Н.Энхчимэг: Бодлого тодорхойлох хүн Монгол Улсад үгүйлэгдэж байна

2024-09-09
Нийтэлсэн: Админ
 15 мин унших

Цэвэгдоржийн МЯГМАРБАЯР

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа БГД-ийн ИТХ-ийн төлөөлөгч Н.Энхчимэгийг урьж ярилцав.

 

Засаглалын хямрал дүүргийн төлөөлөгч намын томилгооны хүн байхаас эхтэй

Блиц

Боловсрол:

-2005 онд: СЭЗДС банкны удирдлага, бакалаврын зэрэг.

-2011 онд: Удирдлагын академи төрийн удирдлага магистрийн зэрэг

-2015 онд: Австрали улс Сиднейн их сургууль олон улсын бизнесийн магистрийн зэрэг.

-2015 онд: Австрали улс Кьюнсландын их сургууль "Зориг" сангийн эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр.

Ажилласан байдал:

-2005-2006 онд: "Хас" банк зээлийн мэргэжилтэн

-2007-2013 онд: Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар Хойд Америк төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн.

-2015-2019 онд: Дэлхийн банкны боловсролын чанарын шинэчлэл төсөлд санхүүгийн менежментийн зөвлөх

-2021-2024 онд: "Басу брэнд" үүсгэн байгуулагч.

-2020 оноос: Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч.

-Хүн амьдралынхаа явцад аливаа зүйлээс суралцаж, учрыг нь олох тусам өөрөө байнга хөгждөг тухай би хэлэх дуртай. Хороо, дүүргийн иргэдийнхээ хүсэл зоригийг биеэрээ мэдэрч эрх ашгийг нь хамгаалж үр дүнд хүргэсэн амжилт, туршлагаа нийслэлчүүдийнхээ төлөө ашигламаар санагдсан. Ер нь хүний хөгжил аливаа жижиг энгийн зүйлээс агуу зүйл рүү шилжиж цаашаа том зорилго болж энэ нь нийгмийн өөрчлөлт болдог гэдгийг би амьдралынхаа туршид мэдэрсээр явна. Тэгэхээр нийгэмдээ сайн, сайхан өөрчлөлтийг хийе гэвэл хүн өөрөөсөө эхлүүлж бусадтайгаа хамтарч алхам хийх чухал. Засаглалын хямрал гэж хүмүүс ярихыг эхэндээ мэдэрдэггүй байсан. Төлөөлөгчөөр ажиллаж эхэлснээс хойш мэдэрсэн. Учир  төлөөлөгч нь тухайн иргэдийн дуу хоолой болж сонгогдсон гэдэг утгаараа тэдний эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой. Гэвч ихэнх төлөөлөгч иргэдийн эрх ашгийг хамгаалахаас илүүтэй намын эрх ашгийг дээгүүрт тавьдаг юм билээ. Тэд  дүүргийн Засаг даргын эрх мэдлийг авахын тулд намын гишүүдээ намынхаа гишүүнчлэлийн сүлжээг ашиглаж нэр дэвшүүлдэг. Намын шийдвэрээр нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч иргэдийн эрх ашиг хаана зөрчигдөж байна гэдгийг ойлгодоггүй. Засаглалын хямрал эндээс эхтэй. Дээр хэлсэнчлэн тухайн орон нутгийнхаа асуудлыг мэддэг, өөрөө тэнд амьдардаг байснаар нийгмийн гэрээнд заасан эрх ашиг нь давхцах ёстой. Гэвч харамсалтай нь өнөөдөр уг хороонд цаасан дээр бүртгэлтэй ч бодит байдалд тэнд амьдардаггүй хүн нэр дэвшиж байна. Энэ нь тухайн иргэдийн төлөөлөл болж чадах хүн мөн үү гэдэг асуултыг бий болгож байгаа юм. Нөгөөтээгүүр, дүүргийн төлөөлөгчид бие даасан хараат бус байж чаддаггүй. Тэгэхээр төлөөлөгчийг дүүргийн засаг даргын харьяа ямар нэгэн байгууллагад ажиллахыг хуулиар хориглох ёстой. Яагаад гэвэл төлөөлөгч тухайн шатны Засаг даргыг томилдог субьект. Гэтэл томилсон Засаг даргынхаа харьяанд ажиллаж байгаа тохиолдолд засаг даргад хяналт тавьж чадахгүй биз дээ. Эндээс л Засаг даргад тавих хяналт алдагддаг. Энэ бол Засаглалын хямрал. Төрийн хяналт орон нутгийн түвшинд муу байгаа нь засаглалын хямралын гол суурийг тавьдаг. Хоёрдугаарт, төлөөлөгч, төлөөлөгчийнхөө ажлыг хийх хэрэгтэй. Тэгвэл тэднийг  цалинтай болгох  ёстой. Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх ойлголт төлөөлөгч нарт байдаггүй. Адилхан төлөөллийн байгууллага болох УИХ-гишүүд цалинтай. Харин  баг, сум, хороо, дүүрэг, аймаг, нийслэлийн төлөөлөгчид цалингүй. Засаг даргын үзэмжээр урамшуулал нэртэй мөнгийг төсөвт бий болгож буй нь дахиад төлөөлөгчдийг хараат байлгах нэг хэрэгсэл болж байгаа юм. Үүнд тодорхой зохицуулалт шаардлагатай. Баг, хороо, дүүргийн төлөө тэндээс сонгогдсон төлөөлөгч УИХ-ын гишүүнээс илүү газар дээр нь нүүр тулж ажилладаг хэр нь тэд цалингүй. Энэ бол шударга ёсонд нийцэхгүй.

 

Хөрсөө мэдэрсэн бодлого, зохицуулалт  ЖДҮ-ийг хөгжүүлнэ

-Шударга хүн илүү золиос гаргадаг юм шиг санагддаг. Төлөөлөгч гээд Засаг даргын нөмөрт ямар нэгэн албан тушаал горилохыг би хүсээгүй. Тэр утгаараа жирийн иргэдийнхээ адил өөрийн жижиг дунд үйлдвэрлэлийг эрхэлж зовлон, жаргалыг нь мэдрэхийг хүссэн. Тэгээд ч төлөөлөгч цалингүй болохоор манай гэр бүлд миний оруулах орлого мэдээж хэрэгтэй. Тиймээс эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгох, тамирчдаа дэлхийн тавцанд нүүр бардам Монгол Улсаа төлөөлөн үндэсний брэндээр гоёж зогсоосой гэсэн зорилгоор хувцас үйлдвэрлэлийн салбарын ажлыг эрхэлсэн. Ингээд л Монгол Улсын дархан аварга Н.Батсуурийн нэрийн брэнд болох биеийн тамирын хувцасны  #БАСУ брэндээ гаргасан. Аливаа брэндийг гаргахад  загвар, материал судлал, оёдлын технологи нэвтрүүлэх гэх зэргээр олон шат дамжлагатай  үйлдвэрлэл явагддаг. Их хөрөнгө оруулалт, судалгаа шаарддаг. Энэ дашрамд хэлэхэд манайхан оёдлын салбар гэсэн нэршлээс татгалзаж хувцас үйлдвэрлэлийн салбар гэж ярих хэрэгтэй. 2021  оны зургаадугаар сард нээлтээ хийснээс хойш гурав дахь жилдээ ажиллаж байна. Үйлдвэрлэл эрхлэхэд хүний нөөц хамгийн тулгамдсан асуудал байв. Үүнийгээ шийдэх гарц хайж эхэлсэн. Ажиллах хүч дутмаг тул зарим захиалгаа ажил гүйцэтгэх гэрээгээр хийлгэх нь цаг хэмнэдэг. Хүмүүс ч ялгаагүй гэрээгээр ажлаа гүйцэтгэж төлбөрөө  тэр дор нь авах сонирхолтой байдаг. Гэвч манай Нийгмийн даатгал, татварын орчин асуудал үүсгэдэг. Бид ажил гүйцэтгэх гэрээгээр явах гэсэн боловч  НДШ, ХХОАТ-ыг суутгуулаад ажиллах хүн олдоогүй. Хувь хүн, тэр тусмаа оёдлын салбарт ажиллаж буй оёдолчид компани байгуулаад тайлан гаргаад явах боломжгүй. Хувь хүнээрээ гэрээлж ажиллах сонирхолтой. Тэгээд гэрээ хийхээр НДШ, ХХОАТ хасуулахгүй гэдэг. Хүний нөөц дутмаг, дээрээс нь ажил гүйцэтгэгч нар НДШ, ХХОАТ суутгуулах сонирхолгүй байгаа нь хамгийн том дарамтуудын нэг. Бусад улсад хувь хүн бизнес эрхлээд жилийн эцэст тайлангаа өгөөд татвараа төлдөг. Манай улс ийм жишиг рүү явж байгаа нь сайн. Гэхдээ л НДШ цогц шинэчлэл хийж иргэнд сонголттой байхаар зохицуулах цаг нь болжээ. Тухайн хүн НДШ төлөхийг хүсэхгүй байгаа бол өөр сонголт үлдээх хэрэгтэй. Албан хүчээр төлүүлж буй нь хувь хүнд ч, аж ахуй нэгжүүдэд том дарамт бий болгодог. Энэ даатгал биш татвар болж байна. Өөрөөр хэлбэл, холбогдох  хуульд хөдөлмөрийн бүх харилцаанаас шимтгэл тооцохыг татварын сисмемээр зохицуулсан нь хувийн хэвшилд хүний нөөцөө шийдэх асуудал, гарцад тээг болж байна. Мөн Монгол Улсад ЖДҮ эрхэлж буй дотоодын үйлдвэрлэгчдийг НӨАТ-аас тав хүртэл жилээр чөлөөлөх хэрэгтэй. Хөл дээрээ босож үйлдвэрлэлээ жигдрүүлэх хугацаа худалдаа эрхлэхээс урт байдаг. Иймд НӨАТ-ын чөлөөлөлт эхний таван жилд байх хэрэгтэй. Түүнчлэн НӨАТ-ын босгыг нэмэгдүүлэх шаардлагатай. Өнөөдрийн 50 сая төгрөг тийм их дүн биш. Дор хаяж 300 сая төгрөгийн НӨАТ-ын босго тогтоох хэрэгтэй гэх мэт асуудал их. Үүнийг шийдэх боломжтой гэж боддог.

 

“Монгол хүн гэж ямар хүнийг хэлэх вэ” гэдэг загварыг бий болгоно

 

-Монгол Улсад ямар ч бодлого алга. Бодлого гэдэг маш тодорхой ганц хоёр үгээр илэрхийлэгдэхүйц  хүчтэй, нөлөөтэй үг өгүүлбэрээс бүрдэнэ.  Бодлого ойлгомжтой тодорхой бол хийх ажлын төлөвлөгөө аяндаа бичигдэнэ. Гэтэл одоогийн бодлого тодорхойлогчид хийх ажлын төлөвлөгөө дараалуулж биччихээд бодлого боловсруулсан гэж яриад байгааг би хувьдаа ойлгодоггүй. Тэгэхээр бодлого тодорхойлогч хүн өргөн их мэдлэг, чадвартай алсын хараатай хүн байж таарах нь. Тийм хүн олон ч харамсалтай нь тэр хүмүүст бодлого тодорхойлох субьектэд орох боломж нь хомс тогтолцоотой явж ирлээ.

 Монгол Улс сүүлийн 30 жилд боловсрол, хүний нөөцийн салбараа бодлогогүй авч явсны харгайгаар  бүх салбарын хөгжлийн гацаа үүссэн. Аливаа  улсын хөгжлийн гол суурь нь бодлого нь тодорхой, чанартай, хүртээмжтэй,  тогтвортой  боловсрол юм. Монгол Улс өөрийн гэсэн боловсролын философи, бодлогогүйгээр явж  ирсэн. Бүх шатны багш бэлтгэх тэдний цалин нийгмийн хангамж, баталгаа, сургууль,  цэцэрлэгийн  хүртээмж анги танхимын тохижилт цогцоороо уналтад орсон. Тиймээс цогцоор нь шинэчлэх, өөрчлөх цаг ирсэн. “Үндэсний эвсэл”-ийн зүгээс   боловсролын бодлогыг тодорхойлох судалгааны ажлыг мэргэжлийн экспертүүдтэй хамтарч хийж эхэлсэн. Эхний ээлжид  багшийн нийгмийн баталгаа, цалин хангамж, сургалтын хөтөлбөр, багш бэлтгэх хөтөлбөр, анги танхимын хүртээмж, санхүү хөрөнгө оруулалтыг шийдэх шаардлагатайг судалгаагаар тодорхойлсон. Бид бүгд мэдэж байгаа ч гэсэн ул суурьтай хандах ёстой.

Монгол хүн гэж ямар хүн байх ёстой юм бэ, ямар чадвартай, ямар үнэт зүйлийг эрхэм болгосон, өв соёлтой, уламжлалынхаа юуг нь цааш тээж авч явсан, дэлхийн өрсөлдөөнд хаана байх, улсынхаа хөгжилд яаж нөлөөлөх гэх мэтээр загвараа тодорхойлох шаардлагатай.  Олон улсын туршлагаас үзвэл  өөрийн орны соёл, зан заншлаас юуг нь авах юм, олон улсынхаас юуг нь авах вэ гэдэг тэнцвэрийг барьж Монгол хүний загварыг бий болгох юм. Ийм хүнийг дэлхийн хүн гэнэ гэдэг шиг ийм хүнийг Монгол хүн гэнэ гэдгийг тодорхойлно гэсэн үг.

Түүхийн эх сурвалжид дурдсан янз бүрийн зан заншлаа  судалж сургуулийн орчинд ямар зүйлийг нь заах вэ гэдгийг тогтоож Монгол хүн гэж ийм хүнийг хэлнэ гэсэн загвартаа шигтгэж өгөх юм. Ямар хүн монгол хүүхдүүдэд хичээл заах ёстой юм, багшийг яаж бэлтгэх юм, монгол хүнд заах хичээлийн агуулга, бүтэц ямар байх юм гэдгийг том зургаар нь загварчлан бодлогыг тодорхойлох хэрэгтэй. Бодлого тодорхойлогдоогүй учраас өнөөдөр Монгол Улсын боловсролын салбарт  гадаадад их дээд сургууль төгссөн янз, янзын сургалтын хөтөлбөрийг орчуулж оруулж ирсэн хүмүүс монгол хүнд нийцэхгүй олон хөтөлбөрийг хүчээр тулгаж эзэмшүүлэх гэж байгаа нь манай улсын нэг аюул. Монгол Улс өөрөө маш баялаг түүх, уламжлал, соёл иргэншилтэй ард түмэн. Гэвч энэ соёл уламжлалаа дэлхийн глобалчлалын урсгал дунд алдах том эрсдэл бий болсон. Аль нь зөв, аль нь буруу гэдгээ ч бид мэдэхгүй болтлоо төөрөлдчихсөн. Эхлээд загвараа, дараа нь бодлогоо тодорхой болгох ёстой. Үүний дараа хөтөлбөрийн агуулгаа тодорхойлно. Сэтгэлийн хаттай хүнийг яаж бий болгох вэ гэдэг монгол үг, өгүүлбэр эртнээс уламжлагдан ирсэн байхад өнөөдрийн сургалтын агуулгад зүрх, сэтгэл гэдэг илүү үг орж ирсэн байгаа нь бид өөрсдөө монголоо гээж эхэлж байна гэдгийг харуулж байгаа юм. Тэгэхээр  төрд орж байгаа хүмүүс, салбарын сайд нь хөтөлбөрийн жижиг агуулга ярихаас илүүтэй томоор харж том бодлого ярьж сурах  ёстой. Бодлогыг, арга зүйтэй нь боловсруулах тухай ярьж байж Монгол Улсын хөгжлийг урагшлуулахаас биш жижиг орчуулгын хөтөлбөр ярих нь боловсролын салбарын шийдэл биш гэж харж байна.    

 

Бодлогын зохицуулалт муугаас ээжүүдийг жагсахад хүргэдэг

 

-Хүн амьдралынхаа явцад байнга хөгждөг. Ялангуяа эмэгтэй хүн гэр бүл, үр хүүхэдтэй болохоороо нийгмийнхээ асуудал руу илүү эмзэг хандаж эхэлдэг. Манайх дөрвөн хүүхэдтэй. Ажлаа хийгээд юу ч болоогүй юм шиг  яваад байж болох ч хүүхдүүд өсөж том болохын хэрээр одоогийн нийгмийн харилцаанд оролцоно гэхээр сэтгэл зовж эхэлсэн. Хүүхдүүдээ гадаа тоглуулах, цэцэрлэгт өгөх, сургуульд оруулах явцад бэрхшээлүүд ар араасаа гарч эхэлсэн. Нэг үгээр хэлбэл, миний, бидний хүссэн, хүүхдэд ээлтэй нийгэм биш болсныг илүү их мэдэрч эхэлсэн. Харин энэ байдлыг би, бид л өөрчлөхгүй юм бол өөр хэн ч өөрчлөхгүй юм байна гэдэгт бат итгэсэн. 2018 онд манай амьдардаг хороололд улсын цэцэрлэг, сургуультай болох тухай яригдаж эхэлсэн ч тэр нь боломжгүй болж хувийн сургууль, цэцэрлэг болж байгаа тухай сонсоод  хорооны иргэдийнхээ дэмжлэгийг авч ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэж бодсон. Ингээд идэр есийн ид хүйтэнд хорооны иргэдийн гарын үсгийг цуглуулахаас тэмцлээ эхэлсэн. Тэгэхэд хоёр өдрийн дотор 2300 хүн дэмжиж гарын үсгээ зурсан. Би ганцаараа яваад амжилтад хүрэхгүй өөртэйгөө адилхан хүмүүстэй хамт нэгдэж дэмжлэг авч олуулаа болох нь чухал гэж үзсэн. Улмаар улсын сургууль, цэцэрлэгтэй болгож өгөх хүсэлтээ шат шатны  засаг дарга нарт болон Ерөнхий сайд, Боловсролын сайдад иргэдийн гарын үсэгтэй хамт өгсөн. Дорвитой хариу шийдвэр авч чадахгүй олон газраар орж хаалга мөргөж байв. Учир нь Монгол Улсад хувийн өмчийн барьсан сургууль, цэцэрлэгийг төр худалдаж авах тухай ойлголт, зохицуулалт тухайн үед байгаагүй. Зохицуулалт байхгүй учраас гарц, гаргалгаа олдохгүй байсаар  эцсийн арга жагсах л үлдсэн. Гэтэл жагсах зөвшөөрөл ч өгөөгүй. Гэхдээ л жагсана гэдгээ мэдэгдсэн учраас жагсахаар болж байтал гэнэт 2018 оны наймдугаар сарын 8-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд яаралтай хэлэлцүүлж  найман сар хөөцөлдсөний эцэст асуудлаа шийдүүлж чадсан юм. Ингэж Нарны хорооллын 4000 мянган хүүхэд улсын цэцэрлэг, сургуульд хамрагдах боломжтой болсон түүхтэй. Энэ үйл явдал надад нийтийн эрх ашгийн төлөө дуугардаг, тэдний дуу хоолой болох хүмүүс  үгүйлэгддэг юм байна гэсэн бодлыг төрүүлсэн. Хороо маань улсын цэцэрлэг, сургуультай болж хичээлийн шинэ жилийн нээлтэд зогсож байх тэр мөчид үнэхээр их  баярлаж, урам зориг авч, иргэдийг зөв зүйлд манлайлж, чиглүүлж чадвал амжилтад хүрч нийгмийг өөрчилж болох юм гэсэн итгэл төрсөн. Энэ хугацаанд бага хүү маань гэдсэнд хамт тэмцэж байсан. Сургуулийн нээлтийн  өдөр буюу есдүгээр сарын 1-нд хүү маань хоёр сар гаруйтай байв. Тэрнээс хойш удалгүй гэр бүлээрээ АНУ явсан. Гэтэл “Ковид-19” болж Улаанбаатарт ирэх гэж их урт замыг туулсан. Тусгаарлалтад 21 хоног, гэрийн хорионд 14 хонодог байсан үе. Онгоцноос буунгуут л  Санзайд байрлах амралтын газар дөрвөн хүүхэдтэйгээ нэг жижиг өрөөнд тусгаарлагдсан. Тэнд хүмүүс ирж, ууж, иддэг тийм л газар байсан. Хоол муу. Хоёр настай бага хүү маань хоол, тэжээлийн дутагдлаас болж тураалд орж өвдсөн. Энэ тухай шаардлага тавихаар хүлээж авдаггүй, анхан шатны мэдээллээр хангах, шаардлага хүлээн авах уялдаа холбоогүй ёстой хүн гэж авч үзээгүй. Хүний эрхийг маш их зөрчиж байсан. Ялангуяа жирийн иргэдийг ямар их ялгаварлаж тэдний үгийг үл тоож байсанд эмзэглэж байсан. Энэ талаар бид одоо мартжээ. Тусгаарлалтаас гараад  нийгмийн өөрчлөлтөд гар бие оролцож байж энэ байдлыг өөрчлөх юм байна гэж шийдээд 2020 оны орон нутгийн сонгуульд хорооноосоо нэр дэвшихээр болж  улс төрд анх хөл тавьсан.

 

Хамгийн бага зардлаар дүүргийнхээ төлөөлөгч болж байлаа

 

-Хийсэн юмтай хэлэх үгтэй хүн сонгогчдынхоо өмнө нүүр бардам байх юм билээ. 2020 онд хоёр сая гурван зуун мянган төгрөгийн зардал гаргаж БГД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан. Надаас зөвхөн хэвлэлийн болон ойр зуурын шатахууны зардал л гарсан. Манай хорооны иргэд “Энхчимэг мөн үү, сурталчилгаа хийх шаардлагагүй гэртээ ороод амар” гэдэг байсан. Угаасаа чамайг сонгоно оо. Чи битгий сурталчилгаа хийж мөнгө, төгрөг өө үр гэдэг байв. Тэгээд хамт нэр дэвшсэн хамтрагчтайгаа  хоёулаа хамгийн өндөр саналаар ялалт байгуулсан даа. Эндээс юу хэлэх гээд байна вэ гэвэл тухайн баг, хороо, дүүрэгт амьдардаг иргэд  нь яг юу хүсч байна вэ гэдгийг мэддэг хүн л тухайн тойрогт нэр дэвшиж тэдний дуу хоолой болох ёстой юм байна гэж ойлгосон. Мэдээж тэнд амьдардаггүй хүн хорооны хэрэгцээ шаардлагыг мэддэг юм гэхэд мэдрэхгүй. Мэдрэхгүй учраас сэтгэл, зүтгэл гаргахгүй. Дүүргийн зам хаана ямар эвдрэлтэй байна, гэрэлтүүлэггүй хэсэг, гэр хороололд юу тулгамдаад байна, орон сууцныхан юу хүсдэг зэргийг тэнд амьдардаг учраас сайн мэднэ. Миний сонгогдсон хороо улсдаа хоёрдугаарт буюу Баянзүрх дүүргийн XVI хороо шиг том хороонд тооцогддог. Өмнө нь Баянголын III хороо гэдэг байсан бол одоо хоёр хуваагдан III, XVI  хороо болсон. Анх дүүргийнхээ төлөөлөгчөөр сонгогдоод хийсэн эхний ажил бол өрхийн эрүүл мэндийн төвийг байгуулах байлаа. Тангаргаа өргөсний дараа сар гаруй хугацаанд өрхийн эмнэлэгтэй болгосон. Мөн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд төлөөлөгчийн хувиар Засаг даргад шаардлага хүргүүлж ажилласнаар “Гранд-Вилла”-гийн өргөтгөлийн таван бүлэгтэй цэцэрлэгийн салбарыг нээж байсан. Жил бүрийн зам засварын ажлыг шаардаж хийлгэнэ. Мөн манай хороонд байрлах Хараагүйчүүдийн төвийн орчмыг тохижуулах, явган хүний зам нэмэгдүүлэх гэх мэт олон ажлыг дүүргийн засагт санал хүргүүлж, заримыг нь нэхэж шаардан хэрэгжүүлж чадсан. Манай хороо хамгийн өндөр хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн хороо болсон. Одоо хүүхдийн тоглоомын талбайн засвар, тохижилтын ажил хийгдэж байна. Нэг хийж чадаагүй зүйл гэвэл нөгөө тэмцэл хийж улсад авсан сургуулийн маань даац хэтэрсэн, тиймээс сургуулийн өргөтгөл барих газрын зөвшөөрлийг дөрвөн жил хөөцөлдөж байна. Одоо ч хөөцөлдсөөр л байна. Төлөөлөгч болсны дараахан манай хороолол залуучууд ихтэй учраас хоёр жилийн дараа гэхэд сургууль өргөтгөхгүй бол гурван ээлжээр хичээллэхээр нөхцөл үүсэхээр буйг тооцсон. Гэвч газрын асуудалтай тулгарсан. Уг нь  хөрөнгө, санхүүжилт шийдэгдсэн. Хот төлөвлөлт буруу хийгдсэнээс үүдэлтэй газрын асуудал шийдэгдэхгүй хүлээсээр байна. Өнөөдөр сургууль  гурван ээлжээр, цэцэрлэгт хүүхдүүд 60, 70-аараа чихэлдэж төрөөс үзүүлэх үйлчилгээг чанартай, хүртээмжтэй авч чадахгүй байна. 2018 онд төрсөн хүү маань тэмцлийн үр дүнгээр бий болсон сургуульдаа энэ жил нэгдүгээр ангид орсон. Өнөөдөр гурван ээлжээр хичээллэж нэгдүгээр ээлж өглөө 08:00 эхэлж 10:30  цагт тардаг. Хоёр цаг гаруй болоод хичээл нь тардаг. Ийм нөхцөлд  ээж аав, асран хамгаалагч нар  ямар ч ажил хийх боломжгүй. Энэ мэт олон асуудлууд иргэдийн амьдралд дарамт, ачаалал бий болгож байна. Уг нь төр нийтийн үйлчилгээг үзүүлэх гэж иргэдээс татвар авч байгаа шүү дээ. Гэтэл энэ үйлчилгээ нь ямар байгааг хүн бүр харж байна. Тэгэхээр  иргэдийг төлөөлөх Нутгийн өөрөө удирдах дээд байгууллага болох Нийслэлийн ИТХ-д  зөв засаглал тогтооход шийдвэр бүрийг иргэдийнхээ төлөө байлгахыг зорьж энэ удаад  “Үндэсний эвсэл”-ээс нэр дэвшихээр болсон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 174 (7418)

 

Эргүү бас авиргүй бөхчүүдийн төлөөллийг сонгож болохгүй шүү
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

17 цаг 55 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

21 цаг 13 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

23 цаг 42 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

23 цаг 50 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

23 цаг 52 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Өчигдөр 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Өчигдөр 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Өчигдөр 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Өчигдөр 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Өчигдөр 09 цаг 54 мин