Ж.Энхжаргалан: Томоохон төслүүдээ зоригтой хөдөлгөж, хурдтай хэрэгжүүлэх хэрэгтэй

2024-10-02
Нийтэлсэн: Админ
 12 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Ж.Энхжаргаланг урьж, ярилцлаа.

 

-Хоёулаа ярилцлагаа энгийн асуултаас эхэлье. Та НИТХ-д нэр дэвшин өрсөлдөж байна. Сон­гуулийн сурталчилгаа эхлээд хэд хоно­чихлоо. Ер нь сонгуульд өрсөл­дөх ямар байна.  Өмнө нь та бизнесийн салбарт ажиллаж, магад­гүй бараа бүтээгдэхүүнээс эхлээд урлагийн тоглолт дээр маркетинг хийж олон нийтэд санал болгодог байсан болов уу.  Харин одоо иргэдэд өөрийн хийж хэрэг­жүүлэх ажлаа санал болгож, на­майг дэмжээрэй гээд явж шүү дээ?

-Ер нь амаргүй л ажил юм. Өмнө нь би ямар нэгэн нэр дэвшигчийн сонгуулийн штабт ч юм уу ажиллаж байгаагүй учраас мэдэхгүй, чадахгүй зүйл их гарч байгаа. Үүнийгээ дагаад надад шинэ сорилт болж, улс төр талаасаа буюу улс төрийн намын үйл ажиллагаа, сонгуулийн процессоос их зүйл сурч байна.  Харин PR,медиа, маркетингийн чиглэлд бол надад санаа зовох зүйл байхгүй.

Сонгуулийн штабаа байгуулаад, ухаалагч, PR багаа удирдаад сурталчилгаагаа эхлүүлээд явж байна.  Томоохон хурал, цуглаан, хөгжмийн наадам зохион байгуулж байсан туршлага надад бий.  Харин энэ удаа түүнээс илүү өндөр түвшинд, олон нийтийн эрх ашгийн өмнө хариуцлагатай ажиллах үүрэг оногдож байна гэж ойлгож байгаа.     Түүнчлэн сонгуулийн өрсөлдөөн гэдэг өөрөө их сонирхолтой талбар шүү дээ. Би багаасаа л өрсөлдөх дуртай хүүхэд байсан. Өрсөлдсөөр ч ирсэн. Тэгэхээр над руу  өрсөлдөөний ямар ч “тоглолт” чиглэж ирсэн хүлээж аваад хариу үйлдэл үзүүлэх бэлтгэл бий.  Мэдээж бизнесийн өрсөлдөөнөөс улс төрийн өрсөлдөөн өөр л дөө.  Хар PR-ийн шинжтэй байгааг үгүйсгэхгүй. Аливааг харлуулсан, гүтгэсэн, мэдээ мэдээллүүд явах л юм.  Тэр бүхэнд ач холбогдол өгөлгүй, шударга сайхан өрсөлдөё л гэж бодож байна.

-Таныг Хотын дарга Х.Нямбаатарын зөвлөхөөр томилогдоход олон нийт янз бүрээр хүлээж авсан. Ер нь яагаад улс төрд орох шийдвэрийг гаргасан вэ.  Магадгүй та сайн бизнесмэн биш юм уу?

-Би бизнесийн салбарт ажилладаг ч гэлээ хувь хүн талаасаа шүүмжлэгч зан чанартай.  Гэхдээ хий хоосон шүүмжилж байсангүй, шүүмжлэн сайжруулах ёстой гэсэн байр суурьтай байдаг.  Ер нь би ганц ширхэг хадаас хадаж үзээгүй хүн биш шүү. Ажлыг "0"-ээс эхэлж, шал угааж, шавар хүртэл зуурч явлаа. Хийж бүтээж, хөдөлмөрлөж, ажлын байр бий болгож, 300 орчим хүнтэй байгууллага удирдаад явж байгаа. Улаанбаатарт ажил яаж явдгийг хамгийн сайн мэднэ. Ийм байр сууринаас шүүмжлэх нэг хэрэг, харин гараа хумхиж суучхаад, юу ч хийдэггүй амаа билүүдэж шүүмжлэх бас өөр хэрэг.  Үүний зааг ялгааг олон нийт, төр засгийнхан маань сайн ойлгох хэрэгтэй.  Иргэдийн эрх ашгийн төлөө нийслэлийн гудамжаар алхахад л өдөр тутам тулгардаг асуудлуудад шүүмжлэлт байр сууринаас хандаж ирсэн.  Дугуйн зам, автозам, шонгийн мод гээд л.   Миний хөндөж тавьсан асуудлуудыг төрийн байгууллагууд минь тусгаж аваад засах болов уу гэдэг хүлээлт ч байдаг байлаа.  Тэр дунд шийдвэрлэгдсэн асуудал бий.  Гэхдээ сүүлдээ маш их шүүмжлээд ирэхээр эргээд өөрөө нийгмийн сөрөг зүйлүүдтэй тулж эхэлсэн.  Миний эсрэг компанит ажил ч явагдаж байсан.  Харлуулж, гүтгэж, нэр хоч өгч байлаа.  Ингээд би бодсон л доо.  Хүмүүс ч надад зөвлөсөн.  Үнэхээр энэ нийгмийг өөрчилж, сайн сайхан болгоё гэж чин сэтгэлээсээ бодож байгаа бол гаднаас нь чулуу шидэх биш дотроос нь үзэх ёстой юм билээ.   Тэгээд ч “Биеэ засаад гэрээ зас.  Гэрээ засаад төрөө зас” гэдэг үг бий.  Би өнөөдөр 39 настай.  Бизнесийн салбарт 20 орчим жил чанагдсан байна.  Эхнэр, гурван хүүхдийнхээ хамт Хан-Уул дүүрэгт амьдардаг.  Одоо миний улс төрд орох цаг болсон гэж бодсон.  Надад бизнес хийж, багаа амжилттай удирдсан туршлага бий.  Сурч мэдсэн зүйл минь ч бага биш.  Насны хувьд ч яг л тохирсон цаг хугацаа юм.  Ер нь аливаа асуудалд шүүмжлэлт байр сууринаас хандахад “Тэгвэл чи  өөрөө төрд орж ирээд хийгээч”, “Чи сонгуульд нэр дэвшээч”, “Дэмжээд явъя” гэдэг санал сэтгэгдэл олон ирдэг. Үнэн худлыг нь би сайн мэдэхгүй ч олонхыг нь органик санал гэдэгт итгэдэг.  Одоо миний цахим хаяг 100 гаруй мянган дагагчтай.  Миний дагагч нар бизнес хийдэг, ажил хөдөлмөр эрхэлдэг, нийгэмд ямар нэгэн байдлаар баялаг бүтээгээд явж байгаа хүмүүс бий.  Тэр ч утгаараа гаргаж тавьсан асуудал минь тодорхой түвшинд хүрээд байдаг.  Ер нь  олон нийтэд юу хүрдэг вэ гэхээр үнэн л хүрдэг.  Би аливаа асуудалд үнэн байхыг хичээдэг.  Болохгүй, бүтэхгүй зүйл байвал ямар ч дарга, цэрэг байсан шууд хэлчихдэг талтай.  Энэ минь ч зөв байсан.  Тэгээд Хотын дарга Х.Нямбаатар надад зөвлөхөөр ажиллах санал тавиад, зөвшөөрсөн.

-Хотын дарга Х.Нямбаатарын баг эхлээд их эрч хүчтэй, хурдтай ажиллаж байсан.  Одоо ямар байгааг сайн мэдэхгүй юм.  Та шүүмжлэгчийн байр сууринаас Хотын даргын зөвлөхийн байр суурин дээр очиж ажиллахад ямар байсан бэ.  Юу зөвлөж ажиллав?

