Б.Лхагвасүрэн: Монголбанк тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэхэд манлайлан ажиллаж байна

2024-08-29
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Б.ЖАВХЛАН

 

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлд банкны салбарт хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

 

-Дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон, тогтвортой хөгжлийн бодлого руу явах нь тодорхой боллоо. Монгол Улсын хувьд энэ хандлага ямар байдалтай байна вэ?

-Уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтэд тулгамдаад буй хамгийн том асуудал болж байна. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэл, сорилтыг аливаа нэг улс дангаар шийдвэрлэх, даван туулах боломжгүй. Иймд улс орнууд хамтран ажиллах, тухайн нэг улсын хувьд үүдэх эрсдэл, сөрөг нөлөөг саармагжуулах, дасан зохицох бодлогыг тууштай хэрэгжүүлэх ёстой болж байна. Энэ хүрээнд салбар бүрт шинэ технологи, инновацийг нэвтрүүлж, бизнесийн үйл ажиллагаандаа эрсдэл, боломжийг тусган ажиллах нь чухал боллоо. Манай улсын хувьд цаг агаарын таагүй, гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдсэн, дэлхийн дунджаас хоёр дахин хурдан дулаарч байгаа зэрэг нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө бусад улстай харьцуулахад илүү хурдацтай явагдаж буйг илтгэж байна. Иймээс сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицох чадавхиа нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Монгол Улс Парисын хэлэлцээрийн хүрээнд дэвшүүлсэн хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд суурь түвшинтэй харьцуулахад 22.7 хувиар бууруулах зорилт, үүрэг амлалтыг олон улсын өмнө хүлээсэн. Энэ зорилтыг хангахын тулд нүүрстөрөгч бага ялгаруулдаг эдийн засагт шилжих, үүнд шаардлагатай хувийн секторын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэх үүрэг, хариуцлага банк, санхүүгийн салбарт ирж байна. Ногоон, тогтвортой бизнесийн орчныг сайжруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын механизмыг бий болгох, төрийн байгууллагуудын бодлогын уялдааг сайжруулах, ногоон, тогтвортой хөгжлийн тэргүүлэх салбар, чиглэлийг тодорхойлж, тогтвортой хөгжлийн төлөвлөлтийг илүү тодорхой болгох шаардлагатай болж байна.

-Хувийн секторын ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэхэд манай банкны систем бэлэн байна уу?

 -Санхүүгийн тогтолцооны одоогийн бүтцээс харахад, ногоон хөгжил, шилжилтийг түүчээлэх, хувийн секторын санхүүжилтийг нэмэгдүүлэхэд банкны салбар чухал үүрэг гүйцэтгэнэ. Ногоон, тогтвортой санхүүжилтийн зуучлалыг үр дүнтэй, далайцтай гүйцэтгэхийн тулд банкууд өөрсдөө манлайлж, ойлголт мэдээлэлтэй байж, харилцагчдынхаа гүүр болох шаардлага тулгарсан. Монголын банкны холбоо болон манай арилжааны банкууд энэ чиглэлд идэвх санаачилгатай ажиллаж, мэргэжлийн чиг үүрэгтэй ажиллах Тогтвортой Санхүүжилтийн Холбоо (ТоС)-г байгуулан, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, мэргэжлийн сургалт, зөвлөгөө олгох, олон улсын стандарт, зарчмын нутагшуулах, ногоон санхүүжилт татах чиглэлд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Банкны системийн засаглалыг сайжруулж, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, хөрөнгө оруулалт, эх үүсвэр татах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор 2020-2023 оны хооронд “Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр банк зөвхөн хувьцаат компани хэлбэртэй байхаар зохицуулсан. Үүний үр дүнд банкны системд нөлөө бүхий таван банк компанийн хэлбэрийг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөн байгуулсан. Олон нийтэд анх удаа хувьцаагаа санал болгон худалдаж, анхдагч арилжаагаар 478.5 тэрбум төгрөгийн хөрөнгө татан төвлөрүүлсэн. Ингэснээр банкны салбарын нээлттэй байдал, олон нийтийн хяналт, засаглал сайжирч, гадаад зах зээлээс санхүүжилт татах, дотоодод олгох зээлээ нэмэгдүүлэх боломж, орон зай нэмэгдсэн. Монголбанкны хувьд ногоон, тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэхэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлж, төрийн бусад байгууллага, банкаа дэмжин ажиллаж байгаа тул тогтвортой санхүүжилтийн тогтолцоо бүрдэх, ногоон эх үүсвэр, зээл нэмэгдэх сайн хөрстэй болоод байна.

-Тогтвортой санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэхэд Монголбанкны үүрэг, оролцоо юу байгаа вэ?

-Монголбанк нь банкны салбарын зохицуулагч байгууллага болохын хувьд тогтвортой, ногоон санхүүжилтийн тогтолцооны “жанжин шугам”-ыг гаргаж, бодлого, зохицуулалтын орчныг бүрдүүлэх, олон улсын нийтлэг стандарт, зарчмуудыг нэвтрүүлэх, бодлогын хөшүүргийг бий болгох чиглэлд анхнаас нь манлайлан ажиллаж ирлээ. Тухайлбал, ногоон санхүүжилтийг тогтолцоог бүрдүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг шат дараатай төлөвлөн гүйцэтгэх ажлыг 2019-2024 оны Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд тусган, холбогдох талуудтай хамтран хэрэгжүүлж ирсэн. 2019 онд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-өөр “Ногоон таксономи”-ийг батлуулж, 2020 оноос эхлэн банкны салбарын ногоон зээлийн статистикийг гаргаж, олон нийтэд мэдээлж байна. 2022 онд СТБЗ-өөс “Үндэсний тогтвортой санхүүгийн замын зураг”-ийг боловсруулж, баталсан. 2023 онд СТБЗ-өөс илүү өргөтгөсөн хувилбар болох “Тогтвортой хөгжлийн зорилтын санхүүжилтийн таксономи"-г баталсан бол, Монголбанкнаас банкны байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ) болон уур амьсгалын эрсдэлийг үнэлэх, удирдах аргачлалыг тус тус батлан мөрдүүлсэн. Ийнхүү юуг ногоон бизнес, үйл ажиллагаа гэж үзэхийг тодорхойлж, энэ дагуу ямар хэмжээний зээл гарч байгааг хэмжиж чаддаг боллоо. Тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэхийн тулд талууд ямар арга хэмжээг, хэзээ гэхэд хэрэгжүүлсэн байх уялдааг хангаж, олон улсын аргачлал, зарчмуудыг мөрдүүлэх шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Тогтвортой санхүүжилтийн зам нь тодорхой, дардан болсноор тэр замаар илүү хурдан, эрсдэлгүй, хол явах боломж бүрдэж эхлээд байна. Гадаад, дотоод зах зээлээс ногоон тогтвортой бизнес, төслүүдийг дэмжих санхүүжилтийг татах чиглэлд идэвхтэй ажиллаж байна. Энэ утгаараа ногоон, тогтвортой бизнес эрхлэгч, төсөл хэрэгжүүлэгч нарт санхүүжилтийн том боломжуудыг нээж өгч байна.

-Таны дурдсан “Тогтвортой санхүүжилтийн замын зураг”-ийг хэрэгжүүлэхэд банкны салбар, Монголбанк ямар үүрэгтэй оролцож байгаа вэ?

-“Үндэсний тогтвортой санхүүгийн замын зураг”-т “2030 он гэхэд банкны салбарын олгосон нийт зээлийн багцад ногоон зээлийн эзлэх хэмжээг 10 хувьд хүргэх” зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтыг хангахад шаардлагатай бодлогын хөшүүргийг бий болгох чиглэлээр Монголбанк анхаарч ажиллаж ирлээ. Ялангуяа, банкны салбарт ногоон, тогтвортой санхүүжилтийн нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, зарчмуудыг нэвтрүүлэх, мөрдүүлэх, санхүүгийн системд нөлөөлж болзошгүй уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлүүдийг үнэлэх, эдгээр эрсдэлийг даван туулах чадварыг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн тогтвортой, ногоон санхүүг хөгжүүлэх суурь нөхцөл, орчныг бүрдүүлж, байгаль орчин, нийгэм, засаглалын үнэлгээ, уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулж, ил тод, нээлттэй тайлагнадаг болох тал дээр дэмжлэг үзүүлэхээр тусгасан. Замын зурагт туссан гол ажлуудад томоохон ахиц дэвшил гарсан. Энэ жилийн хувьд бодлогын хэрэгслүүдийн үр нөлөөтэй байдлыг судлах, тогтвортой, ногоон санхүүжилтийн үр нөлөөг хэмжих, тайлагнах, баталгаажуулах (MRV) системийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөг үнэлэх аргачлалыг хөгжүүлэх ажил дээр төвлөрч байна.

-2030 он гэхэд банкны салбарын ногоон зээлийн багцыг 10 хувьд хүргэх нэлээд амбицтай зорилт сонсогдож байна. Энэ зорилтдоо хүрч чадах уу. Монголбанк ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Тиймээ, энэ бол том зорилт. Гэхдээ бид биелэх бүрэн боломжтой гэж харж байгаа, бүрэн биелүүлэхийн төлөө ч ажиллана. Ногоон таксономийн дагуу ногоон зээлийг ангилан, 2020 оны I улирлаас тайлагнаж эхлэх үед ногоон зээлийн багц 428.1 тэрбум төгрөг буюу нийт зээлд эзлэх хэмжээ 2.5 хувь байсан бол, 2024 оны I улирлын байдлаар энэ багц 875.3 тэрбум төгрөгт хүрч, нийт зээлийн 3.0 хувийг эзэлж байна. 2024 оны I улиралд олгосон ногоон зээлийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 2.3 дахин нэмэгдээд байна. Ногоон зээлийн хэмжээ ийнхүү өсөхөд Монголбанкнаас хэрэгжүүлж буй бодлогын хөшүүрэг, гадаад зах зээлээс бүрдүүлж буй эх үүсвэрийн өсөлт, дотоод зах зээлийг тэлэх чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа зэрэг нь нөлөөлсөн. Гаднаас орж ирж буй ногоон эх үүсвэр нь үр нөлөөг эргэн тайлагнах, баталгаажуулах хатуу нөхцөлтэй орж ирдэг тул ирэх жилүүдэд ногоон зээл илүү хурдацтай өсөхөөр хүлээж байна. Одоогийн тооцоогоор ногоон зээлийн багцыг 2026 он гэхэд нийт зээлийн зургаан хувьд, харин 2030 он гэхэд 10 хувийн зорилтдоо хүрэх юм. Тогтвортой, ногоон санхүүжилтийн идэвхжилд Монголбанк өөрийн чиг үүргийн хүрээнд хувь нэмэр оруулж ирлээ. Монголбанкны зүгээс ногоон зээл олгох хөшүүргийг бий болгох чиглэлд гадаад зах зээлээс татсан ногоон санхүүжилтийн эх үүсвэрийн зардал, ханшийн эрсдэлийг бууруулахад бодлогын дэмжлэг үзүүлж байна. Мөн ногоон барилгын зээлийн эрсдэлийн жинг бууруулж, 75 хувиар тогтоосон нь банкуудын ногоон зээлийн үйл ажиллагааны өртгийг бууруулж, ногоон зээл олголтыг дэмжихэд чиглэсэн арга хэмжээ байв. Цаашид бодлогын дэмжлэг шаардлагатай дэд салбарыг тодорхойлох, хэрэгслийг оновчтой сонгох чиглэлд судалгаа, шинжилгээ хийж байна.

-Монголбанк уур амьсгалын хүчин зүйлсийн нөлөөг бодлого, үйл ажиллагаандаа тусгах талд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?

-Уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны эрсдэлүүд нь эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилтод нөлөөлөх болсон. Иймд дэлхийн төв банкуудад эдгээр эрсдэлийн санхүүгийн салбар, нийт эдийн засагт үзүүлэх нөлөөг үнэлэх, хариу арга хэмжээ авах шаардлага тулгарч байна. Энэ нь шинээр гарч ирж буй сорилт учраас тоо баримтаас эхлээд аргачлал боловсруулж, нутагшуулах зэрэг хүндрэл давхар үүссэн. Монголбанкны хувьд эдгээр эрсдэлийн эдийн засаг, санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөг тооцох стресс тестийн аргачлал хөгжүүлэх, эдгээр эрсдэлийг даван туулах чадварыг бэхжүүлэхэд шаардлагатай зохицуулалтыг боловсруулж, мөрдүүлэх чиглэлд олон улсын санхүүгийн байгууллагуудаас техник туслалцаа авч, хамтран ажиллаж байна. Цаашид ногоон, тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэх, бодлого, зохицуулалтын орчинг олон улсын жишигт хүргэн боловсронгуй болгох, олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн үзэл баримтлал, зарчмуудыг нэвтрүүлж, мөрдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн ажиллах болно. Түүнчлэн, Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарт уур амьсгалын өөрчлөлтөөс үүсэх биет болон шилжих эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, бууруулахаас гадна, хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих боломж, үр өгөөжийг тооцох чиглэлээр баримтлах малгай бодлогыг боловсруулахад анхаарал хандуулж байна. Энэ бодлогын хүрээнд банк, санхүүгийн салбарт ямар бодлого, чиглэл баримтлах асуудал нь мөнгөний болон санхүүгийн бодлогын дунд хугацааны тэргүүлэх чиглэл байх хүлээлттэй байна.

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжихэд банкны салбар хэрхэн оролцож байгаа вэ?

-Банк, санхүүгийн байгууллагууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд байгаль хамгааллын салбарт тогтвортой санхүүжилтийн механизм бий болгох зорилготой “Тэрбум мод сан”-г байгуулсан. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих санг байгуулах санаачилгыг банк, санхүүгийн байгууллагууд анх гаргаж, Монголбанк бодлогын дэмжлэг үзүүлснээр байгуулсан. “Тэрбум мод сан” байгуулагдаад нэг жилийн нүүр үзэж буй гэхэд засаглал, ил тод, хараат бус байдлыг эрхэмлэн, олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулж эхлүүлээд байна. Одоогоор бичил төслийн санхүүжилтийн хүрээнд 100 мянган мод тарих ажлын гүйцэтгэл нь 60 хувьтай байгаа бол, энэ жил томоохон ойжуулалтын ажлын хүрээнд 500 мянга гаруй мод тарихаар төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл авсан. Энэ бол зөвхөн шинээр тарих модны тоо бөгөөд үүнээс гадна, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, ногоон байгууламж нэмэгдүүлэх, экологийн боловсрол олгох, эдийн засгийн өгөөж бий болгох гээд олон эерэг дам нөлөө бий. Сангийн үйл ажиллагаа жигдэрч, улам өргөжсөнөөр байгаль хамгааллын салбарыг илүү өргөн цар хүрээгээр дэмжих боломж бүрдэх юм. Сангийн хандив, санхүүжилтийн үйл ажиллагааг жигдрүүлж, өргөжүүлэх тал дээр Монголбанк тэргүүтэй хамтрагч байгууллагууд идэвхтэй ажиллаж байна. Нэг удаагийн санхүүжилт, арга хэмжээнээс илүүтэй мод тарих, арчлах үйл ажиллагааг тогтвортой, эргэх холбоотой байх, хот суурин газар, сургууль, цэцэрлэгийн орчны ногоон байгууламжийг тохижуулах зэрэг эерэг дам нөлөөтэй байх чиглэлд илүүтэй анхаарах зарчим баримталж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 29. ПҮРЭВ ГАРАГ. № 167 (7411)

 

yag uu
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин