Г.Болор-Эрдэнэ: Өрсөлдөгчөө судлах нь амжилтын салшгүй нэг хэсэг

2024-09-24
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

“Зууны мэдээ” сонин “Дугаарын зочин”-оор “Парис-2024” Паралимпын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнийг урилаа.  Тэрээр 2022 онд Гавьяат тамирчин цол хүртсэн юм.

 

-Та Паралимпын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ. Зорилгоо биелүүлсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Мөнгөн медалийн эзэн болсондоо баяртай байна. Олимпын наадамд амжилттай оролцсоноор таеквондог сонгож хичээллэсний минь зорилго, мөрөөдөл биеллээ. Токиогийн олимпод түрүүлэх зорилготой байсан ч шагналт тавдугаар байр эзэлсэн. Тухайн үед хүсэл зорилгодоо хүрч чадаагүй учраас сэтгэл зүйн хямралд өртсөн. Гэхдээ амжилт цаг хугацаатай ирдэг. Дахиад хичээ гэж байгаа юм байна, хөдөлмөрлөе гэж бодсон. Анхны бүхэн үнэ цэнтэй юм билээ. Би үүнээсээ хурцлагдаж өнөөдрийн амжилтаа гаргасан.

-Мэдээж алтан медаль хүртэх боломж байсан нь лавтай. Юун дээр алдсан гэж дүгнэж байна?

-Би олимпын дэвжээг зорихдоо түрүүлэх зорилготой байсан. Мөнгөн медалийн төлөө Италийн тамирчинтай өрсөлдсөн. Тухайн тамиртай би 2014 оноос хойш нэг жинд өрсөлдсөн. Тиймээс нэгнийхээ давуу болон сул талыг сайн мэднэ. Би гаргасан алдаан дээр нь ажиллаж өөрийн бодсоноо гаргахыг чухалчилсан юм. Дэвжээнд гараад эхний дөрвөн минутад миний санаачилга, санаснаар явсан гэж хэлж болно. Харин хоёрдугаар үед тулалдахдаа багахан тактикийн алдаа гаргасан. Би ядралттай байсан гэж дүгнээд байгаа. Сүүлийн минут руу ороход бие унжгар болсныг анзаарсан.

-Өмнө таарч байсан тамирчинтайгаа өрсөлдсөн гэлээ. Олимпын тамирчид хэр чансаатай байна?

-Орон орны шилдгүүд нэг дэвжээнд өрсөлдлөө. Орчин, тамирчдын бэлтгэл нь бусад тэмцээнтэй харьцуулахад өөр байсан.Сэтгэл зүй томтой байх хэрэгтэй.  Миний жин нэлээд өрсөлдөөнтэй, амаргүй байсан. Гэхдээ өмнө бүгд хоорондоо учраа таарч байснаараа онцлог. Өрсөлдөгчөө судлах нь амжилтын салшгүй нэг хэсэг. Өмнөх тэмцээнүүдийн бичлэгийг үзэж, цохилтыг нь тооцоолох жишээтэй. Хэдэн секундэд довтолгооны арга барилаа өөрчилж байгааг нь хардаг.

-Олимпод оролцохын тулд тамирчид их хөдөлмөр зарцуулдаг. Түмэн олны хайр хүндлэл мэдрэгдсэн байх?

-Мэдээж олон жилийн хөдөлмөр. Таеквондогоор хичээллэсэн жилүүдэд их зүйлтэй нүүр тулсан. Урам хугарсан, шантарсан, баярласан олон үеийг давсан. Монгол түмэн ямар сайхан сэтгэлтэй гэдгийг Парисаас эх орондоо ирээд мэдэрлээ. Мөн цахим орчноор дамжуулж урмаар тэтгэж байна. Урамшуулж байгаа нь үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж. Олон хүмүүс сэтгэл гаргаж шагнаж урамшуулсанд баяртай байгаа.

-Урам хугарсан тэр үе танд юу сургасан бэ. Магадгүй өнөөдрийн амжилтад нөлөөлсөн болов уу?

-Тэгэлгүй яахав. Би оролцсон ихэнх тэмцээндээ ялалт байгуулсан. Өндөр эрэмбэтэй явж байгаад нэг ялагдахад сэтгэлээр их унадаг юм билээ. Энэ бүгдээс урам авдаг.

-Илүү туршлага хуримтлуулсан байх. Хувьдаа ямар дүгнэлтэд хүрсэн бэ?

-Ихийг ойлгож авсан. Дараагийн олимпод ороход би медальтай тамирчин гээд сэтгэл зүй арай өөр байх болов уу. Хүн бүрийн үзэл бодол өөр. Хүмүүс мөнгөн медаль аваад сэтгэл нь ханачихлаа гэж дүгнэсэн. Ийм зүйл байгаагүй. Цаашид тэмцээн уралдаанд оролцохдоо улам нягт үзнэ.

-Та таеквондог сонгож хичээллэсэн тэр түүхээсээ хуваалцахгүй юу?

-Багадаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэдэг. Тухайн үеийн тулааны сэдэвтэй киног их үзнэ. Тиймдээ ч миний сонирхолд нийцсэн спорт таеквондо байсан. Би 16 жилийн өмнө Сүхбаатар  аймгийн Н.Нэргүй багшдаа шавь орсон. Тулааны урлагийн спортыг заадаг туршлагатай хүн бий. Багш маань мэддэг, чаддаг бүхнээ харамгүй зааж өгсөн. Энэ цагаас хойш олон тэмцээнд амжилттай оролцсон. Эргээд бодоход 16 жил таеквондогийн спортоор хичээллэжээ. Анх аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод мөнгөн медаль хүртсэн. Энэ амжилтаасаа урам авч эргэлт буцалтгүй спортод дурласан.

-Амжилт гаргах нь багштай салшгүй холбоотой. Таны багш ямар арга барилтай вэ?

-Багш маань сэтгэл зүй өндөртэй. Энэ байдал нь тамирчдад нөлөөлдөг. Хүнд урам өгдөг. Тамирчдад суурь техникийг  сайн зааж чаддаг. Биеэрээ үлгэрлэхээс гадна олон зүйлийг зөвлөдөг. Наад зах нь тамирчин хүнд байх зан чанаруудын талаар ярина. Амжилтад гаргахад нөлөөлөх зүйлийг захидаг. Хичээллэж байгаа та нар, зааж байгаа би цаг хугацаагаа зарцуулж байгаа учраас оргилд нь хүрээрэй гэдэг. Багшийн хэлсэн үг одоог хүртэл сэтгэлд минь уяатай явдаг.

Амжилт гаргахад байгалиас заяасан авьяас тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Мөн хичээл зүтгэл хөдөлмөр хосолно. Миний зорилго илүү томорсон. 2028 оны олимпод алтан медалийн эзэн болохыг хүсэж байна. Хүн сайн сайхныг бодоод хөдөлмөрлөхөд амжилт гаргадаг. Харин ойрын зорилго гэвэл он гараад ДАШТ-д оролцоно. Мөн Японд зохион байгуулагдах Азийн наадамд амжилттай оролцохыг хичээж байна. Үүний дараа олон тэмцээний дэвжээ хүлээж байгаа.

Эргээд бодоход оролцож үзээгүй тэмцээн ховор юм байна. Би ДАШТ-ээс таван алт, нэг хүрэл медаль хүртсэн. Мөн Ази тивийн аварга шалгаруулах таван алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай. Мөн Азийн наадмын аварга. Таван тивээс дөрвөн тивд нь түрүүлсэн байна. Ранк олгох тэмцээнээс хоёр алт, хоёр мөнгө. Томоохон амжилт гэвэл эдгээрийг нэрлэж болно.

-Та яагаад тулааны төрлийг сонгож хичээллэсэн бэ?

