Дэлхийн нүүдэлчдийн V их наадмын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бие төлөөлөгч Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын "ТВ-9" телевизэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Өчигдөр та Казахстаны ерөнхийлөгчтэй уулзаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг хүргэсэн. Энэ удаагийн айлчлалын үр дүнг та хэрхэн харж байна?
-Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн захидлыг миний бие өчигдөр хүргэж өгсөн. Энэ үеэр Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев баяртайгаар хүлээн авч, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дамжууллаа. Аравдугаар сард болох айчлалд болон бэлтгэл айлчлалд Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев анхаарч байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевийг манай улсад айлчлах гэж буйтай холбоотойгоор бэлтгэл хангуулах хүмүүс очихоор төлөвлөсөн тухай хэлж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сүүлийн үед төр засгийн гадаад бодлогоо төв азийн орнууд руу чиглүүлж байгаа. Тэгвэл энэ бодлого үр дүнтэй байгаа нь энэ удаагийн айлчлалаас харагдаж байсан. Тодруулбал,Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев энэ удаагийн айлчлалд их хүндэтгэлтэй хандаж байна. Мэндчилгээ болон айчлалын үеийн яриа, хэлэлцээрийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дамжуулна. Энэ удаа би яагаад ирсэн бэ гэхээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх урилга авсан. Гэвч ажил, төрөл нь давхацсан учир надад итгэл хүлээлгэн, энэхүү наадамд явахыг санал болгосон. Тиймээс би итгэлийг нь дааж Астанад ирж “Нүүдэлчдийн наадам”-д орж буй тамирчдаа тэргүүлж орж буйдаа баяртай байна. Мөн Казахстаны тэргүүнүүдтэй амжилттай уулзалт хийлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дамжуулах ёстой үгийг тогтоож, бусад улс орны хүмүүстэй уулзаж ярилцлаа.
-Казахстаны зарим иргэд Чингис хааныг казахстан хүн гэдэг. Энэ талаар яриа өрнөсөн гэж байсан. Юу гэж хэлсэн бэ?
-Айлчлалын үеэр Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев “Монгол Казахстаны харилцаа бол 100 жилийн түүхтэй. Алтан ордны үед Чингис хаан одоогийн Казахстаны нутгийг том хүү Зүч хаанд хариуцуулсан байдаг. Үүнээс хойш Зүч хааны удмынхан Казахуудын хаан байсан. Тиймээс Монгол Казахстан улсын харилцааг зөвхөн өнөөдрөөр биш олон зуун жилийн түүхтэй хэмээн би боддог” гэж ярьсан.
Мөн “Казахстаны зарим иргэд Чингис хааныг Казахстан гаралтай гэж ярьдаг. Үүнийг та нар тайван хүлээж аваарай гэж хэлээд инээн, аль ч улс оронд өөрийн түүхийг сайхан болгож, өнө удаан жилийн түүхтэй болгохыг хүсдэг хүмүүс байдаг. Танай улсад ч гэсэн ийм хүн байдаг байх. Манай улсад бас ганц хоёр ийм хүн бий. Казахстан улсын Ерөнхийлөгчийн хувьд би Чингис хаан бол цэвэр боржигон овгийн монгол хүн гэдгийг албан ёсоор хэлсэн. Тиймээс энэ асуудал дээр Чингис хааныг казахстан хүн байсан гэх зэргээр маргах хэрэггүй гэдгийг ч ард түмэндээ илэрхийлж, хэлсэн. Манай улсын эрдэмтэд, жирийн иргэд сайн хүнийг өөртөө хамаатуулж, өөрсдийгөө сайн хүн хэмээн нэр зүүх гэж өөрт, өөрсдийн түүхийг баяжуулах гэж ийнхүү ярьдаг шүү” гэдгийг хэлсэн.
-Таныг Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтой эртний танилууд бөгөөд сайхан харилцаатай гэж ярьдаг. Энэ тухай сонирхуулахгүй юу?
-Би Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевийн үед танилцан, хамтран ажиллаж байсан. Тухайн үед ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тэр үед гадаад хэргийн сайд, парламентийн дарга байсан. Мөн ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Астана хотод Нурсултан Назарбаев ерөнхийлөгчийн урилгаар айлчилж байхад болон Нурсултан Назарбаев ерөнхийлөгчийн Монголд хийсэн айлчлалын үеэр бие даан ирж байсан. Тэр бүрт нь бид уулзаж байсан. Тиймээс энэ удаагийн айлчлал сайхан болж байна. Өмнө нь уулзаж байсан хүмүүс уулзах нь дотно бөгөөд дурсамжтай сайхан байдаг шүү дээ.
-Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын манай улсад айлчлах айлчлалаар ямар асуудлыг хэлэлцэнэ гэж харж байна?
-Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевийн айлчлалаар хоёр улсын харилцааг улам гүнзгийрүүлж, бүх талын хамтын ажиллагаатай болохоор бодож байгаа гэдгээ Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев илэрхийлж байна лээ. Мөн тэрээр “Аль ч улсад айлчлахад казах иргэд байдаг. Тэгвэл айлчлалыг тэдэнтэй уулзахыг чухал юм шиг хийдэг. Манай казах иргэд байгаа нь үнэн ч би энэ удаагийн айлчлалаа Монгол Улсад хийж буй айлчлал гэж бодож байна” гэсэн. Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев дипломат чиглэлээр туршлагатай хүн учир утга төгөлдөр айлчлал хийхээр бэлдэж байгаагаа мэдэгдсэн.
-Нүүдэлчдийн наадамд 89 орны баг тамирчид ирсэн гэсэн. Мөн бусад орны төлөөлөгч дарга нар ирсэн байх. Тэдэнтэй бас ярианаасаа сонирхуулж болох уу?
-Нүүдэлчдийн их наадмаар төв Азийн улсууд болох Киргиз, Туркменистан, Узбекстаны парламентын дарга байсан хүмүүс ирсэн байсан.Тэдэнтэй харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцах үедээ У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн төв азид байр сууриа бэхжүүлэх арга хэмжээ сайхан болж байгааг мэдэрлээ. Туркмистаны дарга Мухамед Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Туркистанд айлчлах айлчлалд бэлдэж байгаа гэсэн. Мөн Узбекистанд хийсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал сайхан болж өнгөрсөн. Миний мэндийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дамжуулаарай гэж Узбекстаны ерөнхийлөгч хэлж байна лээ. Харин Жапарын ерөнхийлөгч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчилж байсан. Үүнийгээ дурсан ярьж байна лээ.Үүнээс харахад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайхан найзуудтай болсон байна. Энэ нь цаашид төв Азийн улсуудтай харилцах харилцааны хөгжих суурь тавигдсан байна гэж харж байна. Нүүдэлчдийн их наадам болон нүүдэлчдийн соёлыг тээж яваа гол улс бол Монгол, Киргизстан, Казахстан, Узбекстан гэж хэлж болно. Турк бас их ач холбогдол өгч байгаа нь харагдсан. Харин бусад улс орнуудын хувьд нүүдэлчдийн соёл иргэншлийг зөвхөн нүүдэлчдийн соёл иргэншил гэж харахгүйгээр сурахаар хичээж байгаа юм байна лээ. 89 орны нүүдэлчдийн дунд байдаг спортоор хичээллэдэг хүмүүс оролцож байгаа нь энэ нүүдэлчдийн наадам олон улсын томоохон наадам болохоор харагдаж байна. Тиймээс Монгол Улс нүүдэлчдийн их наадмыг авч, энэ нүүдэлчдийн соёл иргэншлийг хөгжүүлж байгаа улс орон гэдгээ харуулах боломж нээгдэж байна гэж харж байна. Тодруулбал, бөх барилдах, Морь уралдах, шагайн наадгай зэрэг өөрийнхөө хадгалж ирсэн соёл, спортын төрлүүдийг энэ наадамд нэмж оруулах боломж байна. Энэхүү наадам нь тав дахь жилдээ болж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл, төлөвших шатандаа явж байна. Өчигдөр төр засгийн тэргүүнүүдийн хэмжээнд ярьж суухад нүүдэлчдийн наадмаа олон улсын стандартад нийцүүлж, олимпын жишигт хүргэе гэж ярилцлаа. Нэг орон үүнийг өмчилдөг биш хамтын соёл иргэншил, философийн хөдөлгөөн болгож өрнүүлье гэж санал солилцсон.
-Соёлын сайдтай уулзахдаа ямар асуудлаар санал солилцсон бэ?
-Казахстаны соёлын яам нь өргөн цар хүрээтэй ажилладаг. Манай соёлын яам бас сүүлийн үед залуучууд, спорт, аялал жуулчлал зэрэг олон асуудал хариуцдаг. Казахстаны соёлын яамны дарга нь. Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын тамгын газар ажиллаж байсан. Уулзалтын үеэр Ч.Номин сайдын мэндчилгээг дэвшүүлж, гардуулж өглөө. Хоёр эмэгтэй сайд, хоёр яам Монгол Казахстаны харилцааг сайжруулах, цаашлаад зүүн хойд азийн өргөн хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн хамтын ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломж байна гэдгийг ярилцлаа.
Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын айлчлалын үеэр эсвэл дараа нь тусдаа олон ажлыг хамтран зохион байгуулж стратегийн ажлыг хийхэд соёлын салбар хамгийн түрүүнд боломжтой юм байна гэдгийг ярилцлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 178 (7422)