Н.Мөнх-Идэр: “Эрдэнэс Монгол” нэгдэл аж үйлдвэржилтийн шинэ сэргэлтийн суурь хөрсийг бэлдэнэ

2024-09-30
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Батчулууны АЛТАНГЭРЭЛ

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг.  Энэ удаагийн зочноор "Эрдэнэс ҮТП” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэртэй ярилцлаа.

 

Боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлснээр нэг хүнд ногдох ДНБ өснө

БЛИЦ

 

Боловсрол:

-2007 онд: Олонлог дунд сургууль.

-2011 онд: Hebei University Үйлдвэрлэлийн удирдлага (бакалавр).

-2017-2019 онд: Zhejiang University Чөлөөт бүсийн эдийн засаг (магистр).

 

Ажлын туршлага:

-2011-2012 онд: “Бодит Прогресс” ХХК (Үл хөдлөх хөрөнгө, хэвлэл мэдээлэл) Ерөнхий менежер.      

-2012-2013 онд: “Алтайн хүдэр” ХХК (Уул уурхай, баяжуулах үйлдвэр) Бизнес хөгжлийн менежер.      

-2013-2014 онд: “Сайншанд Аж Үйлдвэрийн Парк” (Аж үйлдвэрийн парк) Хөрөнгө оруулалт хариуцсан менежер.

-2013-2018 онд: “ЭМ ЭН АЙ ЖЭЙ” ХХК (Авто зам, барилга)  захирал.         

-2018-2020 онд: Zhejiang University хот хөдөөгийн төлөвлөлт судалгааны хүрээлэн (БНХАУ-ын баруун, хойд нутгийн АҮП, боомт төлөвлөлт) Боомтын төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн.          

-2020-2023 онд: “BUM” ХХК (Ашигт малтмал боловсруулалт, гадаад худалдаа) захирал.

-2024 оноос: "Эрдэнэс ҮТП” ХХК-ийн гүйцэтгэх захирал.

-УИХ-аас 2022 онд баталсан Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Засгийн газрын 2023 оны 257 дугаар тогтоолоор төрийн өмчит үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлагын “Эрдэнэс ҮТП” ХХК нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 100 хувь охин компани хэлбэрээр байгуулагдсан. Үйлдвэрлэл, технологийн паркууд нь орд газруудын эрдэс баялгийн үнэ цэнийг нэмэгдүүлж, аж үйлдвэрийн гинжин хэлхээг бий болгох замаар Монгол Улсад хими-металлургийн салбарыг хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн эзэмшилд буй орд газруудын түүхий эдийг баяжуулах, боловсруулах боломж бүхий платформыг бий болгож, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд эдийн засгийн өндөр өгөөжийг авчрах, Монгол Улсын үйлдвэржилтийн шинэ сэргэлтийн гол тулгуур болох стратегийн ач холбогдолтой, үндэсний хэмжээний мега төсөл юм. Тухайлбал, Эрдэнэтэд зэс хайлуулах үйлдвэрийг түшиглэсэн зэс-металлургийн цогцолбор, Дарханд ган хайлуулах үйлдвэрийг түшиглэсэн төмөрлөг-металлургийн цогцолбор, Бор-Өндөрт жонш, цахиур, төмөр гүнзгий боловс­руулах цогцолбор, Тавантолгойд кокс-химийн цогцолбор, Багануурт нүүрс-химийн цогцолбор, Хөтөлд барилгын материалын үйлдвэрлэлийг бүтээн байгуулах бэлтгэл ажил өрнөж байна. 