-Анх таеквондог сонгож хичээлдэхдээ л тулааны төрлийг сонгосон. Манай төрлийн онцлог нь хоёр тамирчин халз өрсөлдөнө. Өөрөөр хэлбэл таеквондогийн техникээр өрсөлдөнө гэсэн үг. Пүмсэ буюу тоот дасгалын төрөл нь тухайн тамирчин цаанаас өгсөн тоот дасгалаар ганцаарчилсан байдлаар өрсөлдөнө.

-Танай удамд нь тамирчин бий юу. Бэлтгэлдээ хэр цаг хугацаа зарцуулдаг вэ?

-Нэг спортоор тууштай хичээллээд амжилт гаргасан хүн надаас өөр байхгүй. Дээд талын удамд тамирчин, спортын өгөгдөлтэй хүн байж мэднэ. Би аав ээждээ баярлаж явдаг. Тэд минь байхгүй бол өнөөдрийн би үгүй. Мөн спортоор хичээллэхийг минь дэмжсэн нь бахархалтай. Олон зүйлийг бид давж өнөөдрийг бүтээсэн. Би нэг эгчтэй, айлын ганц хүү.

Би дэвжээнд гарахаасаа өмнө тайван байж, анхаарлаа төвлөрүүлэхийг илүүд үздэг. Бэлтгэлийнхээ үр дүнг гаргах ёстой гэсэн сэтгэл зүйтэй байдаг. Би ямар тэмцээндээ өрсөлдөх гэж байгаагаасаа шалтгаалаад бэлтгэлээ тааруулдаг. Ер нь өдөрт дунджаар 2-3 бэлтгэл хийж байна. Жирийн үед ойрын зорилгоо хардаг. Шигшээ багийн ах нараасаа үргэлж суралцдаг. Тэмүүжин, Түмэнбаяр, Шинэбаяр гээд ах нар бий. Ах нарынхаа уужуу байдлыг хараад амар амгаланг мэдэрдэг. Хүн ийм  зантай, тайван байх ёстой гэдгийг суралцдаг. Тэмүүжин ах “Рио-2014” олимпод амжилттай оролцсон. Түмэнбаяр ах гэхэд бэлтгэлийг яс хийдэг их хариуцлагатай. Хүн ингэж хөдөлмөрлөх ёстой гэдгийг олж хардаг.

-Сүүлийн үед таеквондогоор залуус хэр хичээллэж байна. Мэдээж ирээдүй үеэ дэмжих тамирчдын үүрэг байх?

-Ямар ч зүйл ирээдүйдээ өвлөгдөөд явдаг. Тиймээс мэддэг, чаддаг зүйлээсээ хуваалцах нь зөв. Бидний хойч үе гаргасан амжилтыг минь үргэлжлүүлнэ. Монголынхоо нэрийг тив дэлхийд мандуулна шүү дээ. Дүү нар юм асуухад сэтгэлээсээ зааж зөвлөхийг хичээдэг. Тухайлбал, олимп ямар уу гээд асуухад нүдэнд харагдтал нь хэлж өгч байна.

-Эргээд бодоход тамирчны замналаас юуг суралцав. Зан төлөвшил талдаа хэрхэн төлөвшсөн гэж боддог вэ?

-Таеквондогийн спорт бусдыг хүндлэх их ухаанд сургадаг. Хүмүүс жүдог хүндлэлтэй гэдэг. Манай спорт хүндлэл дүүрэн. Нэгэнтэйгээ харилцахдаа хүндлэлийн үгээр харилцана. Энэ байдал нь хойч үедээ өвлөгдөөд явдаг.

-Мэдээж спорт бүр амаргүй. Таеквондогийн спорт хэр эрсдэлтэй вэ?

-Эрсдэлгүй спорт гэж байхгүй шүү дээ. Манай спортын нэг давуу тал нь хамгаалалтын хувцастай тулалддаг. Эрхтнүүдээ хамгаалах хэрэгслээр хамгаална. Бэртлээс хамгаалахын тулд сунгалт, бие халаалт чухал. Бэлтгэл эхлэхээс 20-30 минут бие халаалтын дасгал хийх нь зөв.

-Сүүлийн үед таеквондогийн холбоо ажлаа хэр хийж байна гэж хардаг вэ?

-Манай холбоо 33 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Олимпын алт, мөнгөн медальтай боллоо. Мөн Хөдөлмөрийн баатартай болсон нь сайхан тохиол. Мөн гавьяат тамирчин гурав төрсөн. Гавьяат дасгалжуулагч гурав төрсөн. Таеквондогийн удирдлагууд хамт олондоо баярлаж явдаг. Тэд зөв системээр үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас өнөөдрийн амжилт ирсэн. Бид бат бөх эв найрамдалтай ёс зүйтэй байж чаддаг. Б.Онон ерөнхийлөгч баг тамирчдаа сайн дэмждэг. Мөн дэд ерөнхийлөгч Л.Цэнгүүнжав маань сайн ажилладаг. Цаашид манай спорт илүү хөгжинө гэдэгт итгэдэг. Тамирчдынхаа тэмцээнд явах зардлын тал хувийг холбооноос хариуцаж байгаа нь сайшаалтай. Тал хувийг нь улсаас даадаг. Мөн “Алдар” спорт хороондоо талархаж явдаг.

-Тамирчид байнгын бэлтгэл хийхээр ажил хийх боломжгүй байдаг юм билээ. Та энэ асуудлаа хэрхэн зохицуулж байна?

-Ер нь бэлтгэл хийгээд явахаар цаг зав багатай байдаг учраас ажил хийх боломжгүй. Гэхдээ ажил хийж тэмцээндээ оролцох зардал, урсгал зардлаа нөхдөг тамирчид байдаг. Олимпын бус төрлөөр хичээллэж буй тамирчид бий. Тэдэнд олон асуудал тулгарч байгаа. Би өөрөө тэр замналыг туулсан. Бид бүхэн олимпын төрлөөр хичээллэж байгаа учраас давуу талтай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 185 (7429)

Энэ сард цаг агаар ямар байх вэ?

Энэ сард цаг агаар ямар байх вэ?

7 цаг 37 мин
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох санал хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох санал хүргүүлжээ

7 цаг 41 мин
Д.Энхтүвшин: Надад УИХ-д байх шаардлага алга

Д.Энхтүвшин: Надад УИХ-д байх шаардлага алга

7 цаг 45 мин
Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

7 цаг 49 мин
Г.Ганцогт: Дайны сэдэвтэй дуу дуулахад яг л халуун цэгт нь очсон мэт  мэдрэмж төрдөг

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хөгжим хэмнэл” булангийнхаа дугаа

14 цаг 37 мин
Уур амьсгалын доройтлын улмаас Азийн ДНБ 17 хувиар буурах магадлалтай гэв

Азийн хөгжлийн банкнаас хөгжиж буй Ази, Номхон далайн орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх тайлангаа өчигдөр танилцууллаа.

14 цаг 37 мин
29 дүгээр сургуулийн 60 жилийн ой тохиож байна

1964 оны тэртээ Улаанбаатар хотын зүүн хойхно орших  ус агаар сайтай, тэгш сайхан талбайд

14 цаг 37 мин
Монгол Улс папиллома вирусийн вакциныг нэвтрүүлэхгүй үлдэх үү

“Зууны мэдээ” сонин ээлжит эрэн сурвалжилгаараа эрүүл мэндийн салбар тэр дундаа умайн хүзүүний хорт хавдрын вакцины тухай хөндсөн билээ.

14 цаг 37 мин
Ойн салбарт масс тариалалтыг нэвтрүүлж байна

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, “Оюу толгой” компани хамтран 21 аймгийн

14 цаг 37 мин
“Зууны мэдээ” Сэтгүүлзүйн итгэлцлийн санаачилгын /JTI/ сертификаттай Монголын анхны сонин боллоо

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин Олон улсын сэтгүүл зүйн стандарт болох

14 цаг 37 мин