-Би бизнесийн салбарт олон жил чанагдсан хүн.  Мөн нийгмийн хэд хэдэн томоохон асуудалд хүчтэй дуу хоолой болж ажилласан.  Дараагийн нэг чухал зүйл нь нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт томоохон бүтээн байгуулалт хийж, терминал барьж байна.  Нийгмийн хариуцлагын хүрээнд дулаан зогсоол барьсан.  Ер нь жил бүр нийгэм рүү чиглэсэн ямар нэгэн зүйлийг хийж хэрэгжүүлсээр ирсэн. Энэ бүхнийг минь Хотын дарга Х.Нямбаатар олж харж, бизнесийн салбарын залуучуудын дуу хоолой хэмээн нийгмийн бодлого, бүтээн байгуулалт хариуцсан зөвлөхөөрөө урьсан болов уу гэж боддог.   Өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн Хотын удирдлагын багт орж ажиллалаа. Хамтдаа, багаараа “Бүсчилсэн хөгжлийн форум”-ыг зохион байгууллаа.  Тус форумаар “20 минутын хот” хөтөлбөрийн ерөнхий концевцыг гаргасан байдаг.  Түүний дараагаар “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн өмчлөлийн асуудал яригдаж, 100 хувь нийслэлийн өмчлөлд шилжсэн.  Ингээд энэ жилийн баяр наадмыг урьд хожид байгаагүй маш сайхан зохион байгуулмаар байна гэсэн даалгаврыг авсан. “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн захирал болж, энэ газрыг өөд нь татаж, стандарт руу дөхүүлэх гэж хичээж, ажиллалаа. Түүнчлэн шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн асуудал яригдаж байгаа.  Ажлын хэсгийг нь миний бие ахалж, судалгаа, зураг төслийн ажлыг эхлүүллээ.

-“Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн захирлаар ажиллах нь танаас их хол зүйл биш байсан байх, тийм үү.  Энд ирээд ажлаа юунаас эхлэв?

-Надтай хамгийн ойр ажил байсан нь үнэн. Яагаад гэхээр Төв цэнгэлдэх хүрээлэнд бид хөгжмийн наадмаа бараг 10 орчим жил зохион байгуулж, хамтран ажилласан.  Тухайн үед “Төв цэнгэлдэх хүрээлэн энийгээ засчихгүй яасан юм бол. Энийгээ ингэчихгүй яав даа” гэж бодож, хүлээж авч байсан зүйл олон байлаа.  Алдаа дутагдалтай зүйлийг нь аль хэдийн гаднаас нь олоод харчихсан, гарч шийдэл нь байсан гэсэн үг.  Ингээд захирлын ажлыг аваад 20 жил хийгээгүй байсан ажлыг гурван сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн.  Нэг зүйлийг баталгаатай хэлж чадна. Надаас өөр хүн захирал болсон бол ийм төсөвтэйгөөр Төв цэнгэлдэхийн ажлуудыг хийж, хэрэгжүүлж чадахгүй байсан. Тэгэхээр зөв хүмүүсийг, зөв газар нь, зөв цагт томилох нь ямар үр дүнтэй байдгийг харуулж чадсан гэж бодож байна. Гэхдээ үүнээс нэг ажиглагдсан зүйл нь манайхан ерөөсөө бие биеэ дэмждэггүй юм билээ. Ялангуяа салбар дотроо шүү дээ. Намайг Төв цэнгэлдэхийн захирал болоход энэ салбарын олон хүн дургүй байсан.  Урдуур, хойгуур юм ярьж, янз бүрийн хар мэдээ, мэдээлэл хүртэл гаргаж байсан.  Энэ хандлага нь манайхныг хөгжлөөс хойш татдаг юм билээ шүү, яг үнэндээ. 

-Та тийм хандлагад хэр ач холбогдол өгдөг хүн бэ?

-Би ач холбогдол өгдөггүй, зүгээр өнгөрөөчихдөг.  Гэхдээ хүн л юм чинь сонсоно.  Урам хугарч, хүлээлт унана.

-Төв цэнгэлдэх хүрээлэн өнгөрсөн зун хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Олон нийтэд нээлттэй ажилласан. Цаашид менежментийн хувьд яаж ажиллах нь зүйтэй гэж харж байна вэ?

-Өнгө төрх нь харьцангуй сайжирчихлаа.  Менежментийн хувьд мэдээж шинэчлэгдэх шаардлагатай. Өвөл, зун харгалзахгүйгээр тоглолтгүй үедээ иргэдэд нээлттэй байхаар болсон. 20-30 жил хаалттай байсан хаалгыг нь нээсэн гэсэн үг. Төв цэнгэлдэхийг тойроод автомашингүй бүс болгосон.  Ер нь иргэд юу хүсэж байна тэр өнцгөөс харж, нөхцөл боломж, төсөв мөнгөндөө тааруулаад хийх ёстой бүхнийг хийсэн. Санхүү, менежментийн хувьд ч сайжирсан. Орлоготой болсон. Төв цэнгэлдэх хүрээлэн өнгөрсөн 30 жилийн хугацаанд 230 гаруй сая төгрөгийн ногдол ашиг тараасан байдаг. Би өнгөрсөн дөрөвдүгээр сард ажлаа аваад долоодугаар сарын 30-нд ажлаа өгсөн.  Энэ хугацаанд “Төв цэнгэлдэх хүрээлэн”  хоёр тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна.  Мэдээж хувьцаат компани учраас ашгийн төлөө явна.  Тэгэхээр менежментийн багийг нь зөв угсраад явчихвал төр муу менежер биш юм гэдгийг харуулсан нэг жишиг болсон.  Дээр нь иргэд маань ая тухтай, нам гүм орчинд амралтаа өнгөрүүлэх хэрэгтэй.  Улаанбаатарын хамгийн нам гүм орчныг энд хэсэгхэн хугацаанд ч гэсэн бүрдүүлэх гэж хичээсэн.  Иргэд маань тоглолтгүй бол өглөө, өдөр, орой ямар ч үед ирээд алхахад цаанаасаа тайвшралыг мэдэрдэг болсон.  Энэ бол ямар ч хөрөнгө мөнгөөр хэмжээлшгүй зүйл шүү дээ.

-Та Хан-Уул дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж байна.  Нийслэлийн хэмжээнд тулгамдаж буй гол асуудал бол түгжрэл.  Түгжрэлийн асуудлыг хэрхэн шийдэх вэ. Танд ямар шийдэл байна вэ?

-Хотын баг аливаа асуудлыг бүх сувгаар хурдтай, чанартай, дайрч хийх хэрэгтэй. Тэгж байж аливаа асуудал шийдэгдэнэ.  Бид цаг хугацаатай уралдахаас өөр аргагүй. Хурдтай ажиллаж байхад ганц нэг алдаа гарахыг үгүйсгэхгүй.  Алдаагүй ажил гэж байдаггүй.   Х.Нямбаатар даргын баримталж байгаа стратеги, тактик ерөнхийдөө зөв.  Гэхдээ цаашид бид чанар, хурд дээр анхаарах ёстой.  Томоохон төслүүдээ явуулах хэрэгтэй.  Түүнээс биш өнөөдөр бид хотын жижиг сажиг асуудал дээр ач холбогдол өгч, тэрэнтэйгээ зууралдсаар байвал хөгжихгүй.  Түгжрэлийн асуудал дээр хэл ам дагуулаад байгаа метро нь байна уу, LRT нь байна уу хамаагүй.  Бид нүүр тулах л ёстой.  Саяхан Яармагийн шинэ гүүр ашиглалтад орсон.  Тэр хавийн түгжрэлийн 30 хувийн асуудлыг шийдэж байгаа.  Цаашид дахиад л түгжрэл, нягтрал нэмэгдэнэ. Шаардлагатай бол дахиад гүүр барих хэрэгтэй. 

-Та “Яармагийн замд болзоорой” гэж жиргэсэн байсан шүү дээ.  Яагаад тэгж бичсэн юм бэ?

-Би амьдрал дээр шооч хүн л дээ.  Хэсэгхэн инээд ч өөрөө аз жаргал шүү дээ. Манай хот шиг стресстэй хот байхгүй. Гэрээс гараад л мөнгө бодно. Тэгээд хүн хоорондын харилцааны асуудлууд байна.  Маш стрэсстэй.  Машин сигналдсан ч стрэссдэж байдаг.  Тэгэхээр өөрийн орон зайдаа жаахан ч гэсэн стрессгүй амьдрахыг хүсдэг.  Дагагчиддаа  хааяа дархлаа нэмдэг гэх үү дээ.  Тэр утгаараа “Яармагийн замд болзоорой” гэж жиргэсэн минь үнэн.

-Улс төрд яваа хүмүүсийн гэр бүл удам судрыг харах сонирхол манайханд байдаг.  Та хаана төрсөн бэ.  Аав ээжийнхээ тухай ярихгүй юу?

-Би сэхээтэн гэр бүлд төрсөн, айлын хэнз хүүхэд.  Аав минь насаараа эдийн засагч хийсэн, Булган аймгийн Дашинчилэн сумын гаралтай хүн. Ээж минь Завхан нутгийн хүн. Эрүүл мэндийн салбарт хүүхдийн их эмчээр насаараа ажилласан хүн.  Эх нялхас, Төмөр замын эмнэлэгт ажиллаж байсан.  Миний хүүхэд нас Сансрын тунел орчимд өнгөрсөн.  Харин одоо Хан-Уул дүүрэгт эхнэр гурван хүүхдийнхээ хамт амьдарч байна.   Би айлын хэнз хүүхэд байсан учраас айлын ганц хүүхэд шиг л өссөн.  Ах эгч хоёр минь надаас 20, 22 насаар ах.  Бүх асуудалтайгаа өөрөө нүүр тулж, өөрөө шийдэж өссөн.   Гэр бүлийнхээ дэмжлэгийг аль болох авахгүй байхыг хичээдэг, бие даасан хүүхэд байлаа.  Ер нь эргээд бодоход би гэр бүлээсээ маш сайн хүмүүжлийг авсан билээ.  Тэр нь амьдралд минь маш их хэрэг болсон.  Аав ээж минь намайг дэлхийд нэртэй их сургуульд явуулж өгөөгүй ч гэсэн би боломжийн боловсрол эзэмшсэн. Арван жилийн сурагч байхдаа л ажил хөдөлмөр эрхэлж, үнэ цэнийг нь мэдэрч өссөн.  Ер нь их хөдөлгөөнтэй, сэргэлэн хүүхэд байсан даа. Энэ нь өнөөдрийн миний үнэ цэнийг бий болгосон.  Намайг маш сайн хүн болгож өсгөж, хүмүүжүүлсэн аав, ээждээ маш их баярладаг.

-НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдвол таны ажилд, карьерт нэг шинэ хуудас нээгдэх байх. Төрийн ажил явдгаараа явах нь тодорхой.  Та хувь хүний баримталдаг зарчим, үзэл бодол талаасаа юу хийх вэ.  Юу амлаж чадах вэ?

-Би бүхнийг мэдэхгүй ч менежер хүний олон жилийн туршлагаар аж ахуй, зохион байгуулалтын ажлыг маш сайн хийж чадна. Мэдэхгүй зүйлээ би их хурдан сурдаг.  Өнөөдөр би улс төр мэдэхгүй, шинэ хүн ч гэлээ, надад зорилго, зорилт ирээдүй байна.  Хүмүүс залуу хүн хэрэгтэй байна, энэ улс орныг залуучууд авч явна гэж ярьдаг.  Энэ удаагийн НИТХ-д МАН-аас нэр дэвшсэн нэр дэвшигчдийн дундаж нас 41 байна.  Энэ бол маш сайн үзүүлэлт. Одоо бид залуучуудаа дэмжих хэрэгтэй.  Би энэ удаагийн сонгуулийн уриагаа маш бодож гарсан.  “Тултал хийнэ” гэсэн уриатай.  Ер нь би аливаа ажлыг аваад эцсийг нь үздэг, маш чанартай хийх гэж оролддог ийм л хүн.  Би дарга болох гэж биш ажил хийх гэж нэрээ дэвшүүлсэн.  Тултал хийнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 2. ЛХАГВА ГАРАГ. № 191 (7435)

 

zail 2
“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

5 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

5 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

5 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

11 цаг 10 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

Өчигдөр 06 цаг 00 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

Өчигдөр 06 цаг 00 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

Өчигдөр 06 цаг 00 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Уржигдар 17 цаг 51 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

Уржигдар 15 цаг 44 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

Уржигдар 14 цаг 24 мин