Хими-металлурги, өндөр технологийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлснээр нэгдүгээрт эдийн засгийн тогтвортой, бие даасан байдал хангагдана. Байгалийн баялагаа зөвхөн олборлож шууд экспортлодог эдийн засгийн бүтэц нь өөрөө эмзэг бөгөөд, эдийн засгийг бодитоор тогтвортой тэлүүлэх боломж хомс. Уул уурхайн эдийн засгийн бодлогын чиглэл нь нэгж бүтээгдэхүүний эдийн засгийн үр ашгийг аль болох хамгийн өндөр байлгахад хандах учиртай. Энэ нь технологи, нэмүү өртөг шингээх замаар салбарын нийт өгөөжийг нэмэгдүүлж, нэмэгдсэн өгөөжийг бусад салбаруудад хөрөнгө оруулснаар баялагийн хараал гэгддэг олон улсын гашуун туршлагыг давтахгүй байх нөхцөл бүрдэнэ. Хоёрт, баяжуулах, боловсруулах үйлдвэр цехүүд бүс нутгуудад олноор байгуулагдсанаар мэргэжилтэй, өндөр цалинтай ажилчидын тоо нэмэгдэхийн хэрээр улсын нийгэм соёл, боловсролын түвшин нэмэгддэг. Гуравт, байгалийн баялагийг шинжлэх ухаанчаар, төлөвлөлт зохион байгуулалттай олборлох болон боловсруулах нөхцлийг хангаснаар байгаль орчинд ч эерэг нөлөөлөл бий болгож байдаг. Өөрөөр хэлбэл зөв төлөвлөсөн багахан хэмжээний газар нутагт олон үйлдвэрлэлийг төвлөрүүлж, харилцан уялдаатай, хаягдалгүй тойрог цикл бүхий үйл ажиллагаа явуулах нь паркийн үндсэн чанар. Дэлхийн хандлага ч ийм байдаг. Энд тэндгүй замбараагүй үйлдвэрүүд нь дор бүрнээ хаягдалын аж ахуй, олон тооны худаг, газар шороо эвдэн сүйтгэх, дэд бүтцийн үр ашиггүй зохион байгуулалт зэрэг сөрөг нөлөөллийг авчирдаг учир аль болох тухайн бүс нутгийнхаа байгалийн болон дэд бүтэц, хүний нөөцөд тулгуурлаж кластер хэлбэрээр паркуудыг байгуулдаг. Дөрөвт, шинжлэх ухаан, технологийн хөгжилд шууд практик хувь нэмэр оруулна.

 

Нэмүү өртгийг бий болгох замаар эдийн засагт бодит тэлэлтийг бий болгоно

 

-Монгол Улсад баяжуулах, боловсруулах салбар төдийлөн хөгжөөгүй, дийлэнхдээ хүдрээ шууд болон анхан шатны баяжуулалт хийгээд л экспортлож байна. Уул уурхайн бүтээгдэхүүний нийт экспортын 92 хувийг  боловсруулаагүй түүхий эд эзэлж байна. Жишээлбэл, жилд 800-д мянган тн жонш экспортлож ердөө 120 сая долларын экспортын орлого олж байна. Хэрэв 30 хувийг нь дараагийн шатанд боловсруулаад фторт хөнгөнцагаан үйлдвэрлэж чадвал экспортын орлогыг зөвхөн жоншны салбарт гэхэд л 250-300 сая ам.доллар болгож нэмэгдүүлэх боломж байна. Мөн жилд манай улс 6-8 сая тонн төмрийн хүдэр экспортолдог. Энэ нь хоёр сая тонн ган үйлдвэрлэх хэмжээний төмрийн хүдэр юм. Эргээд Хятадаас 700-800 мянган тонн ган бүтээгдэхүүнийг 600 гаруй сая ам.доллараар импортлож байна. Бидэнд нөөц боломжууд бий. Ер нь уул уурхай хөгжсөн улс орнууд байгалийн баялагийн хувиргалтын хувь (Resource conversion rate) гэх ойлголтыг журмалсан байдаг юм билээ. Тухайн орд газрын нөөцийг дэд бүтэц, үйлдвэрийн бүсээс хол ойроос шалтгаалж хэд хүртэлх хувийг тэр түвшинд боловсруулна гэдгийг журамлаж өгдөг. Өөрөөр хэлбэл орд эзэмшигч зөвхөн олборлоод зогсохгүй олборлосон хүдрийн тодорхой хувийг нэг бол өөрөө баяжуулж боловсруулах, нэг бол ойролцоох үйлдвэр технологийн паркт нийлүүлэх үүрэг хүлээдэг. Энэ нь уул уурхайн салбарыг олон тулгуур бүхий, эдийн засгийн өндөр өгөөж бүхий болгоход чиглэсэн бодлого байдаг.

Дээрх зургаан байршил дахь аж үйлдвэрийн паркуудыг хөгжүүлснээр хоёр талын ач холбогдолтой гэж харж байна. Стратегийн болон нийгэм эдийн засгийн талаас нь. Стратегийн ач холбогдол гэдэг нь импортоос хараат бус эдийн засгийн бие даасан байдлыг бий болгосон улс орны зайлшгүй хэрэгцээг дотооддоо үйлдвэрлэх юм. Эрчим хүч, түлш шатахуун, ган бүтээгдэхүүн, цемент, тэсэлгээний бодис, бордоо зэрэг аж үйлдвэрийн салбарын нэн чухал бүтээгдэхүүнүүдийг аль болох дотооддоо үйлдвэрлэх нь улсын эдийн  засгийн урсгал тасалдахгүй, эрсдэлгүй байх боломжийг бүрдүүлнэ. Манайх шиг далайд гарцгүй, хоёрхон хөрштэй улсын хувьд эдийн засгийн бие даасан байдал чухал. Эрдэнэс Монгол нэгдлийн төлөвлөлж байгаа тус паркууд дахь төлөвлөж буй үйлдвэрүүд нь дээрх стратегийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэнэ. Хоёрт, нийгэм, эдийн засгийн ач холбогдол нэмүү өртөг шингээх замаар эдийн засагт бодит өсөлтийг бий болгож байгаа юм.  Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн 10 жилийн хугацаанд 10 хүрэхгүй тэрбум ам.доллароор өссөн. Бидний хөрш Өвөрмонгол гэхэд хамгийн ойр жишээ татаж болох газар. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 170 тэрбум ам.доллароор буюу дотоодын нийт бүтэгдэхүүнээ хоёр дахин тэлж чадсан. Үүний гол шалтгаан нь нийт эдийн засагт эзэлж байгаа хүнд үйлдвэрлэлийн салбар 46 хувьд хүрсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, боловсруулах аж үйлдвэрийг кластержуулж, богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж чадсантай шууд холбоотой.

Эрдэнэс Монгол нэгдлийн төлөвлөж буй зургаан үйлдвэр технологийн паркийн гол зорилго, чиглэл нь хувийн хэвшлийн бизнесүүдэд өргөн боломж олгох явдал. Төр үйлдвэр бариад өөрөө бүхнийг хийх гэж байна гэсэн буруу ойлголт ажиглагдаж байгаа. Үнэндээ төрийн зүгээс дэд бүтэц, эрх зүй, түүхий эдийн тогтвортой орчныг бэлдэж өгч байгаа юм. Бизнесээ хийж, хөрөнгө оруулж, чөлөөт зах зээлийн зарчмаар шудрага хөгжих “шувууны үүр”-ийг л барьж байгаа гэсэн үг. Нэгдүгээрт, Эрдэнэс Монгол нэгдэл тухайн паркад үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдэд стратегийн орд газраас олборлосон түүхий эдийг тогтвортой хангана. Тээвэр логистикийн төвүүдээрээ дамжуулж цаг хугацааны алдагдалгүйгээр тээвэрлэлтийг нь зохион байгуулна. Ус, цахилгаан хангамж зэрэг дэд бүтцээр хангана. Хүний нөөцийн бэлтгэн нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлнэ. Энэ мэт хөрөнгө оруулалт нь хувийн бизнесүүдийг дэмжих, хөрөнгө оруулалтын эрсдлийг бууруулах зорилготой. Түүнчлэн, зөвшөөрлийн хялбаршуулсан нөхцөл, татварын хөнгөлөлттэй орчиныг бий болгож байгаа. Үүнтэй холбоотой хууль эрх зүйн шинэчлэх ажлууд шат дараатай хийгдэж байна.

Нөгөө талдаа паркуудын ойр орчмын уурхай, орд газрууд хүдрээ эдээ ханган нийлүүлэх, борлуулах, боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болж байгаа. Энд зөвхөн Эрдэнэс Монгол нэгдлийн олборлож байгаа байгалийн баялагийг боловсруулах бус, шууд экспортлоход өндөр зардалтай, технологийн нарийн боловсруулалт шаардсан, дэд бүтцээр дутагдаж буй олон арван орд газрууд ашигтай ажиллах боломж бүрдэж байнаа гэсэн үг.

Сүүлийн 30 жилийн хугацаанд томоохон үйлдвэрүүдийг байгуулна гэж зорьсон боловч бодитой томоохон ажил хэрэгжиж чадаагүй нэг шалтгаан бол хүний нөөцийн асуудал. Ялангуяа хими, металлурги, өндөр технологийн хүнд үйлдвэрийн салбарын хүний нөөцийг паркуудын төлөвлөлттэй уялдуулж одоогоос үе шаттай бэлтгэж эхэлж байна.

Үйлдвэр технологийн паркуудын хөгжлийн төлөвлөгөөний гол суурь нь зөв үйлдвэрлэлийн технологийн шийдэл сонгох. Буруу технологи сонгосноос болж эдийн засаг,  цаг хугацааны алдагдалд орж байсан туршлага бидэнд бий. Тиймээс төлөвлөж байгаа үйлдвэрүүд дэлхийд туршигдсан, сайн техник, технологийг ашиглана. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд бидний төлөвлөж буй үйлдвэрүүдтэй холбоотой судалгаа, техник эдийн засгийн үндэслэлүүдийг нэлээд хийж байсан. Гэвч төр засгийн тогтворгүй байдлын нөлөөгөөр өмнөх судалгаа, төлөвлөгөөгөө орхиж шинээр судалж эхэлдэг. Энэ нь судалгаа, шинжилгээний залгамж халаа тогтворгүй байсныг харуулдаг. Өнгөрсөн хугацаанд хийсэн тооцоо, судалгааны ажлыг нэгтгэн дүгнэх ажлууд хийгдэж байна. Айлаас эрэхээс авдраа уудал гэдэг шиг, өмнөх судалгаа, төлөвлөгөөг судлан шинжилж, дотоодын эрдэмтэд судлаачидтай хамтран ажиллаж паркуудын төлөвлөлтийг хамгийн зөв, шинжлэх ухаанчаар хийх нь чухал байна. Технологи болон эдийн засаг хоёр нэг зоосны хоёр тал шүү дээ. Үйлдвэрүүдийн эдийн засгийн үр ашигтай байдал, зах зээлийн судалгааг прагматикаар харж хийх шаардлагатай байна. Ямар үйлдвэрлэлийг аль түвшин хүртэл боловсруулах уу, аль түвшиндээ олон улсад болон дотооддоо өрсөлдөх чадвараа хадгалж байна гэдэг хугарлын цэгийг зөв тодорхойлох нь чухал.

 

Паркуудыг хөгжүүлэх сорилт, эрх зүйн орчин

 

-Хөрөнгө оруулагч Хятадад үйлдвэрээ байгуулаад монголоос түүхий эдээ авах эсвэл Монгол Улсад боловсруулах үйлдвэрээ байгуулаад үйл ажиллагаа явуулах нь ашигтай байна уу гэдгийг харьцуулж харах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд яагаад манай улс түүхий эдээ шууд экспортлогч харин өмнөд хөрш маань түүхийг эдийг импортлодог үйлдвэрлэгч болчихов. Мэдээж зах зээл, дэд бүтэц, техник технологийн хөгжил гээд үндсэн хүчин зүйлс бий. Түүнээс гадна зөв бодлого, зөв эрх зүйн орчин бидэнд дутагдаж байна. Бидний давуу тал өөрөө хямд өртөгтэй түүхий эд. Энэ давуу талаа ашиглаад хэрхэн сул талуудаа даван туулах вэ гэдгээ л бодох ёстой. Тухайлбал, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүдэд тавигдаж байгаа АМНАТ-ын зохицуулалт. Өмнөд хөршийн үйлдвэрлэгч нар түүхий эддээ ногдох бага хэмжээний АМНАТ-ыг төлж Монгол улсаас импортлож авчихаад мэдээж үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүнээсээ манайд ямар нэг төлбөр татвар өгөхгүй. Харин манай дотоодын үйлдвэр эцсийн бүтээгдэхүүндээ давхар АМНАТ төлж байгаа нь худалдааны давуу талыг үгүй хийж байна. Өөрөөр хэлбэл эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай цалин, цахилгаан, тээвэр зэрэг нэмүү өртгөөс нь татвар авч байгаа нь Монгол Улсад боловсруулах эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг бий болгоход Хятадтай өрсөлдөх чадварыг сулруулдаг нэг хүчин зүйл. Тиймээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийн дээрх бүтээгдэхүүнүүдэд ногдох татварыг хангалттай хэмжээнд хөнгөлж байж Монголд аж үйлдвэр хөгжинө. Бидний логистикийн байрлалын онцлог л энэ шүү дээ. Энэ хөнгөлөлтөөр төсөвт төвлөрөх татвар буурна гэж бодох хэрэггүй. Учир нь нэгдүгээрт, хүдрээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ажиллаж байгаа хүнд үйлдвэрлэл одоохондоо бараг алга. Байсан хэд нь зогсчихсон. Хоёрт, аж үйлдвэрлэлийн салбар хөгжсөнөөр нэмүү өртөг өсөж, дагаж олон салбар босож ирснээр бусад олон төрлийн татварын хэмжээ улс орны хэмжээнд томроод ирнэ.  

“Эрдэнэс Монгол”-ын төлөвлөж буй зургаан ҮТП нь өөрийн үйл ажиллагаа явуулж буй стратегийн орд газруудын нөөцөд тулгуурлаж, дэргэд нь байгуулж байгаагаараа давуу талтай. Өөрөөр хэлбэл, одоо олборлож байгаа уурхайнхаа бүтээгдэхүүнийг яг дэргэд нь даргаагийн шатанд боловсруулна гэсэн үг. Дээрх байршлууд нь хоосон тал газар биш. Дэд бүтэц холбогдсон, хүний нөөцтэй, уурхайчид, инженерүүд амьдардаг улсынхаа хамгийн хөгжилтэй гэгдэх хот суурингууд.

Саяхан Баялагийн сангийн тухай хууль батлагдлаа. Энэ сангийн нэг чухал бүрдэл нь хөгжлийн сан. Тус санд уул уурхайн салбараас төвлөрсөн хөрөнгө нь эргээд дээрх паркуудын хөрөнгө оруулалтын бодит хөшүүрэг болно гэсэн үг. Хөшүүрэг гэдэг нь төслийн хөрөнгө оруулалтын 10-30 хувийг санхүүжүүлж, үлдсэн хувийг өөр эх үүсвэрээс босгоно гэсэн үг. 6 парк нийт хөрөнгө оруулалт 10 жилийн хугацаанд 5-6 орчим тэрбум ам.доллар байна гэж тооцсон. Дээрх хөрөнгө оруулалтыг төслийн санхүүжилт хэлбэрээр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд болон гадаад дотоодын шууд хөрөнгө оруулалтаар хийнэ гэж төлөвлөж байгаа. Харин Монгол улс уул уурхайгаас төвлөрсөн орлогоосоо тодорхой хувийг тус аж үйлдвэрийн төслүүдийн суурийг тавихад санхүүжүүлнэ гэсэн үг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 189 (7433)

 

Маш зөв зохистой
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

15 цаг 23 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

17 цаг 3 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

21 цаг 22 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

21 цаг 27 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

21 цаг 35 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

21 цаг 40 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

21 цаг 52 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

21 цаг 54 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

22 цаг 16 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

22 цаг 18 мин