Экспортын биш эх орондоо ургасан ногоо авдаг болжээ

2024-09-02
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

М.НАНСАЛМАА

 

Барс худалдааны төвийн ногооны хэсэг рүү дөхөж очмогц шинэхэн ногоон сонгины аагтайхан үнэр хамар цоргино. Төрөл бүрээр нь ангилсан хүнсний ногоо өнгөлөг гэгч нь ярайж, жимс жимсгэнэ хорхой хүрэм харагдана. Худалдан авагч ерөнхийдөө ховор бөгөөд дэлгүүрүүд эл хуль оргино. Үе үе л том тортой ногоогоо дааж ядсан хүмүүс зөрнө. Зарим дэлгүүрүүд “хүргэлттэй” гэсэн бичигтэй байх  бөгөөд энэ нь цаг үе, зах зээлээ мэдэрсэн шийдэл шиг санагдлаа. Ачааны машинууд дэлгүүрүүдийн үүдэнд шахаж зогсоод ирсэн барааг ажилдаа дадмаг залуус шуудай шуудайгаар нь мөрлөн зөөнө. Барс худалдааны төв нь импортоор орж ирдэг хүсний ногооны 90 орчим хувийг дотооддоо нийлүүлдэг. Мөн жимс жимсгэнүүд ихэвчлэн Хятадаас эсвэл европын орнуудаас орж ирдэг.  Тэгвэл зөвхөн гаднаас орж ирсэн ногоог худалдаалах бус эх орны хөрсөнд буюу хүлэмжинд тариалсан нарийн ногоог худалдаалж байгаа лангуунууд цөөнгүй байсан юм.

Зуны хүлэмжтэй худалдаачид хүйтрэхээр нарийн ногоо тариалах боломжгүй болдог учраас намар болж, сэрүүн орохоос өмнө сүүлийн ургацаа хураадаг. Харин өвлийн хүлэмжтэй бол жилийн дөрвөн улиралд шинэ ургацын ногоогоор хангах боломжтой байдаг гэнэ. Тэдгээрийн нэг бол “Баялаг жимс” ХХК юм.

Түүнийг Б.Анужин гэдэг. Тэрээр "Баялаг жимс" ХХК-ийн үүсгэн байгуулагч юм. Тэд жилийн дөрвөн улиралд өргөст хэмх, помидор тариалдаг юм. Энэ тухайгаа Б.Анужин “Манай “Баялаг жимс” ХХК нь шувуун фабрикт байдаг хүлэмжиндээ огурцы, помидор тарьдаг. Монголд тарьж байгаа ногоо, жимснүүд ямар нэгэн хугацаа уртасгах химийн бодисгүй, нэмэлт бордоогүй органик байдаг. Мөн өдөр бүр шинээр ургацаа хурааж авдгаараа онцлогтой. Хураасан ногоогоо удаан дарж, хадгална гэсэн ойлголт байхгүй. Өвлийн хүлэмжтэй учраас байнга шинээр ургацаа хурааж зардаг. Харин урдаас орж ирдэг ногоо, жимснүүд гурав хоног тутам ирж, нэгдсэн цэгээс худалдаачид жижиглэнгээр авдаг.Монгол ургацын ногоо илүү амт чанар сайтай шүүслэг байдаг. Манайх мөн гүзээлзгэнэ тариалдаг. Бид нар үнэ нэмээд байдаггүй болохоор нэг хайрцаг ногооноос 2000-5000 төгрөгний л цэвэр ашиг олж байна.Шинэ жил, цагаан сар гэх мэт баярын үеүдээр импортоор орж ирдэг огурцыны үнэ 11000-12000 болж өсдөг. Харин Монгол огурцы яг дундаж үнээ бариад 5000 орчим байдаг.” гэж ярьлаа.

Барс захын ногооны дэлгүүрүүдийн үнэ хоорондоо хол зөрүүгүй. Цаанаас орж ирэхдээ л үнэ нь нэмэгдвэл бүгд жигдхэн нэмдэг гэнэ. Харин дотооддоо тарьсан ногооны үнийг тус тусын хэлбэр, хэмжээнээс хамаараад өөр тогтоож болно. Аль ч төрлийн ногоо байсан монгол ногоо үнийн хувьд арай хямд байгаа нь ажиглагдаж байлаа. Энэ хавийн хамгийн том дэлгүүр болох “Буудай” төв рүү орлоо. Энд зарагдаж байгаа ихэнх ногоо жимс импортоор орж ирдэг бөгөөд зөвхөн төмс, байцайг л дотоодоосоо авсан гэнэ. Одоохондоо бүдүүн ногооны ургац хураалт төдийлөн ихсээгүй байгаа аж. Монгол төмс, байцай килограмм нь 1500 төгрөг бол хятад төмс килограмм нь 2000 төгрөг. Нарийн ногооны үнэ 6200-25000 төгрөг хүртэл байлаа. Харин жимсний тухайд 6500-12500 төгрөгийн хооронд төрөл тус бүрээрээ ялгаатай үнээр худалдаалагдаж байна.

Манай улс 2019 онд 14.9 мянга га талбайд төмс тариалж, 190.8 мянган тн ургац авсан ба хэрэгцээг 120 хувь, 8.3 мянган га-д хүнсний ногоо тариалж, 98.6 мянган тн ургац буюу хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр 40 хувь хангаж байсан. Мөн оны байдлаар төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариаланг 951 аж ахуйн нэгж, хоршоо, 16.2 мянган өрх тариалж, 210.2 мянган тонны багтаамжтай зоорийг ашиглаж байна. Хүн амын хэрэгцээний нормыг дотоодын үйлдвэрлэлээр тооцвол байцай  54.3 хувь, шар лууван, шар манжин, хүрэн манжин 100 хувь, сонгино 64.5 хувь, лооль 10.5 хувь, бусад ногооний 5 хувийг дотоодоосоо хангаж байна.

Хүнсний ногооны таримлын бүтцийн хувьд нийт ургацын 20.3 хувь нь байцай, 33.9 хувь нь шар лууван, 21.5 хувь нь шар манжин, 0.5 хувь нь хүрэн манжин, 9.1 хувь нь сонгино, 1 хувь нь сармис, 4.3 хувь нь өргөстхэмх, 2. 5 хувь нь лооль, 7 хувийг бусад ногоо эзэлж байна. Бусад ногоо гэдэгт бага тархацтай амтат чинжүү, брокли, навчит салат, тарвас, хулуу, амтат гуа, улаан лууван, бууцай зэрэг сүүлийн таван жилд таригдаж байгаа ногооны төрлүүд хамрагддаг.

Улсын хэмжээнд хүнсний ногооныхоо хэрэгцээг дотооддоо бүрэн хангадаг болохоор зорьж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам тодорхой зорилт тавин ажиллаж байгаа юм. Өргөн хэрэглээний бүдүүн ногоо, зарим нэр төрлийн нарийн ногоог хүртэл хэдийнээ чадмаг тариалдаг болж, иргэд ч монгол ногоогоо хайж авдаг болсон. Яг үүнтэй ижил манай оронд ургах боломжтой нарийн ногоо, жимс жимсгэнийг ч мөн өөрсдөө тарьж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болох цаг тун ойрхон байна. Үүний тулд ногоо, жимсийг их хэмжээгээр авдаг хоолны газар, ресторан зэрэг байгууллагууд ногоочидтой хамтран ажиллаж байвал маш том дэмжлэг болох юм. Иргэд ч өдөр тутмын худалдан авалтандаа эх орондоо тарьж ургуулсан, элдэв нэмэлт бордоогүй эрүүл хүнсээ сонгож хэрэглэж байвал хаа хаанаа ашигтай. Бүр цаашлаад үндэсний үйлдвэрлэл хөгжиж, Монгол ногоог гадагшаа экспортолдог болох ч боломжтой билээ. Бид импортыг бус экспортыг эрхэмлэх цаг хэдийн болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 2. ДАВАА ГАРАГ. № 169 (7413)

 

 

Энэ сард цаг агаар ямар байх вэ?

Энэ сард цаг агаар ямар байх вэ?

13 цаг 20 мин
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох санал хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох санал хүргүүлжээ

13 цаг 24 мин
Д.Энхтүвшин: Надад УИХ-д байх шаардлага алга

Д.Энхтүвшин: Надад УИХ-д байх шаардлага алга

13 цаг 28 мин
Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

13 цаг 32 мин
Г.Ганцогт: Дайны сэдэвтэй дуу дуулахад яг л халуун цэгт нь очсон мэт  мэдрэмж төрдөг

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хөгжим хэмнэл” булангийнхаа дугаа

20 цаг 20 мин
Уур амьсгалын доройтлын улмаас Азийн ДНБ 17 хувиар буурах магадлалтай гэв

Азийн хөгжлийн банкнаас хөгжиж буй Ази, Номхон далайн орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх тайлангаа өчигдөр танилцууллаа.

20 цаг 20 мин
29 дүгээр сургуулийн 60 жилийн ой тохиож байна

1964 оны тэртээ Улаанбаатар хотын зүүн хойхно орших  ус агаар сайтай, тэгш сайхан талбайд

20 цаг 20 мин
Монгол Улс папиллома вирусийн вакциныг нэвтрүүлэхгүй үлдэх үү

“Зууны мэдээ” сонин ээлжит эрэн сурвалжилгаараа эрүүл мэндийн салбар тэр дундаа умайн хүзүүний хорт хавдрын вакцины тухай хөндсөн билээ.

20 цаг 20 мин
Ойн салбарт масс тариалалтыг нэвтрүүлж байна

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, “Оюу толгой” компани хамтран 21 аймгийн

20 цаг 20 мин
“Зууны мэдээ” Сэтгүүлзүйн итгэлцлийн санаачилгын /JTI/ сертификаттай Монголын анхны сонин боллоо

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин Олон улсын сэтгүүл зүйн стандарт болох

20 цаг 20 мин