Г.Уянгахишиг: Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулахад анхаарна

2024-09-17
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

УИХ-ын гишүүн Г.Уянгахишигтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Та олон хуулийн ажлын хэсэгт ажиллаж байсан туршлагатай. Энэ нь УИХ-ын гишүүний ажил хийхэд хүндрэлгүй байгаа байх. Энэ тухай яриагаа эхэлье?

- УИХ-ын гишүүний ажил үүргийн хувьд надаас тийм ч хол биш байна.

Миний хувьд хуулийн салбарт 10 гаруй жил, банк санхүүгийн салбарт мөн адил 10-аад жил ажилласан. Ер нь аль ч салбарт ажилласан хуульч хүн тухайн салбарын хууль, эрх зүйн орчинг судалж ойлгох, гарц гаргалгааг олж харах чадварыг эзэмшдэг. Тэр ч утгаараа Банкны тухай хууль, Татварын багц хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль зэрэг салбарын хууль тогтоомжуудыг шинэчлэхтэй холбоотой ажлын хэсгүүдэд ажиллаж байсан туршлага бий. Харин улс төрийн албан тушаал гэдэг талаасаа суралцах зүйл их байна.

-Энэ жил Монгол Улс түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй боллоо. Та бас энэ түүхийн нэг хэсэг болж намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон. Жагсаалтаар мэдлэг, боловсролтой хүмүүс орж ирсэн гэж боддог. Эдгээр хүмүүс орж ирсэн нь ямар үр нөлөөтэй байна гэж харж байна?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр дүнд намын жагсаалтаар нийгмийн олон бүлгийн төлөөлөл УИХ-д орж ирсэн. Үүний дотор олон салбарын мэргэжилтнүүд байгаа нь УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар харагдсан байхаа. Энэ нь хувь тэнцүүлэн сонгох сонгуулийн хэлбэрийн нэг давуу тал юм. Ер нь бол мажоритар сонгуулиар буюу тойргоос сонгогдох магадлал нь мөнгөтэй, олны танил хүмүүст илүү байдаг, энэ нь өөрөө хуулийн завхралруу хөтлөөд байгааг сонгогчид бид харж, мэдэрч байгаа. Сонгуулийн холимог тогтолцооны үр дүнд УИХ-ын ажлын бүтээмж, УИХГ-ийн идэвхи оролцоо сайжирна гэж итгэж байна.

-Засгийн газраас 2025 онд 600 гаруй төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 14 нь мега төсөл байна. Гэхдээ ихэвчлэн өгөөж багатай төслүүд байх шиг байна. Үүнийг та бизнесмен бас эдийн засагч хүний хувьд хэрхэн харж байна вэ?

- Хамтарсан Засгийн газрын гол зорилго нь гацсан том төслүүдийн ажлыг үргэлжлүүлэхээр зорьсон. УИХ-ын ээлжит бус чуулганаар, яаралтайгаар горимоор хэлэлцсэн 2024 оны төсвийн тодотголд дээрх том төслүүдийн ТЭЗҮ хийлгэх төсөв орж батлагдсан. Төслийн ТЭЗҮ хийж гүйцэтгэх төсөв нь 50-70 тэрбум төгрөг байна гэхээр бүтээн байгуулалтад хэр их санхүүжилт шаардагдах нь ойлгомжтой. Гэтэл санхүүгийн хязгаарлагдмал нөөцтэй манай улсын хувьд бүх төслийг зэрэг явуулах боломжгүй. Тиймээс ач холбогдлоор нь нэн шаардлагатайгаас нь эрэмбэлж, ээлж дараатай хэрэгжүүлэх төлөвлөгөө чухал байна. Энэ утгаараа эрчим хүчний болон түлшний хараат байдлаас гарах төслүүдээ урагшлуулах нь зүйтэй. Харин Улаанбаатар хотод хийгдэх замын төслүүдийг бол эргэж харах шаардлагатай гэж үзэж байна. Ямар ч бизнест аливаа төслийн үр ашгийн тооцоог хийж, хэрэгжүүлэх боломжтой эсэхийг нь тодорхойлж, нэн шаардлагатайгаас нь эхэлдэг. Мэдээж төрөөс хэрэгжүүлэх төслүүдийг бизнес төсөлтэй адилтгах боломжгүй ч дээрх 14 төслийн хувьд эргэж өгөөжөө өгөх төсөл ховор тул төсвийн төлөвлөлт, сахилга батад маш сайн анхаарах ёстой.

-ОХУ-ын Ерөнхийлөгч ирж гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн тухай хэлэлцээ хийхээр болсон. Та ямар байр суурьтай байна?

-Хоёр тал харилцан ашигтай байх зарчмыг баримталсан нөхцөлд хэлцэл амжилттай үргэлжлэх ёстой. Гэтэл нэг нь хэт өндөр үнээр ажил гүйцэтгэх санал тавьж байхад тэр үнэ бодитой эсэхийг тодорхойлох ёстой зураг төслийг нь нөгөө өндөр үнэ хэлсэн компаниараа хийлгэнэ гээд байх нь хэр зөв бэ гэдэг асуулт байгаа юм. 

-Тавантолгой түлш компанийг нийслэлийн өмчид авна гэж байна. Алдагдалтай ажиллаж байгаа ком­па­нийг нийслэлийн өмчид авах нь зөв үү. Мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК бол ард түмний хувьцаа эзэмшдэг ганц компани. Гэвч ямар ч ашиггүй компани санхүүжүүлээд яваад байгаа нь зөв үү?

-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг иргэдэд тараах үйл явцыг анхнаасаа улс төржүүлснээс шалтгаалаад зөв хийж чадаагүй. Иргэдэд эзэмшүүлэх 1072 ширхэг хувьцааг хөрвөх нөхцөлтэй давуу эрхийн хувьцаа хэлбэрээр гаргасан байсан бол нэлээд олон хүндрэлийг шийдэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, тухайн компанийг олон нийтийн компани болгож, хувьцааны үнэ цэнийг өсгөх боломж бүрдэх үед иргэдийн эзэмшиж буй давуу эрхийг хувьцааг энгийн хувьцаанд хөрвүүлсэн бол хуулийн зохицуулалтгүй гацаанд орсон олон асуудлыг шийдэж, иргэд ногдол ашиг хүртээд явах боломжтой байсан. Гэтэл хоёр сая гаруй хувьцаа эзэмшигчтэй хэрнээ "Эрдэнэс Таван толгой" ХК хаалттай хувьцаат компани хэвээр, хувьцаа эзэмшигчдийн хурлаа ч хийж чаддаггүй, иргэд хувьцаагаа гүйлгээнд оруулах, бодит үнэ цэнийг хүртэх боломжгүй хэвээр байна. Дээрээс нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьд үйл ажиллагаатай нь огт хамааралгүй олон төслүүдэд улс төрийн зорилгоор хөрөнгө оруулсны нэг нь Тавантолгой түлш ХХК, энэ хөрөнгө оруулалтыг хийхдээ ч иргэд хувьцаа эзэмшигчдээсээ санал аваагүй. Хэрэв төр өөрөө шийдээд төрд ногдох хувиасаа хөрөнгө оруулах гэж байгаа бол эхлээд хуримтлагдсан ашгаасаа хувьцаа эзэмшигчийн хувиар ногдол ашгаа гаргаж аваад, тэрийгээ төсөвт төвлөрүүлэн зарцуулалтаа хийх ёстой. Энэ мэтчилэн "Эрдэнэс Тавантолгой" ХК болон бусад төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой компаниудын үйл ажиллагааны алдааг засах, засаглалыг сайжруулах нэн шаардлагатай байна.

Тавантолгой түлш ХХК-ийг нийслэлийн өмчид шилжүүлэхийн тулд шийдвэрийг  "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 27 хувийг эзэмшиж байгаа иргэд, аж ахуй нэгжийн оролцоотой гаргах, тухайн хувьцааны төлбөр, шилжүүлгийн бүртгэлийг хэрхэн хийх гэх мэт олон асуудлыг тодорхой болгох шаардлагатай. Нөгөө талаас, нийслэл бонд гаргаж аж ахуй нэгж, иргэд бондыг худалдан авч эзэмшсэн. Тэгвэл алдагдалтай ажиллаж байгаа компанийг нийслэл өмчлөлдөө шилжүүлэн авснаар бонд эзэмшигчдийн эрх ашигт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуулт зайлшгүй юм. Эдгээр асуудлуудыг нарийн тооцоолж, үе шатны дараалалтайгаар УИХ-д хэлэлцүүлэхээр оруулж ирэх ёстой. Тиймээс Засгийн газрыг асуудлаа тодорхой болгож оруулж ирэх даалгавартайгаар УИХ-ын тогтоолын төслийг буцаасан.

-Удахгүй НИТХ-ын сонгууль болно. Нэр дэвшигчийн нэг хүйсийн оролцоо 20 хувь байхаар тусгасан. Гэвч УИХ-ын сонгуулийн хүйсийн харьцааг 30 хувь болгож байхад арай гэж 26.5 хувьтай болж байна шүү дээ. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Түүхэндээ анх удаа УИХ дахь эмэгтэйчүүдийн оролцоо 26.5 хувь болсон. Учир нь жагсаалтаар хүйс зөрүүлж оруулсантай холбоотой. Нийт 32 эмэгтэй гишүүний 24 нь жагсаалтаар орж ирсэн байна. Үлдсэн найм нь тойргоос гарсан эмэгтэйчүүд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хуулийн өөрчлөлт нь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх гол нөхцлийг бүрдүүлсэн. УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсан шигээ орон нутгийн сонгуулиас өмнө иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр ч гэсэн холимог тогтолцоог оруулах нь зүйтэй гэсэн саналын ХҮН намаас дэвшүүлж байсан. Учир нь тойргийн сонгуульд тэр дундаа орон нутагт эмэгтэйчүүдийн оролцоо бага байдаг. Энэ нь хөрөнгө мөнгө, жендерийн хэвшмэл ойлголттой холбоотой. ХҮН намын хувьд 50:50 бодлого баримталж хүйсийн оролцоо тэгш байхад анхаардаг. Үүнтэй холбоотойгоор эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжих сонирхолтой. Гэвч эмэгтэйчүүд сонгуульд оролцох, орон нутгийн төлөөлөл болж ажиллах хүсэл сонирхол байвч мөнгө хэрхэн олох билээ, хэрхэн танигдах, хар дайралтаас хэрхэн өөрийгөө хамгаалах билээ гэсэн айдастай байдаг. Тиймээс орон нутагт эмэгтэй нэр дэвшигч олдохгүй байна. Харин нийслэлийн ИТХ-д ХҮН намаас нэр дэвшигч эмэгтэйчүүд 40 хувьтай байгаад маш баяртай байна. Түүнчлэн орон нутгийн хүмүүсийн амьдрал хоёр намаас маш их хамаардаг. Ихэнх нь төрийн байгууллагад ажилладаг учир ХҮН нам эрх барьж чадахгүй учир намын нэр зүүж яах юм бэ гэсэн хандлага их байна. Тиймээс намын харьяалалгүй, дэмжигч байх нь тэдний зүгээс үзүүлэх том дэмжлэг нь болоод байна. Энэ асуудлыг шийдэх боломж нь холимог тогтолцоо буюу жагсаалтаар нэр дэвшүүлдэг болсноор өөрчлөгдөх боломжтой. Ингэснээр эмэгтэйчүүдийн оролцоо ч нэмэгдэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 180 (7424)

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

21 цаг 36 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

23 цаг 15 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин