Т.САЙХАН
УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: -Орон нутгийн бие даасан байдал ялангуяа төсөв, томилгооны эрх мэдэлтэй холбоотойгоор ирэх дөрвөн жилд хууль эрх зүйн ямар өөрчлөлтүүдийг хийх вэ. Бүсчилсэн хөгжлийг амилуулахад хууль эрх зүйн ямар ахиц дэвшил гарах вэ. Шинэ сэргэлтийн бодлогын нэгдүгээрт боомтын сэргэлт орж байна. Монгол Улс 2022 оноос хойш эхлээд боомтын албатай болж, хилийн тухай хуульд нэг заалт нэмж оруулсан байдаг. Цаашид боомтын бие даасан хуультай болох зайлшгүй шаардлагатай. Энэ асуудлыг шийдэх үү. Тойргийн гишүүний хувьд Өмнөговь аймгийн төвд 50 мегаваттын дулааны цахилгаан станц барих асуудлаар саналаа өгсөн. Мөн Даланзадгад хотод ШУТИС-ийн харьяа сургуулийг байгуулах, Даланзадгадын нисэх онгоцны буудлыг олон улсын зэрэглэлтэй болгох саналаа өгсөн. Энэ асуудлуудыг хөтөлбөрт тусгасан уу?
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: -Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хүний эрх эрх чөлөөтэй холбоотой томоохон шинэчлэлүүдийг хийхээр тусгасан байгаа. Жагсаал, цуглааны тухай хууль, хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг батална. Авлигатай тэмцэх ажиллагааг эрчимжүүлж, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болно.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: -Бүсчилсэн хөгжлийн асуудал Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орох нь зохимжгүй. Харин гурван намын хамтарсан Засгийн газрын гэрээнд оруулж зааж өгсөн. Засаг захиргаа нэгжийн хуваарьт өөрчлөлт оруулж, гүйцэтгэх эрх мэдлийн зарим томилгоог орон нутгийн удирдлагад шилжүүлнэ гэдэг асуудлыг гэрээнд тусгасан. Мөн бие даасан дагуул хотуудыг хөгжүүлэх, хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр ажиллана.
Эрчим хүчний яамны Төрийн нарын бичгийн дарга Н.Тавинбэх: - Өмнөговь аймгийн төвд барих дулааны цахилгаан станцын асуудал ерөнхийдөө дэмжигдээд явж байна.
Эх сурвалж:www.polit.mn