Ц.Ариунболд: Виртуал орчинд бүх зүйлийг хийх боломжтой

2024-09-03
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

З.АМИРЛАН

 

“Зууны мэдээ” сонин “Start Up” булангийн энэ удаагийн дугаарт “UP TECH” компанийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ц.Ариунболдыг урьж, ярилцлаа.

 

-Сүүлийн үед дэлхий нийтээр виртуал технологийг илүүд үзэж байна. Манай улсад сүүлийн жилүүдэд хөгжиж байна. Компанийнх нь үйл ажиллагааны талаар яриагаа эхлүүлье?

-Дэлхийн тэргүүлэх технологид хиймэл оюун ухаан явдаг. Үүний араас AI, VR технологиуд хөгжөөд явж байна. Манай компани 2018 оноос VR, AR чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж, хөгжүүлээд явж байна. Хөгжүүлэлт яаж явдаг вэ гэхээр Hardware, Software гэсэн хоёр шаттай. Hardware түвшин нь тоног төхөөрөмж тал дээр суурилдаг. VR гэдэг нь контент тал руу чиглэсэн байдаг.

Жишээлбэл, цахимаар хичээл үзэх боломжтой. Өөрөөр хэлбэл хиймлээр бодит орчин бий болгосон гэсэн үг. Бодит бус зүйлсээр бодитой юм шиг аялах тэр боломжийг VR технологи маань олгож байгаа. Энэхүү технологийн хөгжүүлэлтээр одоогоор дэлхийд бид нарын хамгийн сайн мэдэх мета буюу Фэйсбүүк компани хөгжүүлж байна. Араас нь Google, Apple гээд явж байна. Ингээд бүгд тоног төхөөрөмж болоод контент платформын түвшинд бол Metaverse бүтээх юм. Энэ Metaverse руу гол орох төхөөрөмж гэхээр VR технологи. Үүнийг Монголдоо олон нийтэд таниулах мөн бизнесийн салбар, соёл, боловсролын салбарт илүүтэйгээр үйлчилгээ болгохоор нэвтрүүлээд, контентыг нь хөгжүүлээд явж байна.

-Дөнгөж хөгжиж буй энэ салбарт орох болсон шалтгаан байсан байх?

-2017 онд Монголд Монголын Маркетингийн Холбооноос зохион байгуулдаг Зүүн Өмнөд Азийн маркетингийн чуулган болсон. Дэлхий дээр энэхүү технологи хөгжөөд хүмүүсийн асуудлыг шийдэж байна гэж үүсгэн байгуулагчийнхаа хамтаар танилцуулж, Монголд яаж хөгжүүлэх боломжтой вэ гэдэг гарц гаргалгааг нь танилцуулж байсан. 2017 онд Монголд VR технологи бол тоглоом гэж ойлгодог хүмүүс их байсан. Тиймээс бизнес эрхлэхэд ашиглая гэж бодсон. Жишээлбэл, үйлчилгээний талбай ч юм уу эсвэл ямар нэг баригдаагүй барилгын 3D танилцуулга зэргийг гурвалжин зураглалтай өөрийн гэсэн өнгө төрхтэйгөөр хийж эхэлсэн. Нөгөөтэйгөөр шинжлэх ухааны хичээлүүд виртуал болгосон. Би өөрөө орон нутгийн хүүхэд байсан. Харин манай найз Улаанбаатар хотын захын дүүрэг болох СХД-т амьдардаг. Гэтэл бид нар шинжлэх ухааны хичээлийг номоос хараад сурах нь хүндрэлтэй байсан. Яг бодит орчинд, лабораторийн түвшинд туршилт хийдэг хичээл шүү дээ. Гэтэл лаборатори Монголд хүртээмжтэй биш байдаг. Шинжлэх ухааны хичээл, химийн олон урвалыг томьёогоор бодоод сурчихдаг амар хичээл биш. Тиймээс тухайн туршилтыг виртуал орчинд хийдэг болгоё гэдэг байдлаар Виртуал боловсрол төслийг хэрэгжүүлээд явж байна. Мөн Виртуал өв соёлын төслийг Соёлын яамтай хамтран хэрэгжүүлнэ. Жишээлбэл, ковидын үед соёл урлагийн салбар хаалгаа барьсан шүү дээ. Гэтэл бусад улс орнууд музейгээ хиймэл оюун ухаан ашиглан үзүүлж байсан. Энэ асуудлыг шийдэхээр энэхүү төслийг санаачлаад хэрэгжүүлсэн. Ингэснээр музейг виртуалаар үзэх боломжтойгоос гадна Монголын байгалийн үзэсгэлэнт газрыг гаднын жуулчдад виртуалаар үзүүлж, дараа бодитоор ирж үзэх тэр сэдлийг төрүүлэх юм. Жишээ нь, Өмнөговь аймгийг виртуалаар үзээд говь гэж бодож байсан чинь ийм гоё газар байдаг юм байна гээд хоёр автобус хүн тийшээ явж байсан. Энэ нь өөрөө бодит үр дүн юм. Хүн virtual VR төхөөрөмж зүүгээд үзэж байхдаа анхаарал нь 10 дахин илүү төвлөрч чаддаг.

-Хөгжиж буй орнуудад байгалийн ухаан, шинжлэх ухааны хичээлүүдийг виртуал технологи ашиглан заах нь их болсон. Жишээлбэл, Өвөр Монголын ихэнх сургуулиуд ашигладаг болсон байна лээ. Тэгвэл манай боловсролын салбар виртуал технологи руу шилжих шилжилт ямар байна вэ?

-Сүүлийн үед маш сайн нэвтэрч байгаа. МУИС-ийн н.Энхбаяр багш болон Гүег багш платформоор Монголд Metaverse орчны хөгжүүлэлт хийж байгаа. Одоо Шинжлэх Ухааны Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам, Боловсролын Яам виртуал хичээлийг түлхүү хөгжүүлье гэсэн бодлого барьж байна. Бид хичээлийн лабораторийг өндөр зардлаар хийж чадахгүйгээс хойш виртуал орчинд туршилт хийх боломжийг олгоё гэж байгаа. Дэлхийд хэдийнээ VR виртуал анги нээгдэж, лабораториуд маш ихээр бүтээгдэж, өндөр түвшинд хөгжиж байна шүү дээ.

-Ерөнхий боловсролын сургуулиудад виртуал орчин бүрдүүлэх боломж хэр байгаа вэ?

-Боломж байгаа. СХД-ийн таван сургууль анги танхимаа виртуал болгохоор ажилдаа орчихсон, төхөөрөмжөө хүлээж аваад байна. Жишээлбэл, сурагчид маань лаборатори руугаа оронгуут Бурхан Халдун уулан дээр очиж үзээд, мэдээллүүдээ авах боломжтой. Мөн сансрын симуляц буюу сансар огторгуй дээр очиж үзээд, дэлхийн гарагийг барьж үзээд, тойрч, харж, сансар огторгуйн талаар бүрэн мэдээллийг авах боломжтой. Энэ мэтчилэн ЕБС-ийн сургалтад ороод эхэлчихсэн байгаа. Манай байгууллага анх VR технологийн хэрэглээг олон нийтэд таниулж, мэдлэг өгөхөд нэлээдгүй ажилласан. Үүнийхээ хүрээнд заавал сургалт орох хэрэгтэй байсан. Тэгэхэд олж харсан зүйл нь захын дүүргийн хүмүүс маань энэ чиглэлээр мэдээлэл дутмаг, мэргэжил сонголтыг нь асуухад багш, эмч, цагдаа гэсэн хариулт л дийлэнх нь өгдөг байсан. Манай байгууллагын хувьд асрамжийн төв, түр хамгаалах байр зэрэг төвүүд дээр очоод сургалт ороод тухайн хүүхдүүдийн хүсэл, сонирхлын дагуу хөгжүүлэлтээ хийгээд, хэрэгжүүлээд явсан. Үүний дагуу “Ид шидийн орон” төвийг VR виртуал болгосон. Иймэрхүү ажлууд бол нэлээдгүй хийсэн.

-Боловсролын салбарт нэлээдгүй хөгжиж байгаа юм байна. Тэгвэл бусад салбаруудад яаж хөгжиж байгаа юм бол?

-Дэлхийн эрүүл мэндийн салбарт бол VR мэс заслын ажил хийгдээд байна. Бидний хувьд виртуалаар бага насны хүүхдүүдэд бэлгийн боловсролын контентыг VR технологиор хийж үзүүлсэн. Энэ нь 100 хувь виртуал орчинд бэлгийн боловсрол авах боломжтой болж байгаа юм. Жишээлбэл, хүүхдүүд VR орчинд хүүхэд хаанаас бий болж байгаа, хүүхдийн хүрч болохгүй цэгүүд, түүнд хэн хүрч болохгүй юм, хэн хүрч болох юм гэх мэтчилэн ойлголтуудыг зөвхөн тэр хүүхдэд зориулсан VIP сургалтыг виртуал орчинд өгөх боломжтой. Тэгэхээр энэ технологийг зөвхөн боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарт гэж хязгаарлах боломжгүй. Сэтгэл зүйн салбарт хамгийн ололт амжилттай явж байгаа технологи. Учир нь хүн бүр тодорхой хэмжээний сэтгэл зүйн асуудалтай байна. Жишээлбэл, бид нар “Ид шидийн орон” төвтэй хамтарч хэрэгжүүлж байгаа төсөл дээр хүчирхийлэлд өртсөн охид эмэгтэйчүүд, хүүхдүүд хүнтэй харьцах хүсэлгүй болж, бусдаас айдаг болдог. Харин виртуал орчинд оруулснаар тэр дотор байгаа хүн бодит биш боловч орчинд нь харьцаж байгаа болохоор илүү өөрийгөө уудлах, илүү тайвшрах мэдрэмжийг 100 хувь өгдөг. Мөн VR технологиор өөрийн хүссэн дүр төрхийг бүтээх боломжтой.Үүнийг дэлхий нийтээр маш их сонирхож, хүмүүст өндөр хүлээлт үүсгээд байгаа. Тийм болохоор фэйсбүүк хүртэл өөрийн аватар буюу дүр төрхийг бүтээх боломжтой болгоод байгаа юм.

-Дэлхийн виртуал технологи Монголын виртуал технологи хоёр хэр зөрүүтэй байна вэ?

-Залуучууд мэдээлэл сайтай байна. Хүмүүс аялахаасаа өмнө VR технологи ашиглан очих гэж буй газраа түрүүлж хараад, үнэхээр  гоё газар бол аялъя гэдэг шийдвэр гаргаж байна. Сургалтын хувьд виртуал ангиудыг сонгоод өөрийгөө суралцуулж байна гэдэг нь өөрөө хэрэглээндээ нэвтрүүлж байгаа гэсэн үг. Бид нар бол танин мэдэхүйн үе шатан дээрээ явж байна. Залуучууд виртуал технологи гэхээр ихэвчлэн тоглоомоор төсөөлдөг байсан бол одоо  тоглохоос гадна боловсрол дээрээ ингэж ашиглаж болох юм байна, аялал жуулчлалын төлөвлөгөө дээр ингэж ашиглаж болох юм байна гэдэг танин мэдэхүйн үе дээрээ явж байна. Тэгэхээр энийг бүрэн хэрэглээнд нэвтрүүлэхэд тоног төхөөрөмж, хүмүүсийн мэдлэг боловсролын түвшин чухал. Монголын залуучууд маань мэдээж технологийн чиглэлээр нэлээдгүй мэдлэгтэй шүү дээ. Энэ бол дэлхийн хувьд хөл нийлдэг Залуучууд  маань нэлээд чадвартай хөгжүүлж байгаа.

-Энэ технологийг хөгжүүлэхэд тулгамддаг хамгийн том бэрхшээл нь юу байдаг вэ?

-Мэдээж хүний нөөц. Манай байгууллага хүний нөөц дээрээ нэлээн анхаарч байна. Харамсалтай нь чадварлаг хүний нөөц маань гадагшаа гарч, гаднын том компаниудад ажиллаж байна. Учир нь Монголд хангалттай цалин олгож чадахгүй байна. Мөн программ хөгжүүлэлтийн явц чухал. Энэ хүрээнд ШУТИС, МУИС, СУИС гэсэн сургуулиудтай хамтын ажиллагааны санамж бичиг зураад, туршлага солилцоод, мэдээлэл олгоод явж байгаа. 

-Энэ технологитой бусад ямар ч салбар хамтарч ажиллах боломжтой юу?

-Боломжтой. Жишээлбэл, цэргийн сургуулийн зэвсэглэл, цэргийн суурь бэлтгэлийг хүртэл VR технологиор хийх боломжтой. Цэргийн бэлтгэл хийхэд бууны сумны зардал хамгийн өндөр гардаг юм байна. Тиймээс виртуал орчинд анхан шатны бэлтгэл хийх төслийг хэрэгжүүлж байгаа. Барилгын салбарт гэхэд баригдаагүй, баригдсан барилга гээд аль алийг нь VR технологиор үзүүлж байна. Музейг ч гэсэн виртуалаар дотор нь орж байгаа мэтээр харж болно. Тиймээс ямар ч салбарт цаг хугацаа, орон зайнаас үл хамааран үзэх боломжтой учраас маш том давуу талтай. Дэлгэцээр 3D үзсэнээс VR технологиор үзэх нь илүү бодит мэдрэмж өгнө гэсэн үг.

-Хүмүүс хэр их сонирхож байна. Аль салбарт ашиглавал илүү амжилт олохоор байна?

-Сонирхож байгаа салбарууд олон байгаа. Хамгийн сонирхолтой нь айдсыг даван туулах төсөл байдаг. Хүүхэд шүд авхуулахаас их айдаг шүү дээ. Гэтэл VR орчинд  баатрууд гаргаж ирээд “Чиний энэ хэсэгт тэмдэг тавилаа, жоохон өвдөх байх шүү. Тэсээрэй” гэхэд хүүхэд бодит орчин дээр зүү хатгаж байгааг мэддэггүй. Энэ мэтчилэн олон шинэ санаа, шинэ боломжууд байна. Энэ салбар өөрөө хөгжиж буй салбар учраас хязгаарлагдашгүй олон зүйлсийг нээх боломжтой. Манай компани ч энэ хүрээнд олон контентуудыг хийгээд явж байна.

-Компа­нийнхаа цаашдын төлөв­лө­гөө, зорилгыг хуваалцаж болох уу?

-Бид нар Metaverse гэдэг зүйл рүү хөтлөх хөтчийг хийхээр явж байгаа. Үүний хүрээнд мэдээж виртуал боловсрол буюу шинжлэх ухааны хичээлүүдийг хөгжүүлэхээр зорьж байна. Хоёрдугаарт, Монголын 21 аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудыг виртуал болгохоор зорьж байна. Үүн дээр хамтран ажиллаад, дэмжих байгууллагууд хайж байгаа. Мөн тоног төхөөрөмжөө манайх өөрсдөө нийлүүлдэг. Тиймээс бусад байгууллагуудад тоног төхөөрөмж нийлүүлэхээр ажиллаж байна.

-Энэ чиглэлээр сонирхож, сурахаар төлөвлөж буй хүүхэд, залуучуудад өгөх зөвлөгөө байна уу?

-Мэдээж энэ салбар маш хэцүү. Учир нь шинэ технологийг таниулахаас эхлээд, төр засагт ойлгуулна гэдэг хүнд. Төр засаг бодит үр өгөөжийг шаарддаг. Гэтэл шинэ технологийн суурь ойлголтыг таниулахад маш их хугацаа шаардана. Гэхдээ залуучуудад би итгэдэг. Манай дээр ч гэсэн энэ технологийг сонирхож байна гээд залуучууд ирдэг. Мөн МУИС, ШУТИС зэрэг сургуулиудад VR, виртуал ангиуд шинээр нээгдэж байна. Тэгэхээр энэ салбар хөгжих харьцангуй нээлттэй байгаа. Үнэхээр өөрөө сонирхоод, өөрийнхөө оролцоо, орон зайг харж байгаа бол тухайн байгууллага дээрээ очоод, хараад, судлаад, туршаад үзэх хэрэгтэй.

-Тэгвэл танай компани энэ технологийг сонирхоод ирсэн залуучуудад нээлттэй байдаг уу?

-Тийм. Манайд ихэвчлэн залуучууд ажилладаг. Тэдэнд зааж, сургаж, чиглүүлж ажилладаг. Учир нь одоогийн байдлаар энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж амжаагүй байна. Тиймээс хүний нөөц бэлэн байдаггүй. Хэн энэ технологийг сонирхож байна. Тэр хүнийг бид чиглүүлээд ажиллаж байна.  Мэдээж анхан шат буюу дадлагажих буюу танин мэдэх шат байна. Дараагаар нь энэ чиглэлийн нарийн үйл явцыг зааж чиглүүлж, хамтран ажиллах боломжтой. Сонирхож байгаа хүмүүс UP TECH фэйсбүүк хуудас руу бичих, uptech.mn веб сайт руу өөрийн төсөл, бүтээлээ илгээх боломжтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 170 (7414)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин