Э.Анхбаяр: Би нэг гишгэхэд л өмнө минь хөгшин европ байна

2024-09-26
Нийтэлсэн: Админ
 15 мин унших

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн ярилцлагын хоймортоо Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч, дуурийн дуучин Э.Анхбаярыг урьж, ярилцлаа. Тэрээр Италийн агентлагтай гэрээ хийсэн бөгөөд ирэх аравдугаар сараас Итали улсыг зорихоор болжээ. 

 

-Итали бол сонгодог урлагийн өлгий нутаг. Дуурийн дуучдын хувьд дэлхийн дэвжээ. Тэнд дахин монгол дуучны хоолой эгшиглэнэ гэдэг гайхамшиг юм?

-Би энэ оны хоёрдугаар сараас Италийн Милан хотод очиж, мастер класс сургалтууд хийсэн юм.

Энэ хугацаандаа “Puntoopera” агентлагтай гэрээ байгуулсан. Ингээд гэрээнийхээ дагуу энэ оны аравдугаар сард тус улсыг зорьж, Итали дахь ажлын эхлэлээ хийхээр явах гэж байна.

-Тус агентлагийн хувьд ямар онцлогтой вэ. Гэрээ байгуулснаар та Италийн ямар театрт дуулах эрхтэй болж байгаа бол?

-Энэхүү агентлагийн хувьд олон онцлогтой. Жишээлбэл, тэд дуучнаа зөвхөн нэг театрт дуулахыг тулгадаггүй. Харин ч аль болох европын олон театрт дуулуулах хүсэл эрмэлзэлтэй юм билээ. Үүний тулд эхлээд дуучин нь өөрөө театртаа очиж, шалгуулна. Хэрэв шалгаруулалтад нь тэнцэх юм бол гэрээгээ хийгээд дуулах эрхээ авна гэсэн зарчмаар ажиллана. Ингээд дуучин гэрээгээ хийсэн бол дэлхийн аль ч театрт дуулах хаалга нээгдэж байна гэж ойлгож болно. Мэдээж үүний тулд тухайн дуучин өөрөө ур чадварын хувьд хамгийн дээд түвшинд бэлтгэгдсэн байх шаардлагатай. Тиймээс миний бие эртхэн бэлтгэлээ хийхийн тулд ийнхүү Италийг зориход бэлэн болоод байна.

-Италид очсон хүн мэдээж анхны уран бүтээлийн гараагаа Италийн алдартай дууриудын нэгээр эхлэх байх гэж төсөөлж байна. Эхний тоглолтын тов гарсан уу?

-Эхний тоглолтын тов гарсан. Харин дуулах уран бүтээлийн хувьд Италид очсон даруйдаа алдарт хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Травиатта” дуурьт дуулах бэлтгэлдээ орно. Энэхүү дуурьт арваннэгдүгээр сарын 29 болон арванхоёрдугаар сарын нэгэн гэсэн өдрүүдэд дуулна гэсэн гэрээ хийсэн.

-Та өмнө нь Италийн хамгийн алдартай задгай театрт “Кармен” дуурийг дуулсан туршлагатай шүү дээ?

-Өнгөрсөн жил би “Романо” театраас гадна Италийн хоёр, гурван задгай театрт “Кармен” дуурьт дуулсан. Тухайн дуурийг Италийн удирдаач Леонардо Куадрини дохисон. Мэдээж дуурийн дуучин хүний хувьд Италид очиж дуулна гэдэг энэхүү мэргэжлийг эзэмшсэний хамгийн том зорилгын нэг байдаг болов уу. Харин задгай театруудад нь зун очиж дуулна гэдэг дуучны хувьд тэвчээр шаардсан ажил байдаг юм билээ. Учир нь өдрийн цагаар ихэвчлэн +30 -аас дээш градустай халуун. Чулуун хана, сандлууд нь нарны илчиндээ халчихна. Тайзан дээр зогсох төдийд л дороос төөнөх жишээний. Гэхдээ дуучдын хувьд бэрхшээл бүхнийг даван туулж,  үзэгчдэд зөвхөн сайн уран бүтээл хүргэхийн төлөө хөдөлмөрлөдөг.   

-Италийн удирдаачийн хувьд өмнө нь тантай хамтарч ажиллаж байсан бил үү?

-Тиймээ. Миний 2016 онд хийсэн хамгийн анхны бие даасан тоглолтын симфони оркестрыг маань удирдаж өгсөн хүн л дээ. Дэлхийд алдартай тэр мундаг удирдаачтай дахин хамтарч ажиллахад таатай байсан шүү.   

-“Кармен” бол дэлхийн сонгодог дуурийн нэг. Монголчуудын хувьд ч хамгийн сайн мэдэх бүтээл. Таны хувьд ч эх орныхоо тайзан дээр олон удаа дуулсан байх. Харин Италийн театрт очиж дуулахад ямар мэдрэмж төрж байсан бэ?

-“Кармен” дуурийн хувьд Монгол Улсын театрт байнга тоглогддог учир харьцангуй ойрхон байсан. Гэхдээ бухтай тулалдагчийн дүрийг гаргана гэдэг жүжиглэх чадвар илүү  шаарддаг. Харин дуулалтын хувьд бусад сонгодог бүтээлүүдээс харьцангуй гайгүй талдаа. Дуучнаас өндөр техник, хоолойн чадал шаардалгүйгээр эвтэйхэн дуулчихаж болдог онцлогтой дүр. Тиймээс Италийн театрт энэхүү дуурийг дуулахад  надад хүндрэлтэй асуудалд гараагүй гэж хэлж болно. 

-Мэдээж дэлхийн нэр хүндтэй театруудад тийм ч амархан очоод орчихдоггүй байх. Таны хувьд ямархан замыг туулж энд хүрэв?

-Миний хувьд сонгодог урлагт дурлаж, дуурийн дуучин мэргэжлээр сурч, энэхүү урлагтай амьдрал, хувь заяагаа холбосноосоо хойш Италийн театруудад дуулах мөрөөдөл тээж, түүнийхээ төлөө хөдөлмөрлөсөн хүн. Энэ хугацаанд ч миний үеийн дуучин, найзууд  дэлхийн алдартай театруудад дуулж эхэлсэн. Тэднийгээ хараад бахархаж, урам зориг орсон. Тиймээс би ч гэсэн удахгүй эдгээр нөхдийнхөө араас олон улсад дуулна гэсэн мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хичээсэн.

-Өнөөдөр Э.Амартүвшин тэргүүтэй олон сайхан дуурийн дуучин дэлхийн сонгодог урлагийн дэвжээнд өрсөлдөж байна. Үүний залгамж халаа, дараагийн дуучин нь та боллоо?

-Олон улс, дэлхийн театрт дуулна гэдэг зөвхөн дуучны ур чадвараас гадна  олон шалгуурыг давах ёстой болдог. Жишээлбэл, хувь хүний зохион байгуулалт, цаг барихаас эхлээд олон зүйл бий. Дор хаяж л хэрхэн өвдөхгүй байх вэ гэдэг хүртэл чухал. Тэр том тайзан дээр тоглолт зарлагдчихсан байхад би өвдөөд хэвтчихэж болохгүй шүү дээ. Тиймээс өөрийгөө маш сайн зохион байгуулалтад оруулж сурах ёстой юм билээ. Манай Амараа, Бадрал гээд дуучид яг л тэр зарчмаар ажилладаг. Ажлын ачаалал дааж сурна гэдгийг би тэднээс харж байна. Жишээлбэл, нэг театрт дуулчихаад, шууд маргааш нь дараагийн театр руугаа нисээд, бэлтгэлд нь орох жишээтэй. Ингэж өөрийгөө дайчилж, хариуцлагатай байснаар дараа, дараагийн уран бүтээлийн санал, гэрээнүүд хийгддэг юм байна гэдгийг би Италид очоод мэдэрсэн.

-Мэдээж таны араас дахиад л олон улсын театрыг зорино. Энэ цуваа битгий тасраасай?

-Дуучин бүхэн л тэр зорилгыг өөртөө тавьсан байдаг. Үүний тулд хамгийн эхэнд хэлээ сайн сурах ёстой юм билээ. Мэдээж дуучны хувьд ямар ч тайзан дээр гараад дуулахад бэлэн байх нь чухал. Монголчууд бид эр нь ханасан гэж ярьдаг шүү дээ.

-Зөвхөн Монголдоо бэлтгэл хийгээд, Монголынхоо тайзан дээр дуулах, олон улсад очоод бэлтгэл хийх хоёр тэс ондоо байдаг байх даа?

-Энэ асуудал хамгийн чухал. Ер нь дуурийн урлаг чинь өөрөө Италиас гаралтай шүү дээ. Тиймээс төрөлх нутагт нь очоод бэлтгэл хийж, тэндэхийн театруудыг нь судалж, эрдэмтэн багш, удирдаачдаас хичээл авах нь цаг хугацаа хэмнэхийн хувьд ч илүү оновчтой юм шиг санагдсан. Мөн олон улсад дуулах хүсэлтэй, ур чадвар нь тэгширсэн уран бүтээлчээ төр, харьяа яамны зүгээс дэмжээд өгдөг тогтолцоо манай улсад дутмаг байна уу даа гэж хардаг.

-Олон улс монгол дуучдыг сонирхоод эхэллээ. Манай уран бүтээлчдийн давуу тал нь юу байдаг юм бол?

-Миний хувьд адилхан л монгол дуучин болохоор хэлж мэдэхгүй байна. Харин бусад орны уран бүтээлчдийн хэлж буйгаар монгол дуучдын хувьд хоолойн өнгө, тембэр нь яг л байгалиараа байдаг гэж онцлох нь бий.

-Та Монгол Улсын Соёлын элч . Яагаад таныг энэ нэр хүндтэй, хариуцлагатай албанд томилсон гэж боддог вэ?

-Би 2019 онд энэ нэр хүндтэй албанд томилогдсон. Тухайн үед уран бүтээлчийнхээ хувьд үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмжийг авснаас гадна нэр төрийн хэрэг байсан. Монгол Улсынхаа соёл урлаг, ёс заншлыг олон улсад сурталчлах гэдэг хүн бүхний хүсэл, мөрөөдөл шүү дээ. Миний хувьд дуучин хүн. Тиймээс Монгол Улсынхаа бүхий л төрийн өндөр айлчлалд оролцож, ая дуугаа өргөж явна. Хамгийн сүүлд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэхэд Соёлын элчийн хувьд ая дуугаа өргөлөө. Мөн НҮБ-ын дарга, Герман, Польшийн ерөнхийлөгч нарын айлчлалын үеэр Монголын сонгодог урлагийг таниулсан. Үүнээс гадна олон улсын тайзан дээр ч эх орныхоо нэрийг зарлуулаад гарч байгаа минь Соёлын элчийн үүрэгт ажлаа хийж байгийн баталгаа болов уу гэж бодож байна. 

-Та Оросын алдарт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит 11 дэх удаагийн олон улсын дуурийн дуулаачдын Б зэрэглэлийн уралдаанд дуурь болон романс гэсэн хоёр төрөлд өрсөлдөж тэргүүн байранд шалгарч байсан. Энэ тэмцээний тухай эргээд сануулаач?

-Миний хувьд энэ хугацаанд олон улсын чанартай олон уралдаан тэмцээнд оролцож байсан. Үүнээс Н.А.Римский-Корсаковын нэрэмжит тэмцээн 2018 онд болсон. Тухайн үедээ их том тэмцээнд орж, хоёр төрөлд нь тэргүүлсэн учир өөрөөрөө бахархаж, баярлаж байснаа тод санадаг. Харин одоо эргээд бодоход тэр үед би болоогүй байж дээ гэж өөрийгөө дүгнэдэг. Тэр уралдаан бол зөвхөн ОХУ-ын хэмжээнд л байж. Харин түүнээс том орон зай буюу европ, цаашаа дэлхий байгаа юм байна гэдгийг би олж харсан. Тиймээс ч түүний зүг тэмүүлж, хөдөлмөрлөсөн учир өдгөө Италийг зорих гэрээгээ амжилттай хийсэн гэж боддог.

Мэргэжлийн урлаг гэдэг чинь мэргэшсэн хүмүүсийг л хэлнэ. Харин мэргэшихийн тулд их олон жилийн хөдөлмөрөө зориулдаг. Гэтэл өнөөдөр манай улсад мэргэжлийн урлаг  хамгийн үнэгүй салбар болчхоод байна. Цалин хөлс нь ч бага. Гэтэл мэргэжлийн урлагийн байгууллагад СУИС-ийн хамгийн авьяастай, өндөр дүнтэй төгссөн хүүхэд ордог газар шүү дээ.

-Та энэхүү тэмцээний хоёр төрөлд оролцож, тэргүүн байр эзэлсэн Монголын цорын ганц дуучин байх. Ямар уран бүтээлээр оролцож байв?

-Энэхүү тэмцээнд өмнө нь гавьяат жүжигчин Ганбат агсан оролцож, хоёр бил үү гуравдугаар байранд орж байсан санагдаж байна. Мэдээж тэмцээнд орсон уран бүтээлч бүхэн түрүүлнэ гэж очдог. Тухайн үед би Б.Дэлгэрбаяр, Монголхүү зэрэг найзуудтайгаа оролцож байсан юм. Найзуудаараа аялангаа, амжилт гаргаж, амьдралынхаа бас нэгэн гайхалтай дурсамжийг тэнд бүтээсэн байдаг.

-Та бол Монголын алдартай Юндэнгүүдийн нэг. Монгол дуурьт дуулах, дэлхийн сонгодог бүтээлд дуулах хоёрын хооронд хэр их ялгаа байдаг бол?

-Миний хувьд дуурийн театртаа хөл тавьж орсноосоо хойш Монголынхоо сайхан дууриудад дуулсаар ирсэн. “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, “Чингис хаан” дуурийн Билгүүдэй, тэнүүлч гээд хоёр дүрд, “Хөхөө намжил” дуурийн Галдангийн дүрд дуулсан байдаг. Үүнээс гадна дэлхийн сонгодог бүтээлүүдэд ч дуулсан. Монголын сонгодог урлаг бол 60 гаруй жилийн түүхтэй шүү дээ. Гэтэл 500 гаруй жилийн түүхтэй дэлхийн сонгодог урлагтай хөл нийлүүлэн алхах гээд хичээж явааг нь харахад сайхан байдаг.

-Манай дуучдын цалин, хангамжийн хувьд та ямар байр суурьтай явдаг вэ?

-Нэг дуурь бүтэхэд их олон хүний хөдөлмөр шаарддаг. Дуучдаас гадна хөгжимчин, тайзны ажилтан, хувцас урлаачид гээд олон хүн бий. Яг үнэнийг хэлэхэд эдгээр уран бүтээлчид их бага цалин авдаг. Гагцхүү энэ урлагт хайртай сэтгэл нь л торгоож барьж байдаг. Гэхдээ ирээдүйд улсын маань хөгжил, эдийн засаг сайжирна гэдэгт итгэдэг. Тэр үе ирэхэд эдгээр уран бүтээлчдээ дэмжих болов уу гэж найдаж байна.

-Та 2012 оноос УДБЭТ-д ажилласан. Театрт анх ороход ямар мэдрэмж төрсөн бэ. Театрын тайзнаа дуулсан хамгийн анхны дэлхийн сонгодог дуурийн дүр тань ямар уран бүтээл байсан бэ?

-Би 2011 онд сургуулиа төгссөн. Тухайн үедээ УДБЭТ-т орох хүсэл байсан. Харин багш минь “Миний хүүг авах юм болов уу” гэж хэлэхэд нь больдог ч юм билүү, би тэнцэхгүй юм болов уу гэсэн бодол төрсөн л дөө. Тиймээс өөрийгөө шавдуулаагүй. Төгссөн жилийнхээ зун нь одоо Италид дуулж байгаа Ч.Бадрал найзындаа очиж амарсан. Хоёулаа баахан хөдөөгүүр амарч байгаад ОХУ-руу уралдаанд явсан. Гэтэл байр ч эзэлсэнгүй. Ингээд удаагүй байж байтал Глиникийн нэрэмжит уралдаан зарлагдсан. Монголоос ч их олон дуучин явсан. Энэхүү уралдаанд манай Ганбат агсан оролцоод гуравдугаар байранд орж байсан юм. Тухайн үедээ надад халаасны мөнгө ч байгаагүй. Аз болж тэмцээний хураамжийн мөнгөө л төлсөн байх. Гэтэл энэхүү том тэмцээнд хоёрдугаар байр эзэлчихсэн. Энэ тэмцээнээс би их урам зориг авсан. Учир нь би өөрөө дуучин Ганбат агсныгаа их хүндэлдэг байсан юм. Миний хайрлаж, хүндэлдэг байсан дуучин гуравдугаар байранд орж байсан тэмцээнд би оролцоод хоёрдугаар байранд орчихлоо гэж үү гэж өөрөөсөө асууж байлаа. Энэ үеэс миний мэргэжлийн дуучин болох хүсэл, мөрөөдөл улам бадарсан санагддаг. Хэрэв тэнд байр эзлээгүй байсан бол би дуурийн дуучин болохгүй ч байсан байж магадгүй. Ингээд хотод ирээд хэдэн уралдаанд оролцсон шагналуудаа шар торонд хийгээд УДБЭТ-ын хаалгыг татсан. Тухайн үед манай театрын захирлаар Б.Сэргэлэн ажиллаж байсан юм.

-Та 2019 оноос Улсын филармонид ажилласан. Театраасаа гарах болсон шалтгаан юу байв?

-Манай театрын хувьд ачаалал ихтэй. Тиймээс тэр бүр гадагшаа яваад байх боломж байхгүй. Гэтэл уран бүтээлч хүн чинь гаднаас их олон зүйлийг сурдаг. Хэзээ ч бид аялж, амрах гэж гаднын орон руу явдаггүй. Тиймээс миний хувьд зөвхөн дуучдаас гадна найруулагч, гэрэлтүүлэгч, бүжигчин, хөгжимчин, тайзны ажилтныг ч хүртэл гадагшаа явуулж сургах нь зөв гэсэн байр сууринд байдаг. Гаднын оронд очиж, туршлага хуримтлуулж, өөрсдийгөө ямар хэмжээнд байгааг мэдэх нь хамгийн чухал. Бид зөвхөн энэ театртаа л эргэлдээд байвал өсөж дэвжихгүй гэж боддог. Тухайн үед театрын зүгээс намайг гадагшаа явахыг тэр бүр дэмждэггүй байсан. Энэ шалтгааны улмаас би театраас гарах хүсэлтээ өгч байлаа.

-Филармонийн хувьд танд хэр нээлттэй боломж олгодог байв?

-Би Филармонид гэрээт дуучнаар ажилладаг байсан. Тиймээс уралдаан тэмцээнд явахад асуудал гардаггүй байсан. Харин одоогоор бол би филармонийн дуучны ажлаа ч хүлээлгэж өгсөн. Итали улсыг зорих болсон учир Монголдоо ажиллах бололцоо байхгүй. Хууль тогтоомжийнхоо хүрээнд гадагшаа явж байгаа дуучид Монголынхоо ямар нэгэн урлагийн байгууллагад харьяалалгүй байх ёстой юм билээ. Э.Амартүвшин, Б.Ариунбаатар ч яг л энэ замаар явсан.

-Энэ яг зөв тогтолцоо юм уу. Монгол дуучид уг нь эх орныхоо театраар овоглоод явбал сайхан биш гэж үү?

-Хэрэв би театрын захирал байсан бол олон улсад гарсан дуучдаа өөрийн нэр дээр байлгах тал дээр сайн ажиллах байсан болов уу гэж боддог. Дарга гэдэг чинь хэн нэгнийг хянаж, гарын үсэг зураад суух биш, уран бүтээлчдээ дэмждэг сайн менежер байх ёстой шүү дээ. Театрыг удирдаж байгаа хүн заавал уран бүтээлч гэхээсээ илүү чадвартай, мэдлэгтэй, залуу менежер байх нь чухал юм. Хэрэв тийм хүнийг удирдах албан тушаалд тавибал манай театр хурдан хөгжинө.

-Таны хувьд хувийн мэдээлэл тун бага байдаг юм байна. Аль нутаг усны хүн бэ, Бага нас тань хаана өнгөрсөн бэ?

-Би Өвөрхангай аймгийн уугуул, айлын том хүүхэд. Дороо нэг дүүтэй. Миний аав тээврийн жолооч байсан. Нийслэлийн 40 дүгээр сургуулийг дүүргэсэн. Багаасаа урлагт дуртай байсан. Дууны урлагт хөтөлж оруулсан хүн бол миний дуу хөгжмийн багш Мягмар. Эдгээр багш нарынхаа хүчээр өнөөдрийн би өөрийгөө бүтээж байна.  Харин миний мэргэжлийн багш Ардын жүжигчин Жавзандулам. Миний хувьд өөрийгөө сурталчлаад явахыг тэр бүр хүсдэггүй. Би ч гэж манай сонгодог урлагийнхан угаасаа тийм даруулгатай хүмүүс. Гэхдээ энэ нь урлагийн хүнд жаахан буруу юм шиг байгаа юм. Сүүлийн үед нэгэнт л энэ урлагаар амьдрахаар шийдсэн бол өөрийнхөө уран бүтээлийг, би нэг ийм зүйл хийж байна шүү гэдгээ түмэнд түгээх нь зөв юм байна гэсэн бодол төрөх болсон. Тиймээс авьяас чадвараа үнэлүүлж, цаашдын карьерынхаа төлөө илүү нээлттэй байх хэрэгтэй юм байна. Миний хүсэл мөрөөдөл энэ хүрээд зогсоогүй. Би нэг гишгэхэд л өмнө минь хөгшин европ байна. Би түүн рүү гүн гишгэх үү,  өнгөцхөн гишгэх үү гэдэг зөвхөн надаас хамаарна.

-Дуулах авьяас тань хаанаас эхтэй вэ. Таны удамд урлагийн хүн бий юу?

-Миний удамд урлагийн хүн, дуучин байхгүй. Тиймээс аав минь намайг дуучин болно гэхэд гайхдаг, зарим үед эсэргүүцдэг байсан. Би жаахан хүүхэд байсан болохоор орой орондоо орох бүртээ яаж аавынхаа сэтгэлийг өөрчилж, дуучин болохоо зөвшөөрүүлэх вэ гэдгээ их боддог байснаа мартдаггүй. Хэдийгээр хүнд удам угсаа чухал боловч хүн өөрөө л хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэж, хөдөлмөрлөж чадвал болохгүй зүйл гэж байдаггүй юм байна гэдгийг би харсан.

-Мэргэжлийн урлаг болоод түүний үнэ цэнийг та юу гэж хардаг вэ?

-Мэргэжлийн урлаг гэдэг чинь мэргэшсэн хүмүүсийг л хэлнэ. Харин мэргэшихийн тулд их олон жилийн хөдөлмөрөө зориулдаг. Гэтэл өнөөдөр манай улсад мэргэжлийн урлаг  хамгийн үнэгүй салбар болчхоод байна. Цалин хөлс нь ч бага. Гэтэл мэргэжлийн урлагийн байгууллагад СУИС-ийн хамгийн авьяастай, өндөр дүнтэй төгссөн хүүхэд ордог газар шүү дээ. Эдгээр уран бүтээлчид нийтийн дуу дуулаад, хөдөө орон нутаар тоглолт хийгээд, мөнгө олоод явах замыг сонгоогүй. Эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байж, жинхэнэ мэргэжлийн урлагийн төлөө авьяас чадвар, залуу насаа зориулж байгаа хүмүүс гэдгийг ойлгож, үнэлэх хэрэгтэй байна.

 -Урлаг, тэр дундаа сонгодог урлаг  улсын хөгжилд ямар хувь нэмэртэй вэ?

-Урлаг хамгийн их нөлөөтэй. Өнөөдөр Солонгос улс хэрхэн урлагаа дэмжиж байна. Эргээд тэр чинь улсынхаа эдийн засагт хамгийн их нөлөөтэй. Монгол Улсын хувьд ч манайх гуравхан сая хүнтэй юм чинь гээд зүгээр суугаад байж болохгүй. Хаана ч байхгүй үндэсний урлагаа дэмжих нь олон улсад Монголыг сурталчлах хамгийн том хөшүүрэг юм шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 187 (7431)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

17 цаг 59 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

19 цаг 38 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

23 цаг 57 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин