ гарснаар тэд үргэж идээшилт нутгаасаа дайжиж алга болно. Энэ зэрлэг амьтдын тархац нутаг хуваагдаж, улирлын шилжилт, нүүдлийн зам хаагдана.  Нарансэвстэйн боомтоос Өргөстэйн застав хүртэл хилийн зам дагуу байрлах Хавтгайн шанд, Энгэрийн ус, Талын мэлтэс, Нүдэн булаг, Хонхор сухайт, Бэлийн мэлтэс, Нарийн тоорой, Сайрын хошуу зэрэг булгуудаас хавтгай, мазаалай, хар сүүлт, хулан, аргаль, янгир зэрэг олон зүйл зэрлэг амьтад ундаалдаг. Гэхдээ тэд нэг уст цэгээс дараагийнх руу хүрэх гэж 50-100 км явж хүрдэг. Энэ газруудаасаа ундаалж чадахгүй болохоор дараа нь бэлчээр, усны асуудал хүрэлцэхгүй  болох зэргээр маш олон хүндрэл үүснэ. Энэ нутагт мазаалай 500-2500 гаруй км2  газрыг эзэмшиж амьдардаг. Энд хөл хөдөлгөөн эхэлбэл хавтгай дор хаяж 60 км, мазаалай 20-30 км дайжиж явна. Мөн энэ хавийн ус тойрмын ундарга багасана, бохирдоно. Говийн хайрга чулуугаар өнгөц бүрхэгдсэн зөөлөн хөрстэй, тачир сийрэг ургамалтай цөлийн эмзэг экосистем элэгдэл эвдрэлд орж  доройтон, байгалийн дахин давтагдашгүй онгон байдлаа алдана. Хоорондоо шүтэлцээтэй говь цөлийн экосистем алдагдахаар тэр нь дахиж сэргэхгүй байх эрсдэлтэй. Хохирол нь маш их. Үүнийг мөнгөөр хэмжих аргагүй. Тоо толгой нь ийм бага эдгээр амьтдыг хамгаалахын тулд амьдрах орчин, амьдрах орон зай, ундаалах уст цэг, өвс ургамал, баянбүрд зэргийг нь авч үлдэх ёстой. Хөдөлгөөн нэмэгдснээр хөрс элэгдэл, эвдрэлд орж хөрсөн бүрхэвч нимгэрч үндсэндээ ургамалгүй болно гэсэн үг. Зарим газраа заган ой, зээргэнэ, шар мод гэх мэт говийн модлог ургамлууд ургасан байдаг. Тэгэхээр хилийн зам тавих бүтээн байгуулалтын явцад хөрсөн бүрхэвч элэгдэл, эвдрэлд орно. Тэгснээр шороон шуурга, элсэн шуурга маш ихээр нэмэгдэнэ. Мөн хүний нөлөөгөөр булаг шанд бохирдох, усны эх үүсвэр, ундарга багасах сөрөг нөлөө бий болно.

-Ер нь эдийн засгийн ач холбогдолтой гэсэн үгийг манайхан урьтал болгодог л доо. Тэр хүмүүст юу гэж хэлэх вэ?

-Зөвхөн боомт бариад эдийн засгийн ашигтай гэж хэн хэлээд байгаа юм бэ. Одоо цагт байгалиа хамгаалж авч үлдэж эдийн засгийн давуу тал үүсдэг болсон. Ер нь боомт нээх асуудал бол мэргэжлийн судлаачдын санал дүгнэлтэд тулгуурлах ёстой. Олон жилийн судалгааны баримтуудыг нарийн авч үзэх хэрэгтэй. Байгальд үзүүлэх сөрөг нөлөөллийг урьдчилан тооцож, үнэлгээ хийлгэсэн байх шаардлагатай. Нэн ялангуяа Говийн их дархан цаазат газар, түүний онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс зэрэгт үнэлгээ хийгдэх ёстой. Өмнө нь туршаад, гашуун сургамж үлдээсэн энэ хилийн боомтыг дахин нээх тухай бодож байгаа нь үндэслэл муутай,  дутагдалтай шийдвэр юм.

-Тэгвэл энэ боомтыг нээхгүй байлаа гэхэд тухайн бүс нутгийг хөгжүүлэх ямар гарц байна вэ?

-Энэ боомтыг нээлээ гээд нутгийн иргэдэд хөгжил ирж, нээхгүй байснаас хөгжихгүй байна гэвэл учир дутагдалтай. Боомт нээгээд хөгждөг бол хөгжихөөр л боллоо.

Хэнд илүү ашиг нь ирж, хэнд хохирол нь ирэх нь энгийн хүнд ч ойлгомжтой харагдаж байгаа. Нарансэвстэйгээр хил дээрээ ойрхон түүхий эд аваачих нь Хятадын Ганьсу мужийнханд л ашигтай. Түүнээс тэндээс 200 гаруй км-ийн зайнд Бургастайн боомт ажиллаж л байна. Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт байх энэ боомтоор аймгийн иргэд орж гараад олон жил болсон. Харамсалтай нь энэ боомтын хүчин чадал, дэд бүтцийг нь сайжруулах ажил олон жил орхигдож ирсэн. Тэр хүнгүй, ээрэм говь цөлөөр биш энэ тогтсон зам харгуйгаараа явж Бургастайн боомтын үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх боломжтой. Нутгийн иргэд үүнийг л хүсэж байгаа. Боомт нээгдсэнээр ч хөгжил ирээд байдаг юм биш. Байгаа үнэт зүйлээ үгүй хийж, хөгжилд хүрнэ ч гэж байхгүй.

Харин үнэ цэнтэй зөвхөн Монгол орны нутагт буй хавтгай, мазаалай болон тэнд буй бусад амьтан, ургамал, “Их говийн экосистем”-ийг  сүйрлийн зам руу хөтлөх гээд байна шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 202 (7446)

 

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

1 цаг 21 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

3 цаг 1 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

7 цаг 20 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

7 цаг 25 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

7 цаг 33 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

7 цаг 38 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

7 цаг 50 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

7 цаг 52 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

8 цаг 14 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

8 цаг 16 мин