Г.Өсөхбаяр: Хүнд байгалиас заяасан сайхан удам байж болно, үүнийгээ хөдөлмөрөөр өнгөлөх хэрэгтэй

2024-09-10
Нийтэлсэн: Админ
 21 мин унших

Баатарын НЯМСҮРЭН

 

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин энэ цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Энэ дугаарын ээлжит зочноор Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Хөдөлмөрийн баатар, Дархан аварга, “Алдар” спорт хорооны дарга Г.Өсөхбаярыг урьж ярилцлаа.

 

Хөдөлмөрийн баатар асар нэр хүндтэй, хөдөлмөрлөсөн хүнийг үнэлдэг цол

 

-Одоогоос хоёр сарын өмнө та Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялаасан. Уншигчдынхаа өмнөөс танд баяр хүргэе. Олон жилийн хөдөлмөрөө төрдөө үнэлүүлэх сайхан байх?

-Юуны өмнө танай сонины уншигчид болон монгол түмэндээ налгар намрын энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Миний хувьд 2024 он ажил, амьдралд маань эерэг сайхан зүйл тохиосон, амжилт ололт дүүрэн онцгой жил тохиож байна. Энэ жилийн үндэсний их баяр наадмын өмнө үндэсний уламжлалт өв соёлоо тээж, түгээн дэлгэрүүлж яваа гурван эрхэмд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Хөдөлмөрийн баатар хэмээх хүндтэй цол олгосон юм. Сурын спортын манлай Шагжсүрэнгийн Даваахүү мэргэн, морины соёлыг тээж яваа Дамбадаржаагийнн Онон манлай, миний бие шагнуулсан. Нэр хүндтэй сайхан шагналыг талархалтайгаар хүлээж авсан.

-Та үндэсний бөхөөс Хөдөлмөр баатар цол хүртсэн зургаа дахь хүчтэн юм билээ. Шагнал авахад хүмүүс өөрсдийн  үзэл бодлоороо дүгнэх шиг болсон. Шагналын үнэ цэнийг хэрхэн харж байна?

-Тиймээ, би шагнал хүртсэн зургаа дахь бөх болсон. Өмнө нь үе, үеийн аваргууд энэхүү эрхэм цолыг хүртсэн байдаг. Хөдөлмөрийн баатар асар нэр хүндтэй, хөдөлмөрлөсөн хүнийг үнэлдэг цол. Энэ цол маань төр, түмэн олны минь хайр хишиг. Үүнийг дагаад их  хариуцлага ирлээ хэмээн бодсон.  Би энэ хорвоод мэндэлсэн цагаасаа бөхийн орчинд хүмүүжиж өссөн. Алдар цуутай өвөөгийнхөө удмын авьяасыг үргэлжлүүлэхдээ бага наснаасаа үндэсний бөхөд хорхойссон юм. Ингэж л тамирчны замналыг сонгосон түүхтэй. Анх 12 настай байхдаа Архангай аймгийнхаа хүүхдийн барилдаанд түрүүлсэн. Тиймээс бөхийн замналыг сонгоод 40 жилийг үджээ. Одоог хүртэл үндэсний спортоосоо холдоогүй л явна. Дүгнээд бодоход би Монголын үндэсний өв соёлыг тээж, нэгэн цаг үед урамтай сайхан барилдаж том цолонд хүрсэн. Бүх зүйл ээлж дараатай, цаг хугацаатай. Тиймээс дараагийн үеэ бэлдэхэд анхаарч байна. Би өдийг хүртэл нэг чиг шугамаар явжээ.

-Та олон жилийн турш уран барилдаанаараа түмэн олноо цэнгүүлсээр ирсэн. Ер нь өөрийгөө сайн бөх боллоо гэж хүлээн зөвшөөрсөн үе хэзээ вэ?

-Бөхийн замнал, тамирчин байх амаргүй. Нэгэнт шийдвэр гаргаад эргэлт буцалтгүй бөхийн замналыг сонгосон бол тууштай хичээллэх нь чухал. Би 1989 онд үндэсний бөх, чөлөөтийн багш дасгалжуулагчаар бөхийн эрдмийг заалгаж эхэлсэн. Тухайн үед Буян багшийнхаа удирдлага дор Архангай аймгийн төвд есдүгээр ангийн сурагч байхдаа бөхийн дугуйланд элссэн. Бөхийн замналыг ойлгох, мэхний арга техникийг суралцахад цаг хугацаа, хичээл зүтгэлийнхээ хүчээр үр дүнг нь үзлээ. Олон багш дасгалжуулагч, хамт бэлтгэл хийсэн найзууд, өрсөлдөгч бөхчүүдийн хүчинд бөх хүн бий болдог. Бөх хүн бүгдийг төгс сурна гэдэг харьцангуй ойлголт.  Тиймдээ ч алхам тутамдаа үргэлж суралцаж явдаг. Амьдралд алдаа, оноо үргэлж ээлжилдэг шүү дээ. Би үүнийг төгс эзэмшсэн, ийм мэхэнд хэзээ ч унахгүйдээ гэж бодож явтал өвдөг шороодно.

-Мэдээж алдаанаасаа суралцах хамгийн чухал байх. Таны хувьд алдаагаа давтахгүйн тулд хэрхэх ёстой гэж боддог вэ? 

-Тамирчин хүнд байх чухал зүйл гаргасан алдаагаа давтахгүй байх. Алдаан дээрээ зөв дүгнэлт хийх хэрэгтэй. Үүний нөлөөгөөр хүн хөгжиж, алдаа нь багасаж амжилтад хүрнэ. Монгол үндэсний спорт нь бөх хүний оюун санаатай холбогдсон дархлаа гэж ойлгож болно. Үндэсний бөхийг гаднаас нь харахад хоёр бяртай бөх биеийн хүчээрээ өрсөлдөөд байгаа мэт харагддаг боловч асар том сэтгэлийн хүчээр барилддаг. Тиймээс бид өөрсдийнхөө өмнөх үеийн аваргууд болон бөхчүүд, багш нараасаа ихийг суралцаж өвлөж ирсэн. Судлаад үзэхээр өмнөх үеийнхэн барилдаан, бөхийн дэг жаягаараа залуучууддаа үлгэр дуурайлал үзүүлсэн байдаг. Спорт ноён нуруу, эр хүнд байх чухал чадварыг суулгаж өгдгөөрөө онцлогтой. Дараагийн үедээ өв уламжлалаа өвлүүлэх нь бөх хүний үүрэг. Ийм байдлаар олон зуун жилийн турш өвлөгдөж ирсэн учраас үндэсний бөх ард түмний хайр хүндлэлд оршдог. Үндэсний дархлаа, эр хүний ноён нурууг шаардсан өв гэж ойлгож болно.

 

Сэргээш нь түргэн хугацаанд амжилтад хүрэх ахархан бодол

 

-Сүүлийн жилүүдэд наадмын дараа сэргээшийн асуудал сөхөгдөж, үндэсний бөхийн нэр хүнд унаад байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай явдаг вэ?

-Миний харамсаж явдаг зүйл бол допин. Жил бүр уламжлалаараа үндэсний их баяр наадам зохион байгуулагдаж байна. Наадмын дараа түрүүлсэн болон амжилттай барилдсан бөхөөс сэргээш илэрдэг болжээ. Шөвгөрсөн, үзүүрлэсэн бөхөөс допин илэрнэ гэдэг их харамсалтай. Монгол үндэсний бөхөд удам нөлөөлнө. Барилдаж байгаа хүчтэнүүдийг аваад үзэхэд бүгд аав болон ээжийн талдаа бөхийн удамтай байх жишээтэй. Шударга өрсөлдөөн дутагдаж байна. Хоёрдугаарт, тухайн тамирчны эрүүл мэндийг бодох ёстой. Хортой эм бэлдмэл нь удам генд нөлөөлдөг. Допин энэ чигээрээ үргэлжилбэл 20-30 жилийн дараа үндэсний бөхөөр барилдах хүнгүй болох вий гэж эмзэглэдэг.

Залуучуудын дунд түргэн хугацаанд амжилтад хүрэх гэсэн ахархан бодол  байж мэднэ. Спортыг сонгож тамирчны замналаар явахад амаргүй замыг туулж бэртэл гэмтэл авдаг. Үүнийгээ эмчлүүлэхдээ хайнга хандаж болохгүй. Ер нь хувь хүний хариуцлагын асуудал. Хэрэглэж байгаа эм, тарианд нь ямар химийн бодис орсон эсэхийг судлах хэрэгтэй. Тамирчдад ийм төрлийн хориотой эм бодис хэрэглэж болохгүйг анхааруулсан жагсаалт гаргаж өгдөг. Бөхчүүд үүнтэй танилцаж зохих хэмжээний мэдлэг, мэдээлэл авсан байдаг. Тиймээс хэрэглэж байгаа эм тариандаа хориотой бодис байгаа эсэхээ нягтлах шаардлагатай.

-Бөхчүүд сэргээшийн талын мэдлэггүйгээсээ асуудалд хутгалдаад байна уу. Өөр хүчин зүйл нөлөөлж байгаа эсэхийг хашир аварга гадарлаж байгаа гэж найдаж байна?

-Зохион байгуулалттай бүлэг байхыг үгүйсгэхгүй. Тэд залуучуудыг буруу зүйлд уруу татдаг. Ингэхдээ хурдан хугацаанд амжилт хүрнэ гэсэн ойлголтыг өгөх ч юм уу. Тухайн эм бэлдмэлээрээ бизнес хийхдээ үүнийг хэрэглэвэл амжилт гаргана гэж итгүүлдэг байх. Тиймээс энэ асуудал хавтгайрчээ. Хэдэн жил наадмын дараа тэр бөхөөс допин илэрлээ гэж явах юм бэ. Сэргээшийг таслан зогсоох цаг нь болсон. Мөн бөхчүүд өөрсдөө үндэсний өв соёлоо хамгаалах, ухамсартай байх ёстой. Допингийн шинжилгээ авах нь хамгийн зөв. Дэлхийд хөгжсөн спортууд гэхэд томоохон тэмцээнд өрсөлдөх тамирчдыг дэлхийн допингийн төв бүртгэсэн байдаг. Тухайлбал, дэлхийн хэмжээний тэмцээнд оролцдог тамирчид бүртгэлтэй байдаг гэж ойлгож болно. Хаана тэмцээнд орох, бэлтгэл сургуулилтаа хийх мэдээллээ төвдөө өгдөг. Тэмцээн уралдаанаас гадна бэлтгэл сургуулилтын үеэр нь явцын шинжилгээ авдаг. Ийм систем рүү үндэсний бөх шилжвэл ахиц гарна. МҮБХ дэлхийн допингийн төвийн гишүүн биш. Монголын допингийн төвдөө бүртгэлтэй явдаг. Тиймээс зохион байгуулалтын тал дээр дутагдалтай байгаа. Наадмын дараа үндэсний допингийн төв шинжилгээгээ хариуцдаг.

-Мэдээж бүх зүйл цаг хугацаатай. Тамирчин хүнд амжилт зөв цагтаа ирдэг байх. Үүнээс өмнө бэлтгэл сургуулилтаа хийгээд үнэн зөв явах нь хамгийн зөв зам байх?

-Хэдэн жилийн турш  барилдах нь хүний бие организмаас шалтгаална. Урт хугацааны турш амжилт гаргаад явах нь хувь хүний сахилга бат, хариуцлагаас хамаарна. Сахилга баттай тамирчин удаан хугацаанд бэлтгэлээ хийж, амжилт гаргадаг. Үүнийг бид саяны олимпоос харлаа шүү дээ. Тухайлбал, 43 настай сонгомол бөхийн тамирчин олимпын аварга боллоо. Энгийн ойлголтоор 43 нас залуудаа орохгүй.

-Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг олимпын наадам амжилттай зохион байгуулагдлаа. Монголын тамирчид туршлага хуримтлуулсан байх. Та хорооныхоо тамирчдынхаа бэлтгэлд цаашид хэрхэн анхаарах вэ?

-Паралимпийн наадамд манай хоёр тамирчин амжилттай оролцлоо. Тамирчдаа улс, спортын салбарынхан хөл хөөр дүүрэн угтаж авсан. Алт, мөнгөн медаль хүртсэн нь спортын түүхэнд шинэ амжилт бичлээ. Манай “Алдар” спорт хороо олимпын аваргагүй байсан. Тиймээс том зорилгоо биелүүлж, аваргатай болсондоо баяртай байна. Манай хамт олон баярлаж байгаагаа медаль хүртсэн тамирчдадаа илэрхийлье. Монголоос 33 тамирчин олимпод хүч үзсэн. Үүнээс  14 нь манай хорооны тамирчин байлаа. Олимпыг эргээд дүгнэхэд алдаа оноотой зүйлүүд байсан. Тухайлбал, П.Орхон хүрэл медалийн төлөө барилдахдаа оноогоор илүүрхэж байгаад ялагдлаа. Тамирчид маань алдаанаасаа суралцаад дараагийн тэмцээндээ амжилт гаргах байх.

 

Масс багатай бөхчүүд амжилттай барилдах болсон нь сайшаалтай

 

-Нэгэн цагт бөхчүүд булчин шөрмөстэй, хурдан шаламгай барилдаантай байж. Барьц сонгох дүрэм гарснаас хойш бөхийн масс нэмэгдсэн. Тухайн үед гарсан дүрэм журам хэр нийцтэй санагддаг вэ?

-Үндэсний бөх олон мянган жилийн турш хөгжихдөө олон зүйлтэй нүүр тулж, шүүгдсэн гэж хардаг. Монгол хүний ёс суртахуун, зан заншилд шингэж боловсорсон. Үүнийг шууд өөрчлөх хэцүү л дээ. Улсын харцага, гарди цолыг шинээр гаргаж байх үед нь үзэл бодлоо илэрхийлж явсан. Энэ нь буруу, үндэсний өв уламжлал шингэсэн зүйлээ өөрчлөхдөө их болгоомжтой хандах чухал гэж хэлсэн. Барьц сонгох дүрмийг гаргахдаа барилдаан удааширлаа, хурдан хугацаанд барилдуулах ёстой гэсэн байдлаар гаргасан. Энэ нь 1-2 хүний шийдвэрээр гаргасан зүйл биш. МҮБХ, цэцдийн зөвлөлөөр шийдсэн байх. Бөхчүүд ч барьц сонгох дүрэм буруу байсныг хэлж байлаа. Барьц сонгох барилдаан орж ирснээр үндэсний бөхийн сайхан мэхнүүд байхгүй болсон. Мөн бөхчүүд жин массаа нэмэх шаардлагатай тулгарсан. Хөнгөн жинтэй бөхчүүд өргөөд шидүүлэхгүйн тулд жингээ нэмэх шаардлагатай боллоо. Зарим нь жингээ нэмэх явцдаа буруу зүйл рүү орж байгаа харагдсан.

Тухайн шийдвэр нь буруу байсныг бид сүүлд ойлгосон. Энэ асуудлыг авч үзэхэд миний бие цэцдийн зөвлөлийн дарга байсан. Ярилцаад асуудлынхаа гарц гаргалгааг олж шийдвэрлэхдээ халсан. Үүнийг дагаад бөхчүүдийн барилдааны арга барил өөрчлөгдлөө. Өөрөөр хэлбэл, хурдан хугацаатай уран барилдааныг үзэгчид үзэх болсон. Мэхнүүд сэргэсэн гэж дүгнэдэг. Масс багатай бөхчүүд амжилттай барилдах болсон нь сайшаалтай.

-Сүүлийн жилүүдэд төрийн наадмаар идэвх харж давуулж байна. Нэг талдаа бүтэн жил бэлтгэл хийсэн бөхийн хөдөлмөр үнэгүйдээд байх шиг. Үүнд ямар байр суурьтай байна?

-Аливаа зүйл хоёр талтай учраас ялгаж, салгаж ойлгох ёстой. Одоо хуучин үе шиг олон өдөр наадах боломжгүй. Бүх зүйл хугацаатай. Барилдааны идэвх санаачилгыг хөлийн цэцүүд харж шийдвэр гаргаж байна. Хоёр бөхийн идэвхийг харж давуулах нь тухайн хүчтэнд идэвхтэй барилдахыг сануулж байгаа хэрэг. Дэвжээнд барилдах гэж гарсан учраас идэвх зүтгэлтэй барилдах хэрэгтэй.

-Бөхчүүд шинэ залуусаар бүл нэмж байгаа нь сайшаалтай. Ер нь бөхчүүд үе, үеэрээ төрдөг гэдэг?

-Барилдаж байгаа залуусын тоог авч үзвэл үндэсний бөх хөгжиж байна. Намайг барилдаж байх үед аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан АШУИС дээр зохион байгуулагддаг байлаа. Тухайн үед 48, 64 бөх барилдана. Сүүлийн үед залуус үндэсний спортоо сонгож хичээллэж байгааг харах талархалтай. Сумын заан цолтой бөхийн барилдаанд 500 гаруй бөх барилддаг болсон байна. Аймаг цэргийн цолтой барилдаан гэхэд багадаа 256 бөх зодоглох жишээний. Энэ бүгдийг авч үзэхэд ололт амжилт гарчээ гэж бодож байна. Үндэсний өв соёлоо залуус дээдэлж байгаа нь сайхан. Гэхдээ хамгийн гол нь үндэсний бөхийнхөө ёс жаяг, ёс суртахууныг дээдлэх нь чухал.

 

Багш, дасгалжуулагч нартаа гарын шавь бэлдэхийг захидаг

 

-Та 2011 оноос Алдар спорт хорооны даргаар ажиллаж эхэлсэн. Тухайн үед танд олон сонголт байсан байх. Гэхдээ л та спортоосоо холдолгүй дараагийн үеэ бэлджээ?

-Би 1994 онд “Алдар” спорт хороондоо тамирчнаар орсон. Тухайн үеийн БХЯ-ны сайдын үүргийг хашиж байсан Ш.Жадамбаа генерал надад санал тавьж байлаа. Зэвсэгт хүчин, арми, цэрэгтэй сайхан энергитэй хамт олны нэг болж байгууллагадаа орсон. Хүн амьдралдаа олон сонголттой нүүр тулдаг. Миний амьдралдаа хийсэн зөв сонголтын нэг нь “Алдар” спорт хороогоо сонгосон минь. 13 жилийн өмнө хорооныхоо удирдлага болсон. Үүнээс өмнө амжилттай сайн барилдаад явж байхад олон санал ирсэн. Байгууллага, компанийн санал байлаа. Байр орон сууцаар хангах гээд олон сонголт байсан ч би тэр бүгдээс татгалзсан. Энэ нь миний зарчим байсан.

-“Алдар” спорт хорооноос үеийн үед олон тамирчин төрж гарсан байдаг. Та бүхэн ажилдаа ямар зарчим баримталж байна?

-“Алдар” бол 1946 онд үүсгэн байгуулагдсан Монголын анхны спорт хороо. 78 жилийн их түүхтэй байгууллага. Цаг хугацааг нь бодоод үзэхэд 1946 онд дэлхийн томоохон дайнуудын дараа үүссэн. Эрүүл чийрэг эрчүүд эх орноо хамгаалах ёстой гэсэн холыг харсан том зорилго тээсэн шийдвэр байсан. Цэргийн алба хаагчдаас гадна дэлхийд хөгжиж байгаа спортуудын эхлэлийг тавьсан. Мөн үндэсний спортоо хөгжүүлж ирсэн байгууллага. Өнгөрсөн хугацаанд манай байгууллагаас олон алдартнууд төрсөн. Манай хороо үндэсний бөхийн 15 аваргатай. Тэдний зарим нь манай нэр дээр барилддаг тамирчин, зарим нь бэлтгэл сургуулилтаараа холбоотой байдаг. Тухайлбал, Түвдэндорж аварга гэхэд цэрэг байхдаа төрийн наадамд түрүүлсэн. Спортын түүхийн зузаан хуудсыг бичилцсэн нь бахархам амжилт. Тамирчид маань бахархалтай сайхан амжилт гаргаад явж байна.

“Алдар” спорт хороо маань спортын 18 төрлийг хөгжүүлжээ. Үүнийгээ дагаад олон тэмцээн уралдаанд мэргэжлийн тамирчид бэлдэж байна. Мөн спортын 10 гаруй төрлөөр өсвөрийн тамирчид буюу ирээдүйгээ бэлтгэж байгааг дуулгая.

-Энэ олон төрлийн спортыг хөгжүүлэхэд багагүй дэг журам, шаардлага тавигддаг байх?

-Миний багш, дасгалжуулагч нартаа тавьдаг шаардлага гэвэл гарын шавиа бэлдэж, дараагийн тамирчдаа гаргаж ирэх ёстой гэдгийг захидаг. Энэ нь зөв зүйл. Түүнээс биш амжилттай яваа тамирчдыг хорооны нэр дээрээ авах нь утгагүй. Тамирчдаа өөрсдөө бэлдэх ёстой. Өнгөрсөн жил гэхэд манай хороонд 498 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сургалтад хамрагдсан. Тэд ирээдүйд сайн тамирчин болж амжилт гаргаж спорт хорооныхоо үндсэн тамирчин болно. Энэ зарчмыг барьж ажиллаж байна даа. Одоо бол хичээл сургууль цугласан, ажил жигдэрдэг үе. Тиймээс сургалтууд эхэлсэн, элсэлтээ авч байгаа. Эцэг эхчүүдтэйгээ хамтын ажиллагааны гэрээ байгуулдгаараа онцлог. Бид хүүхдийн эрүүл ахуй, аюулгүй байдал, эрхийг нь дээдэлдэг.

-Эцэг эхчүүд хүүхдээ алдраа цуурайтуулж, амжилтаа дархалсан тамирчин болоосой гэж боддог. Ер нь хүүхдийг багаас нь спортоор хичээллүүлэх нь зөв үү?

-Дэлхийд хөгжсөн спортуудыг судлахад тамирчдын нас их залуужсан байна. Гимнастик, усан спортоор 14 настай хүүхэд олимпод түрүүлж байна. Гэхдээ үндэсний бөхөөр 11, 12 настай хүүхдийг зодог шуудаг өмсүүлээд барилдуулна гэсэн үг биш. Эхлээд үндэсний бөхийн талаар мэдлэг ойлголт өгнө. Тухайн хүүхэд хичээллэх гэж байгаа спортдоо дурлах ёстой. Үүнээс амжилт, тууштай байх нь хамаарна.

 

Архангай аймаг 120 гаруй улсын цолтонтой

 

-Сүүлийн үед Архангай аймгаас сайхан залуус үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээнд хүч түрэн орж ирж байна. Тэднийг дэмжих нь таны бас нэг бичигдээгүй үүрэг байх?

-Би 1993 оноос хойш улсын наадамдаа тасралтгүй зодоглож байна. Энэ жил төрийн наадамд Дархан аварга төрлөө. Би олон жилийн турш наадмыг бүтэн болгох гэж зодоглосон. Энэ хүсэл маань энэ жил биеллээ. Надад зөвхөн нутаг усаа бодсон үзэл бодол байдаггүй. Нутгийн бөхчүүдээ сайн барилдаасай гэж бэлтгэл сургуулилтад нь зөвлөдөг. Хойч үеэ дэмжих нь миний үүрэг. Би ганцаараа бөхчүүдийнхээ төлөө ажилладаггүй, олон хүний тус дэм байлгүй яахав. Бөхийн буянг хүртсэн хүмүүс хойч үеэ дэмжихэд онцгой анхаарах хэрэгтэй. Архангай аймгийн “Бөх билэгт” дэвжээг 1996 онд үүсгэн байгуулсан. Энэ цагаас хойш олон бөхчүүд төрж гаран, алдар нэрээ дуургажээ. Анх дэвжээ маань байгуулагдахад би улсын заан цолтой байлаа. Нутгийн маань бөхчүүд болон бөхийн зүтгэлтнүүд хамтарч дэвжээгээ байгуулсан. Ирээдүйн аварга төрүүлэхийн тулд бид нэгдсэн зохион байгуулалттай байх ёстой гэсэн зорилго дор нэгдэж байлаа. Анхны хурал дээр нь сууж байхад надад итгэл найдвар хүлээлгэж байна гэсэн бодол төрсөн. Би жил бүр дэвжээнийхээ бөхчүүдтэй хамт бэлтгэлд гардаг.

-Увс, Архангайг түмэн олон бөхийн өлгий нутаг гэж дүгнэдэг. Үүнд бөхийн удам нөлөөлж байна уу, эсвэл бодлого сайтай байна уу?

-Мэдээж хоёул нөлөөлж байгаа. Энэ талаар бөх судлаач, сонирхогч нарын эрдэм шинжилгээний ажлаа хамгаалсан судалгаа бий. Ямар уул ус, байгалийн тогтоцтой нутгаас бөх төрдгийг хүртэл судалсан байдаг. Үүн дээр нэмээд зөв зохион байгуулалт, сургалт нөлөөлнө. Би сүүлийн 11 жил аймагтаа “Аваргын гараа” өсвөрийн барилдааныг зохион байгуулж байна. Энэ нь хойч үеэ бэлдэхэд чухал нөлөөтэй. Магадгүй хөдөө бөх болох өгөгдөлтэй хүүхэд байж болно. Гэхдээ юу хийх, ямар замаар явахаа мэдэхгүй байх ч юм уу. Энэ хүүхдүүдийн авьяасыг нээж, ирээдүйн зам мөрийг заах нь чухал. Манай “Бөх билэгт” дэвжээнд судалгааны ажлууд хийх зохион байгуулалт бий. Архангай аймагтаа бэлтгэл хийж байгаа хүүхдүүд дээр жил бүр очиж барилдааныг нь харж шинждэг. Манай аймагт спортын эрчимжүүлсэн сургалттай Ерөнхий боловсролын сургууль байдаг. Тэндээ өсвөрийн тамирчдаа бэлдээд “Бөх билэгт” дэвжээндээ авна.

Манай аймаг улсын цолтой бөхчүүдийнхээ тоогоор тэргүүлдэг. Улсын хэмжээнд 700 гаруй улсын цолтон байдаг. Манай арын сайхан хангай нутаг 120 гаруй улсын цолтонтой. Ингээд бодохоор улсын цолтой таван бөхийн нэг нь Архангай аймгийнх. Үеийн үед манай бөхийн дэвжээг сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч хүмүүс удирдаж чиглүүлсэн байдаг. Бид 2017 онд хөдөө байгалийн сайханд бэлтгэл сургуулилтаа хангадаг баазтай болсон. Мөн бэлтгэл сургуулилтаа хийх сайхан дэвжээтэй болсон. Энэ ч үүднээс манай залуучууд амжилттай барилдаж байна.

-Төрийн наадмын дэвжээнд Архангай аймгийн бөх амжилттай барилдахад ямар мэдрэмж төрдөг бол. Нөгөөтэйгүүр амжилт гаргах бөх ямар ёс суртахуунтай байх ёстой вэ?

-Улсын цолонд хүрнэ гэдэг тамирчнаас ихийг шаардана. Барилдана гэдэг хүнээс олон талын авьяас шалгадаг. Мэдээж бэлтгэл сургуулилт нөлөөлнө. Монгол бөхийнхөө ёс уламжлалыг сайн дээдлэх хэрэгтэй. Бөхийн дэвжээ, уламжлагдаж ирсэн түүхээ хүндэтгэх. Зам мөрөө зөв авч явах нь чухал. Ингэж байж амжилт ирнэ. Энэ бүгдийг би хойч үедээ захидаг. Хараад байхад залуус сагсуу, овиргон зантай байж болохгүй. Тийм зантай хүмүүс амжилт гаргах нь асуудалтай байдаг.

Тиймээс залуус энэ бүгдийг ухамсарлах хэрэгтэй. Үүнээс гадна барилдахад удам нөлөөлнө. 99 хувийн хөдөлмөр нэг хувийн авьяас гэдэг үнэн. Хэр хөдөлмөрлөнө, үүний нөлөөгөөр амжилт ирнэ. Хүнд байгалиас заяасан сайхан удам байж болно. Үүнийгээ хөдөлмөрөөр өнгөлөх хэрэгтэй. Нэгэнт л бөхийн замналыг сонгосон бол шийдвэртээ үнэнч байх хэрэгтэй. Хичээллэж эхлэх шийдвэр гаргахаасаа өмнө бодох хэрэгтэй. Бөхийн замнал амаргүй, олон саад тотгор тохионо. Үнэхээр тамирчин болохоор шийдсэн бол сонголтдоо үнэнч байж, бүх зүйлээ зориулах ёстой. Барилдах хугацаа хэмжээ хязгаартай. Үүнээс цааш амьдрал үргэлжилнэ. Тиймээс барилдах хугацаандаа бүх зүйлээ дайчлах хэрэгтэй. Барилдахдаа анхаарч бүхнээ зориулсан цагт үр дүн гарах нь тодорхой.

-Залуу бөхчүүд наадмын дэвжээнд хэрхэн барилдах хэрэгтэй вэ. Таны наадмын өдрүүд хэрхэн өнгөрдөг байв?

-Төрийн наадмын дэвжээнд зодоглоно гэдэг бүтэн жилийн хөдөлмөр. Ингэхдээ жин, нас харгалзахгүй барилдана.  Бөх хүн дөрвөн улирлын хөдөлмөрөө наадмын дэвжээнд шалгуулдаг. Наадам жилдээ нэг удаа зохион байгуулагддаг. Үндэсний бөхийн тухайд гар юм уу, хөл нь хүрэхэд бүтэн жилийн хөдөлмөр нь дуусна. Ингээд дараа жилийн наадмын бэлтгэлдээ ордог онцлогтой. Тиймээс төрийн наадамд барилдах тооцоотой байхыг зөвлөмөөр байна. Би ид барилдаж байх үедээ учраа таарсан бөхчүүдийнхээ барилдааныг их судалдаг байсан. Тухайн бөхийн барилдааны арга барилыг мэддэг байх нь давахад нөлөөлнө. Мөн өөрийн бэлтгэл чухал. Өнгөрсөн хугацаанд олон багшийн тус дэм байгаа. Ж.Мөнхбат аваргад шавь орж их зүйл сурсан. Мөн Б.Бат-Эрдэнэ аваргаас суралцаж өдийг хүрсэн.

Бидний үед олон сайн бөхчүүдтэй, өрсөлдөөн ширүүн. Наадмын өдрүүд хэрхэн өнгөрдөг байсан гэхээр эхний өдөр 1, 2-ын даваандаа барилдана. Дараагийн өдөр долоон удаа барилдаж байж наадам өндөрлөнө. Их хүч, хөдөлмөр шавхана. Эргээд бодоход долоон удаагийн барилдаанд өөрийгөө бэлдэх, даваа бүрдээ анхааралтай байх ёстой. Олон хүний тус дэмээр тамирчин амжилт гаргадаг. Санхүүгээр дэмждэг, бэлтгэл хийх нөхцөлийг нь хангаж өгдөг, сэтгэлээсээ дэмждэг хүмүүс байдаг.

-Наадмын дэвжээнд нутгийнх нь уул, ус хамт ирж нааддаг гэдэг. Бөх хүн сүсэг бишрэлтэй байх ёстой юу?

-Төрж өссөн нутгийнх нь уул, ус, түмний минь сэтгэл ирж хамт нааддаг гэдэгт итгэдэг.  Бөхөө дэмждэг хүмүүсийн итгэл, сэтгэл наадмын дэвжээнд барилдаж байгаа биднийг түшдэг. Хүн бүрд зөв совин бий. Зарим сайн барилдах жилээ наадмын өмнө зүүдэлдэг байсан. Ингээд наадамдаа сайн барилдах тохиолдол нэг биш удаа тохиосон.

 

Нэгэн насны амьдралдаа зөв замаар хариуцлагатай амьдрах чухал

 

-Спорт хүний төлөвшилд нөлөөлдөг гэдэг. Өөрийн туршлагаасаа дүгнэхэд тамирчны замнал хүнд юу суулгадаг вэ?

-Спорт бол үгээр илэрхийлшгүй сайхан замнал. Хүнд ихийг өгдөг, сургадаг. Тэсвэр, тэвчээр хатуужил гээд тоочоод байвал дуусахгүй. Хэдийгээр бөхчүүд бид дэвжээнд гараад өрсөлддөг ч нэгнээ хүндлэх хүндлэл байх ёстой. Нэг судалгаанд спортоор хичээллэдэг болон хичээллэдэггүй хүүхдийг харьцуулсан байдаг. Амьдралын явцад саад бэрхшээл тохиолдлоо гэхэд спортоор хичээллэдэг хүүхэд төвөггүй даваад гарах чадвартай. Ингээд бодохоор спорт, тамирчны замнал хүнд ихийг өгдөг. Том амжилт гаргахад тухайн тамирчнаас их зүйл шаардана. Гэхдээ хүмүүс ямар нэгэн спортын төрлөөр хичээллэх хэрэгтэй. Тэндээс бие бялдрын олон чухал чадварыг эзэмшинэ. Мөн сэтгэл зүйн олон чухал чадварыг сурна.

-Хүн бүрийн үзэл бодол, аливааг харах өнцөг өөр шүү дээ. Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

-Нэг зүйлдээ өнөөдрийг хүртэл урвалгүй үнэнч явсан. Худал хуурмагаас хол байхыг хичээж явдаг. Буруу зүйл хийхгүй байхыг эрхэмлэдэг. Энэ нь амьдрал, спортод хамаарна. Зөв явах гэдэг ойлголтод олон үнэт зүйл багтана. Хүн нэгэн насны амьдралдаа зөв замаар хариуцлагатай амьдрах нь чухал байх. Улс нийгэм, найз нөхдийн хүрээлэлдээ үнэлэгдэх хэрэгтэй. Түүнээс биш энэ ийм буруу юм хийдэг гэж хэлэгдэж амьдрах ёсгүй. Дээр үед нэг настай хүн сайн хүн гэдэг ойлголтыг “Хонхортоо хочгүй хүнийг хэлнэ” гэж ярьж байсан. Энэ нь зөв амьдарч яваа хүнийг илэрхийлсэн тодорхойлолт. 

-Мэдээж таны амжилтыг хүүхдүүд нь үргэлжлүүлэх байх. Тэд спортод хэр дурлаж байна?

-Өвөө минь үндэсний бөхийн аварга цолтой. Би монгол бөхийн том цолонд хүрсэн. Энэ хугацаанд ялалт ялагдал олон удаа ээлжилсэн. Гэхдээ шантрах үе байгаагүй. Учир нь надад холыг харсан том зорилго байсан. Наадмын дэвжээнд цолоо дуудуулаад явах нь бөх хүний жаргал. Би үргэлжлэл болсон дөрвөн хүүхэдтэй. Тэд минь спортод  их дуртай. Удам залгах гурван түүхтэй. Том хүү маань М.Даваажаргал аваргын шавь болоод Япон улсад сүмогоор барилдаж байгаа. Дараагийн хүү жүдогоор бэлтгэл хийгээд тэмцээн уралдаанд оролцдог. Одоогоор Японд суралцаж байна. Дараа жил төгсөж ирнэ. Миний үргэлжлэл болоод барилдвал сайхан. Бага хүүд мэдэхгүй спорт гэж байхгүй. Хөлбөмбөг, сагсан бөмбөгт их дуртай. Хүүхдүүд маань бага байхдаа Цэнгэлдэх хүрээлэнд ирээд барилдааныг маань үздэг байсан. Тэгэхээр манай бөхийн удам тасрахгүй үргэлжилнэ гэж итгэж явдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 175 (7419)

 

ШААРДЛАГА

ШААРДЛАГА

18 цаг 18 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

21 цаг 37 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Өчигдөр 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Өчигдөр 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Өчигдөр 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Өчигдөр 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Өчигдөр 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Өчигдөр 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Өчигдөр 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Өчигдөр 09 цаг 54 мин